“Түмэн шувуут” ХК бүтээгдэхүүнээ төрөлжүүлж, үйл ажиллагаагаа өргөжүүлэх зорилгоор “Түмэн шувуут-2” төсөл хэрэгжүүлж, тахианы аж ахуйн шинэ фермээ 2023 оны намар ашиглалтад оруулсан билээ. Тэгвэл “Түмэн шувуут-3” төслийнхөө бүтээн байгуулалттай холбоотойгоор нэг тэрбум хүртэлх төгрөгийн хувьцаагаа зах зээлээс буцаан худалдан авах буюу халааслах шийдвэр гаргасныг тус компанийн гүйцэтгэх захирал Ж.Болд мэдэгдэв. Тодруулбал, “Түмэн шувуут” ирэх тавдугаар сарын 1-нээс арванхоёрдугаар сарын 31 хүртэл өөрийн хувьцаагаа худалдан авах нь. Түүнчлэн хөрөнгө оруулалтын хэрэгцээ их байгаатай холбоотойгоор 2024 оны цэвэр ашгаас ногдол ашиг тараахгүй байх шийдвэр гаргаснаа ч дурдлаа.
Тахианы аж ахуй эрхлэгч эл компани өдгөө 430 мянган шувуутай бөгөөд жилд дунджаар 80 сая ширхэг өндөг зах зээлд нийлүүлдэг. Харин “Түмэн шувуут-3” төсөл хэрэгжүүлснээр тахианыхаа тоог нэг саяд хүргэж, жилд 230-250 сая өндөг үйлдвэрлэх боломж бүрдэнэ гэж тооцжээ.
Н.Ган