Өмнөговь аймгийн Даланзадгад сумын нутаг дахь “Говь гурвансайхан” нисэх буудлыг засаж шинэчлэх ажлыг жуулчлалын улирлаас өмнө яаралтай дуусган, шаардлагатай тохиолдолд зохицуулалт хийж, нислэг хэвийн үйлдэх боломжоор хангахыг тур оператор компаниуд шаардаж эхэлсэн. Тэгвэл үүнтэй холбоотойгоор Иргэний нисэхийн ерөнхий газраас Монголын аялал жуулчлалын холбоонд хүргүүлсэн мэдэгдэлд “Нисэх буудлын засварын ажлыг 2025 оны долоодугаар сарын 1-ний дотор эцэслэж, ашиглалтад оруулахаар төлөвлөсөн ч байгалийн болон гэнэтийн давагдашгүй хүчин зүйлээс шалтгаалж зорьсон хугацаандаа дуусгаж чадахгүй байх магадлалтай” гэжээ. Хөөрч, буух зурвас, явгалах замыг шинэчлэх ажлын зураг төсөл, төсвийг ЭЗТ ХХК-иар гүйцэтгүүлж, Зам, тээврийн хөгжлийн төвийн магадлалаар баталгаажуулсан, одоо гүйцэтгэгчийг сонгон шалгаруулахаар бэлтгэж буй гэж уг мэдэгдэлд дурдсан байна. Харин Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Өмнөговь аймгийн ЗДТГ, “Говь гурвансайхан” нисэх буудлаас энэ асуудлаар албан ёсны мэдэгдэл, хариу өнөөдрийг хүртэл өгөөгүй байгаа аж.
Ж.Сувд