2022 онд баталсан Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн хүрээнд Санхүүгийн зохицуулах хорооны дэргэд Мөнгөн зээлийн үйл ажиллагааны бодлогын зөвлөл байгуулж, зээлийн хүүгийн дээд хэмжээг тогтоох, үүнийг тооцох аргачлал болон зээл, барьцаа, батлан даалтын гэрээний ерөнхий загварыг батлах чиг үүргийг хүлээлгэсэн юм. Үүний дагуу дээрх орон тооны бус зөвлөлийнхөн өнгөрсөн сарын 26-нд хуралдаж, мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдээс олгох зээлийн хүүгийн дээд хэмжээг 4.5 хувь хэвээр үлдээх шийдвэр гаргасан билээ. Үүнтэй холбоотой тогтоолыг захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд энэ сарын 25-нд албан ёсоор оруулсан тул хэрэгжилтийг нь хангаж ажиллахыг мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэгчдэд Санхүүгийн зохицуулах хорооноос анхаарууллаа.
Мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэгч гэдэгт барьцаалан зээлдүүлэх газар болон ашиг олох зорилгоор энэ төрлийн үйлчилгээ тогтмол эрхэлдэг хувь хүнийг хамааруулдаг. Эдгээрээс олгодог зээлийнхүүгийн дээд хязгаарыг 4.5 хувиар тогтоогоод нэг жил орчим болж буй ч нийтлэгээрээ, ялангуяа ломбардууд огт дагаж мөрдөхгүй байгааг албаны хүмүүс хэлэв. Тухайлбал, барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа эрхлэгчид долоо хоногийн дөрөв, 14 хоногийн долоон хувиар тооцон иргэдэд зээл олгосоор буй гэнэ. Иймд хууль, тогтоолыгдагаж мөрдөхийг энэ төрлийн үйл ажиллагаа эрхлэгчдэд Санхүүгийн зохицуулах хорооноос анхааруулсан юм.
Ж.Сувд