Газар тариалангийн салбарын тогтвортой хөгжлийг хангах “Атар-IV” аяныг эхлүүлэх, хэрэгжилтийг нь эрчимжүүлэх чиглэлээр арга хэмжээ авч ажиллахыг Засгийн газрын өчигдрийн хуралдаанаас холбогдох албан тушаалтнуудад даалгав. Тус аяныг хэрэгжүүлэх төлөвлөгөөнд байгальд ээлтэй тариалангийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх, бүсчилсэн хөгжлийг дэмжих, инновац, технологи нэвтрүүлэх зэрэг гол зорилтын хүрээнд нийт 63 арга хэмжээ хэрэгжүүлэхээр тусгасан. Тэгвэл эдгээрээс эхний ээлжид буюу энэ оны нэгдүгээр улиралд багтаан хэд хэдэн томоохон ажлыг зохион байгуулж эхэлснийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр энэ үеэр танилцуулжээ. Нэгдүгээрт, хүнс, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчдийг эргэлтийн хөрөнгийн болон хөрөнгө оруулалтын хөнгөлөлттэй зээлд хамруулахаар арилжааны 10 банктай хамтран ажиллах гэрээ байгуулж буй гэнэ. Хувийн өмчийн хөрөнгө оруулалтыг идэвхжүүлэхээр зээлийн хүүгийн хөнгөлөлтөд зориулж улсын төсөвт 52.8 тэрбум төгрөг тусгасан аж. Зээлийн хүүгийн 10 хувийн хөнгөлөлт үзүүлснээр тариалангийн үйлдвэрлэлд 800 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт татах боломжтой гэж тооцжээ. Хоёрдугаарт, малын тэжээлийн хангамжийг сайжруулах, сэлгээний таримлын нэр төрөл, экспортод чиглэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх зорилгоор атар газрыг тариалангийн эргэлтэд оруулах ажлыг зохион байгуулахаар бэлтгэж эхэлжээ. Одоогоор таван аймгийн 63.2 мянган га атар газрыг тариалангийн эргэлтэд шинээр оруулахаар санал ирүүлээд байгаа гэнэ. Гуравдугаарт, эрчимжсэн мал аж ахуй, газар тариаланг хослуулан хөгжүүлэх зорилтын хүрээнд 1.4 тэрбум төгрөгөөр зургаан төрлийн тэжээлийн таримлын 360 тонн үр нийлүүлэх ажлыг зохион байгуулжээ. Ташрамд дурдахад, өдгөө улсын хэмжээнд нийт 34 930 тонн үрийн улаанбуудайн нөөц байгаагаас иргэн, аж ахуйн нэгж өөрийн хэрэгцээнд 32 257, худалдан борлуулахаар 2673 тонн үр бэлтгээд буй аж. “Хөдөө аж ахуйн корпорац”-д үрийн улаанбуудайн 9134 тонн нөөц байснаас 3268 тонныг нь борлуулжээ.
Н.Ган