УИХ-ын Тамгын газрын Төсвийн хяналт, шинжилгээний хэлтсээс “Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны эхний хоёр сарын гүйцэтгэл”-ийн тайлан гаргаснаа олон нийтэд танилцууллаа. Энэ хугацаанд манай улсын нэгдсэн төсвийн нийт орлого 4.1, зарлага нь 4.6 их наяд төгрөг болж, 565.8 тэрбум төгрөгийн алдагдалтай гарчээ. Төсвийн орлого төлөвлөснөөс 167.1 тэрбум төгрөгөөр дутуу биелэхэд татварын орлого дөрвөн хувь буюу 155.1, татварын бус орлого 4.3 хувь буюу 11.9 тэрбум төгрөгөөр тус тус дутуу бүрдсэн нь нөлөөлсөн гэж дүгнэсэн байна. Хоёрдугаар сарын эцсийн гүйцэтгэлээр татварын нийт орлого өнгөрөгч жилийн мөн үеийнхээс 22.9 хувь буюу 1.1 их наяд төгрөгөөр буурчээ. Үүнд орлогын албан татварын хэмжээ 591.5, нэмэгдсэн өртгийнх 119.8 тэрбум төгрөгөөр тус тус буурсан нь голлон нөлөөлсөн аж.
Бүтцээр нь авч үзвэл төсвийн орлогын 93.5 хувийг татварын, 6.5 хувийг татварын бус орлого бүрдүүлжээ. Харин татварын орлогын 36.1 хувийг орлогын, 20.1 хувийг нийгмийн даатгалын, 19.7 хувийг нэмэгдсэн өртгийн, 5.5 хувийг онцгой албан, 1.2 хувийг хөрөнгийн албан татвар бүрдүүлсэн байна. Үлдсэн 17 хувийг нь гадаад үйл ажиллагааны болон бусад татвар, төлбөр, хураамжийн орлогоос төвлөрүүлжээ.