Хүнсний аюулгүй байдлын Үндэсний лавлагаа лабораторийн Хими хор судлалын лабораторийн эрхлэгч Л.Уранчимэгтэй ярилцлаа. Тэрбээр пестицид буюу ургамал хамгааллын бүтээгдэхүүний хэрэглээ жил ирэх тусам нэмэгдэж байгааг онцоллоо. Тиймээс хүнсний аюулгүй байдлыг хангахын тулд тариаланчид пестицидийг яаж ашиглах талаар мэдлэгтэй байх нь чухал гэв.
-Үндэсний лавлагаа лабораторид нийт хэдэн төрлийн шинжилгээ хийдэг вэ?
-Манайх сорилын үндсэн дөрвөн лабораторитой бөгөөд үүнээс нэг нь ур чадварынх. Үндэсний лавлагаа лабораторид нийт 1780 орчим үзүүлэлтийг шинжилдэг. Эдгээрийг салгаж үзвэл микробиологийн, хими хор судлалын, ургамлын эрүүл ахуй, хорио цээрийн, цацрагийн хяналтын шинжилгээ байна. Манай байгууллага зөвхөн хүнс шинжилдэггүй. Хүрээлэн буй орчны шинжилгээ ч хийдэг. Эмнэлгээс шалтгаалах халдвар, ахуйн хоол хүнс үйлдвэрлэдэг газруудын орчны шинжилгээ, ашигт малтмалын цацраг идэвх, цацрагт идэвхт үүсгэвэр бүхий эмнэлгийн тоног төхөөрөмжтэй ажиллаж байгаа хүмүүсийн цацрагийн шарлагын хяналтын тунг ч манай байгууллагынхан хянаж шинжилж байна. Хими хор судлалын лаборатори нь найман нэгжтэй. Энд зөвхөн хүнс шинжилдэггүй. Гоо сайхны бүтээгдэхүүн, ундны, бохир усны, тамхины шинжилгээг ч хийж, өргөн цар хүрээтэй ажилладаг.
-Дээжээ хэрхэн цуглуулдаг бол. Хувь хүмүүс хүнсний аюулгүй байдлаа хангахын тулд шинжилгээ хийлгэж болох уу?
-Бид үндсэн дөрвөн субъектээс дээжээ цуглуулж байна. Тухайлбал, хилээр нэвтрүүлж байгаа хүнсний болон гоо сайхны бүтээгдэхүүний дээжийг гаалийн улсын байцаагч нар ирүүлдэг. Хоёрдугаарт, салбарын хяналт буюу Эрүүл мэндийн, ХХААХҮЯ-наас дээж шинжлүүлье гэсэн хүсэлт ирүүлдэг юм. Үүнээс гадна аж ахуйн нэгж, иргэд “Би ийм бүтээгдэхүүн үйлдвэрлэлээ. Шинжлүүлье” гэдэг. Бас импортоор оруулж ирсэн бүтээгдэхүүнээ шинжлүүлэх нь ч бий. Цагдаа, тагнуулын байгууллагынхан хяналтын зорилгоор ханддаг. Тандалт судалгааны зорилгоор бид ч дээж цуглуулдаг.
-Пестицидийг илрүүлэх шинжилгээний ажлаа илүү өргөжүүлээд байгаа гэсэн шүү дээ. Юуны өмнө пестицидийн талаар тайлбарлахгүй юу?
-Энэ нь ургамал хамгааллын бүтээгдэхүүн юм. Хортон шавж идээгүй, цэвэрхэн, арвин ургац хурааж авахын тулд газар тариаланд ашигладаг. Гарал үүслийг нь яривал энэ бол хор. Хорт хийтэй өрөөнд хүнийг оруулдаг байсан үеэс үүнийг ургамал, амьтанд ч ашиглаж болох юм байна гэж санажээ. Пестицидийг 10 төрлөөр хэрэглэж байгаа. Харин үйлдвэрлэж байгаа төрлөөс нь хамаараад химийн, биологийн гэж ангилдаг л даа. Мэрэгчид, шавжид, хөгцөнд гээд юунд зориулж хэрэглэж байгаагаас нь хамаараад ингэж ангилна. Газар тариаланд хэрэглэхээс өөр аргагүй. Тариалангийн бохирдол буюу шавжийн өсөлт дэлхий даяар нэмэгдэж байна. Тиймээс ургацаа хамгаалахын тулд пестицидийг зайлшгүй хэрэглэнэ. Ингэхдээ зохистой хэмжээнд, зөв дадлаар хэрэглэх ёстой. Аргачлалынх нь дагуу ашиглахгүй, тохиромжгүй цаг үед нь цацах, буруу хэрэглэх гэх мэт дутагдал түгээмэл. Бас цацчихаад задарч алга болох хугацааг нь хүлээхгүйгээр ургацаа хураах ёсгүй. Үүнээс болж пестицидийн бохирдол хүнсэнд дамжих магадлалтай. Тийм аюултай учраас дэлхий нийтээрээ хянадаг. Олон улсын худалдааг дэмжих байгууллагаас 245 төрлийн пестицидийг стандартчилж, хянаж ажиллах ёстой гэж зааварчилжээ. Үүнээс гадна орон бүр пестицидийг хянах өөр өөрийн бодлоготой. Мөн тэр 245 дээр өөрсдийнхөө ашиглаж байгаа пестицидийг нэмээд холбогдох дүрэм, журмаа боловсруулдаг.
Дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн 1000 орчим пестицид бий. Газар нутгийн онцлог, хортон шавж, хог ургамлын тархцаас хамаараад улс бүр өөрт тохирохыг хэрэглэдэг. Манай улсын хувьд хүнснийхээ 60 орчим хувийг импортын бүтээгдэхүүнээс бүрдүүлдэг. Жимс, хүнсний ногооныхоо ихэнх хэсгийг ингэж бэлтгэдэг шүү дээ. Ялангуяа жимснийхээ 90 хувийг импортоор оруулж ирдэг. Тиймээс импортын хүнсний ногоондоо пестицидийн хяналтыг зайлшгүй тавих ёстой. Бас дотоодын үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнд ч анхаарал хандуулах хэрэгтэй.
-Тэгэхээр тариаланчид хэрхэн ашиглах талаар сайтар мэддэг байх хэрэгтэй байх нь ээ?
-Тийм ээ. Тариаланчдын пестицидийн хэрэглээний дадал маш муу. Яаж хэрэглэхээ мэддэггүй. Хэрэглээний зөв дадал маш дутмаг байна. Хүнсэнд пестицид огт илрэх ёсгүй биш. Тогтоосон хэмжээнээс доогуур байхад таны биед халгүй. Гол нь тогтоосон хэмжээнээс доогуур байлгахын тулд хэрэглэх дадалд анхаарах нь чухал. Пестицидийг тохирсон тун хэмжээгээр зөв найруулаад, зөв хэрэглэх ёстой. Утаажуулан хэрэглэх байсныг цацчихсан байх вий. Маш нарийн ширхэгтэй тоос хэлбэрээр цацах ёстой байсныг нь их хэмжээгээр ашиглах нь бас буруу. Тохиромжтой хугацаанд нь хэрэглээгүйгээс өвчлөлтэй хүнсний ногоо их зардаг. Аливаа юмны тун хэмжээг тааруулах ёстой. Хөрсөнд булцуу хэлбэрээр, эсвэл ил ургадаг навчит ногоо юу гэдгийг харгалзахаас гадна хүлэмжийнх, үр тариа гээд тус бүрд нь хэрэглэх пестицид өөр өөр. Газар тариалан эрхлэгчид энэ талаар сайн мэдлэг, мэдээлэлтэй байж хүнсний аюулгүй байдлыг хангах суурийг нь тавина. Гэтэл бие биеэсээ дам сураг сонсоод буруу хэрэглэх нь түгээмэл байна. Хэрэглээний дадал бол бидний аюулгүй байдлаа хангах суурь ойлголт юм шүү дээ.
Энд бас тариаланчдын эрүүл мэндийн асуудлыг хөндөх хэрэгтэй. Ургамал хамгааллын бүтээгдэхүүнийг буруу хэрэглэснээс тариаланчид хордох тохиолдол гарч байна. Пестицидийг хэрэглэж байгаа хүмүүс үүнд илүү их хорддог. Учир нь утаажуулж цацаж байхдаа биеэ хамгаалах ёстой байтал үүнд анхаардаггүй.
-Монголд хэдэн төрлийн пестицид хэрэглэж байна вэ?
-Ургамал хамгааллын бүтээгдэхүүн буюу пестицидийг хилээр нэвтрүүлэхэд тавих хяналт гэж бий. Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн, Эрүүл мэндийн сайд нарын хамтарсан тушаалаар Монголд хэрэглэхийг зөвшөөрсөн пестицидийн жагсаалтыг жил бүр шинэчилж баталдаг. Учир нь пестицид хэрэглэдэг аж ахуйн нэгжүүд, худалдан борлуулагчид энэ нь илүү үйлчилгээтэй юм байна гээд өөр өөр тун хэмжээтэй бодис хэрэглэх нь нэмэгдэж байгаа учраас зайлшгүй шинэчилдэг. Өөрөөр хэлбэл, жил ирэх тусам хэрэглэхийг зөвшөөрсөн пестицидийн тоо нэмэгдэж байна гэсэн үг. Монголд 5-6 жилийн өмнө 180-аад пестицид хэрэглэж байсан. Хөдөө аж ахуйд ургамал хамгааллын зориулалтаар ашиглаж болох пестицидийн жагсаалтад өнгөрсөн онд 252 төрлийг бүртгэсэн.
Дэлхий нийтэд 1990-ээд он хүртэл хлор органик пестицидийг түлхүү хэрэглэж байсан. Гэтэл энэ бодис нь багадаа 12 сарын дараа задардаг. Хүний биед маш хор хөнөөлтэй. Тиймээс дэлхий нийтээр хэрэглэхийг хориглосон. Гэтэл маш их хэмжээгээр үйлдвэрлэчихсэн болохоор ашиглая гэсэн санаа гаргах хүмүүс бий. Санаатайгаар, бас мэдэхгүйгээсээ болоод худалдан борлуулж буй хүмүүс ч байж болзошгүй. Тиймээс л Монголд энэ бодисыг нэвтрүүлэх, ашиглахаас сэргийлэх үүднээс хяналт тавьдаг.
Пестицидийг хэрэглэснээс хойш 21-45 хоногт үүргээ гүйцэтгэчхээд задарч алга болох ёстой. Энэ талаарх мэдлэг хангалтгүйгээс болоод задралын явц дуусахаас өмнө хурааж авах нь бий гэж өмнө хэлсэн шүү дээ. Тиймээс пестицидийн үлдэгдэл байгаа, эсэхийг хянах нь чухал. Энэ бодис нь шавж, мэрэгч амьтдад хор хөнөөлтэй. Хүн ч гэсэн биологийн биет учраас бага тунгаар ч гэсэн нөлөөллийг нь аваад байдаг. Тиймээс хяналт маш чухал. Гэтэл хэдий хэмжээний пестицид агуулсан хүнс вэ гэдгийг тодорхойлох лаборатори манай улсын хэмжээнд дөрөв л байна. Хүчин чадал нь харилцан адилгүй. Манай лабораторид 221 орчмыг тодорхойлдог. Харин Ургамал хамгааллын хүрээлэнгийн лаборатори 150, Замын-Үүд дэх Гаалийн лаборатори 16 пестицидийг тодорхойлж буй.
-Иргэдийн хүнсний хэрэгцээнд нийлүүлж буй мах махан бүтээгдэхүүн, жимс, хүнсний ногооны чанар, аюулгүй байдлын хяналт шалгалтыг өнгөрсөн сард хийсэн гэж байсан. Үүний үр дүн яаж гарав?
-Улаанбаатар хотод байрлах зургаан зах, худалдааны төвд 26 төрлийн бүтээгдэхүүнд шинжилгээ хийсэн. Ингэхэд 44 төрлийн пестицидийн тоо хэмжээг тодорхойлсон. Үндэсний баримтлах стандартад өмнө хэлсэнчлэн хэрэглэхийг зөвшөөрсөн пестицидийн жагсаалт бий шүү дээ. Гэтэл бидний илрүүлсэн 44 төрлийн пестицидийн тав нь л тэр жагсаалтад багтжээ. Бусдыг нь бид аль стандарттайгаа харьцуулах вэ гэдэг асуудал тулгарч байна. Эхний ээлжид бид пестицидийг хянаад сурчихлаа. Тэгвэл одоо хэдий хэмжээтэйг хүлээн зөвшөөрөх вэ гэдгийг тогтоохоор ажиллаж байна.
Пестицид хэрэглэхгүйгээр ургац авч чадахгүй учраас заавал ашиглана. Гэхдээ пестицидийн үлдэгдэл жимс, хүнсний ногоо, үр тарианд маш бага хэмжээтэй байхыг хүлээн зөвшөөрдөг. Пестицид тус бүрийн хүлээн зөвшөөрөх дээд хэмжээ харилцан адилгүй.
-Пестицид нь хүний эрүүл мэндэд ямар нөлөөтэй вэ?
-Энэ талаарх олон улсын судалгааны ажил цөөнгүй бий. Ургамлыг шавжаас, хөгцнөөс хамгаалахын тулд хэрэглэдэг учраас хүний биед ч хоруу чанартай. Хамгийн наад зах нь харшлах, астма, дотоод шүүрлийн, нөхөн үржихүйн эрхтнүүдэд нөлөөлөх, цаашлаад хорт хавдар үүсгэх эрсдэлтэй. Тиймээс л дэлхий нийтээрээ хянаарай гээд олон улсын стандарт гаргасан шүү дээ.
А.Тэмүүлэн