Улсын хэмжээнд энэ оны эхний нэг сард бэлгийн замаар дамжих халдварт өвчний 979 тохиолдол бүртгэгджээ. Уг үзүүлэлт нь нийт халдварт өвчний 32.5 хувийг эзэлсэн байна. Бэлгийн замаар дамжих халдварт өвчний тохиолдол өнгөрсөн жилийн мөн үеийнхээс 89-өөр нэмэгдсэн гэнэ. Эл төрлийн халдварт өвчний 46 хувийг тэмбүү, 32.5 хувийг заг хүйтэн, 19 хувийг трихомониаз, 0.3 хувийг ХДХВ/ДОХ эзэлсэн аж. Тэр дундаа тэмбүүгийн өвчлөл өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 66 тохиолдлоор нэмэгджээ. Бүс нутгаар нь авч үзвэл Говьсүмбэр, Өмнөговь, Баянхонгор, Төв, Говь-Алтай, Архангай аймаг болон Улаанбаатар хотод тэмбүүгийн өвчлөл улсын дунджаас өндөр байна. Энэ оны эхний нэг сард гурван хүн ДОХ-оор өвчилснийг тогтоожээ. Эдгээр тохиолдлыг Улаанбаатар хотод илрүүлжээ. Манай улсад анх 1992 онд ХДХВ/ДОХ бүртгэгдэж байв. Түүнээс хойш халдвар авсан хүний тоо одоогоор 391-т хүрээд буй юм. Өнгөрсөн онд ДОХ-оор нийт 19 хүн өвчилсөн нь батлагдсан байна. Энэ нь өмнөх жилийнхээсээ дөрвөн тохиолдлоор буурсан үзүүлэлт гэнэ.
Ч.Зул