Хүүхдийн хорт хавдартай тэмцэх олон улсын өдөр өнгөрсөн бямба гарагт тохиов. Энэ өдрийг хүүхдийн хавдрын талаарх олон нийтийн ойлголтыг сайжруулах, даван туулагчид, асран хамгаалагчдын бие махбод, сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалах, зөв зан үйлийг дэмжих, төлөвшүүлэх зорилгоор 2002 оноос дэлхий дахинд тэмдэглэж эхэлжээ. Манай улс эл өдрийг 2017 оноос хойш тэмдэглэж буй бөгөөд хүүхдийн хорт хавдрын эмийн хүртээмжийг сайжруулах, эдгэрэлтийн хувийг нэмэгдүүлэх зорилготой дэлхийн санаачилгад нэгдсэн байна. Үүний хүрээнд Эрүүл мэндийн яамныхан ДЭМБ, НҮБ-ын Хүүхдийн сан, “Сэйнт жуд” хүүхдийн хавдрын эмнэлэгтэй хамтран хэрэгжүүлж буй “Хүүхдийн хорт хавдрын эмийн хүртээмжийг сайжруулах дэлхийн платформ”-оор дамжуулан нэн шаардлагатай 35 нэрийн эм хүлээн авахаар болжээ.
Эхний ээлжид гурван нэрийн эмийг хүлээн авсан байна. Хамтын ажиллагааны хүрээнд хорт хавдрын эмийг таван жилийн хугацаанд манай улсад тасралтгүй нийлүүлэх аж. Ташрамд дуулгахад, Монгол Улсад жилд 0-19 насны 100-120 орчим хүүхдэд хорт хавдар бүртгэгдэж, ЭХЭМҮТ-д эмчлүүлж буй юм.
Ч.Туяа