Нүүрсний экспорт саатаж, уул уурхайн бүтээгдэхүүний орлого тасалдсанаас үүдэлтэйгээр манай улсын гадаад валютын нөөц буурч, банкууд 10 мянгаас дээш хэмжээний ам.доллар зарахгүй, төгрөгтэй харьцах “ногоон”-ы ханш тасралтгүй чангарч байгаа талаар мэдээлэл түгээд буй. Харин Монголбанкныхан Цагаан сарын баяр, гадаадыг зорих монголчуудын урсгал, уул уурхайн экспортын удаашралаас болоод валютын орлого буурч, эрэлт нь нэмэгдсэн ч улсын таван сарын хэрэглээг хангахуйц буюу 4.9 тэрбум ам.долларын нөөц бий хэмээн мэдээлсэн билээ. Үүнтэй холбогдуулан ам.долларын ханш ямар байгааг сонирхлоо.
Валют арилжааны “Найман шарга” захад уржигдар буюу энэ сарын 12-нд ченжүүд “ногоон”-ыг 3475 төгрөгөөр худалдан авч, 3480 төгрөгөөр зарж байсан бол өчигдөр 3485 төгрөгөөр борлуулж байв. Харин Монголбанкнаас зарласан ханшаар ам.доллар өчигдөр 3458 төгрөгтэй тэнцэж байсан юм. Албан ба хар захын ханшийн зөрүү 27 төгрөг гэсэн үг. Өнгөрсөн долоо хоногт “ногоон”-ы ханш дээрх захад 3512 төгрөгт хүрч өссөнийг ченжүүд хэлэв. Төв банкнаас зарласан ам.долларын өчигдрийн ханшийг нэг сарын өмнөхтэй харьцуулахад 25 төгрөг буюу 0.7, өнгөрсөн жилийн мөн үеийнхээс 52 төгрөг буюу 1.5 хувиар өсжээ. Харин валют арилжааны төвд ам.долларыг өчигдөр 3485 төгрөгөөр худалдаж байсан нь нэг сарын өмнөхөөс 52 төгрөг буюу 1.6 хувь, өмнөх жилийн мөн үеийнхээс 80 төгрөг буюу 2.4 хувиар өссөн дүн аж. Юанийн ханш ч мөн ойрын өдрүүдэд тасралтгүй өссөөр байна. Өмнөд хөршийн мөнгөн тэмдэгт өчигдөр “Найман шарга”-д 479.5 төгрөгтэй тэнцэж байсан юм. Энэ нь өнгөрөгч долоо хоногийнхоос найм, нэг сарын өмнөхөөс 14 төгрөгөөр өссөн дүн болов. Ташрамд дурдахад, энэ оны эхний сард манай улсын экспортын орлого өмнөх жилийн мөн үеийнхээс 47, уул уурхайн биржээр арилжаалсан нүүрснийх 80 хувиар буурчээ.
Н.Мишээл