МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн Философи, шашин судлалын тэнхимийн зөвлөх профессор, доктор Р.Дарьхүүтэй ярилцлаа. Нийгмийн ёс суртахууныг хэрхэн сайжруулах талаар тэрбээр байр сууриа илэрхийлсэн юм.
-Эмчийн, сэтгүүлчийн, улс төрчийн гэх мэтээр мэргэжил, салбарын ёс зүйн дүрэм, журам байдаг. Ёс зүйг ийм маягаар аль нэг салбар, мэргэжлийн түвшинд л ярихаас биш, олон нийт, нийгэмд хамаатуулах нь дутагдалтай юм шиг санагддаг. Зарим хүн нийгмийн ёс суртахуун гэж байхгүй хэмээх нь ч бий.
-Мэргэжил болгон онцлогтой. Тэр онцлогт нь тулгуурласан ёс зүйн дүрэм байна. Энэ нь нийгмийн ёс суртахууны нэг бүрдэл хэсэг болдог. Харин хүнлэг, шударга, хариуцлагатай, хамтач, ухаалаг байх зэрэг нь нийгмийн ёс суртахууны нийтлэг зарчим, хэм хэмжээ. Эдгээрийг амьдрал, үйлдэлдээ хэрэгжүүлж чадсанаар тухайн нийгэм, гэр бүл, байгууллага харьцангуй тогтвортой, эв нэгдэлтэй, илүү амжилттай байх боломжтой. Үүнийг төдийлөн ойлгохгүй, эсвэл бүр үгүйсгэж, гажуудуулснаас л ёс суртахууны доголдол, доройтол үүсдэг. Жишээ нь, гэр бүлийн хүчирхийлэл, салалт яагаад улам нэмэгдээд байгаа юм бэ. Гэр бүлийн ёс суртахууны зарчим, хэм хэмжээний талаарх ойлголт муу байгаатай энэ нь холбоотой. Хүний эрх гэж ярихдаа ёс суртахууны үүрэг, хариуцлагыг ч анхаарах хэрэгтэй. Ёс суртахууны үүрэг, хүний эрх хоёр хосолж байж хүний амьдрал, нийгмийн харилцаа сайн сайхан байх нөхцөл бүрддэг. Нийгмийн ёс суртахуун нь маш өргөн агуулгатай ойлголт. Товчхон хариулахад, энэ нь нийгэм хэвийн оршин тогтнох, хөгжих үндэс суурь нь юм.
МАЛЧДЫН ДУНД СӨРӨГ ҮЗЭГДЭЛ ХАРЬЦАНГУЙ БАГА
-Ёс суртахууны доголдол гаргасан олон жишээ манайд бий. Гэвч ийм зохисгүй үйлдлийнхээ төлөө хэн ч хариуцлага хүлээдэггүй болчихлоо.
-Хариуцлагаас зугтах нь нийгмийн ёс суртахууны нөхцөл байдал болон хувь хүний ухамсартай холбоотой. Ялангуяа ёс суртахууны хариуцлагын үнэ цэн, ач холбогдлын талаар ойлголтгүй байна. Ёс суртахууны хариуцлага нь хуулийнхаас дутахгүй чухал ач холбогдолтой. Үүнийг олон нийтэд ойлгуулахын тулд соён гэгээрүүлэх ажил хийх шаардлагатай юм. Иргэд ёс суртахууны хариуцлагаа ухамсарлах нь хүний болон нийгмийн хөгжилд томоохон ахиц дэвшил авчирдаг. Ёс суртахууны доголдол, дутагдлын хамрах хүрээ, хор уршиг нь харьцангуй бага, голчлон өдөр тутмын харилцаанд илэрдэг, ойлголцож, засаж залруулахад хялбар дөхөм. Харин ёс суртахууны уналт, доройтол нь хор уршиг ихтэй, янз бүрийн гажуудлыг нийгэмд бий болгодог. Жишээлбэл, цөөн тооны албан тушаалтан авлигаар хөрөнгөжиж байхад эрүүл мэнд, боловсролын тулгамдсан асуудлуудыг шийдэх санхүүжилт дутагдаж, иргэдийн амьдралын чанарт асар их хохирол учруулж, улс орны хөгжлийг хойш татаж байна шүү дээ.
-Нийгмийн ёс суртахууны нөхцөл байдлыг сүүлийн үед судалсан болов уу?
-Тодорхой хэмжээнд судалгаа хийж байна. Тухайлбал, 1991-1994 онд ШУА-ийн Философи, социологи, эрхийн хүрээлэн 1140-1340 иргэний дунд явуулсан социологийн цуврал судалгаандаа нийгмийн ёс суртахууны дүр төрхийн талаарх олон нийтийн санаа бодлыг тодруулсан байдаг. 2010 онд “Монголчуудын зан суртахууны төлөвшил, түүнд нөлөөлж буй нийгмийн хүчин зүйл” сэдэвт экспертийн судалгаанд оролцогчид “монгол хүний зан суртахууны ухамсар маш хурдацтай өөрчлөгдөж, улам бүр доройтож, доголдож, урьд дуулдаж байгаагүй гэмт хэрэг ихсэж, догшин хэрцгий болсон, ахас ихсээ үл хүндэтгэх, хариуцлагын тогтолцоо алдагдсан”, “сөрөг тал нь дэндүү их”, “эерэг зүйл маш ховор”, “сөрөг өөрчлөлт 70 хувьтай” гэх зэргээр санаа бодлоо илэрхийлжээ. “Отгонтэнгэр” их сургуулиас 2015 онд явуулсан социологийн судалгаанд оролцогчид “Иргэнийхээ хувьд ямар асуудалд илүү санаа зовж байна” гэсэн асуултад нийслэлийн агаарын бохирдол, замын түгжрэл, нийгмийн ёс суртахууны доройтол, төр засгийн удирдлагын завхралыг нэрлэсэн байна. 2019 онд СУИС-ийнхны хийсэн “Монголчуудын үнэт зүйл” судалгаанд оролцогчдын 53.5 хувь нь нийгмийн ёс суртахууны ухамсар дорой байна гэж хариулсан. “Монголчуудын зан суртахууны төлөвшил, түүнд нөлөөлж буй нийгмийн хүчин зүйл” сэдэвт экспертийн судалгаанд оролцогчид “Нийгмийн доод давхрааныхан, залуучуудын дунд зан суртахууны доголдол, дутагдал илрэх явдал бий. Төрийн дээд байгууллагын удирдах ажилтан, албан хаагчид, УИХ-ын гишүүн, Засгийн газрын агентлагуудын үйл ажиллагаанд, улс төр, бизнесийн хүрээнийхний дунд зан суртахууны уналт, доройтол илүү тохиолддог. Харин нүүдлийн уламжлалт соёлоо тээж яваа малчдын дунд ёс суртахууны сөрөг үзэгдэл харьцангуй бага гарч байна” гэжээ. Энэ мэт судалгаа бий боловч хангалттай биш. Цаашид илүү өргөжүүлэх, гүнзгийрүүлэх шаардлагатай.
-Судалгаа хангалттай биш байгаа нь ямар шалтгаантай вэ. Шийдвэр гаргах түвшний хүмүүс, эсвэл судалгааны байгууллагынхан үүнд нэг их анхаарч, ач холбогдол өгдөггүй юү?
-Нийгмийн ёс суртахуун нь салбар дундын судалгаа шаарддаг онцлогтой. Судлаачдад ойлголтын зөрүү их бий. Тиймээс мэргэжлийн хэлэлцүүлэг явуулж, ойлголтын зөрүүг арилгах шаардлагатай. ШУА-ийн хүрээлэнгүүд, их, дээд сургуулийн багш нар, эрдэмтэн, судлаачид нийгмийн ёс суртахууныг хэсэгчлэн судалж байна. Хамгийн гол нь тэдний хамтын ажиллагаа дутагдалтай. Зөвхөн тухайн сургууль юм уу, хүрээлэн дотроо л асуудлыг яриад өнгөрдөг. Уг нь үүнийг шинжлэх ухааны олон салбарын уулзварт, цогцоор нь судалж, ярих ёстой юм. Өөр нэг шалтгаан бол манай төрийн бодлогод нийгмийн ёс суртахуун чухал гэсэн тунхаглалын шинжтэй заалтууд л бий. Түүнээс биш үүний үнэ цэн, ач холбогдлыг нь сайжруулах арга замын талаар огт дурдаагүй. Тиймээс энэ чиглэлийн судалгаа хийхэд ч ач холбогдол өгдөггүй. Судалгаа хийх нь хэдэн судлаач юм уу, багшийн хувийн ажил мэт л байдаг. Өөрсдийн сонирхлоор л судалж байна. Хийсэн судалгааны үр дүнг ойшоож, төрийн бодлого, шийдвэрт тусгахад холбогдох байгууллага, албан тушаалтнууд нь төдийлөн анхаардаггүй.
“ШУДАРГА БУС НЬ БАЯЖИЖ, САЙХАН АМЬДАРЧ БАЙНА. ТЭГЭХЭЭР ШУДАРГА БАЙХ ХЭРЭГТЭЙ ЮМ УУ”
-1991-1994 онд хийсэн судалгааны үр дүнг сүүлийн үеийн нөхцөл байдалтай харьцуулан үзэж байв уу. Ямар өөрчлөлтүүд голчлон ажиглагддаг бол?
-Судалгаануудын үр дүн ерөнхийдөө ойролцоо. Нийгмийн ёс суртахуунд нэг их ахиц дэвшил байхгүй гэсэн үг. Жишээ нь, 2015, 2019 онд “Отгонтэнгэр”, СУИС-иас хийсэн судалгаа болон МУИС-ийн Социологийн тэнхимийн багш Г.Түмэннастын бүтээлд манай нийгэмд ёс суртахууны доройтол их байгааг дурдаад, энэ нь цөвүүн цаг ирсний шинж хэмээн тодотгосон. Харин Гавьяат багш Б.Галиндэв судалгаандаа өнөөгийн нийгмийн амьдралд ёс суртахууны сөрөг үзэгдлүүдийн зэрэгцээ хувь хүний үзэлд хүлээцтэй хандах, хүний эрхийг хүндэтгэх үзэл бүхий эерэг хандлага бүрдэж буйг тэмдэглэсэн байдаг.
-Манайд ёс суртахууны доройтол нүүрлэхэд юу хамгийних нөлөөлөөд байна вэ?
-Монгол дахь ёс суртахууны доголдол, доройтлыг эдийн засаг, засаглалын хямрал гэдэгтэй адилхан түвшинд үзэн, ач холбогдол өгч, цаг алдалгүй засаж залруулах шаардлагатай. Доройтлын гол шалтгааныг боловсролын тогтолцоо, ядуурал, ажилгүйдэл, бохир улс төр гэх зэрэг олон зүйлтэй холбон тайлбарлаж болно. Гэхдээ хамгийн гол нь нийгмийн ёс суртахууны боловсролын тогтолцоо алдагдчихсан явдал юм. Ёс суртахууны боловсрол, хүмүүжлийг хүүхэд эхийн хэвлийд байхаас, сургуулийн өмнөх наснаас нь эхлэн олгох ёстой. Хүн бол нэг талаасаа байгалийн, нөгөө талаасаа нийгмийн амьтан шүү дээ. Ёс суртахууны боловсрол нь хүнийг байгалийн амьтнаас нийгмийн амьтан болгон хөгжүүлэх үйл явц. Бид бие бялдраа, оюун ухаанаа хөгжүүлье гэдэгтэй адил ёс суртахуунаа хөгжүүлэхэд ч анхаарах ёстой гэсэн үг. Манай зарим оюутан “Шударга бус нь баяжиж, сайхан амьдарч байна. Тэгэхээр шударга байх хэрэгтэй юм уу” гэж асуудаг. Ийм зүйлд хөтлөгдөж болохгүй. Ингэж ярьж байгаа хүүхэд шударга ёс гэдэг зүйлийнхээ мөн чанарыг ойлгоогүй гэсэн үг. Шударга бус зүйл хэзээ нэгэн цагт заавал илэрдгийг хүүхдэд бүр багаас нь ойлгуулах хэрэгтэй.
-Цахим орчин гээд хянах аргагүй талбар нийгмийн ёс суртахууныг доройтуулахад маш их нөлөөлөөд байх шиг. Үүнийг өөрчлөх арга зам танд харагддаг уу?
-Цахим хэрэглээнд ёс зүйн дүрэм байх хэрэгтэй. Цахим хэрэглээний ёс зүйн тухай ямар ч ойлголтгүй учраас хүүхдүүд, залуучууд, ахмадууд ч гэсэн гэмт хэргийн золиос болж байна шүү дээ. Хүмүүс интернэтэд орохдоо “үүдэнд” нь ёс суртахуунаа гээчихдэг. Нэр, нүүр харагдахгүй юм чинь гээд дураараа авирлаж байна. Олон нийтийн ёс зүйн боловсрол, ялангуяа цахим хэрэглээний ёс зүйг дээшлүүлэх нь ийм байдлыг өөрчлөхөд чухал нөлөөтэй.
-Уг нь ерөнхий боловсролын сургуулийн сурагчид ёс зүйн хичээл үздэг байх аа?
-Иргэний ёс зүйн боловсрол хичээлийг 1-12 дугаар ангийн сурагчдад заах шийдвэрийг 2019 онд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд гаргасан байдаг. Одоо ч зааж л байгаа. Гэхдээ энэ нь хэлбэрийн төдий л байна. Уг хичээлийн сургалтын хөтөлбөрийн агуулга, түүний дагуу бичсэн сурах бичиг, бас заадаг багшийнх нь мэдлэг, чадвар гээд засаж залруулах, анхаарах зүйл олон бий. Жишээ нь, энэ хичээлийг ёс зүй, философийн мэдлэгтэй багш заах ёстой. Яагаад гэвэл ёс зүй нь философийн чухал салбар. Сургалтын хөтөлбөрийг нь ч мэргэжлийн хүмүүс боловсруулах шаардлагатай юм. Харамсалтай нь, хөтөлбөрөө мэргэжлийн бус хүмүүсээр хийлгэчхээд, энэ хичээлийг хэн ч зааж болно гээд гажуудуулчихсан. Ийм учраас л шүүмжлүүлээд байна шүү дээ. Уг нь сайдын тушаалд “Нийгмийн ухааны багш заана” гэж бичсэн нь зөв байсан. Гэтэл одоо монгол хэлний, математикийн, ангийн багш гээд хэн завтай нь заах нэрээр хичээлийг үр дүнгүй болгож байна. Ийм учраас “Хэрэггүй хичээл заалаа” гэж зарим эцэг, эх, асран хамгаалагч шүүмжилдэг.
-Сурах бичиг нь нэлээд шүүмжлэлд өртсөн шүү дээ. Үүнтэй холбоотойгоор сурах бичгийг засаж сайжруулах зөвлөмжийг судалгааны байгууллагууд салбарын яамныханд өгсөн удаатай. Ер нь яаж сайжруулах нь зүйтэй талаар та байр сууриа илэрхийлэхгүй юү.
-Сурах бичгийг баталсан сургалтын хөтөлбөрийн дагуу бичдэг журамтай. Сайн боловсруулаагүй хөтөлбөрийн дагуу бичсэн учраас л сурах бичиг шүүмжлэлд өртөж байна. Тэгэхээр сургалтын хөтөлбөрийг анхнаас нь зөв, сайн боловсруулах учиртай юм. Хүүхдүүдийн нас насанд тохирсон хэлээр, тэдний амьдралд ойрхон жишээнүүдээр сурах бичгийг зохиох ёстой. Сургаал айлдахаасаа илүү хүүхдүүдийн амьдралтай нь холбосон жишээ, баримтуудыг тусгах нь зүйтэй гэсэн үг. Нөгөө талаар сурах бичгийн агуулгад ёс суртахууны уламжлалт үнэт зүйлсийн тухай ойлголтуудыг эдүгээчлэн оруулах нь чухал. Японд ёс зүйн боловсролоор судалгаа хийсэн шавь минь “Японы бага сургуулийн ёс зүйн хичээлийн үеэр нэг ээж хүүтэйгээ харилцахад тулгарсан ёс суртахууны асуудлын тухай ярьсан юм. Тэр ээжийн ярьсан асуудлыг шууд тухайн өдрийн хичээлийн сэдэв болгож заасан. Хичээлээ ингэж “амьд” хэлбэрээр явуулдаг” гэж ярьж байв. Хүн ер нь юунаас татгалзах, юуг эрхэмлэх ёстойг нас насанд нь тохируулан ойлгуулахыг л ёс зүйн боловсрол гэдэг.
ХҮМҮҮСИЙН УХАМСАР ТААРУУ БАЙХААР ХУУЛЬ, ДҮРМҮҮД ГАРГАХААС ӨӨР АРГАГҮЙ
-Ёс суртахууны уламжлалт үнэт зүйлсийн талаарх ойлголтууд гэдгийг тодруулахгүй юу. Үүнд юуг хамруулж болох вэ?
-Нийгмийг өөрчлөн шинэчлэх нэрээр ёс суртахууны уламжлалт үнэт зүйлсийг үл ойшоож, үгүйсгэдэг хандлага бий. Уг нь уламжлалдаа авах, гээхийн ухаанаар хандах нь зүйтэй. Жишээ нь, бидний үеийнхэн ихэнхдээ уламжлалт ёс суртахууны үзэл зарчмаар хүмүүжсэн. Эзэн хичээвэл заяа хичээнэ гээд л зүйр үгээр ойлгуулчихдаг байж. Чи өөрөө өөрийгөө л авч явна, нийгмээс, төрөөс горьдох юм байхгүй. Өөрөөс чинь бүх зүйл шалтгаална гэсэн үг. Монголчууд заавал онол, сургаал ярихгүйгээр уламжлалт сэтгэлгээ, зүйр үгнүүдээрээ дамжуулаад ёс зүйг ингээд ойлгуулчихдаг байж. Уламжлалт сэтгэлгээний тэр их үнэ цэнтэй зүйлийг одоо бараг хаячихсан. Тухайлбал, сүүлийн үед аав, ээжүүд хүүхдээ бүдрээд унахаар замд нь тээглэсэн зүйлийг буруутгаад байна. Дандаа бусдаас бурууг хайдаг хүнийг ингэж бий болгодог. Гэтэл манай аав, ээж биднийг бүдрээд унахад “Өөрөө унасан хүүхэд уйлдаггүй” гээд, бурууг бусдаас хайхгүй байх буюу хариуцлагын ёс зүйг энгийнээр ойлгуулчихдаг байж. Ер нь аливаа хөгжил нь уламжлал, шинэчлэлийн зохистой хослол байх учиртай юм. “Уламжлалгүй шинэчлэл сүйрэл дагуулна” гэж манай багш, доктор Н.Хавх биднийг сургадаг байсан. Тэр үнэн. Манайхан гадаадын ийм ч, тийм ч хөтөлбөр сайн гэж ярих нь ихэссэн. Гэтэл монгол хүн, Монголын онцлог гэж байна. Тиймээс ёс суртахууны уламжлалт үнэт зүйлээсээ өнөөдөр бид юуг нь авахаа судлах хэрэгтэй. Хүнлэг чанар, үнэнч шударга ёс, өөрийн болон бусдын нэр төрийг дээдлэх, эв эеийг хичээх, хэлсэндээ хүрдэг, нягт нямбай, ичих, эмээх мэдрэмжтэй байх зэрэг баялаг өв уламжлал бидэнд бий шүү дээ.
-Та, бид хоёр ёс зүйтэй байх гээд хичээлээ. Гэтэл гудамжинд гарахад нөхцөл байдал нь таны, миний баримталдаг зарчмаас тэс өөр. Ялангуяа хүүхэд, залуусынхувьдяалт ч үгүй гаднах орчин нөхцөлд дасаж, уусаад байх шиг санагддаг.
-Тийм тал бий. Ёс суртахуун бол нийгмийн шинжтэй үзэгдэл. Хүн нийгмийн орчин, харилцааны бүтээгдэхүүн. Гэхдээ тэглээ гээд шударга бус зүйл, элдэв төрлийн хүчирхийллийг дэмжээд, түүнтэй эвлэрч болохгүй. Шударга байх нь чухал гэдэг итгэл үнэмшлийг өөртөө бий болгочихсон хүн шударга бустай эвлэрэхгүй. Эвлэрэхгүй байснаараа нэг их хохирохгүй. Ийм итгэл үнэмшлийг олгоход л ёс суртахууны боловсрол чухал гэж би дахин дахин хэлээд байгаа юм. Чи хэдий чинээ ёс суртахуунлаг, хариуцлагатай, шударга, хүнлэг байна, тэр хэрээр үнэ цэнтэй хүн болно. Ажлын амжилт, нийгэмд эзлэх байр суурийг чинь тодорхойлох гол хүчин зүйл нь ёс суртахууны үнэт зүйл. Ёс суртахуунлаг иргэдтэй байж нийтээрээ хөгжинө. Үүнд хүн болгоны үүрэг, оролцоо чухал. Харамсалтай нь, манайд ёс суртахууны боловсрол, хүмүүжил, төлөвшил хангалтгүйгээс хувь хүн, нийгэм хөгжихгүй байна гэж боддог. Зарим хүн “бүгдээрээ ёс суртахуунгүй болсон, одоо өнгөрсөн” гээд байгаа юм. Тэгвэл хэн үүнийг өөрчлөх юм бэ. Монголын нийгмийг монголчууд өөрсдөө л өөрчилнө. Хэн нэгэн гаднаас ирээд юм уу, эсвэл УИХ-ын 126 гишүүн өөрчлөхгүй шүү дээ. Хувь хүн бүр, энэ нийгмийг бүрдүүлж байгаа эд эс болгон нийгмийн ёс суртахууныг сайжруулахад хувь нэмрээ оруулах ёстой.
-Нийгмийн ёс суртахууныг сайжруулахын тулд хууль мөрдүүлж эхлээд байна лдаа. Жишээ нь, Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийг өнгөрсөн онд баталсан. Ер нь хууль баталж, хэрэгжүүлэх нь үр дүнтэй юү?
-Уг нь нийгмийн ёс суртахуун нь хүмүүсийн өдөр тутмын харилцаа, үйл ажиллагааг хуулиас илүү өргөн хүрээнд зохицуулдаг онцлогтой. Харамсалтай нь, хүмүүсийн ёс суртахууны ухамсар тааруу байхаар хууль, дүрмүүд гаргахаас өөр аргагүйд хүрдэг. Нийгмийн ёс суртахууны ухамсар, соёлын түвшнээс хамаарч түүнийг хуульчлах хэрэгцээ үүснэ гэсэн үг. Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийг ийм хэрэгцээ шаардлагаар баталсан гэж ойлгож байгаа. Тэгсэн хэрнээ л тоохгүй зөрчөөд байна шүү дээ. Үнэн хэрэгтээ ёс суртахууны болон эрх зүйн хэм хэмжээ нь өөр өөрийн онцлогтой, давуу болон сул талтай. Зарим тохиолдолд хосолж байж илүү үр дүн гарах нь бий. Гэхдээ нийгмийн ёс суртахууныг сайжруулахын тулд соён гэгээрүүлэх ажлыг түлхүү хийх хэрэгтэй гэж боддог. Ёс суртахуун бол насан туршийн боловсрол. Зөвхөн хүүхэд, залуусын асуудал биш.
-Олонд танигдсан хүмүүс нийгмийн ёс суртахууныг доройтуулахад нөлөөлөөд байх шиг. Инфлүүнсерүүд, улстөрчид, сэтгүүлчид гээд олон хүнийг үүнд хамруулж болох юм.
-Олонд танигдсан хүмүүс нийгмийн ёс суртахууныг сайжруулахад чухал үүрэгтэй. Улс төрчид, бизнесмен, багш, урлаг, спортынхны дотор ёс суртахуунаараа сайн үлгэр дуурайл үзүүлдэг хүн олон бий. Гэвч заримынх нь ёс суртахуунгүй үйлдэл, харилцаа, хандлага нийгмийн ёс суртахууныг доройтуулахад нөлөөлж байна. Тухайлбал, улс төрчдийн хариуцлагагүй үйлдлүүд, зарим дуучны зохисгүй үг хэллэг, багш нарын ёс суртахууны доголдол гэх мэт. АТГ-ынхан өсвөр насны хүүхдүүдээс шударга байдлын талаар фокус ярилцлага авахад нэг сурагч “Багш нар шударга бай гэж ярьчхаад өөрсдөө нүдэн дээр шударга бус зүйл хийдэг” гэж хэлсэн байсан. Тэгэхээр багш нарын ёс суртахууны үлгэр дуурайл чухал байгаа биз. Багш нь сурагчдад шинжлэх ухаан мэдлэг заахын зэрэгцээ зөв амьдрах ухаан, ёс суртахууныг биеэр үлгэрлэдгээ ухамсарлах нь зүйтэй.
-Боловсролд анхаарах хэрэгтэй гэдгийг та зөндөө дурдлаа. Үүний тулд нэн тэргүүнд хийх зүйл нь юу вэ?
-Нэн тэргүүнд хийх зүйл нь ёс суртахууны боловсролын чанарыг сайжруулах юм. Зарим хүн ёс суртахууныг зааж сургадаггүй гээд байдаг. Гэхдээ сургалт зайлшгүй хэрэгтэй. Үүний тулд нэгдүгээрт, сургалтын хөтөлбөрийг мэргэжлийн хүмүүс нь хувь хүний болон нийгмийн амьдралын хэрэгцээний харилцан шүтэлцээнд тулгуурлан боловсруулах ёстой. Хоёрдугаарт, сурах бичгийг сайн боловсруулах нь чухал. Бас энэ хичээлийг заах багшийг бэлдэх шаардлагатай. Хичээл болгон мэргэжлийн багштай байх ёстой. Гэтэл ёс зүйн боловсролыг хэн ч заана гээд хаячхаж болохгүй. Нөгөөтээгүүр, нийгмийн ёс суртахууны доголдол гарсан шалтгаан, түүний үр дагавар, засаж сайжруулах боломж, арга замыг тодруулахын тулд салбар дундын суурь судалгааг мэргэжлийн хүмүүс хамтран хийх шаардлагатай байна.