СУИС-ийн Хөгжмийн урлагийн сургуулийн Хөгжимдөх урлагийн тэнхимийн багш, Улсын филармонийн хөгжмийн зохиолч Шатарын Өлзийбаярыг зочиноор урилаа. Монголдоо Соёлын коллежийг дүүргэж, ОХУ-д зургаан жил сурч, Москва хотын Соёл, урлагийн их сургууль, М.И.Гнесиний нэрэмжит хөгжмийн академийг дүүргэсэн түүнийг том бүтээл туурвих ур чадвар, оюун тархи гэж үеийн нөхөд нь үнэлж, итгэдэг юм билээ.
“Алтан намар-2016” наадмын шилдэг хөгжмийн бүтээлийн эзэн, 2010 онд болсон С.С.Прокофьевын нэрэмжит олон улсын залуу хөгжмийн зохиолчдын IV уралдааны тусгай, Италийн Болонья хотод зохиодог хөгжмийн зохиолчдын XVI уралдааны гурав, морин хуур, симфони найрал хөгжимд зориулсан нэгдүгээр концерт нь 2014 онд ОХУ-ын Калуга хотод зохион байгуулсан “XXI зууны хөгжмийн зохиолч” олон улсын уралдааны тусгай байрыг хүртэж, Итали улсад болсон Морис Равелийн нэрэмжит олон улсын II уралдааны шилдэг 20 хөгжмийн зохиолчийн нэгээр шалгарсан нь түүнийг дэлхийн чансаатайг илэрхийлнэ.
-Өнөөгийн нийгэм, хүрээлэн буй орчныг хөгжмийн хэлээр илэрхийлбэл ямаршуухан хөг аялгуу гарах бол?
-Хот уу, хөдөө юү гэдгээс шалтгаална. Хот бол үймээн шуугиантай, хүмүүс нь завгүй байдаг стресс ихтэй газар. Эндээс хүнийг амраах гоё хөгжим гарахгүй гэж бодож байна. Хөдөөгийн байгалийн сайхныг дүрсэлбэл мэдээж тансаг аялгуу гарна.
-Улаанбаатарын стресстэй хүмүүсийг амраах хөг аялгуу олныг бүтээх ёстой юм болов уу?
-Тийм хөгжим бичиж болно. Хүмүүс дуу гэхээсээ илүү аяз сонсдог болсон. Дууны ая шүлэгтэйгээ тохирсон нь ч бий, гажсан нь ч байгаа. Хайрын үгтэй дууг дурлалдаа автсан хүн сонсоод илүү уярна шүү дээ. Аавын тухай дуу аав нь бурхан болсон юм уу, санасан хүмүүст илүү таалагдах жишээтэй. Япончууд маш завгүй ажилладаг хүмүүс. Тиймээс иргэдээ тайвшруулах зорилготой аялгуу бичдэг хөгжмийн зохиолч олон. Эрэлт хэрэгцээ нь ч их байдаг гэж сонссон.
-Танд ч бас хүнийг тайвшруулах, амраах хөгжим бичих шаардлага гарч болох нь ээ. Ийм төрлийн бүтээл хийж байгаа юу?
-Байгаа. Гэхдээ хөнгөн аялгуунууд маань том бүтээлийнхээ нэг хэсэг болж явдаг. Салгаад тусад нь уран бүтээл болгоход асуудал байхгүй. Жишээ нь, миний бүжгэн жүжиг, киноны хөгжмийн удаан хэсгүүд байна. Морин хуурын концертын удаан аялгуунууд ч бий. Том хэлбэрийн хөгжим зохиоход заавал зөрчил, өрнөл илэрхийлэх хэрэгтэй болдог.
Тэр хэсэг нь хөгжмийн техник харуулан, түчигнэж, тачигнаад илэрхийллийн хувьд хурц болчихдог юм. Өөрийг тань асуухаар удаан аялгуунуудаа салгаж тэр хөгжмийн энэ хэсэг гээд цомог гаргаж болох юм гэж бодлоо. Тэгвэл хүмүүст илүү хүртээлтэй байх юм болов уу. Миний бүтээлүүдэд том хэлбэрийн хөгжим зонхилдог учраас эгэл жирийн сонсогчдод хүрдэггүй байж магадгүй. Хүмүүсийн хөгжмийн боловсрол янз бүр. Мэргэжлийн хүрээнийхэндээ бол ойлгомжтой байгаа л даа.
-Аялгуу хаанаас төрдөг юм бэ?
-Сэтгэлээс л төрнө. Одоо нэг сайхан ая хийчихье гэхээр болохгүй ч үе бий. Гэтэл зүгээр сууж байхад гэнэт аялгуу ороод ирэх ч тохиолдол байдаг. Сэтгэлийн хөгөөс их шалтгаална.
-Онгодтой холбоогүй юү?
-Сэтгэлийн хөгийг дагаж, онгод орно. Түүнээс биш, ууртай байхад сайхан аялгуу гарах нь юу л бол. Онгодоо буулгахын тулд өөрийгөө хөглөх хэрэгтэй. Хүлээгээд сууна гэж байхгүй. Хичээгээд бодоод байхаар тэр хүч нь онгод дуудна.
-Та ОХУ-д хөгжмийн боловсрол эзэмшсэн хүн. Орос школ бусдаас ямар онцлогтой вэ?
-Европын дэг сургууль л даа. Гэхдээ Герман, Итали, Франц зэрэг орныхоос бага зэрэг ялгаатай. Оросынх манайхтай илүү ойр, Дорнын аястай. Газар зүйн байрлалаасаа шалтгаалаад манай хоёр улсын ард түмэн нэлээд холилдсон. Зөвхөн Зөвлөлтийн үед ч биш, Алтан ордны улсыг монголчууд одоогийн ОХУ-ын газар нутагт байгуулсан түүхтэй.
Өрнийнхний аялгууг хүртэх, хүлээж авах таашаалын хэмжүүр өөр. Тэд Вагнер, Бетховен нарынхаа аялгууг илүү дурлаж сонсдог. Тэгвэл монголчуудад Оросын Чайковский, Рахманинов нарын аялгуу ойр сонсогддог.
-Оросын хөгжим ойр ч гэсэн манайхаас өөр шүү дээ. Бүтээлдээ Монголын хөг аялгуу, ахуйг шингээх талаар байнга эрэлхийлдэг биз дээ?
-Бид монгол хөг аялгуу, ахуйг шингээж л бүтээлээ хийдэг. Алтан үеийн хөгжмийн зохиолчид ингэж л бүтээлээ туурвиж ирсэн. Хэлбэр, бүтцийн хувьд ч монгол болгодог. Оросын хөгжмийн томьёо, онол нь манайхаас өөр. Манайх таван эгшигтийн зарчимтай бол тэднийх долоо, 12 байх жишээтэй. Тэдний хөгжмийн эгшгүүдийн зай хоорондоо ойрхон байдаг учраас таталцлууд нь хүчтэй. Манайх хол зайтай, таван эгшигтийн зарчимтай. Мэдрэмжээрээ Монголынхоо зарчимд нийцүүлж бүтээлээ хийдэг.
-Одоогоор ямар бүтээл туурвиж байна вэ?
-“Тамганы бүжигчин” бүжгэн жүжгээ бичсэн. Энэ жүжгийг манай сургуулийн Бүжгийн сургуулийнхан төсөл болгон хэрэгжүүлсэн. Бас “Чингисийн хүүхдүүд” киноны хөгжим бичлээ. Киног аравдугаар сард үзэгчдэд хүргэнэ. Үүнтэй холбогдуулаад Улсын филармонийнхон аравдугаар сарын 5-нд энэ киноны хөгжмөөр тоглолт хийнэ.
-“Чингисийн хүүхдүүд” киноны танилцуулгыг үзсэн. Одоо үеийн хурдан морь унадаг хүүхдүүдийн тухай кино байна лээ. Хурдан морины тухай кино гэвэл монголчуудын санаанд “Тод магнай” л орох болов уу.
Хөгжмийг тань сонсоход “Тод магнай”-гийнхаас илүү орчин үеийнх юм шиг санагдсан.
-Симфони найрал хөгжим биш, Морин хуурын чуулгаар киноны хөгжмийг тоглуулсан. Үүгээр “Тод магнай”-гийнхаас ялгаатай. Хөгжмийн дуугаралтыг нь хүчтэй болгохын тулд өргөлттэй хэсгүүдэд нь компьютер ашигласан. Орчин үеийг харуулсан кино учраас “Тод магнай”-гийнхаас ялгаатай байх нь ойлгомжтой. Өөрийнхөөрөө хийнэ л дээ.
-Өмнө нь киноны хөгжим бичиж байв уу?
-“Эх орон дуудаж байна”, “Цэн тогоруу”-ны хөгжим бичсэн.
-Тодорхой үйл явдалд тохируулах учраас киноны хөгжим нь бусад төрлийн бүтээл хийхээс ялгаатай биз?
-Өөрийн таашаал онгодоор биш, найруулагчийн тавьсан дүрсийг үзэж, түүнд тааруулдаг учраас ялгаатай. Нэлээд түвэгтэй. Зарим хөгжмийн зохиолч киноны хөгжим бичих түвэгтэй гэдэг. Киноны хөгжмөөр гаршсан хөгжмийн зохиолчид амархан гэж ярих нь бий.
Манайд л хөгжмийн зохиолчоор төгссөн хүмүүс киноны хөгжим бичиж байна. Түүнээс биш АНУ зэрэг өндөр хөгжилтэй оронд киноны хөгжмийн зохиолч бэлтгэдэг сургууль байдаг. Тэнд Ханс Зиммер шиг аваргууд байна шүү дээ. Технологи нь ч харьцангуй өндөр түвшинд хүрсэн.
-Манайхан бүх төрлийн хөгжим бичиж байх шиг.
-Бүгдийг нь туршиж байна. Амжилттай болсон нь түүхэнд үлдэнэ.
-Та өөрийгөө хэр амжилттай явж байна гэж боддог вэ?
-Амжилттай явж байна гэж боддог. Заримдаа хоногийн 24 цаг хүртэл багадах юм байна шүү дээ. Цаг л хэрэгтэй байна.
-Уран бүтээлийн шунал уу, эсвэл орлого хөөгөөд байна уу?
-Энэ бол мөнгөний төлөө биш, зөвхөн уран бүтээлийн шунал. Би үргэлж уран бүтээлээ нэгдүгээрт тавьдаг. Уран бүтээл сайхан болж байвал сэтгэл хангалуун явдаг.
Мэдээж уран бүтээл туурвих, аж төрөхийн тулд мөнгө бодолгүй яах вэ. Гэхдээ материаллаг зүйл миний гол зорилго биш. Зөвхөн мөнгөний төлөө явбал хайран цагаа алдана. Болсон, болоогүй нэг юм бичээд хүний ам хаадаг, тэр нь хэнд ч хэрэггүй зүйл болбол дэмий.
-Дан хөгжмийн төрлийн оргил нь симфони, дуулаачийнхаас нь дуурь гэдэг. Дуурь бичих бодол байна уу?
-Симфони бол зөвхөн надаас шалтгаалж байгаа учраас бичиж болж байна. Харин дуурь зөвхөн надаас шалтгаалахгүй. Маш олон хүний хөдөлмөр шингэдэг төрөл. Дуурь бичихийн тулд зохиол, найруулагч байх хэрэгтэй. Дуурийн театрын бүх уран бүтээлч оролцох хэрэгтэй болно.
Дуурь бүтээх төсөл хэрэгжихгүй байна шүү дээ. Б.Шарав гуайн “Чингис хаан” дуурийг 2000 оны эхээр тавьснаас хойш ийм төрлийн шинэ бүтээл төрсөнгүй. Хуучнуудаа л тоглож байгаа. Дуурийн бүтээл хийх бодол бий.
Дуурь бичихийн тулд шаардлага хангасан драматургтай зохиол хэрэгтэй. Зохиол нь муу бол яагаад ч сайн бүтээл болохгүй. Бас найруулагч сайн байх хэрэгтэй. Ингэвэл амжилттай болно.
-Юу дутаад шинэ дуурь тавьж чаддаггүй юм бэ?
-Мөнгө. Тайз засах, уран бүтээлчдээ цалинжуулах гээд их зардал шаарддаг. Мөнгөгүй болохоор дуурь тавьж чадахгүй байна. ДБЭТ багахан төсвөө хувцас шинэчлэх ч юм уу, халаалт дулаандаа зарцуулаад дуусдаг. Шинэ дуурь хийхийн тулд төр хөрөнгө санхүүгээр дэмжих ёстой, эсвэл гадаад, дотоодын төсөл хэрэгжүүлэх учиртай.
Шинэ дуурь бүтээж чадахгүй байгаа нь дуурийн театрын гол зовлон. Өмнө нь төрөөс хөрөнгө мөнгөөр дэмжиж дуурь хийлгэдэг байсан. Энэ бодлого алдагдаад удаж байна.
-Симфони хэдийг бичив. “286 дугаар галт тэрэг” симфонийг тань сонсож байсан.
-Симфони олон төрөлтэй. “286 дугаар галт тэрэг” бол симфони зураглал юм. Галт тэрэг дохиогоо өгөхөөс авахуулаад явахыг нь хөгжмийн хэлээр дүрсэлсэн бүтээл.
Сайншандын буюу талын галт тэргийг дүрсэлсэн учраас жигд хэмнэлтэй. “Оргилуун” гэж симфони удиртгал бий. Ийм хоёр бүтээлтэй.
-Бас олон дууны ая зохиогч шүү дээ, Та.
-200 орчим дуутай. Энэ жил “Морин хуур” уралдаанд “Тэнэгэр их тал” дуугаараа тэргүүн байр эзэлсэн. Өмнө нь хоёр, гуравдугаар байр эзэлж байлаа.
“Дорнын говиос Монгол эхэлдэг”, “Би Монгол”, “Хулдын цэнхэр уулс” зэрэг олон дуу байна даа. Нийтэд хүрсэн “Чамайгаа санахаар” гэж дуу бий.
-Ая зохиогчийг хөгжмийн зохиолч гэж ярьж болохгүй биз дээ.
-Хөгжмийн өндөр боловсролгүй, дууны хөгжим зохиодог хүнийг ая зохиогч гэж байгаа юм. Дуурь, симфони зохиоход хөгжмийн өндөр боловсрол хэрэгтэй. Бас өндөр ачаалалтай ажиллана. Нэг бүтээлийг хамгийн богинодоо 10 хоног, цаашлаад 10 сар ч нухаж мэднэ. Том бүтээл туурвихад бүх хөгжмийн зэмсэгт зориулж ноот бичдэг юм. Найман такт аялгуу бичихэд дуу болж байна гэж үзэхэд наян хөгжимд зориулж тийм хэмжээтэй ноот бичнэ гэсэн үг. Тэр нь найм биш, 800 такт болно.
-Сайншандын галт тэрэгний тухай симфони бичиж, их тал, говио хөгжмийн бүтээлд дүрсэлжээ. Таны уран бүтээл нутаг усаа магтан дуулах тал руу хэлбийгээд байна уу?
-Би өгсөн сэдвээр нь хийнэ л дээ. “Морин хуур” уралдаанд тийм дуугаар л оролцсон байж таарч.
-Морин хуурт зориулсан концертуудыг тань сонссон. Надад удаан аялгуутай хэсгээс нь говийн намрын зураглал мэдрэгдсэн.
-Би говийн хүн. Удаан аянд говийн зураглал бий. Гэхдээ хурдан хэсэгт нь техник их шаардсан аялгуунууд бий. Хөгжим судлаачид миний бүтээлийн хурдан хэмнэлтэй хэсгүүдийг их тэсрэлттэй гэж дүгнэдэг. Сайн талаас нь шүү дээ.
-Муулсан шүүмж сонсож байв уу?
-Одоохондоо гайгүй л байна. Манайд хөгжмийн шүүмж бичдэг хүн алга.
-Хөгжмийн зохиолч ч цөөхөн байна. Тийм үү?
-Цөөхөн. Хөгжмийн боловсрол эзэмшсэн хүн бүр хөгжмийн зохиолч болохгүй байна. Хөгжмийн найруулагч гэж мэргэжил чухал болжээ. Манай сургуулийг төгссөн хүүхдүүд хөгжмийн тохируулга, дууны найруулга хийдэг болчихоод байна.
Цаг үеэ дагаад компьютероор хийдэг уран бүтээл рүү хүүхдүүд хошуурч байна л даа.
-Ямар нэгэн зүйл бүтээж буй хүн заавал унших ёстой гэж боддог. Уншихад хэр цаг зарцуулж байна вэ?
-Уншиж судлах хэрэгтэй. Хийх бүтээлтэйгээ холбоотой зүйлийг нэлээд уншдаг. Бас сонирхолтой зүйлсийг олж унших дуртай. Уншихгүй бол зогсоно. Янз бүрийн урсгал чиглэлийн хөгжим их сонсдог. Судалгаа хийж байна гэсэн үг.
-Ямар сэдвийг илүүтэй сонирхож уншдаг хүн бэ?
-Хамаагүй дээ. Тэр, энэ гэхгүй сонирхолтой санагдвал л уншдаг. Яруу найраг, үргэлжилсэн үгийн зохиол, түүхэн зохиол гэж ялгадаггүй.
Сүүлийн үед гэгээрлийн талын олон ном уншлаа. Том гэгээнтнүүд ертөнцийн үнэний тухай өөр өөрийнхөөрөө өгүүлсэн байдаг шүү дээ. Далд ертөнцийн тухай сэдэв их сонирхолтой. Бүтээл туурвидаг учраас далд ертөнцтэй холбоотой юм болов уу гэж боддог.
-Далд ертөнцийн тухай төсөөллийг хөгжмийн хэлээр илэрхийлэх гэж оролдвол яах бол?
-Энэ оюун тархиар бичээд дэмий гэж боддог. Хийсвэр бүтээл болно л доо. Бясалгал хийж, далд ертөнц рүү нэвтэрч байж л бичих ёстой байх. Бясалгалын гүн төлөвт орж, дээрээс өгч буй зүйлийг нь буулгавал үнэнд ойр болно.
Энэ нийгэм, өөрийн оршихуйдаа бясалгалаар төрсөн аялгуу гэж бусдыг хуураад яах вэ. Хөгжим зохиож түр ч атугай орчноос тасрах нь бясалгал л даа. Гэсэн хэдий ч самади гэж ярьдаг, чанадад нь нэвтэрч чадаагүй байж худлаа хэлээд яах вэ.
-Хөгжим үнэнийг л өгүүлэх ёстой юу. Зөвхөн хүний чихэнд сонсголонтой аялгуу бичих гэж зорьдоггүй байх.
-Хүний чихэнд сонсголонтой аялгуу бичих нь сэтгэлийн таашаал эдлүүлэх гэж буй хэрэг. Миний бодлоор энэ бол өнгөц тал нь. Харин цаад тал нь амьдралын үнэнийг дуулах ёстой. Кино үзэж, амьдралаас хэсэг тасарчихаад театраас гарахад бидний амьдарч байгаа нийгэм шал өөр байдаг шүү дээ. Хөгжим үүнтэй адил мэдрэмж өгөх ёстой юм.
Кино бол дүрсээр үзүүлдэг болохоор их ойлгомжтой урлаг. Хөгжим бол философи тал руугаа. Тиймээс энгийн хүмүүс мэргэжлийн хөгжмийг ойлгохгүй байх талтай. Тэгээд хөнгөн хэлбэрийн хөгжим сонсож, сэтгэлийн таашаал авдаг. Киноны үйл явдал шиг зөрчил, тэмцэлтэй аялгуу хөгжмийн боловсрол багатай хүнд хүнд тусдаг. Тэгэхээр ойшоодоггүй. Уг нь үнэнийг эрэлхийлсэн мөн чанар нь мэргэжлийн хөгжимд байдаг юм.
-Н.Жанцанноров, Б.Шарав, Ц.Нацагдорж, З.Хангал гуай нарын залгамж халаа нэг хэсэг тасарсан юм шиг санагддаг. Та санал нийлэх үү?
-Тэдний үед Монголын мэргэжлийн хөгжим өндөр түвшинд хүрсэн гэж бид боддог. 1990 оноос хойш хөгжмийн зохиолчийг бодлогоор гадаадад сургаж, ирэхээр нь ажлын байраар хангаж, том дуурь, бүжгэн жүжиг захиалж хийлгэдэг байсан бодлого алдагдсан. Түүнээс хойш хэсэг хугацаанд том бүтээл туурвих хөгжмийн зохиолч байхгүй боллоо.
Алдагдсан орон зайг нөхөхөөр бидний хэдэн хөгжмийн зохиолч чадан ядан зүтгэж байна. Бид мөнгө хөөсөн бол хөгжмийн найруулга хийгээд, дуу бичээд явах боломж байсан. Хөгжмийн томоохон бүтээл туурвихыг бид үүрэх ёстой ачаа гэж боддог.
Нөгөөтэйгүүр бид хөгжмийн зохиол бичиж, түүнээсээ таашаал авч байгаа.
-Бидний хэдэн хөгжмийн зохиолч гэж онцоллоо. Та хэн хэнийг нэрлэх вэ?
-Цэн.Эрдэнэбатыг олон сайхан дуугаар нь сонсогчид мэднэ. П.Түвшинтөр байна. Монголын хөгжмийн зохиолчдын холбооны даргаар ажиллаж байсан Х.Алтангэрэл найз минь бий. ОХУ руу сурахаар явчихлаа. Ийм гарын таван хуруунд багтах залуус бий дээ.
-Хатуухан хэлэхэд та хэдийг олон нийт сайн мэдэхгүй. Жишээ нь, таныг ийм өндөр боловсролтой хөгжмийн зохиолч гэж цөөн хүн мэднэ.
Бүтээлээ олон нийтэд сурталчлаад толилуулж байвал дээргүй юү. Зөвхөн өөртөө, мэргэжлийн хүрээнийхэндээ зориулж бичдэггүй биз дээ?
-Бүтээлээ хүнд хүргэхийг боддог. Тэгэх ч хэрэгтэй. Гэхдээ би менежмент, маркетинг талаа хаясан хүн. Өөр хүмүүс л ажиллуулахгүй бол бүтээлээ туурвих цаг багасна. Нэгэнт бүтээсэн юм бол түүнийгээ хүмүүст таниулах нь энэ нийгэмд хамгийн чухал л даа.
Нэр алдар хөөсөн хэрэг биш, хүний төлөө л зориулж бүтээсэн юм чинь хүргэх л хэрэгтэй. Уран бүтээлчдийн олонх нь энэ талаа хаясан байдаг. Хэзээ хойно ийм уран бүтээлч байж гэж хүмүүс мэдэж байх жишээтэй. Дутагдал л даа. Менежмент, маркетинг сайтай хүмүүс байна. Бид тийм талын биш, өөр ертөнцтэй хүмүүс. Тэгээд тэр ертөнцдөө л амьдрах юм даа.