Урлагийн гавьяат зүтгэлтэн, “Пентатоник” академийн ерөнхийлөгч, хөгжмийн зохиолч, продюсер Б.Долгион, түүний отгон дүү, ая зохиогч, дуучин, продюсер Б.Ангирмааг “Ах дүүс” буландаа урилаа.
Б.Долгион “Бид эцэг эхээс дөрвүүл. Урлагийн мэргэжил сонгож, олонд танигдсан нь Б.Ангирмаа бид хоёр болохоос биш Б.Оргил, Б.Энхриймаа нар минь мэдрэмж, авьяастай хүмүүс” гэсэн юм. Монголын орчин үеийн хөгжмийн урлагт хамтдаа зүтгэж буй ах, дүү хоёртой ярилцсаныг хүлээн авна уу.
-Б.Ангирмаа таны отгон дүү юм билээ. Хэдэн насны зөрүүтэй вэ?
Б.Д: -Би Ч.Балчинжавынх гэдэг айлын ууган хүү. Б.Ангирмаа бид хоёр 13 насны зөрүүтэй. Б.Оргил минь надаас нэг, Б.Энхриймаа дөрвөн насаар дүү. Хачин сайхан дуулдаг, хөгжмийн мэдрэмжтэй хүмүүс.
-Ууган хүүхдүүдэд их хариуцлага оногддог шиг санагддаг. Та хэр сайн ах вэ?
-Маш хариуцлагатай байх ёстой. Айлын том хүүхэд ямар байхаас удаах хүүхдүүдийн суурь хүмүүжил, амьдралын чиг баримжаа ихээхэн шалтгаалдаг юм билээ. Аав, ээжийн хүмүүжил, сургаалаас гадна том ах, эгчийн үг тухайн гэр бүлийн уламжлал, соёлыг дүү нарт нь төлөвшүүлдэг гэж боддог. Гэхдээ ах нь гээд л загнаад байхгүй л дээ. Дүү нарынхаа үгийг сонсоно. Би өөрөө дөрвөн хүүхэдтэй. Хүүхдүүддээ ч үүнийг захидаг.
-Хэр хатуу, чанга ах вэ?
Б.А: -Чанга шүү.
Б.Д: -Би жаахан муухай ааштай хүн шүү дээ.
-Ахдаа нулимсаа гартал загнуулж үзсэн үү?
Б.А: -Үзэлгүй яах вэ. Багадаа зөндөө загнуулсан. Уйлах энүүхэнд. Харин ёстой нясалж ч байгаагүй шүү, намайг.
-Айлын отгон, дээр нь хэнз охин болохоор эрхэлж өсөв үү?
Б.А: -Хэнз охин болохоор аав, ээж минь хамаг байдгаа л надад зориулдаг байв. Гэхдээ буруу эрхлээгүй.
-“Одоо ч ахаасаа эмээсээр л явна” гэж та хэлсэн удаатай. Сүүлийн үеийн залууст ах захтай байх, бусдыг хүндлэх сэтгэл, хүмүүжил дутаад байна уу даа?
Б.А: -Би удахгүй 50 хүрнэ. Гэсэн ч ахаасаа эмээсээр л байна. Дэргэд нь буруу үйлдэл хийж, алдаа гаргах вий гэж эмээж байна гэдэг нь хүндэлж байгаагийн илрэл. Найзууд маань ч миний ахыг их хүндэлдэг, хайрладаг. Хүн чанар, хүмүүжилтэй хүн бусдад үргэлж хүндэтгэлтэй ханддаг гэж би боддог юм. Орчин үеийн залууст энэ чанар дутмаг байгаа нь харагддаг. Надад “Чи ямар сүртэй юм бэ. 50 хүрч байж ахаасаа айгаад байхдаа яадаг юм” гэж хэлсэн хүн ч бий. Би “Ахыгаа хүндэлж, гэр бүлээ хайрладаг” хэмээн хариулсан. Өөрөөр юу гэж тайлбарлах юм билээ.
Б.Д: -Энэ бол эцэг, эхээс улбаалсан хүмүүжил, гэр бүлийн соёлтой холбоотой л доо. Хүн ахтай, дээл захтай гэдэг дээ. Ах захаа мэдэж, хүндэлнэ гэдэг бол монгол уламжлал, соёлын тод жишээ. Хэдийгээр 50 хүрч байгаа ч гэлээ Б.Ангирмаа хундагатай дарс барьж харагдаагүй. Янжуур зууж үзэгдээгүй. Намайг тэгж л хүндэлдэг юм. Би ч дүүдээ их хайртай.
Б.А: -Би гэлтгүй нөгөө ах, эгч минь ч Б.Долгион ахаас эмээдэг. “Тэрсхэн юм чинь, ямар хамаатай юм” гээд тоохгүй, хүндлэхгүй байж болно шүү дээ. Гэтэл тэд миний л нэгэн адил том ахыгаа хүндэлдэг. Би ч энэ гурваасаа үлгэр жишээ авдаг.
-Боловсон, соёлтой, эмх цэгцтэй гээд та хоёрт нийтлэг чанар олон байдаг нь мөн л гэр бүлийн хүмүүжилтэй холбоотой юу?
Б.Д: -Миний аав, ээж эгэл жирийн сэхээтнүүд. Аав минь Архангай аймгийн Тариат сумаас гаралтай, Монгол уламжлалаа дээдэлдэг, авьяас билэгтэй, хүн байлаа. Ээж минь тайж угсаатай, боловсролтой эмэгтэй байсан. Аав, ээж минь хүмүүжил, авьяасаасаа бидэнд өвлүүлсэн юм болов уу даа. Бид их азтай. Аав минь үндсэрхэг үзэлтэй, соёлтойгоос гадна маш сайхан хүмүүстэй нөхөрлөдөг байв. Хамгийн ойрын жишээ гэхэд Соёлын гавьяат зүтгэлтэн Ж.Бадраа агсан аавын минь хамгийн дотнын нөхөр байлаа. Түүний хүү Б.Бадрууган бид хоёр ч багаасаа нөхөрлөсөн. Тийм сайхан хүмүүсээс маш их зүйл сурна шүү дээ. “Хүнийг ямар байснаар нь биш, ямар болсноор нь дүгнэ” гэж Күнзийн сургаалд бий. Үүний адил алдааг засаж, соёлд суралцаж болно.
-Дүүгийн тань багын ямар төрх таны санаанд тод үлдсэн бэ?
Б.Д: -Өсвөр насных нь дүр их тод үлджээ. Байрны гадаах сагсны шийдэн дээр өнждөг охин байлаа. Их мундаг тоглоно. Эвсэлтэй гэж жигтэйхэн. Заримдаа тэр үе нь нүдэнд харагддаг шүү.
Б.А: -Сагс тоглохоор ээж минь “Чи урлагийн хүн болно. Гадаа их тоглож болохгүй” гээд загнадаг байлаа. Нээрэн, би анх төгөлдөр хуур тоглож сурсан тухайгаа ярих уу?
-Тэг л дээ.
Б.А: -Байрныхаа гадаа сагс тоглож байв. Гэтэл манай орцны үүдэнд ГАЗ-66 машин ирээд зогслоо. Тэвшин дээр нь төгөлдөр хуур аччихаж. Дотроо “Ямар гоё юм бэ. Манай байранд урлагийн хүн нүүж ирж байгаа юм байх даа. Эсвэл байрны хэн нэгэнд аав, ээж нь төгөлдөр хуур авч өгч дээ” гэж бодоод л атаархан харж байв. Гэтэл аав, ээж минь надад авсан байдаг юм. Гадаа сагс тоглуулахгүй гэж тэр. Ингээд л би төгөлдөр хуур сурч, ая зохион, үүндээ тохируулан шүлэг бичиж, түүнийгээ дуулж сурсан юм шүү дээ.
Б.Д: -Аав минь шүлэг бичдэг байлаа. Тэр авьяас нь Б.Ангирмаад их тод туссан юм уу даа. Улс төрийн үзэл суртлаас болж аав минь хэвлэн нийтлэх эрх чөлөөгөө хасуулж байсан юм билээ. Түүний үлдээсэн олон гар бичмэл бидэнд бий. Аавынхаа дурсгалыг хүндэтгэн тэдгээрийг нь эмхтгэн, ном гаргахаар төлөвлөсөн.
-Аав, ээж тань та нарт юу гэж захидаг байв?
Б.Д: -Би гитар хөгжимд дурлаж, тэр үеийн залуусын жишгээр үсээ ургуулаад, трапецан өмд өмсөж явах үедээ аавтайгаа санал зөрөлддөг байлаа. Тэр бүрт аав минь “Чи хөгжим тоглож болно. Гэхдээ мэргэжил эзэмших ёстой” гэж зөвлөснөөр би сэтгүүлч болсон юм шүү дээ. Аав минь бидний нүүрэн дээр нэг ч удаа хараалын үг хэлж байгаагүй. Намайг айхтар загнахаараа “Хүн төрхт сармагчин” гэдэг байв.
-Таныг урлагт хөл тавих үед ах тань “Инээмсэглэл” хамтлагийн гишүүн болж, аль хэдийнэ олонд танигдчихсан байсан. Хөгжимд дурлахад ахын тань нөлөө их байсан уу?
Б.А: -Мэдээж маш их байсан. Миний өдий зэрэгтэй ая зохиогч, дуучин гэж дуудуулж яваа нь “Инээмсэглэл” хамтлагтай салшгүй холбоотой. Эдний хамтлагийн дууг радиогоор явахыг хүлээн байж сонсдог, зурагтаар гарвал заавал үздэг фэн нь байв.
Б.Д: -Аав минь 1953 онд Берлинд болсон Дэлхийн залуучууд, оюутны наадамд Монгол Улсаа төлөөлөн Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин Г.Хайдав гуайтай хамт оролцож, дуулж явсан хүн шүү дээ. Бидэн дундаас Б.Ангирмааг л урлагийн хүн болгоно гэж бодсон юм билээ.
-Шинэхэн уран бүтээлч байхад тань “Инээмсэглэл”-ийн Долгионы дүү гэж дууддаг байсан байх. Гэтэл ахынхаа биш, хувь уран бүтээлч өөрийнхөө нэрээр олонд танигдах ёстой. Тэр үед үг, үйлдэл бүрийнхээ араас ахынхаа нэрийг хамт дуудуулахад хэцүү санагдаж байсан уу?
Б.А: -Хүн болгон л Б.Долгионы дүү Б.Ангирмаа гэдэг байв. Би бусдаас өөр, шинэлэг байхыг хүссэн. Бас хичээсэн.
Б.Д: -Б.Ангирмааг уран бүтээлээрээ олонд танигдсаны дараагаас намайг Б.Ангирмаагийн ах Б.Долгион гэдэг болсон шүү. Дүү минь урлагийн хаалгыг зөөлөн тогшоогүй, шууд л нээгээд ороод ирсэн. Этгээд үгтэй, шинэлэг аялгуутай уран бүтээл туурвиж, тэр нь ч хүмүүст өөр мэдрэмж төрүүлсэн. Зарим хүн элдвээр хэлсэн л дээ. Харин би тэр үед алга ташиж байсан. Урлаг урагшилж, шинийг эрэлхийлж байх ёстой шүү дээ.
Б.А: -Жийнсний тухай дуу зохиосны дараа намайг янз бүрээр их хэлсэн дээ. Хэвшмэл шүлэг, байдаг л ая зохиохоос зайлсхийдэг. Тийм ч болохоор зориглоод “68 он” цомгоо гаргаж байв. Ахын зохиосон дуунууд ч сонирхолтой гармонтой шүү дээ. Дуу зохиохдоо “Хүмүүс сонсохгүй бол яана аа” гэдэгт толгойгоо өвтгөдөггүй. Өөрт нь таалагдаж байхад л болно гэж боддог. Тэр нь их сонирхолтой.
Б.Д: -Урлагийн бүтээлийг хүний таашаалд нийцүүлж хийдэггүй. Харин түүгээрээ хүнийг хөтөлж, дагуулах ёстой юм.
-Гитар тоглохыг ахаасаа сурсан гэл үү?
-Б.Д: -Ахын гитар тоглож буйг их хардаг, барилтуудыг нь сэмхэн цээжилдэг байв. Ингэж оролдсоор байгаад л сурсан.
-Ахаасаа сонссон хамгийн хатуу шүүмжлэл юу байв?
Б.А: -Намайг “Даруу бай” л гэж их анхааруулдаг, шүүмжилдэг хүн дээ. Би ч тэр хэрээр даруу байхыг хичээдэг.
Б.Д: -“Даруу бай. Битгий онгир” гэдэг нь манай гэр бүлийн зарчим л даа. Дүү минь ч үгэнд их ордог шүү. Би Төрийн шагналт, Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин Л.Цогзолмаа эгчийг жишээ татаж ярих их дуртай. Монголын сор болсон тэр сайхан эмэгтэй хэзээ ч “Би” гэж цээжээ дэлдэж, сагсуурч байгаагүй. Ямар сайхан, эгэл, даруу хүн билээ дээ. Дүү нартаа түүнээс үлгэр дуурайл авахыг захидаг.
Б.А: -Ахын хэлсэн хатуу үг, шүүмжлэл надад маш их тус болдог юм. Биднийг хэрхэн хүмүүжүүлж, зөвлөж, сургадаг байсныг би одоо шавь нартаа хэлдэг. Тийм ч болохоор “Киви” хамтлаг амжилттай яваа.
Б.Д: -Надтай ажиллаж байсан зарим супер “од” хэн байснаа мартчихсан савсаганаж л явна. Өнгөрснөө мартчихдаг. Гэтэл “Киви”-гийнхэн их хамжааргатай, дайчин, хүмүүжилтэй. Энэ бүхэн нь продюсер, багш нь сайн ажилласных шүү дээ.
-Хамгийн анх ямар дуу зохиосноо ахдаа сонсгож байв?
Б.А: -Би олон дуу нэг өдөрт зохиодог байсан шүү. Ахад яг алийг нь сонсгосноо санадаггүй ээ. Их олон дуу зохиож, үүнийгээ дуулж хуурцган дээр бичээд Н.Ганхуяг ахад сонсгож билээ.
Б.Д: -Анхных гэснээс би аавынхаа шүлгэнд ая хийж, “Урин хавар ирлээ” гэж дуу зохиосон юм. Радиогоор цацагдсан миний анхны уран бүтээл. Дараахан нь Л.Мөрдорж гуай миний духан дээр үнэрлээд “Миний хүү айхтар дуу зохиосон байна шүү” гэж билээ. Тийм мундаг хүнд магтуулсандаа хөөрөөд, нисэж буй мэт санагдаж билээ.
Б.А: -Дунд сургуульд байхдаа ахынхаа зохиосон “Дэгдээхийн жигүүр гүйцэх боллоо” дуунд их дуртай байлаа.
-Дүүг тань хүмүүс “Төмөр хатагтай” гэдэг. Энэ хэр оносон нэр вэ?
Б.Д: -Би буруу биш гэж боддог шүү. Урлаг хатуу шүү дээ. Зарчимч, чанга байж амжилтад хүрнэ. Миний дүү тийм байж чаддаг болоод энэ нэрийг зүүсэн байж таарна.
-Та хоёр одоо продюсероор ажиллаж байгаа. Ямар хамтлаг, уран бүтээлчтэй ажиллаж байгаа вэ?
Б.Д: -Аав минь “Даруу зан хүнийг чимдэг” гэж сургадаг байв. Тийм ч болохоор бид нэгнээ олны дунд магтаж, дөвийлгөж байсангүй. Харин энэ удаа нүүрэн дээр нь магтчихъя. Би дүүгээ Монголын хүчтэй продюсеруудын нэг гэж үнэлдэг.
Б.А: -Ах минь Монголын орчин үеийн хөгжмийн урлагт продюсер гэдэг үгийг хэвшүүлж, энэ чиглэлээр ажилласан анхны хүн юм шүү дээ.
Б.Д: -Одоо “Edelweis” охидын хамтлагийг бэлтгэж байна.
Б.А: -“Nature sound” студид багшилснаас хойш их олон шавьтай болжээ. Одоо “Киви”-гээс гадна Оюунтогтох, Лувсанжамц гэж залуу дуэт дуучидтай ажиллаж байгаа. “Ухаарч амьдрах хорвоо” Хятадын олон ангит киноны дууг дуулснаар нь хүмүүс мэддэг болж байна.
-“Ах дүү ая зохиогч” тоглолт хийж байсныг тань мэдэх юм байна. Одоо хамтран уран бүтээл хийх үү?
Б.А: -Ах бид хоёр урлагт хайртай, хийж буй ажилдаа дуртай. Түүнээс биш ашиг хонжоо хайж явсангүй ээ. Уран бүтээл гэдэг тухайн үеийн тохироо бүрдэж байж мэндэлдэг. Цаашид хамтран уран бүтээл туурвих, тоглолт хийх, эсэхийг цаг хугацаа харуулах биз дээ.
Б.Д: -Би дүүдээ нь хувийн уран бүтээлээ хий гэж хэлээд байгаа юм. Гавьяат жүжигчин Б.Дашдондог, Б.Ангирмаа зэрэг бусад хүний уран бүтээлд чадлаараа зүтгэж ажиллаад, өөрийнхийгөө хойш тавьдаг хүн олон бий.
Б.А: -Ахын үгэнд орж, хоёр цомог гаргаснаа өнгөрсөн тавдугаар сард сонсогчдод хүргэлээ.
-Сэтгэлээ уудалж, “буу халж” сууна биз?
Б.А: -Сууна аа. Би Б.Долгион ахынд очих их дуртай. Бэр эгч маань хоолыг их амттай хийдэг. Би гэлтгүй манай гэрийнхэн бүгд л эднийд цуглаж, элдвийг ярилцаж суух дуртай шүү.
-Олны танил байх хэцүү юү?
Б.Д: -Олны танил байхын зовлон, жаргал байлгүй яах вэ. Нийгэмд өөрийгөө зөвөөр харуулж, үлгэр дуурайл болох хэрэгтэй. Юу ярьж, юу өмсөж вэ гэдгийг ч хүмүүс гярхай ажиглаж байдаг. Тиймээс зөв хүн байж, биеэ зөв авч явах хэрэгтэй.
Б.А: -Залуудаа оддын өвчнөөр өвчилсөн үе бий. Уран бүтээлч бүрийн туулаад гардаг зам юм уу даа. Гол нь тэр муухай өвчнөөр хэр удаан өвдөх вэ гэдэгт л байгаа юм. Одоо бол ихэрхэж, бусдад таалагдах гэж хичээхээ больсон. Би байгаагаараа л байдаг. Хүн харчих вий, муу хэлэх вий гэж эмээдэггүй.
-Сүүлийн үед элит гэр бүл гэдэг үгийг их хэрэглэдэг болж. Гэхдээ их буруу утгаар. Танайх элит гэр бүл мөн үү. Жинхэнэ элит гэр бүлийг нэрлээч?
Б.Д: -Том машин унаж, амины орон сууцанд амьдардаг, баян бол элит айл гэж ойлгодог болчихож. Үгүй л дээ. Нийгмийг чирч явдаг, оюунлаг, сэхээтэн, үндсэрхэг хүнийг элит гэнэ. Би тэр эгнээнд байх юм сан гэж хичээж явдаг.
-Урлаг золиос шаарддаг гэдэг. Та хоёр хөгжмийн урлагт хөл тавьснаар юу золиосолсон бэ?
Б.А: -Ямар золиос гаргадгийн тод жишээ нь би өөрөө шүү дээ. Нэг бол хувийн амьдралаа, үгүй бол карьераа хөө гэсэн сонголттой хүссэн, хүсээгүй нүүр тулдаг.
Б.Д: -Миний дүү хувийн амьдралаа золиосолсон. Энэ хүнд гэр бүлийн амьдрал цогцлоож, өөрөөр амьдрах сонголт байсан боловч дуртай зүйлээ хийж, хүссэн салбартаа ажиллахыг илүүд үзсэн. Дэлхийн хөгжмийн урлагийн түүхэнд ийм тохиолдол маш олон. Гэхдээ би дүүгээ ийм сонголт хийсэнд нь зэмлэдэггүй.