Цэрэнхүүгийн Шаравдоржийг манай уншигчид сайн мэднэ дээ. Хууль, хяналтын байгууллагад олон жил, түүний дотор хөдөө нутагт ч ажиллаж байгаад УИХ-ын гишүүнээр дөрвөнтөө сонгогдож, Батлан хамгаалахын сайд, УИХ-ын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн даргын алба хашиж байсан, нэртэй хуульч, туршлагатай улстөрч хүн.
Хуульчаар ажиллах үедээ хуримтлуулсан туршлага, хурааж цуглуулсан баримт, уншиж судалсан хавтаст хэргүүд дээрээ түшиглэн сүүлийн үед хэлмэгдүүлэлтийн талаар даацтай бүтээлүүд туурвиж буй юм. “Социализмын сүүлчийн хэлмэгдүүлэлтийн золиос Юмжаагийн Цэдэнбал” гэдэг ном нь өнгөрсөн онд хэвлэгдсэн бол “Дүр эсгэсэн ардчилал”-ын үеийн хэлмэгдүүлэлтийн золиос Намбарын Энхбаяр” хэмээх бүтээл нь ердөө саяхан уншигчдын гар дээр очлоо.
Түүнтэй ярилцсанаа сонирхуулъя.
-Хэлмэгдүүлэлтийн сэдвийг та өөрөө сонирхов уу, эсвэл дээрээс өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэх явцад хуульч хүний хувьд анзааралгүй өнгөрч боломгүй санагдаад “барьж” авав уу?
-Монгол Улсын түүхэн үеүдийг авч үзэх бүрт хэлмэгдүүлэлтийн тухай ярихаас аргагүй болдог л доо. Өөрөөр хэлбэл, хэлмэгдүүлэлтгүй цаг үе гэж байсангүй. Хэлмэгдүүлэлт, түүний хор хөнөөлийн тухай хангалттай мэдээлэл, ойлголт монголчуудад бий болсон хэрнээ л биенээ хэлмэгдүүлээд байх юм.
Монголын төрийг 44 жил удирдсан Ю.Цэдэнбал болон түүнтэй хамтран ажиллаж байсан олон хүн хэлмэгдүүлэлтийн золиос болсон юм. 1990-ээд онд тухайн үеийн нийгмийг цочирдуулсан “Тойрон хүрээлэгчдийн ...” гэх энэ хэргийг уншиж танилцах үүргийг Дээд шүүхийн удирдлага бидэнд өгч байлаа. Ингээд бид олон хавтаст хэргийг уншиж Дээд шүүхийн Бүгд хуралд танилцуулснаар тэндээс уг хэргийг хэрэгсэхгүй болгох шийдвэр гаргасан. Хэргийг илтгэж, ийм шийдвэр гаргах тухай саналаа хэлж байсан шүүгчдийн нэг нь би юм.
Бид уг хэрэгтэй танилцахад социализмыг халж, ардчилсан тогтолцоо бий болгох гээд нийгэм тэр аяараа хөдөлчихсөн байсан үе. Тэр “тойрон хүрээлэгчид” үнэхээр айхтар гэмт хэрэг хийчихсэн юм болов уу гэсэн бодол нийгэмд бий болчихсон, прокурорын байгууллага түүнд эрүүгийн хэрэг үүсгээд ял төлөвлөчихсөн байлаа шүү дээ. Улсын прокурорын газар ял төлөвлөсөн юм чинь энэ нь олон түмнийг айхтар том хэрэг үйлдсэн юм байна гэсэн ойлголттой болгосон байв.
-“Тойрон хүрээлэгчид” гэдэгт ямар хүмүүсийг хамааруулсан байв. Тэднийг нэр усаар нь юм уу, албан тушаалаар нь тодруулж хэлж болох уу?
-“Тойрон хүрээлэгчид” гэдэг нь МАХН-ын Онц их хурлаас гаргаж ирсэн нэр томьёо шүү дээ. Хуулийн нэр томьёо биш боловч тэгээд нэршчихсэн. Онц их хурлаас “Тойрон хүрээлэгчдийн” асуудлыг судалж, дүгнэлт гаргах 11 хүний бүрэлдэхүүнтэй томоохон комисс томилж ажиллуулсан.
Тус комисс МАХН-ын Төв Хорооны УТТ-ны гишүүн, Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, Нарийн бичгийн дарга, Сайд нарын Зөвлөлийн дарга, орлогч дарга гэх мэт албан тушаал хашиж байсан Ж.Батмөнх, Д.Моломжамц, С.Жалан-Аажав, Т.Рагчаа, Д.Майдар, Д.Гомбожав, Б.Дэжид, Д.Содном, Б.Алтангэрэл, С.Лувсангомбо, П.Дамдин, С.Лувсан нарын 30 гаруй хүнд улс төрийн дүгнэлт гаргасан бөгөөд уг дүгнэлтийг Улсын прокурорын газарт шилжүүлснээс 13 хүнд нь ял төлөвлөж шүүхэд шилжүүлсэн байв.
Ингэж асуудлыг их өндөр хэмжээнд авч үзэж улс төрийн дүгнэлт болон ял төлөвлөсөн нь нийгмийн сэтгэл зүйд их хүчтэй нөлөөлсөн. Ийм нөхцөлд Дээд шүүх энэ хэргийг хүлээж авсан. Тэр үед Дээд шүүхийн дарга Д.Дэмбэрэлцэрэн агсан байсан. Сүүлд УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж байсан шүү дээ. Дарга “Ямар хэрэг уншиж буйгаа мэдэж байгаа биз. Энэ улсуудыг МАХН нь гэм буруутай гэж үзчихээд байгаа шүү” гэж хэлж байж билээ.
-Энэ чинь юу гэсэн үг вэ. Нэгэнт эрх баригч нам буруутай гэж үзчихээд байхад та бүхэн түүний эсрэг дүгнэлт гаргаж болохгүй шүү гэж анхааруулж байгаа хэрэг үү?
-Ял төлөвлөж ирүүлсэн хавтаст хэргийн материалыг уншаад эдгээр хүний үйлдэлд гэмт хэргийн бүрэлдэхүүн байхгүй байна, хавтаст хэрэгт байгаа бүхий л материал энэ хүмүүсийг гэмт хэрэг үйлдсэн гэдгийг нотолж чадахгүй байгаа тул хэргийг хэрэгсэхгүй болгох ёстой гэсэн саналаа Улсын Дээд шүүхийн Бүгд хуралд илтгэн танилцуулах нь зүйтэй гэж бид үзсэн. Эхлээд Дээд шүүхийн даргад урьдчилан танилцуулахад, Дэмбэрэлцэрэн дарга ихээхэн болгоомжилж байсныг мартдаггүй юм.
Тэгээд ч, наад хэргийг чинь УДШ-ийн Бүгд хурлаар хэлэлцэх нь байна шүү дээ. Та нар хамгаалж чадах юм байгаа биз дээ гэж дахин дахин хэлж байсан. Эрх барьж байгаа нам нь дүгнэлт гаргаад, Улсын Ерөнхий прокурорын газар ял төлөвлөөд ирүүлчихсэн, нийгмийн уур амьсгал нэлээд эвгүй байсан нь аргагүй болгоомжлоход хүргээ биз. Гэвч хэргийг уншсан шүүгчид бид байр сууриндаа хатуу зогсож чадсан.
Дээд шүүхийн Бүгд хурал бидний саналыг хүлээж авч хэргийг хэрэгсэхгүй болгох шийдвэр гаргасан нь юуны түрүүнд мэргэжлийн ёс зүй, хэний ч нөлөөнд автахгүй, гагцхүү хуулиа дээдэлж ажиллахын үлгэр жишээ болсон гэж боддог.
-Социализм ийнхүү сүүлчийн хэлмэгдүүлэлтээ хийх гэхэд нь шүүх таслан зогсоож чаджээ. Тэгвэл хэлмэгдүүлэлт хийдэггүй ардчилсан тогтолцоотой золголоо гэж бид бодож байсан.
Гэтэл хэлмэгдүүлэлт бүр ноцтой байдлаар гарч ирсэн. Нийгмийг цочроосон олон хэргийг үүнд хамруулж болно. Тэдгээрийн дотроос та “Н.Энхбаяр нарын” гэх хэргийг яагаад онцгойлж авч үзэв?
-Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайдаар ажиллаж, УИХ-ын гишүүнээр сонгогдож байсан, улс төрийн томоохон хүчин МАХН-ын дарга Н.Энхбаяр нарт холбогдох “хэрэг” гэгчийн шүүх хурлыг нээлттэй хийсэн шүү дээ. Нэг талаасаа хэргийг нээлттэй хэлэлцсэн нь сайн хэрэг боловч уг шүүх хурал шударга шийдвэр гаргалаа гэх бодол надад огт төрөөгүй. Ийм бодол сэтгэгдэл өөр ч олон хүнд бий болсон юм билээ.
Эрүүгийн хэрэг гэж юу байдаг юм, түүнийг хэрхэн мөрдөж шалгадаг, хэрэгт холбогдогчийн гэм бурууг нотлох баримтаар яаж тогтоох ёстой вэ, хэргийг шүүн таслах ажиллагааг хэрхэн явуулдаг, шүүхийн тогтоолыг юунд үндэслэж гаргадаг юм гэх мэт мэргэжлийн асуудалд ямар шаардлага тавигддагийг мэддэг хүний хувьд уг шийдвэрт шүүмжлэлтэй хандахаас өөр арга байгаагүй.
Өмгөөлөгчид болон шүүгдэгч Н.Энхбаяр, До.Чулуунбаатар, Д.Дуламсүрэн нарын хэлээд байгаа нь, шүүгч, прокурор нарын байр суурь, яриад, зүтгээд байгаатай эсрэг тэсрэг байдаг. Нарийн яривал олон юм бий дээ. Тэгээд энэ хэргийн материалыг уншъя, ер нь юу болсон юм, нэг мөр ойлголттой болъё гэх бодол төрсөн. Хэргийн холбогдогч зарим хүн энэ хэргийн материалтай танилцаж өгөөч гэсэн хүсэлт тавьж, итгэмжлэлээ ч гаргаж өгсөн юм.
-Уг материалыг хаанаас авч уншив. Үүнд түвэг саад учрав уу. Хориглох дургүйцэх хандлага хаа нэгтэйгээс мэдрэгдэж байсан уу. 60 хавтаст материалыг нэлээд удаан хугацаанд уншсан гэдэг байх аа?
-Улсын прокурорын газрын дэргэдэх Эрүүгийн хэргийн төв архивт очиж хэргийн материалтай танилцсан. Ямар нэгэн саад бэрхшээл тохиолдоогүй, хориглох дургүйцэх хандлага гарч байгаагүй ээ, үүнийг шударгаар хэлэх ёстой. Хуулийн дагуу хэргийн материалтай танилцах боломжоор хангаж тусалсанд эндхийн ажилтнуудад энэ дашрамд талархал илэрхийлье. Уншаад нэг л биш байна гэсэн ойлголт маань улам лавширлаа.
Н.Энхбаяр нар ямар нэг хэрэг үйлдээгүй юм байна, прокурор нь нотлох баримтад үндэслээгүй дүгнэлт хийж ял төлөвлөжээ, энэ үндэслэлгүй ялын төлөвлөгөөнд тулгуурлаж шүүх ял оноожээ, энэ хэргийг бий болгоход ямар нэгэн байдлаар хөндлөнгийн нөлөө оржээ гэсэн дүр зураг улам бүр лавшран тодорлоо.
Ингээд л энэ баримтыг ганцхан би мэдээд орхих биш, үнэн бодит байдлыг олон түмэнд хүргэх ёстой гэж бодож, Н.Энхбаяр нарт холбогдох “хэргийн” талаар бодит баримт дээр тулгуурласан “Дүр эсгэсэн ардчилал”-ын үеийн хэлмэгдүүлэлтийн золиос Намбарын Энхбаяр” номоо бичсэн. Миний хийсэн дүгнэлт зарим хүний дургүйг хүргэж, хэл ам дэгдээж, эсэргүүцэж магадгүй. Гэвч би хийсэн дүгнэлт, хэлж байгаа үгэндээ итгэлтэй байна.
-“Захиалагч нь хэн бэ” гэсэн гарчиг таны ном дотор харагдана лээ. Энэ хэргийн захиалагч тодорхой болсон уу. С.Зоригийн амийг хөнөөсөн хэргийн захиалагчийг нь олоогүй байж гүйцэтгэсэн гэх хүмүүст ял оноолоо гэсэн хэл ам одоо ид байна шүү дээ.
-Энэ хэрэг хилс, зохиомол юм байна гэдэг нь номыг уншсан хүнд эхнээсээ маш тодорхой харагдана. Эрүүгийн хэргийг зохиомлоор бүрдүүлж, ял шийтгэл ногдуулна гэдэг хуулийн байгууллагууд, тухайлбал, шүүх, прокурор, цагдаа, АТГ бие даагаад өөрсдийн санаачилгаар хийчихдэг ажил биш. Хэлмэгдүүлэлтийн түүхээс үзвэл хилс, зохиомол хэргийн цаана заавал захиалагч байдаг. Н.Энхбаяр нарт холбогдох “хэрэг” захиалагчтай, хэн бэ гэдгийг өнөөдөр монголчууд мэдэж байгаа шүү дээ.
Нэгэнт та асуусан болохоор би энд хэлэхээс өөр аргагүй болж байх шиг байна. Энэ зохиомол, хилс хэргийн захиалагч нь Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж, МАН-ын дээд удирдлагын хэдэн хүн гэдэг нь их тодорхой харагддаг. Захиалга хэрхэн яаж өгөгдсөн нь, шууд биш ч түүний арга механизм, хэрхэн яаж өрнөснийг номноос унших нь сонин байх болов уу. Нэлээд өндөр түвшний захиалагчтай хэрэг дээ. Харин энэ зохиомол хэргийг гардан зохион байгуулж, гүйцэтгэгч нь шүүх, прокурор, хуулийн байгууллагууд.
Ц.ШАРАВДОРЖ: МАН руу явсан нөхөд минь жаахан ашиг харсан юм байлгүй дээ
-Ямар учир шалтгааны улмаас Н.Энхбаяр нарт зохиомол хэрэг үүсгэж хэлмэгдүүлэх болов?
-Н.Энхбаяр хэнд саад болсны улмаас, тэдний зохиосон зохиомол, хилс хэргийн золиос болсны учир шалтгааны талаар би номондоо их тодорхой бичсэн.
Н.Энхбаяр хэнд, юунд саад болов? Өнөөгийн тогтсон дэглэмийн олигархи бүлэглэл Монголын ашигт малтмал, эрдэс баялгаас санаан зоргоор хувьдаа завших санаархалд нь тэр саад болсон. Тэрбээр юу гэж ярьж тэмцэж байв? Оюутолгой, Тавантолгойгоос олох ашгийг монголчууд хүртэх ёстой гэж хэлж ярьж тэмцсэн.
Зөвхөн 34 хувь биш, 100 хувь монголчууд эзэмших ёстой гэж хэлснийхээ төлөө тэдний араа шүдэнд зуугдсан юм. Оюутолгойн ашигт малтмалыг ашиглах гэрээг монголчуудад ашигтай хийлгэх гэж тэмцсэнийхээ төлөө өшөө хорсол, тооцоонд нь орсон.
Бүр улайм цайм л юм болж, “Оюутолгойгоос хэдүүлээ асар их мөнгө хувь хувьдаа олох боломж байна. Та бас тодорхой хувь эзэмшчих” гэж хэлж орж ирэхэд нь “Үгүй ээ, би ийм юманд оролцохгүй, та нар боль, Оюутолгой ард түмний өмч байх ёстой, ард түмэн байгалийн баялгаасаа хувь хүртэх ёстой, тэдэнд ашиг нь очих ёстой” гэж Н.Энхбаяр хэлсэн байдаг. Н.Энхбаяр Оюутолгойн гэрээг монголчуудад ашигтайгаар хийх талаар ч хатуу байр суурьтай байсан юм билээ.
Тэгээд юу болов? Н.Энхбаярыг хилс, зохиомол хэрэгт холбогдуулж хэлмэгдүүлж чадсан, тэд. Үүний араар өөрсдийн санаа бодлыг хэрэгжүүлж, ашигт малтмалын гэрээг өөрсдөдөө болон гадаадын “эдийн засгийн алуурчид”-д ашигтайгаар хийж, хэрэгжүүлж, хувь хувьдаа асар их ашиг орлого олж баяжсан нь өнөөдөр олон түмний нүдэнд ил байна.
Үүний нэг тод жишээ нь, асар их мөнгийг гадаадын оффшор дансанд байршуулсан явдал. Энэ мөнгийг буцааж авчрах талаар ард түмэн хэлээд тэмцээд байхад дийлэхгүй, УИХ оффшорчдыг өмгөөлөөд хаацайлаад л байна шүү дээ.
Н.Энхбаярыг хэлмэгдүүлэх болсны бас нэг шалтгаан бол зарим хүний улс төрийн болоод хувийн өс, тооцоо байгаа юм.
-Н.Энхбаяр нарын “хэрэг” гэгчийг зохиоход одоогийн УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж ямар байдлаар оролцсон бол. Уг “хэрэгтэй” холбоотой яриа хөөрөөнд энэ хүний нэр дуулдаад л байдаг юм.
Ц.Нямдорж, Н.Энхбаяр хоёр чинь их дотно нөхөр байсан юм биш үү, тэд яагаад муудалцсан юм бол?
-Энэ талаар Төрийн албан тушаалтан зарим хүний ярьсан зүйл омонд бий. Номыг уншихаар энэ асуултын хариулт бараг тодорхой болно. Энэ хэргийн сэдэлт нь юу болох, түүнийг хэрхэн захиалж, шүүх, хуулийн байгууллагад хэрхэн нөлөөлж, хилс, зохиомол хэргийг яаж бүрдүүлж, шийдвэрлэхэд хүргэсэн захиалагчийн үйл ажиллагаа номоос тодорхой харагдах байх аа. Нөлөөнд автагдсан шүүх, прокурор, бусад байгууллага хэрхэн ажилласан нь ч ойлгогдоно.
-“Оймстой хөл гозолзуулсан”, “оймсон завсар хавчуулагдаж УИХ-д орж ирсэн” гэх мэт үг хэллэг ч Ц.Нямдоржийн л амнаас гарсан...
-2013 оны дөрөвдүгээр сарын 12-13-нд шилжих шөнө Н.Энхбаярыг баривчилсан үйл ажиллагаа Монголын хуулийн байгууллагын түүхэнд хараар бичигдэж үлдэнэ. Хууль ёсоо маш бүдүүлгээр зөрчиж, сүрийг үзүүлж, асар болхи ажилласан. Н.Энхбаяртай улс төрийн тооцоо бодохын зэрэгцээ монголчуудад айдас хүйдэс төрүүлэх зорилготой л үйл ажиллагаа юм билээ шүү.
Н.Энхбаярыг баривчлахын тулд Төрийн тусгай хамгаалалтад байсан түүний сууж явсан машинд халдаж цонхыг нь хагалж, буу гаргаж, орон байрных нь үүд хаалгыг эвдэн орж, эд хөрөнгийг нь сүйтгэж, тэнд байсан хүмүүс, түүний дотор халдашгүй эрхтэй УИХ-ын гишүүдэд хүч хэрэглэх шаардлага байгаагүй шүү дээ.
Баривчлаад аваад явлаа гэхэд гутлыг нь өмсгөх боломж байсан л байж таараа. Ер нь бол Н.Энхбаярыг цагдаагийн тусгайгийнхан зодчихсон л юм билээ. Үүний улмаас тэр хүн ухаан алдсан, түүгээр ч барахгүй амь насанд нь ч аюултай олон гэмтэл учирсан.
1990 оноос хойш бид ардчиллаасаа их юм хүлээсэн. Гэтэл ардчиллын далбаан доор түүний үнэт зүйлс гуйвж, ардчиллыг өөрийн эрх ашигт бамбай болгон ашиглах нь хэтэрснээс ардчиллын нэр хүндийг бүрэн унагасан нь өнөөдөр бодит үнэн болоод байна. Нобелийн шагналт Аун Сан Су Чи “Дүр эсгэсэн ардчилал дарангуйллаас аюултай” гэж монголчуудад зориулж хэлсэн дээ. Дүр эсгэсэн ардчилал Монголд байгаа учраас хүнийг хэлмэгдүүлж байна. Ийм ардчиллын золиос нь Н.Энхбаяр нар болсон гэж хэлэхийг л би зорьсон.
-Төрийн албан хаагчдын халаа сэлгээг хэлмэгдүүлэлт гэж та бичсэн байна. Энэ талаар та жаахан дэлгэрүүлж ярихгүй юү?
-Төрийн албан хаагчдын халаа сэлгээ хэм хэмжээнээсээ хэтэрч, хүний амь амьдралд ноцтой аюул хүргэх хэмжээнд оччихсон байгааг сүүлийн үеийн олон баримт харуулж байна. Хамгийн сүүлийн жишээ л гэхэд, Завхан аймгийн Идэр суманд төрийн албан хаагч эмэгтэй ажлаас үндэслэлгүй халагдсаны улмаас өөрийгөө шатааж нас барлаа. Бас Засаг дарга хүн амиа хорлосон гээд хэвлэл мэдээллийн хэрэгслээр шуугиад л байна
Монгол Улс чинь Төвд биш шүү дээ. Тэнд улс төрийн шалтгаан, тогтсон дэглэмийн эсрэг тэмцэж байгаа төвдүүд тэмцлийн эцсийн арга болгож арга буюу амиа егүүтгэж, өөрсдийгөө шатааж байгаа тухай хэвлэл мэдээллээс бид уншиж байдаг болохоос биш Монголд маань тогтсон дэглэм, хууль ёсны гажуудал, улс төрийн хэт туйлшрал ийм аймшигтай, гутамшигтай байдалд хүргэнэ гэж зүүдлээ ч үгүй.
Төрийн албандаа үнэнчээр зүтгэж байгаа өдий төдий албан хаагч улс төрийн халаа сэлгээнд өртөж, үүний улмаас тэдний гэр бүл, үр хүүхэд нь өлөн зэлмүүн амьдрахад хүрч, дутагдах гачигдахын зовлонд учирч байгааг хэлмэгдүүлэлт гэхгүй өөрөөр юу гэх юм бэ. Цалингаас цалинд яаж ийж хүрч амьдралаа залгуулж байдаг төрийн албан хаагчдыг ажил амьдралгүй болгоно гэдэг дэндүү харгис явдал. Зөвхөн хэлмэгдүүлэгчид л үүнийг хийж байна, тэдний хийж чадах юм нь энэ болсон.
-Н.Энхбаяр Ерөнхийлөгчид нэр дэвших үү? Н.Энхбаяр нэр дэвших ёстой, нэр дэвшүүлэхгүй байх хууль зүйн үндэслэл байхгүй гэж Ц.Оюунбаатар хэлсэн байсан. Танаас үүнийг бас л лавламаар байна.
-Оюунбаатарын хэлснийг л би хэлэх гэж байна. Н.Энхбаярыг нэр дэвшүүлэхэд хууль зүйн талаасаа ямар нэгэн хориг саад байхгүй. Улс төрийн зарим хүчин түүнийг ял шийтгэлтэйд тооцогдоно, Монголдоо байнга оршин суугаагүй ч гэх шиг яриа гаргаад байгаа нь ямар ч үндэслэлгүйг энд зориуд тэмдэглэж хэлье. Энэ ярих гээд байгаа зүйлс нь хуулиараа аль хэдийнэ байхгүй болчихсон, яригдах ёсгүй юм.
Үндсэн хуулиар олгогдсон Н.Энхбаярын сонгогдох эрхийг урьд нь удаа дараа улайм цайм зөрчиж байсан. Одоо болоо биш үү, юманд хэмжээ хязгаар гэж байдагсан. Сонгогчид ч “сонгох” эрхээ эдлэх ёстой. Эрх баригчид, улс төрийн өрсөлдөгчдийн зүгээс Н.Энхбаярыг сонгуульд дэвшүүлэхгүйн тулд дахин хилс зохиомол юм гаргаж, үүнийгээ хэрэгжүүлэхийн тулд хуулийн байгууллагад үүрэг даалгавар өгч, бас нэгэн хилс зохиомол юм гаргаж ирэх, элдэв домог үлгэр зохиох явдал гарахыг үгүйсгэхгүй.
Ер нь хэлмэгдүүлэгчдэд хууль дүрэм, шударга ёс гэж байдаггүй юм байна шүү дээ. Ганцхан Энхбаяр ч биш, өөр олон хүнийг хэлмэгдүүлэхийг үгүйсгэхгүй, ард түмэн минь сонор сэрэмжтэй байцгаая. Н.Энхбаярын нэр дэвших эрхийг дахин зөрчих явдал гаргахыг оролдвол ард түмэн, сонгогчид тэвчихгүй байлгүй дээ.
-Магадгүй Н.Энхбаяр нэр дэвшихгүй тохиолдолд гаднаас “хүн зээлдэж” нэр дэвшүүлэх тухай яриа танай намын дотор гарсан явдал байна уу?
-Тийм яриа байхгүй. Ийм яриа намын дотор гараагүй, гарах ч ёсгүй. Гаднаас ийм ийм хүн нэр дэвших боломжтой, тийм тийм хүн нэр дэвших юм гэнэ гэсэн явган яриаг зориуд гаргаж, зохион байгуулалттай сурталчилгаа явуулаад байгаа учраас та ийм асуулт тавьж байх шиг байна.
МАХН өөрийнхөө нэр дэвшигчийг дотроосоо тодруулна. Бүр тодорхой хэлбэл нэр дэвшигч нь бэлэн байна. Энэ бол МАХН-ын дарга Н.Энхбаяр.
-За тэгвэл өөр сэдэв рүү орж танд хэдэн асуулт тавья. Таныг УИХ-ын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллахыг МАН, МАХН хоёрын аль нь санал болгож байв?
-Хоёр намын аль нь ч санал болгоогүй. Харин УИХ-ын дарга байсан Д.Дэмбэрэл гуай өөрөө хэдэн хүний нэр гаргахад миний нэр орсон юм билээ. Тэгээд хэнийг нь авбал болох бол гэж зарим хүнтэй зөвлөлдөхөд, Шаравдорж нь танд илүү түшигтэй байх биз дээ гэснээр асуудал шийдэгдсэн юм байна гэж би ойлгосон.
-Та УИХ-ын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн даргын ажлаа сайн дураараа хүлээлгэж өгсөн. Үүний дараа та яагаад МАН руу биш, МАХН руу очив. Юу нөлөөлөв?
-Миний дотоод итгэл үнэмшил, ёс жудаг л нөлөөлсөн гэх үү дээ. Хүн ер нь улс төрд орсон бол хэдийд ч нэг л зангаараа байх хэрэгтэй юм. Цагийн аясаар хөлбөрч, ашиг хонжоо харж, хамхуул шиг хийсэж байхыг би олигтой юм гэж боддоггүй. Үгүйдээ өөрөө өөртөө үнэнч байх хэрэгтэй. Өөрөөсөө, өөрийн үзэл бодлоосоо урвана гэдэг чинь хэдийд ч бусдаас урвахад бэлэн гэсэн үг.
Чи МАН-д ирэхгүй, яагаад МАХН руу очив гэж олон хүн асуудаг, зарим нь зэмлэх ч янзтай байдаг л юм. Намайг МАХН-д гишүүнчлэлээ сэргээсний дараа Ш.Гунгаадорж гуай уулзаад энэ асуултыг ширүүхэн тавьсан удаатай. Тэгэхэд нь би, намайг 1979 онд сургууль төгсөөд Сэлэнгэ аймгийн шүүхэд орлогч даргаар очиход та аймгийн МАХН-ын хорооны нэгдүгээр нарийн бичгийн даргаар ажиллаж байсан.
Тэгээд та намайг дуудаад, МАХН гэж энэ улс төрийн хүчин улс орныг асар олон жил удирдаад явж байгаа түүхэн гавьяатай, нэр хүндтэй нам. Нэр нь ч гэсэн түүхэн гавьяаг нь хэлээд байгаа юм. Та нар энэ намын цаашдын үйл ажиллагаанд идэвхтэй оролцох ёстой. МАХН-д элс гээд батлахыг нь гардуулж өгсөн. Одоо таны гарын үсэгтэй батлах надад байна. Ийм учраас гишүүнчлэлээ МАХН-д сэргээсэн юм аа дарга аа, энэ нам надад гай болоогүй ээ гэж хэлсэн.
-Танай намын зарим хүн МАН руу явчихсаныг ямар учиртай гэж Та боддог вэ?
-Тэр хүмүүсийн хэрэг. МАХН-аас ийш тийшээ очсон нөхөд маань нэг их сэтгэл санаа тайван, дүүрэн байдаггүй юм шиг байна лээ. Ямар сайн байх вэ, хөөрхий. Урвалаа шарвалаа гээд яахав, жаахан ашиг хараад л очсон байлгүй. Айлын нохой гадаа ирэхэд өөрийнхөө нохойны идүүрэнд л эхэлж хоол хийж өгдөг дөө.
-МАХН гэсэн цул улс төрийн хүчин хоёр хуваагдсаныг янз бүрээр л ярих юм. Намын нэрнээс болсон уу?
-Яагаад МАН гэж нэр авч тусгаарлаж явсаныг бүгд л харсан. “Тэрэлжийн тунхаглал” ч гэл үү, нэг баримт бичиг гэнэт гаргаад л, хэдхэн хүн гэнэт шийдсэн, намын хамт олноосоо ч асуулгүй гаргасан шийдвэр шүү дээ. МАН-ын удирдлагын хэдэн хүн ухаантайхан байсан бол өдийд хоёр хуваагдчихаад байх ёсгүй л юм. Хуваагдлаас хожсон юм байхгүй. Энэ нам нэг цул байхад бид УИХ-ын олонх цөөнх байхдаа зангидсан гар шиг ажиллаж байсан үе бий.
Намын нэрний хувьд ярихад, МАХН гэдэг нэр МАН гэдэг нэрнээс урьд байсан юм билээ. Энэ тухай ярих цаг хугацаа гарах байх аа.