Италийн хөгжмийн зохиолч Ж.Вердийн “Травиата” дуурийг Монголын тайзнаа тоглосны 40 жилийн ойн тоглолт энэ сарын 15-нд ДБЭТ-т болно.
160 гаруй жилийн түүхтэй уг дуурийг эх орныхоо хөрсөнд буулгасан, Монголын дуурийн анхны эмэгтэй найруулагч, Урлагийн гавьяат зүтгэлтэн Ё.Цэрэндолгортой ярилцсанаа хүргэе.
-“Травиата” дуурийг анх тавьсан дурсамжаасаа хуваалцана уу?
-Би Улсын багшийн дээд сургуулийн хөгжмийн анги төгсөөд тэндээ хөгжмийн багшаар таван жил ажилласан. 1971 онд Москвагийн Театр, урлагийн дээд сургуулийн (ГИТИС) дуурийн найруулагчийн ангид элссэн. Дипломоо ямар бүтээлээр хамгаалахаа төгсөх дамжаанд багш нартаа хэлж, сонгодог.
“Би Ж.Вердийн уран бүтээлд хайртай учраас түүний дуурийг найруулъя” гэсэн. Анастасия Ивановнагийн урилгаар манай багш нар төрийн концерт найруулахаар Монголд хоёр ч удаа ирж байсан юм. Намайг “Травиата”-г тоглох хүсэлтэйг дуулаад багш “Чиний сонголт зөв. Энэ дуурийн бүх дүрийг дуулах чадвартай мундаг дуучид танайд бий. Магадгүй оюутнууд дундаас хамгийн найдвартай, шууд ажиллахад боломжтой хувилбар сонгосон хүн ганц Цээеэ байна” гэж билээ.
Тухайн дуурийг хэрхэн тавих тухай төлөвлөгөө боловсруулж, саналаа бичээд багш нараас албан ёсны зөвшөөрөл авч Монголдоо ирсэн. Гэтэл тэр жил “Учиртай гурван толгой” дуурийг шинэчилж байсан учраас нэг жил өнжиж, тэр бүтээлд ажилласан.
Хожоотой үе таарсан болоод ч тэр үү, би дипломоо онц хамгаалсан юм. Яагаад гэвэл Ленинградад сурч байсан зураач Ч.Гунгаасүх, дуучин Ж.Цэцэгээ, удирдаач Ч.Жамсранжав бас энэ бүтээлээр дипломоо хамгаалсан.
Басс дуучин дэлхийд ховор байхад Ардын жүжигчин Д.Жаргалсайхан, Ц.Пүрэвдорж нар “Травиата”-гийн ийм хоолойтой Гремвиль эмчийн дүрд дуулж байх жишээтэй. А.Хавлааш, Г.Хайдав, Б.Банди, Ж.Цэцэгээ, Х.Уртнасан, А.Загдсүрэн гээд дүр бүтээсэн уран бүтээлчид цөм Орост сургууль төгссөн, тухайн бүтээлийн түүхийг мэддэг байсан нь ч давуу тал болсон.
-Та Монголын дуурийн анхны эмэгтэй найруулагч. Гэтэл яагаад ДБЭТ-т хоёрхон жил ажилласан юм бэ?
-Тухайн үед манай театр уран бүтээлээ нэг бүрэлдэхүүнтэй тоглодог байлаа. Багш минь “Танайх маш мундаг дуучидтай учраас “Травиата”-г хоёр бүрэлдэхүүнтэйгээр тавиарай. Нэг уран бүтээлч өвдөж, эсвэл гадаад явбал нөгөөх нь орлох боломжтой.
Нэг бүрэлдэхүүн нь тайзнаа бэлтгэл хийж байхад нөгөө хэсгийнхнийг үзэгчдийн суудлаас ажиглуулаарай. Ингэвэл дуучид бие биенээсээ туршлага судлах ач холбогдолтой” гэж захисны дагуу би ажилласан юм. Гэтэл яг нээлт хийхийн даваан дээр Намын төв хорооны үзэл суртлын хэлтсийнхэн “Заавал нэг бүрэлдэхүүнтэй тогло” гэсэн. Яагаад гэхээр нээлтийн тоглолтод Виолеттагийн дүрд хэн нь дуулах вэ гэдэг маргаан үүссэн юм.
Би тухайн дүрд бүх талаараа тохирсон уран бүтээлчийг дуулуулах гэж сонгосон. Гэвч энэ нь Анастасия Ивановнагийн санаанд нийцээгүй юм. Монголын төлөө биднээс илүү сэтгэл гаргаж, ирээдүй болсон залуу үеийг цэцэрлэгээс нь эхлэн халамжлан хүмүүжүүлж, соёл урлагаар ард түмнийг сэнхрүүлэх бодлоготой байсан мундаг эмэгтэй шүү дээ.
Сонгодог урлагт хайртай тэрбээр хэсэг уран бүтээлчийг их дэмждэг байлаа. Тэгээд л Соёлын яамнаас намайг “Травиата”-гийн нээлтийн маргааш ажлаас чөлөөлсөн хэрэг.
-Тэгээд та хаана ажилласан бэ?
-Барилгачдын соёлын ордонд байхад Соёлын яамны соёлын хэлтэс ажиллаж байсан Л.Цогзолмаа гуай дуудаж “Манайд орооч. Хоёр, гурван жилийн дараа ДБЭТ-т ажиллах боломж гарах байлгүй” гэсэн. Ийн түүнтэй хамт орон нутгаар урлагийн үзлэг зохион байгуулж, Бүх ард түмний болон ардын язгуур урлагийн их наадам хийж байгаад Ардын дуу бүжгийн чуулгад (Үндэсний урлагийн их театр) найруулагчаар ажилласан.
“Энэ хүүхдийг зэврээхгүйн тулд АДБЧ-д ажиллуулаач” гэж Цооцоо гуай санал гаргасан юм болов уу гэж одоо боддог юм. Тэр үед уран сайхны удирдагчаар нь ажиллаж байсан хөгжмийн зохиолч Д.Лувсаншарав тэргүүтэй хүмүүс “Чи юу хийхээр төлөвлөж байна вэ” гэж асуухад нь “Сүнжидмаа зэрэг хүрээний сайхан хүүхнүүдийн талаар хөгжимт драм тавьж болох юм” гэсэн. Тэгтэл Лууяа гуай “Санадаг л санаа байна. Ж.Бадраад хэлбэл дэмжих байх” гэснээр “Сүнжидмаа” дуулалт жүжгийг 1982 онд концерт маягаар тавьсан.
Тус чуулгын ерөнхий найруулагч, уран сайхны удирдагчаар ажиллаж, бусад урлагийн байгууллагын жишгээр жилд дөрвөн шинэ уран бүтээл тоглон, ардын урлагаа хэрхэн хөгжүүлэх талаар гадаадын орноос туршлага судалж байлаа.
Н.Норовбанзад, Д.Самбуу, Д.Банзрагч, П.Адарсүрэн, С.Сүглэгмаа, Г.Түмэндэмбэрэл зэрэг эх орондоо төдийгүй олон улсад алдраа мандуулсан гайхамшигтай уран бүтээлчидтэй ажиллах хоёр дахь том завшаан ингэж тохиосон юм.
Энэ хугацаанд ДБЭТ-т ажиллах хүсэлтээ Намын төв хорооны үзэл суртлын хэлтэст удаа дараа тавьсан ч “Ямар нэг скандал үүсгэлгүй дипломоо хамгаалах ёстой байсан юм. Бидний эрх мэдэл хүрэхгүй учраас АДБЧ-даа ажиллаж бай” гэсэн.
-““Травиата”-г хэлснээр нь тавьдаг байж дээ” гэж хожим харамссан уу?
-Харамсдаггүй. Тийм байдалд орсон болохоор л хэр найруулагч гэдгээ харуулах гэж ажиллаж байгаа урлагийн байгууллагаа хөл дээр нь босгож, хөгжүүлэхээр, “Дуурийн театрт Цэрэндолгорыг авах сан” гэх бодол төрүүлж магадгүй гэсэн мөрөөдлөөр өөрийгөө цэнэглэж өдий зэрэгт хүрсэн.
1990-1993 онд “Монгол түмний Мандухай” чуулга байгуулж, Итали, Бельги, Голланд, Франц, Япон, БНСУ, БНХАУ, Орост аялан тоглож байлаа. 1996 оноос Бүх цэргийн дуу бүжгийн чуулгын дарга, уран сайхны удирдагч, ерөнхий найруулагчаар хурандаа цолтой ажиллаж, таван жилийн дараа тэтгэвэрт гарсан.
Тэндхийн үлээвэр болон үндэсний хөгжмийн холимог оркестрын бүтцийг өөрчилж, дэлхийд ховор байдаг симфони жааз найрал хөгжим байгуулсан. Хөгжимт драм, концерт, балет, дуурь, оперетта, мюзиклийн алийг ч тоглох боломжтой оркестроороо бахархдаг.
-Та ДБЭТ-т “Риголетто”-г тавьсан юм билээ. Тэр үедээ ДБЭТ-т ажиллах боломж байгаагүй юм уу?
-Тухайн үед миний шавь Ц.Нацагдорж ДБЭТ-ын захирал байсан юм. Харин ерөнхий найруулагч нь Л. Эрдэнэбулган. Би Ц.Нацагдоржид “Миний хүү багш нь хөгшрөх яагаа ч үгүй байна. Намайг туслах найруулагчаар аваач” гэсэн юм. “Та ямар дуурь тавимаар байна вэ” гэхээр нь “Риголетто”-г санал болгосон.
Ж.Верди хөгжмийн зохиолч бодит амьдралаас сэдэвлэн богино хугацаанд “Травиата”, “Трубадур”, “Риголетто” гэсэн гурвалсан дууриа бичсэн учраас энэ бүтээлийг сонгосон. “Риголетто”-г амжилттай тавьсны дараа ямар ч гэсэн энд ажиллах нь дээ гэж бодтол бас л аваагүй.
-“Травиата”-г 2015 онд БНСУ-ын найруулагч Ан Ху Вон шинэчилснийг үзсэн үү?
-Үзэж амжаагүй л явна. Аливаа уран бүтээлийг шинэчлэх, хаахдаа найруулагч нь амьд байвал зөвшөөрлийг нь авах ёстой гэж би үздэг. Энэ бүтээлийг тавьсны 40 жилийн ойтой холбоотой ажлаар ДБЭТ орохдоо БНСУ-ын найруулагчийн өөрчилсөн, хоёрдугаар үзэгдлийн тайзыг харахад нэг их гэрэл гэгээ болсон цонх дүрсэлсэн байна лээ. Миний болон солонгос найруулагчийн шийдэл өөр.
Ж.Верди зохиолч Александр Дюмагийн зохиолоос сэдэвлэсэн энэ дуурьтаа янхнуудын тухай асуудал дэвшүүлсэн. Бүсгүй хүний ариун нандин, нинжин сэтгэл гэх зүйлгүй биеэ худалддаг бүсгүйчүүд өдгөө ч дэлхийн бүх улсад бий. А.Дюма энэ зохиолоо “La Dame aux Camelias” буюу “Камилия цэцэгт бүсгүй” гэж нэрлэсэн нь учиртай.
Тухайн үед европчууд цэцгэнд их дуртай байж. Тиймдээ ч Хятадаас цэцэг авчирч эрлийзжүүлээд камилияг гаргаж авсан юм билээ. Харахад үзэсгэлэнтэй ч үнэргүй цэцэг байдаг юм. Хэчнээн үзэсгэлэнтэй ч гэсэн бүсгүй хүний мөрөөдөл, үнэ цэнэ, мөн чанар нь бусдын гарт орсон гэсэн санааг зохиолч илэрхийлсэн хэрэг.
Ийм учраас би Гунгаасүхэд саналаа хэлж, камилия цэцгээр тайзаа чимэглэсэн. Тухайн үед дэлхийн аль ч театрт “Травиата”-г тийм тайзтайгаар шийдээгүй байсан. Диплом хамгаалах үед багш нар “Чи яаж ингэж сэтгэсэн юм бэ” гэж гайхширч билээ.
-ДБЭТ өдгөө ерөнхий найруулагчгүй, гадаад дотоодоос уран бүтээлч урих зарчмаар ажиллаж буй. Энэ нь хэр оновчтой шийдэл вэ?
-Дуурийн найруулагчийн анги төгссөн гурван ч мэргэжилтэн амьд сэрүүн байхад “Ядаж нэг найруулагчийн цалинг та нар хувааж аваад ажилла” гэхгүй юм. Уг нь ДБЭТ цалин өгөхгүй байсан ч би ажиллахад бэлэн байна. Улсынхаа зардлаар Оросын нэртэй сургуульд сурч ирчихээд мэргэжлээрээ ажиллахгүй байна гэдэг миний хувьд гутамшиг.
Би улсдаа өртэй. Өдгөө өчнөөн сайхан дуучин төрж байна. Г.Ариунбаатарыг ДБЭТ-т шалгуулахад орон тоогүй гээд аваагүй юм билээ. Уг нь сор болсон уран бүтээлчдийг шалгаруулан авч, тэднээр онгодоо хөглөж, дэлхийд нүүр царайгаа таниулах хэрэгтэй юм. Г.Ариунбаатараас гадаадууд “Та Монголынхоо ДБЭТ-т ажилладаг уу” гэхэд тэрбээр “Үгүй ээ, “Сүлд” чуулгынх” гэж хэлнэ. ДБЭТ-ын удирдлага үүнээс л ичих хэрэгтэй.
-Эмэгтэй найруулагчийн онцлог гэж бий юү?
-Мэргэжлээ үнэхээр гарамгай эзэмшсэн бол бүсгүй хүн аль ч салбарт эрэгтэйчүүдээс илүү. Яагаад гэвэл гэрийн өнцөг буланд тогтсон багахан тоосыг ч эмэгтэйчүүд мэдэрдэг шүү дээ. Жүжигчдийн дотоод сэтгэлийг илрүүлэх, тэдэнтэй ажиллахдаа эмэгтэй хүн илүү нарийн ширийнийг харах байх.
-Театрт ажиллах боломж гарвал ийм, тийм дуурь тавина гэсэн төлөвлөгөө байсан биз?
-“Найруулагч олон зүйл рүү самгардалгүй, цөөн хөгжмийн зохиолчийг л сайн судалж, нэвт мэддэг болох шаардлагатай. Дөрвөн жилийн хугацаанд бүх зохиолчийг судлахад амаргүй” гэж багш хэлж байлаа. Би Ж.Вердийн тав, П.И.Чайковскийн гурван дуурийг тавих юм сан гэж мөрөөддөг байсан.
Би тэтгэвэрт гараад Америкт найман жил амьдарчихаад “Сүлд” чуулгад дөрвөн жил найруулагчаар ажилласан. Тэнд байхдаа цагдаа нарын ахуй амьдрал, хүнд нүсэр ажил, нийгэмд эзлэх байр суурь, хүнлэг чанарыг өгүүлсэн сайхан бүтээл найруулах юм сан гэж боддог байсан. ЦЕГ-ын удирдлага намайг дэмжиж байсанд баярлаж, бодсоноо ажил хэрэг болгон хариу барих хүсэлтэй.