Хорь гаруйхан насандаа Сонгуулийн ерөнхий хорооны нарийн бичгийн даргын алба хашиж, 33-тайдаа УИХ-ын гишүүнээр сонгогдон, Төрийн байгуулалтын байнгын хороог даргалж явсан, дараахан нь МАН-ын дотоод ажлыг хариуцаж, ерөнхий нарийн бичгийн даргад өрсөлдөөд, 18 хүний саналаар ялагдан, шуугиант мэдэгдэл хийсэн гэхээр хэний тухай бичиж буй нь андуурах аргагүй тодроод ирж байгаа биз. Тийм ээ, энэ хүн бол Жамъянхорлоогийн Сүхбаатар. Түүний илэн далангүй яриаг өмнө тань дэлгэе.
-2016 оны УИХ-ын сонгуулиас хойш чимээгүй байлаа. Танаар сонин сайхан юу байна вэ?
-Сонгуульд өрсөлдөөд итгэл хүлээсэн нь нийтийн өмнө үүрэг хүлээж ажилладаг учраас тэднийг сонсох, сонирхох нь илүү ач холбогдолтой шүү дээ. Миний хувьд гойд юмгүй, өөрийнхөө өмнө хариуцлага үүрч суугаа хүн өөрийгөө “тойрч” эргэлдээд л...
-Та МАХН-ын ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан. Энэ албаа хашихаа больсон гэж дуулсан. Үнэн үү, ташаа мэдээлэл байв уу?
-Өнгөрсөн оны гуравдугаар сард МАХН-ын ерөнхий нарийн бичгийн даргаар сонгогдоод, удалгүй УИХ-ын сонгуульд өрсөлдсөн. Сонгуульд амжилт гаргаагүй. Улс төр бол нэг талаар их эрсдэл. Нэгэнт сонгуульд амжилт гаргаагүй бол намын удирдлага хариуцлага хүлээнэ гэх тогтсон ёс, зарчим улс төрд бий.
Хэдийгээр тодорхой шалтгаан, тухайлбал, Сонгуулийн хуулийн хуйвалдаант, цаг тулсан огцом өөрчлөлт, авлигын сүлжээ, янз бүрийн дарамт, шахалт гээд үр дүнд нь нөлөөлсөн хөндлөнгийн хүчин зүйл байсан ч, элдэв тайлбар тавилгүй ажлаасаа чөлөөлөгдөх мэдэгдэл хийгээд явах ёстой. Сонгуулийн дүн гарангуут би мэдэгдэл хийе гэж бодсон.
Гэвч сонгогчдын сэтгэл зүй, намын гишүүд, дэмжигчдийн уур амьсгалыг харгалзаад түр азнасан. Ерөнхий нарийн бичгийн дарнамын даргадаа долдугаар сард мэдэгдэж, “Тохирох хүн судалж байгаарай” гэж хэлээд, есдүгээр сард өргөдлөө өгөөд явсан.
Аливаа ажилд цаг хугацаа, амсхийж, завсарлах үе байдаг. Тэр тусмаа улстөрчийн завсарлагыг өөрөө биш, сонгууль шийддэг. 2012 оны УИХ-ын сонгуулийн дараа би МАН-ын нарийн бичгийн даргаар ажиллаж, 2013 оны аравдугаар сарын 27-нд болсон XXVII их хурлын үеэр намын дүрмийн ажлын хэсгийг ахалсан.
Их хурлын дараа намын нарийн бичгийн даргын албанаас чөлөөлөгдсөнөөс хойш нэлээд хугацаанд завсарлаад, өнгөрсөн хавраас эргэж улс төрийн үйл ажиллагаанд оролцсон. Энэ маань хагас жил орчим үргэлжлээд, буцаад завсарлалаа. Одоо улс төрөөс хол хөндий л байна даа.
-Улс төрөөс бүрмөсөн явлаа гэсэн үг үү, түр завсарлага уу?
-Би МАН, МАХН гэж нэг үзэл санаатай ч салангид буй улс төрийн хүчний удирдлагад ажиллаж, хоёуланд нь хүнд үед ачаа үүрч үзлээ. Сонгуульд ялагдсан, бэрх үед нь МАН-ын нарийн бичгийн даргын албыг хашсан. Намын удирдлага, санхүү, зохион байгуулалтын хувьд дотроос болон гаднаас дарамт, шахалт их байхад МАХН-д ажиллалаа.
Аль аль намынх нь дотоод амьдралд богино хугацаанд ч гэсэн нэлээд гүнзгий орж, хоёуланд нь л сэтгэлээсээ, хүчээ өгч зүтгэсэн. Одоо надад намын гал тогооны ажилд зүтгэх хүсэл, амбийц алга. Эрч хүчтэй залуус ажиллаг. Улс төрөөс илүү сонирхолтой зүйл амьдралд олон бий. Тэндээс сонирхсон зүйлээ хийе. Цагаа аль болох ахуй амьдралынхаа дунд, байгалийн сайхан орчинд илүүтэй өнгөрөөхийг хүсэж байна.
-Найрагчийн хэлсэнчлэн зүлгэн дээр гэрээ бариад, зүгээр сайхан амьдаръя гэж үү?
-(Инээв) Наад мөртөөс чинь уянгын халил хэт их сонсогдоод байдаг юм. Мэдээж амар тайван амьдрал хүний аз жаргалын үндэс. Би 2017 оныг өөртөө болон эргэн тойрондоо анхаарал хандуулах жил болгосон. Улс төрийн идэвхтэй үйл ажиллагаанд оролцох сонирхол алга. Цаашдаа цаг хугацаа яаж эргэхийг хэн ч мэдэхгүй шүү дээ.
-Та МАХН-д багагүй итгэл найдвар авчирсан хүн шүү дээ. Ерөнхий нарийн бичгийн даргын албанаас чөлөөлөгдөх өргөдлөө өгөхөд тань Н.Энхбаяр дарга юу гэв?
-Цаг хугацаа, дотоод ажиллагаа, арга барил, гаднах дайралт гээд эв нь таарсангүй. Санасан хэмжээнд болж өгсөнгүй. Би МАН-д байхдаа сонгуулийн үр дүнгээр намын удирдлагад хариуцлага тооцдог байх ёстой, амжилт гаргаагүй бол ажлаа тайлбаргүй өгөх хэрэгтэй гэсэн шаардлага тавьж байсан хүн. МАХН-д очоод түүнийгээ мөрдөхгүй, биелүүлэхгүй суугаад байж болохгүй шүү дээ.
Шалтаг тоочоод хөдлөхгүй байвал ч болох л байсан биз. Н.Энхбаяр дарга “Сонгуулийн дүнд нөлөөлөх субъектив хүчин зүйл олон байсан учраас намын удирдлага, зохион байгуулалтад зарим өөрчлөлт хийгээд, үргэлжлүүлэн ажиллах боломжтой” гэсэн байр суурьтай байсан. Ер нь сонгуульд амжилт үзүүлээгүй бол цаашдаа өмнөх шигээ итгэл үнэмшил, эрч хүчтэй ажиллах урам зориг, баг хамт олон алга болчихдог.
Хоёрын хооронд, гурвын дунд яваад байж сураагүй хүнд энэ нь хэцүү юм билээ. Тийм учраас зарчмаа бариад явах ёстой гэж бодсон. Харин яг өргөдлөө өгөхөд журмын нөхдөдөө санаа зовсон. Цаашид илүү уян хатан бодлогоор, шинэ нөхцөлд яваасай гэж хүссэн.
Өргөдлөө өгөхийн өмнө аппаратынхаа ажлыг цэгцлэх зэргээр өөрийнхөө зүгээс авч болох арга хэмжээг авсан. Н.Энхбаяр дарга сэтгэл дундуур л үлдсэн байх. Гадаадаас ирээд хэдхэн хонож байгаа болохоор уулзаж амжаагүй явна.
-МАХН-ыг ганц хүний нам, гэр бүлийн нам гэх мэтээр гоочилдог. Ирсэн хүмүүс нь идээшихгүй буцаад байгаа нь Н.Энхбаяр даргаас болдог мэт ойлгогддог.
-Гоочлуулах, шүүмжлүүлэх нь битгий хэл, нэг хүний нэрээр албан ёсоор ил тод нэрлэсэн нам, эвсэл бөмбөрцөг дээр байж л байна. Лидер дагасан улс төрийн хүчин гэдэг хаана ч байдаг зүйл.
МАХН бол Н.Энхбаяр гэдэг лидерийг дагасан, түүхэн том намын нэрээр дуудуулдаг, олон мянган гишүүнтэй улс төрийн хүчин. Намын бодлого, арга барилд нь лидерийнх нь алдаа шууд мэдрэгддэг, ардчилсан бус сул тал бий.
-Ж.Сүхбаатар МАХН-аас гараад, эргэж МАН-д элсэх нь гэсэн яриа нэлээд дээр гарсан. Тэр үед итгээгүй өнгөрсөн юм. Одоо харин асуух хэрэгтэй бололтой?
-Би сонссон. МАХН-аас гарч, буцаж намдаа элсэн, ажил, албан тушаал горилох нь гэх мэтийн хардлага сэрдлэг хүмүүст төрөө биз. Би намын ерөнхий нарийн бичгийн даргын албанаас чөлөөлөгдөх хүсэлтээ өнгөрсөн оны есдүгээр сард албан ёсоор өгсөн ч одоогоор МАХН-ын гишүүн хэвээрээ. Сонгуулийн өмнө болон дараа МАХН-аас цөөнгүй хүн МАН-ын гишүүнчлэлээ сэргээсэн.
Тэр дунд миний дотнын нөхөд ч бий. Мэдээж, хамтран ажил ажиллаж, ойлгож дэмждэг найз нөхөд минь МАН-д хавьгүй олон байгаа нь ч бодит үнэн. Намайг МАХН-ын гишүүнчлэлээ сэргээхэд түүний эсрэг байр суурьтай байсан нөхөд маань одоо ч гэсэн МАН-д эргэж орооч гэдэг. Би тэдэнд “Юм болгонд цаг хугацаа бий” гэж хэлдэг юм.
Үнэнийг хэлэхэд, ямар нэг намын гишүүнчлэлд баригдалгүй, Ж.Сүхбаатар гэдэг хүнийхээ өнцгөөс дуугарч, нийгмийн амьдралд хувь хүнийхээ зүгээс байр сууриа илэрхийлээд явах сонирхол надад байна. Ер нь тэгээд намаас гарч, орох тийм ч сонин зүйл биш шүү дээ. Зорилго чинь юу вэ гэдэг л сонирхмоор сэдэв.
-МАХН, МАН-ын хооронд, та мэтийн олонд танигдсан, намдаа хариуцлагатай алба хашиж, тодорхой хүрээний дэмжигчтэй болсон лидер орж, гарах нь сонирхох сэдэв мөн шүү дээ?
-Зарим хүний хувьд нэг байгууллагаас нөгөөд орж, гарахыг том асуудал гэж үздэг, урвагч, урвагч биш гэхчилэн ярьдаг юм билээ. Урвасан, шарвасан гэж хэлсэн нөхдийг харахад ийм зүйл ярих эрхтэй хүн мөн үү гэмээр улс байх юм.
Шулуухан хэлэхэд, шинэчлэл ярьсаар албан тушаалд очсон, нам ялагдаж, АН-д багалзуурдуулчихсан хүнд хэцүү үед АН-ын удирдлагуудтай, одоогийн Ерөнхийлөгчтэй хүч хавсран намынхаа эсрэг ил, далд ажиллаж байсан, эсвэл хар цагаан дуугүй биеэ оторлож суусан цөөн хүн л намын хамгийн үнэнч гишүүн мэтээр аашилж харагддаг.
Ажиллаж буй байгууллагын чинь удирдлагын арга барил, бодлого өөрийн чинь жанжин шугам, үзэл санаатай зөрчилдвөл яах вэ. Зарим хүн тэвчиж хүлээх, шүүмжилж, тэмцэл хөдөлгөөн өрнүүлэх ёстой гэдэг. Тэгж явснаас тодорхой байр сууриа илэрхийлээд, ямар нэг зааг шугамны цаана гарах нь жинхэнэ тэмцэл гэж би бодсон.
-Ингэхэд, та яагаад МАН-аас гарчихсан юм бэ. Хүмүүс л “Тойроггүй болоод явсан” гэх мэтээр ярьснаас биш өөрөө тайлбар хэлээгүй яваа шүү дээ.
-Хүмүүс ч биш л дээ. Нэр бүхий хэдэн хүн санаатайгаар намайгаа ядарсан нэгэн болгож харагдуулмаар санагдсан шиг байгаа юм. Би 2015 оны есдүгээр сард намаас гарах өргөдлөө өгсөн. Энэ бол МАН-аас хэн, хаана нэр дэвших нь бүрэн шийдэгдээгүй байсан үе шүү дээ. Надад Дархан-Уулд ч, Улаанбаатарт ч нэр дэвших боломж байсан. 2013 онд намын ерөнхий нарийн бичгийн даргад өрсөлдөхөд би Бага хурлаас нэлээд өндөр санал авсан.
Бага хуралд ийм дэмжлэгтэй, энэ орон зай маань хэвээр, намын удирдлагын түвшинд ч дэмжлэг авах хүч байлаа. МАН-аас нэр дэвших боломж бүрэн байсан хэрэг. Тэгээд ч тойроггүй болтлоо намдаа хэрэг хийчихсэн хүн би мөн үү. Эсрэгээрээ, намыг хүнд үед нь хамгаалж, тэмцэж явсан хүний нэг гэдгийг бүгд мэдэж байсан. Харин тухайн үед намаас гарахад “Ийм боломжтой цаг үед ингээд явчихдаг ямар дүнхүү амьтан бэ” гэх хүн таарч байсан.
Гаргасан шийдвэр, хийсэн алхмын тухайд одоо ингэж ярьж буй ч хэдэн жилийн дараа юу болохыг мэдэхгүй шүү дээ. Зөв, бурууг дэнслэх болоогүй. Өнгөрсөн жил таарахдаа “Чи УИХ-ын гишүүнээр сонгогдох боломжоо алдлаа” гэж байсан хүн одоо “Чи ер нь сонгогдоогүй нь болж. Ийм нөхцөлд юу ч хийх билээ. Харин ч чамд өөрийгөө хөгжүүлэх боломж гарч” гэж байна. Ганц жилийн хугацаанд л ингэж өөрчлөгдөж байна шүү дээ.
МАН-аас гарахад учир шалтгаан байсан. Би намаас гарах өргөдөлдөө “Нэгдүгээрт, МАН-д ужгирсан гажуудал, дутагдлыг эрс эсэргүүцэж байна. Хоёрдугаарт, намаас гарснаар намын шинэчлэлд нөлөөлөхийг хүсэж, өөрийн хэмжээнд алхам хийж байна. Гуравдугаарт, МАН, МАХН улс төрийн нэг цул хүчин болон, шинэ зохион байгуулалтад орж ажиллахыг уриалж байна” гэсэн агуулгатай гурван үндэслэл бичсэн.
-МАХН-ыг МАН-д нэгтгэх даалгавартай очсон яриа өргөдлөөс тань улбаалсан юм аа даа?
-Тийм яриа сонсогдож л байсан. Надад хэн даалгавар өгөх билээ дээ. Утгагүй шүү дээ. Өөрийгөө улс төрийн том эрсдэлд оруулж, бусдыг хуурахаар явдаг хэн нэгний боол би биш. МАН-даа байсан бол ийм ажилтай, тийм албатай байхгүй юу гэж хэлэх хүн цөөнгүй таарч байна. Улс төрд хэдэн жил явсан хүний хувьд надад таамаг, багцаа байлгүй яах вэ. Хамгийн баталгаатай, аюулгүй арга зам бол аядуу явж байгаад сонгуульд оролцох гэдгийг эрхбиш мэдэж байсан.
МАН ялна гэдгийг ч тооцож байсан. Гэвч, үнэнийг хэлэхэд би МАХН-ыг тодорхой хэмжээнд хүчтэй болгох нь МАН-ыг дорвитой шинэчлэх ганц арга зам гэж бодсон юм. Үүнийг одоо нуугаад яах вэ. Аливаа зүйлийг дотроос нь шинэчлэхээс гадна, гаднаас нь өөрчилж болдог. Зүгээр нэг иргэн МАН-ыг гаднаас нь өөрчилж чадахгүй. Харин МАН-д хамгийн их хамааралтай улс төрийн хүчин болох МАХН-д ажиллах нь миний улс төрийн зорилго, хүсэлтэй таарч байсан. Ер нь, МАН-ыг шинэчлэхгүйгээр бусад нам өөрчлөгдөхгүй.
Улс төрийн намууд шинэчлэгдэхгүйгээр Монголын төр хүчтэй болохгүй гэсэн томьёолол өөртөө хийчихээд яваа хүн, би. Тийм ч учраас МАН-ын дүрмийн шинэчлэлийн ажлын хэсгийг ахалсан. Дүрэм шинэчлээд намд сайжирсан зүйл бий ч дорвитой том өөрчлөлт гараагүй. Тэглээ гээд дандаа шүүмжлээд явалтай биш. МАХН-д Д.Тэрбишдагва, Ч.Улаан, Ц.Шаравдорж, Ц.Оюунбаатар нарын дажгүй дотно харилцаатай хүмүүс байлаа.
Д.Тэрбишдагва ах гэхэд л надтай хэдэнтээ уулзаж, “МАХН-д элсээч, энд хамтарч ажиллаад бодлогоо хэрэгжүүлэх боломж байна. Н.Энхбаяр дарга ч бас их өөрчлөгдөж, том бодлого ярьж байгаа. Чамайг олон хүн дэмжиж байна” гэсэн. Дараа нь Н.Энхбаяр даргатай уулзсан. Монголд “Хүний нөөцийн алтан сан” байгуулж, хөгжлийг түргэтгэх бодлогын асуудлууд дээр санал нэгдэж байлаа. Ингээд, эргэцүүлж бодоод МАХН-д элссэн. Улстөрчийн хувьд өөрийн бодол, тооцоогоор явсан хувь хүний л шийдвэр.
-Тооцоо гэдэг нь..?
-2021 онд МАН-ын 100 жилийн ой тохионо. МАН нэртэй явсан түүх бага ч, эхлэл, өнөөдөр хоёр нь жин дарна. МАХН нэртэй явсан жилүүдэд их бүтээн байгуулалт өрнөж, Монгол Улс сэргэн мандсан. Энэ түүхэн ойг тэмдэглэх сонирхол хоёуланд нь байгаа. Монголд хамгийн том зохион байгуулалттай, хүчирхэг нам шинэчлэгдэж, нэр бүтэн, түүх бүрэн болж сэргэн, 100 жилийн ойгоо ард түмэнтэйгээ тэмдэглээсэй.
Үүнийг дагаад улс төрийн амьдралд шинэ үйл явц өрнөөсэй гэсэн өөдрөг бодол тээж явсан. Өнгөрсөн оны хавар Эх орончдын өдрөө хамтарч тэмдэглэе хэмээн бидний санаачлан уриалсан, миний гарын үсэгтэй бичиг МАХН-аас МАН-д очиж, энэ өдрийг хамт тэмдэглэснийг санаж байгаа биз. Тэр тохиолдын хэрэг байгаагүй. Цаашлаад, УИХ-ын сонгуулийн дараа эвслийн (хамтарсан) Засгийн газар байгуулна гэж хувьдаа тооцсон.
Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулахаар оролдоно гэдгийг мэдэж байсан ч, арай ч, өчнөөн жил ярьж байж Сонгуулийн хуульд суулгасан том шинэчлэл болох холимог тогтолцоог буцаагаад мажоритар болгочихно гэж бодоогүй. Өмнөх Сонгуулийн хуулийн үндсэн зарчмыг хадгалагдсан нөхцөлд МАН 40-45 суудал, МАХН дээд тал нь 15, хамгийн багадаа таван суудалтай болохоор харагдаж байсан.
Ийм нөхцөлд, МАН, МАХН эвсэж Засгийн газар байгуулах нөхцөл зайлшгүй үүсэх байсан юм. Ингэснээр Ерөнхийлөгчийн сонгууль болон бусад асуудалд намын бааз сууриа нэгтгэх нь ашигтай болох тул удирдлагууд дуртай ч бай, үгүй ч бай, хамтран ажиллах, нэгдэж нийлэх зам руу түлхэгдэн орох байв.
МАН, МАХН нэг цул хүчин болох энэ завсар намын удирдлага, удирдах арга барилд хүссэн, хүсээгүй өөрчлөлт орно. Ингэхээр шинэчлэлийн үйл явц улам эрчимжинэ гэж тооцож байсан.
-Энэ төсөөлөл, төлөвлөгөөгөө та өөр бусадтай хуваалцаж байв уу?
-Намайг сайн мэдэх нэг нь гадарлаж л байсан байх. Ер нь хүн, ялангуяа улс төрд яваа хүн зарим санаагаа бусдад хэлж, ярихгүйгээр ажил болгох шаардлагатай тулгардаг. Бүх зүйл болоод өнгөрсөн болохоор л өөрт чинь ярьж байна. Одоо үүнийг ярихаар гэнэн гэж хэлэх хүн ч гарч магадгүй. Бодож байсан маань зөрсөн. Хүний бодол, тооцоолол зөрөх, алдах тохиолдол алийг тэр гэх вэ.
Гэхдээ МАН 65 суудал авсан нь сонгуулийн дүн талаас нь харвал том амжилт боловч улс төрийн ирээдүй, иргэдийн дэмжлэг талаас нь авч үзвэл амаргүй, ээдрээтэй сорилттой тулгарч байна. Хамгийн олон гишүүнтэй, том бүтэцтэй, хүчтэй намынхаа хувьд МАН 10 жилийн цаадхыг харж, жижгэрсэн гэж басалгүй, ганц удирдлагатай нь бус, МАХН-тай хамтран ажиллах, ойртох бодлогоо үргэлжлүүлэх ёстой. Үүнийг би аль алинд нь ажиллаж, дотор нь байсан, одоо гаднаас нь харж буй хүний хувьд хэлж байгаа юм.
-Та МАН-ын ерөнхий нарийн бичгийн даргад нэр дэвшээд, 18-хан хүний саналын зөрүүгээр ялагдсан. Тэр үеийн гомдол тань тайлагдахгүй явсаар намаас гарахад хүргэсэн гэх таамаг өнөө ч оршсоор...
-Намын ерөнхий нарийн бичгийн даргад өрсөлдсөн маань 2013 оны аравдугаар сард болсон явдал. Би 2015 оны есдүгээр сард намаас гарах өргөдлөө өгсөн. Хоёр жилийн дараа гэсэн үг. Хүн гомдож болно. Гэхдээ эрүүл ухаантай л бол хоёр жил үргэлжилдэг гомдол гэж юу байх вэ.
Ядаж л тэр хугацаанд гомдол тайлагддаггүй юм гэхэд тайвширдаг юм байгаа биз дээ. Яагаад гарсан тухайгаа дээр хэлсэн шүү дээ. Намд том нөлөө үзүүлээгүй байж болох ч намын нэгэн гишүүний хувьд эсэргүүцлээ хамгийн чангаар, дээд хэмжээнд илэрхийлж байгаа нь “Би гарлаа” гэсэн үг шүү дээ.
-Тэр үед заримдаа Та нэлээд бухимдуу байх шиг харагддаг байсан?
-Миний хувьд уурлаж, бухимдах зүйл юу байсан бэ гэвэл, хүн өөрт чинь шударга бус хандаж, тийм зүйлийг хажууд чинь зохион байгуулаад байвал хариу барьж, байр сууриа илэрхийлэх ёстой биз дээ. Ерөнхий нарийн бичгийн дарга сонгох санал хураалтын дараа би нэг хүний нэр зааж мэдэгдэл хийснийг санаж байна уу?
-“Авлигын загалмайлсан эцэг бол Т.Бадамжунай тэргүүтэн. Т.Бадамжунай гэдэг мафи шоронд ороогүй цагт Монголд авлигачид жаргаж, олон түмэн айдас доромжлол амссаар байх болно” гэж үү?
-Харин ч би хамгийн зөөлөн хэлбэрээр илэрхийлсэн. Ганц хүн рүү хаягласан нь хатуудсан байх. Түүнээс хойш олон зүйл яриагүй. Ярих ч шаардлага байхгүй. Түүнийг гомдол байсан гэж хэлбэл ард нь хорсол байгаагүй. Айхтар хорсол тээж байсан бол хэлж яриад явах зүйл надад байж л байсан.
Улс төрийн амьдралд янз бүрийн эрсдэл тулгарна, шударга бус зүйлтэй ч нүүр тулна гэдгээ улстөрч мэддэг байх ёстой. Би харьцангуй тэвчээртэй байхыг хичээдэг. Хүн чамд нэг, хоёр удаа шударга бус хандаж болно, түүнийг тэвч. Харин гурав дахь удааг нь хүлээж авах ёсгүй. Энэ бол миний баримталдаг зарчим.
Үнэндээ надад өнгөрсний тухай ярих сонирхол алга. 2017 оны дөрөвдүгээр сараас өмнөх үйл явдлууд руу хувь хүнийхээ хувьд эргэж зөндөө л харлаа. Өнгөрснөө харахад сайхан зүйл ч олон байх юм, санаанд хүрэхгүй нь ч нэлээд бодогдох юм. Энэ талаар хүнд ярьж, хуваалцаад байх өөрт ч, өрөөлд ч сонин биш.
Тэр тусмаа ирээдүйгээ өөдрөг төсөөлж буй хүний хувьд тэр тухай бодоод суух нь ажил, амьдралд саадтай. Ид насандаа яваа хүний хувьд хийх ажил, сонирхож, оролдох зүйл олон байна. Ер нь энэ сэдвийг өөртөө энэ ярилцлагаар хаагаад, бодох, бичихэд цагаа зарцуулъя гэж бодож байна.
-Сонгогчид, МАН-ын ахмад улстөрчид таныг ирээдүйтэй, хол явах залуу боловсон хүчин гэж үнэлж байсан цаг саяхан.
Гэтэл хэний ч төсөөлөөгүй шийдвэр гаргаж, “сонирхолтой” сонголт хийсний тань учрыг сонсмоор байлаа. Ингэж сонирхсон хүн ганц би ч биш байх?
-Зөрүүд гэж бодно уу, гомдомхой гэж бодно уу, өөр өөрсдийнхөөрөө л бодохоос. Ийм л юм боллоо. Би бол өнгөрсөн хугацаанд хийсэн ажлаа чамлахгүй байгаа. УИХ-ын гишүүнээр сонгогдсоноосоо эхлэн тоолох юм бол би улс төрд зургаан жил л болсон.
УИХ дахь намын бүлгийн хуулийн бодлогын зөвлөх, Сонгуулийн ерөнхий хорооны нарийн бичгийн дарга, ЗГХЭГ-ын тэргүүн дэд дарга гээд гүйцэтгэх, арын албанд ажилласнаа оруулбал 16-17 жил төрийн болон улс төрийн гал тогоонд явжээ.
Залуу, халуун насны эрч хүчээр төр, түмнийхээ төлөө зүтгэхдээ ажлаа цалгардуулж, хийдүүлээгүй. Буруу зөрүү зүйл хийгээгүй.
-Ойрын ирээдүйд юу хийхээр төлөвлөж буйг тань сонирхож болох уу?
-Эрдэм номын ажлаа хийсэн нь илүү үр дүнтэй байх. Улс төрийн намын ажилд тэгтлээ дурлаж гүйгээд байх ямар хэрэг байсан юм бэ гэж заримдаа боддог. Уг нь намын ажлын төлөө өрсөлдсөн маань илүү том амбийц, илүү том зүйл хийх сонирхолтой минь холбоотой. Би улс төрийн шинэчлэл хийхэд томоохон хувь нэмэр оруулъя гэсэн бодолтой байсан юм.
Тэр хүрээндээ УИХ-ын гишүүн байхдаа сонгуулийн шинэчлэл хийж, эрх зүйн орчныг өөрчлөх ажлыг гардсан. Түүний залгаас болгож намын шинэчлэл хийх байсан. Намыг шинэчлээд захиргааны (төрийн албаны) шинэтгэл рүү орох байлаа. Бүгд хоорондоо уялдаатай.
Сонгуулийн шинэчлэл хийчихээд дараагийн парламентад сонгогдож чадаагүй учраас Улс төрийн намын тухай хуулийг шинэчлэх ажлаа үргэлжлүүлэх боломжгүй болсон. Тиймээс улс төрийн хамгийн том намын удирдлагад ажиллаж, намын шинэчлэлийг гардан зохион байгуулъя гэсэн бодолтой явсан юм. Тэр маань бүтээгүй ч одоо эдгээр дутуу үлдээсэн ажлаа бүтээл болгох санаатай сууна.
Дээр хэлсэнчлэн, залууст зөвлөж туслахаас биш элдэв өрсөлдөөнд хутгалдаж оролцоод явах бодол алга. 2008, 2012, 2016 оны УИХ-ын болон намын дотоод сонгууль, намын нарийн бичгийн дарга, ерөнхий нарийн бичгийн даргын хувиар орон нутгийн болон Ерөнхийлөгчийн сонгууль, саяын УИХ-ын сонгууль гээд сүүлийн хэдхэн жилийн дотор хэчнээн ч сонгуульд өөрөө биечлэн өрсөлдөж, өрсөлдөж буй нөхдөө идэвхийлэн дэмжиж явав.
Одоо өрсөлдөөнөөс түр холдъё доо. Би чинь бас бусад хүнтэй л адилхан амьдрах, амьжиргаагаа залгуулах ёстой. Улс орны маань байдал сайнгүй байгаа ч гэлээ бүтэж болох аар саар боловч ажлаа хөөцөлдье. Хувийн асуудалдаа анхаарахаар энд тэндээс олон юм гарч ирэх бололтой.
Албаны ажил хийж байхад түүндээ анхаараад, ажилтай гэдэг далбаан дор анзаараггүй явдаг байж. Албаны ажил үгүй болохоор жижиг гэлтгүй юм болгон маньдаа том асуудал болчих юм.
-Илэн далангүй ярилцсан Танд баярлалаа.
-Танд ч бас их баярлалаа. Дашрамд, миний ажиллаж байсан Монгол Улсын сонгуулийн төв байгууллагын маань 25 жилийн ой өнөөдөр (өчигдөр) тохиож буй. Сонгуулийн төв байгууллагын үе үеийн ажилтан, хамтран зүтгэгчдэдээ баярын мэнд хүргэе.