Швед улсад ажиллаж, амьдарч буй “Шинэ цирк” уран нугаралтын төвийн жүжигчин, загвар өмсөгч, йогийн багш Г.Ганцэцэгтэй ярилцлаа.
-Сайн байна уу. Таныг уран нугараач бас цагираг шаггүй тоглодог гэдгийг тань мэдэх юм байна. Манай уншигчдад өөрийгөө танилцуулна уу?
-Арван настай байхад ээж маань Улсын циркийн дэргэдэх “Отгоо” студийн босгыг алхуулсан. Түүнээс хойш 16 жил өнгөрчээ. Би уран нугаралт гэхээсээ цагираг, агаарын гимнастикийн төрлөөр дагнан хичээллэдэг байв. Энэ хугацаанд Итали, Герман, Франц, Орос, Хятад, Доминикан, Перу болон Испанийн 13 хот, 4-5 арлаар аялан тоглож, Монгол Улсынхаа нэрийг дэлхийд таниулж явсан. Красноярскийн өсвөрийн циркчдийн наадмаас медаль авч байлаа.
Түүнчлэн “Марко Поло” кинонд тоглосон “Хөх Монгол” хөгжмийн хамтлагийн бүрэлдэхүүнд багтан, олон улсын “Dell Orient” наадамд хоёр удаа оролцож байв. Уг наадамд цаатан, монгол бүжиг бүжиглэсэн юм. Мөн “Азийн модель” агентлагт Ч.Содтуяа, Х.Бадамгэрэл багшийн шавь болж, “Miss Mongolia 2012”-д оролцон, өөрийгөө өөр зүйлд сорьж үзлээ. Олон улсад багшлах эрхийн үнэмлэхтэй йогийн багш болсон учир одоогоор мэргэжлээрээ ажиллаагүй, Швед улсад йогийн дугуйлан хичээллүүлж байна.
-Хэн бүхний зориглон ордоггүй циркийн урлагт хүчин зүтгэж байгаад яагаад хүний нутагт ажиллаж, амьдрах болов?
-Охиныхоо аавтай танилцаад, энд ирсэн юм. Хувийн амьдралаа төвхнүүлэхээр шийдсэн гэх үү дээ.
-Эх орон элгэн саднаасаа хол байх хэцүү юү?
-Би энд дөрөв дэх жилдээ амьдарч байна. Сүүлийн хоёр зун Монголдоо очсон. Мэдээж эх орон, ээж, гэр бүлээс илүү үнэ цэнэтэй зүйл энэ хорвоод байхгүй. Яах вэ хүний нутагт зовоод байгаа юм алга. Охин маань энд төрж, өссөн.
Одоо цэцэрлэгт явж байгаа. Швед их сайхан орон. Өөрт байгаа бүхнээ эергээр харах юм бол бүгд сайхан. Харин сөргөөр харвал юу ч байсан хар бараан юм шиг санагдана. Тиймээс надад хүний нутаг шиг санагддаггүй.
-Йогийн багш болохоор хэрхэн шийдэв?
-Багаасаа дасгал, хөдөлгөөн их хийсэн надад йогоор хичээллэхэд дөхөм байсан. Йогоор хичээллэх маш сайхан. Шархдахаас илүүтэй сэтгэл хөндүүрлэх нь хүнд хамгийн хэцүү байдгийг би мэдэрсэн.
Тиймээс л бясалгалын хүчээр хүнд хэцүү үеэ даван туулж, цээжин дэх буглаагаа арилгаж чадсан болохоор йогт дурласан.
-Одоо ажиллуулж буй дамжаанд нь ямар хүмүүс хичээллэж байна вэ?
-Ихэвчлэн 30-аас дээш насны, Шведэд ажиллаж, амьдардаг монгол эмэгтэйчүүд хамрагдаж байна. Нуруу өвддөг, хуян хөөрдөг, нойргүйдэлтэй хүмүүс ирдэг.
Тэд хэсэг хугацааны дараа йогийн хүчээр өвчнөөсөө ангижирч, сайхан үр дүнд хүрдэг. Нойр нь хүрдэггүй байсан хүн нам унтдаг болж, нуруу нь өвдөн, хуян хөөрдөг нь хөнгөрчихлөө гээд гарахад баярладаг.
-Эх орондоо ирээд аль чиглэлээрээ ажиллах вэ?
-Очоод сурах бодолтой байгаа учраас тийм чиглэлээр ажиллана гэж хэлэхэд эрт байна. “Andra International management” агентлагийн багш, топ модель Х.Бадамгэрэл “Миний дүү хүссэн үедээ ирээд, бэлтгэлээ хийн, тайзан дээр гарч болно” гэдэг. Надад тийм хүсэл маш их.
Ер нь урлагийн хүн тайз, алга ташилтаас хол байхаар хайрцагт түгжигдсэн мэт гадаад ертөнцөөс өөрийгөө тусгаарлаж эхэлдэг юм шиг байна. Олон хүнтэй харилцаж, олны дунд байсан хүн гэнэт түүнээсээ хөндийрөхөөр их бухимддаг. Тиймээс урлагийн тайзаа орхихгүйг хичээнэ.