АШУҮИС байгуулагдаад 75 дахь жилийнхээ нүүрийг үзэж буй ч ирэх оноос л сургалтын эмнэлэгтэй болох гэж байна. Энэ талаар тус сургуулийн захирал, доктор, профессор Г.Батбаатартай ярилцлаа.
-2018 онд АШУҮИС анх удаа сургалтын эмнэлэгтэй болох гэж байгаа. Та энэ ажлаар Япон яваад ирсэн гэл үү?
-Манай үе үеийн удирдлага их сургуулийн сургалтын эмнэлэгтэй болох хүсэлтээ маш олон газар тавьж байсан. 2013 оны наймдугаар сард би сонгон шалгаруулалтаар энэ сургуулийн захирал болоод маргааш нь Японы Элчин сайд асан Такинори Шимизүтэй уулзаж тодруулсан юм. Тэгтэл “Газрын асуудлаа шийдээгүй учраас энэ төсөл хэрэгжих боломжгүй” гэж хэлсэн.
Би “14 хоногийн дотор газрын асуудлаа шийдвэрлэе” гэж гуйсны эцэст Баянзүрх дүүргийн XII хорооны нутагт эмнэлгийн зориулалтаар ашиглах найман га газар авч чадсан. Ингээд эргээд Элчин сайдтай уулзахад “Миний эрх мэдлээс давлаа. Японд очиж ЖАЙКА-гийн хүмүүстэй уулз” гэсэн. Тэгээд Япон улсын Боловсролын яамны дэд сайдаар нь дамжуулан төслийн хүмүүстэй уулзсанаар өнгөрсөн дөрөвдүгээр сарын 1-нээс барилгын ажил эхэлсэн.
Барилгын ажил 30-аад хувийн гүйцэтгэлтэй явж байна. 2018 оны зургадугаар сард дуусна. Манай улсын болон хувийн томоохон эмнэлгээр япончууд явж, судалгаа хийгээд “Эмнэлгийн зориулалттай орчин үеийн барилга алга” гэсэн дүгнэлтэд хүрсэн. Энэ нь Монгол Улсад эмнэлгийн зориулалтаар, өндөр технологиор барьж буй анхны эмнэлэг юм.
-Эмнэлгийн тоног төхөөрөмжийг Японы “Марубени” компани нийлүүлэхээр болсон гэсэн байх аа?
-Эмнэлгийн 270 багц багаж, тоног төхөөрөмж нийлүүлэх тендерт дэлхийд алдартай “Марубени” компани шалгарсан. Энэ нь зөвхөн АШУҮИС бус, эрүүл мэндийн салбарт түүхэн үйл явдал болж байна. 14 сая ам.долларын өртөг бүхий тоног төхөөрөмж нийлүүлэх гэрээнд Монгол Улсаас БСШУСЯ-ны Хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийн хэлтсийн дарга Н.Отгонбаяр, “Марубени” компанийн гадаад харилцаа хариуцсан захирал бид гурав гарын үсэг зурсан.
Монголд дутагдалтай байгаа MRI, компьютер томографи, ангиографи, маммографи гэх мэт томоохон багажуудаа 2018 оны зургадугаар сараас эхлэн суурилуулна. Долдугаар сарын 31 гэяхэд дуусах юм. Эдгээр тоног төхөөрөмжөө ажиллуулах сувилагч, техникийн ажилтнуудаа сургалт явуулахаар тохирсон. Өндөр техник технологиор тоноглогдсон энэ эмнэлэгт хэн ажиллах вэ гэдэг чухал.
Тиймээс бид ЖАЙКА-гаас техникийн хамтын ажиллагааны бас нэгэн төсөл авч чадсан. Тус төслийн хүрээнд манай сургуулийн 100 гаруй эмч, техникийн ажилтныг таван жилийн хугацаатайгаар Японд онолын болон, клиник, техник, харилцааны ур чадвар эзэмшүүлэх сургалтад хамруулах юм. Эмнэлэгтэй болоод, хүнээ сургаад авсан байхад оношилгооны түвшин эрс сайжирна.
Үүний дараа эмчилгээний асуудал яригдана. Монголын зах зээлд борлуулж буй эмийн 60 орчим хувь нь хуурамч буюу үйлчилгээ султай гэж ДЭМБ-ын тайланд дурдсан байдаг. Гэтэл дэлхий дээр импортоор эмээ авдаггүй цорын ганц орон Япон. Маш чанартай эм үйлдвэрлэдэг. Нэгэнт манай улсад япон технологиор барьсан эмнэлэгтэй болж байгаа юм чинь мөн тус улсаас эм авах асуудлыг ярилцаж, гэрээ байгуулахаар боллоо.
-Японы анагаах ухааны хөгжлийн талаар хүмүүс маргахгүй байх. Гэхдээ япон эм хэрэглэнэ гэдэг туйлшрал биш үү?
-Сүүлийн 20 жилийн дотор Анагаах ухааны салбарт Япон улсын 12 судлаач Нобелийн шагнал хүртсэн. Тэгэхээр Япон улсын анагаахын шинжлэх ухааны хөгжил нь дэлхийд тэргүүлж байгааг илтгэж байна. Японы нийгмийн халамж, эрүүл мэндийн даатгалын тогтолцоо нь их зөв бүтэцтэй. Эм, хүнсэндээ хамгийн хатуу хяналт тавьдаг.
Антибиотек, өвчин намдаах эм зэргийг манайх шиг эмчийн жоргүй олгодоггүй. Ингэж хүнээ хамгаалж байна. Эмэгтэйчүүдийнх нь дундаж наслалт 89, эрэгтэй 87 нас болчихлоо. Үүнд нөлөөлж буй гол хүчин зүйл нь анагаах ухааны хөгжил гэдэгтэй маргах аргагүй биз ээ.
-Манай улсаас нэг ч төгрөг гарахгүйгээр их сургуулийн эмнэлэгтэй болох гэж байна гэж ойлголоо. Төслийн нийт өртөг хэд вэ?
-Улсын төсөв болон манай сургуулийн санхүүгээс нэг ч төгрөг гарахгүй. Төслийн нийт хэмжээ нь 100-гаад сая ам. доллар. Энэ нь Монгол Улсын эрүүл мэндийн салбарт оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалтын нэг учраас хоёр улсын Засгийн газар үүнд их анхаарч байгаа. Филлипин, Африкийн орнуудад Япон улс төслийн шугамаар эмнэлэг барьж өгсөн ч тэдгээр нь үр дүнтэй ажиллаж чадаагүй түүх байдаг юм билээ.
Яагаад гэхээр эмнэлгийн тоног төхөөрөмжийнхөө ханган нийлүүлэх асуудлыг шийдвэрлэж чадаагүй. Бид ийм байдалд орохгүйн тулд эмнэлгийн хэрэгсэл ханган нийлүүлдэг “Ягами” компанийхантай уулзаж, хамтран ажиллах гэрээ байгуулсан. Ингэснээр эмнэлгийн тоног төхөөрөмжийн дагалдах хэрэгслийг татан авах бололцоо бий болж байна.
Манайд нийлүүлэх тоног төхөөрөмжөө үйлдвэрлэж эхэлсэн. Жилийн дараа бид ард түмний хүсэн хүлээсэн чанартай үйлчилгээтэй, өндөр техник технологи, багаж төхөөрөмжөөр тоноглогдсон эмнэлэгтэй болох нь. Энэ бол манай сургуулийн үе үеийн удирдлагууд, ахмад багш нарын 70 гаруй жилийн мөрөөдөл. Энэ мөрөөдөл аз таарч, бидний үед биелж байгаад баярлаж сууна.
Сүүлийн хэдэн жил л манай сургууль Эмнэл зүйн ур чадварын төвүүдтэй боллоо. Харин ЖАЙКА-гийн төслийн бус тусламжаар 250 мянган ам.доллароор оюутнуудын дадлага хийх ур чадварын төв энэ ондоо багтан байгуулахаар боллоо.Тэдгээр нь тариа буруу таривал ёолно, орилно, зүрхний бичлэг, уушгины авиа тодруулах боломжтой эмнэлзүйн дадлага хийх зориулалт бүхий муляжууд байх юм.
Мөн Японы Олон улсын эрүүл мэнд, нийгмийн хамгааллын их сургуульд манай сургуулийн хоёр оюутан сурч байна. Тус сургуульд жил бүр хоёр монгол оюутан сургахаар ярилцаж тохиролцлоо.
-Хэчнээн төрлийн тусламж, үйлчилгээ үзүүлэх бол?
-Мэс засал, дотор, хүүхэд, эмэгтэйчүүд, чих хамар хоолой, нүд, болон яаралтай тусламж гэсэн үндсэн долоон чиглэлээр тусламж үзүүлнэ. Манай эмнэлгүүдэд бүрэн тоноглогдсон яаралтай тусламж үзүүлэх төв байхгүй байна. Тиймээс амь тэмцсэн үеийн яаралтай тусламжийг улсын хэмжээнд үзүүлэхийг эмнэлгийнхээ нэн тэргүүний зорилго болгож байгаа. Шаардлагатай багаж төхөөрөмж авахаар болсон.
Мөн эмнэлгийг удирдах менежментийн баг бүрдүүлнэ. Менежментийн багийн 16 хүнээ ирэх сарын 1-нээс Япон улсад сургана. Өндөр хөгжилтэй оронд тухайн байгууллагыг авч явах хүмүүсийг бэлтгэдэг. Харин манайд маш сайн эмч нарыг дарга болгочихдог. Уг нь сайн эмч хүнээ эмчлээд явах хэрэгтэй. Эсвэл улс төрийн зорилгоор хэн нэгнийг даргын суудалд залчихдаг. Үүнээс болж олон төсөл үр дүнгүй болсон байдаг. Бид үүнийг давтахгүйн тулд хичээн ажиллаж байна.
-Их сургуулийн эмнэлэгт шилдэг эмч нар ажиллана гэж харж байна. Өөр эмнэлгийн эмч нарыг ажиллуулах уу?
-40-50 эмч,100 гаруй сувилагч, техникийн 30-аад ажилтантай байхаар төлөвлөсөн. Манай сургууль эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа 40 мянга гаруй эмч, ажилчдын 90-ээд хувийг дангаараа бэлтгэдэг. Бусад эмнэлгийн үйл ажиллагааг доголдуулахгүйг бодно. Гэвч их сургуулийн эмнэлэгт ажиллах хүсэлтэй, гадаад хэлтэй чадварлаг залуусыг дуртай хүлээж авах болно.
Гэхдээ Анагаах ухааны сургуульд 140, Био анагаахын сургуульд 150-иад эмч багш ажиллаж байна. Хүний нөөц хангалттай. Харин сувилагчийн хүрэлцээ тааруу байгаа. Тиймээс манай улсад Элчин сайдаар ажиллаж байсан Такинори Шимизүтэй Японд байхдаа уулзаж, цогцолбор эмнэлгийн дэргэд Сувилахуйн сургууль барихаар ярилцлаа.
Японы сургалтын хөтөлбөрөөр мэргэжилтэн бэлтгэх тухай ч санал солилцсон. Хэлэлцээр амжилттай болбол 2018 онд Сувилахуйн шинэ сургуулийн барилгын ажлыг эхлэх байх.
-Таны хэлснээр ард түмний хүсэн хүлээсэн эмнэлэг нь ард түмэндээ хэр хүртээмжтэй байх бол. Өөрөөр хэлбэл, харьяалал харгалзахгүй үйлчлэх үү?
-Эрүүл мэндийн яамнаас 33 эмгэгийг Монголд оношилж, эмчилж чадахгүй гэдгээ зарласан. Гэтэл зүгээр л зарлаад орхисноос өөрөөр ямар төлөвлөгөө гаргаж, яаж ажиллахаа дурдаагүй. Харин бид тэдгээр эмгэгийг судалж үзээд 33 гэсэн тоог 21 болгох зорилго тавьсан. Эхний хоёр жилд 12 эмгэгийг бид эмчилж, оношлохоор багаж, төхөөрөмжөө авч, хүнээ бэлтгэж байна.
Ингэж чадвал эрүүл мэндийн хөгжилд том хөрөнгө оруулалт болох юм. Мөн эмнэлгийнхээ хажууд Төв Азийн шинжилгээний лаборатори байгуулах төслийг эхлүүлэхээр болсон. Багагүй өртгөөр зөвхөн эрүүл мэндийн бус, уул уурхай, хүнс, эм шинжлэх лаборатори байгуулах юм.
Өөрсдийн зорилгоо зөв ойлгуулж чадвал хөрөнгө татах бололцоо байна. Эмнэлэг маань амбулатори, хэвтэн эмчлүүлэх, яаралтай тусламж гэсэн гурван хэсгээс бүрдэнэ. Яаралтай тусламж нь улсын хэмжээнд, амбулаторийн үзлэг нь Баянзүрх дүүргийн иргэдэд үйлчлэх юм.
-Эмнэлгүүдэд өртөг өндөртэй, ховор тоног төхөөрөмж үр ашиггүй “хэвтэж” байдаг, зарим нь техник хэрэгслээ ашиглаж чадахгүй эвддэг тохиодол гардаг шүү дээ. Тиймээс техник дээр ажиллах сайн мэргэжилтэн бэлтгэх нь чухал болов уу?
-Эрүүл мэндийн салбарт хөгжлийн нэгдсэн бодлого дутмаг байгааг үүгээр харуулж байна. Жишээлбэл, Ядуурлыг бууруулах хөтөлбөрийн хүрээнд арваад жилийн өмнө 330 суманд биохимийн аппарат нийлүүлсэн. Энэ нь хувь хүний бизнес болоод л өнгөрсөн.
Хоёр жилийн өмнө Булган аймгийн Хутаг-Өндөр суманд очиход “ЭМЯ-ны төслөөр рентген аппараттай болсон” гэж байлаа. Гэтэл тэр нь үйлдвэрлэхээ больчихсон, зургийн хальсыг нь хоронд хийж угаадаг эд байсан. Үүнийг ашиглах боломжгүй. Сумын эмнэлгүүд төмрийн хаягдал цуглуулдаг газар биш шүү дээ. Бид одоо арай өөрөөр бодож, төлөвлөж, хөгжих цаг үе ирсэн гэдгийг хүн бүр ойлгох хэрэгтэй.