“Дугуй хээтэй Монголын
наадам
Дэлхийн дайтай Монголын
наадам
Босоо монгол бичигтэй
Үргэлж хүсэл зориг нь бадраг
Монголчууд мөнх тэнгэртээ
залбирдаг
Уул, ус, нутаг бүрэн бүтэн
байгаасай...”
хэмээн Г.Бямбасүрэн бичжээ. “Соёлын гавьяат зүтгэлтэн Ш.Гүрбазар гуайн шүлэгнээс авчихсан юм биш үү, утга найруулга гэж хэрэг алга аа” гэж та шүүмжлэх гэж байгаа бол түр азнаарай. Учир нь энэ шүлгийг бичсэн Г.Бямбасүрэн дауны эмгэгтэй. Ийм хүүхэд үг холбож, бичих нь бүү хэл, ярьж чадахгүй байх нь олонтаа.
Тиймээс гэр бүлийнхэн нь энэ зэрэгтэй бичиж байгаад олзуурхаж, гэрт нь ирсэн хүнд шүлгийг нь уншиж өгч, хүүгээрээ бахархдаг юм билээ. “Миний хүү Б.Амархүү, Д.Болд нарын дууг сонсох дуртай. Б.Амархүүгийн “Дугуй хээтэй наадам” дуунаас санаанд үлдсэнээ бичсэн байх.
Гэхдээ өөрөө бодож, үг, өгүүлбэр холбож байгаад нь баярладаг. Сургуулийнхаа урлагийн үзлэгээр уншихад нь дотор огшоод л ирсэн” гэж түүний ээж У.Оюунчимэг ярив.
Жаргал, зовлон, баяр, гуниг ээлжилсэн энэ хорвоод хүн бүр өөрийн гэсэн хувь тавилантай. Бидний дунд Г.Бямбасүрэн шиг хүн олон бий. Гэвч бид тэднийг нийгмээс ялган гадуурхаж буйгаа ч анзаарахгүй яваа. Эхээс төрөхдөө л ийм эмгэгтэй болсон хүүхдэд ямар ч сонголт байхгүй.
Биднээс нэг хромосом илүү тэд бойжилт дутуу, жин багатай төрдөг (Ураг эхийн хэвлийд бүрэлдэх явцад хүний 46 хос хромосомын 21 дэх нь хуваагдлын үед бүрэн салаагүйн улмаас дауны синдром үүсдэг гэж судлаачид дүгнэсэн байдаг). Үеийнхнээсээ бие, сэтгэцийн хөгжлийн хувьд хоцорч, элдэв өвчинд өртөмтгий, хараа, сонсгол, зүрхний эмгэгтэй байдаг аж. Тиймээс тэдудаан амьдардаггүй гэж эмч нар хэлдэг.
Одоогоос 20 жилийн өмнө Г.Бямбасүрэнг энэ хорвоод мэндлэхэд эцэг, эх нь эмч нараас яг ийм хариулт сонсчээ. Арван сар тээж, ангир уургаа амлуулсан бяцхан үрийг нь “Урт наслахгүй байх шүү” гэж шулуухан хэлэх эмчийн үгэнд ихэд гомдсоноо У.Оюунчимэг ярив.
Дауны синдромын тухай огт сонсож байгаагүй аав, ээжүүд эмч нараас халуун дотно үг сонсох гэж очоод зүрхээ зүсүүлээд буцдаг гэнэ. “Би хүүгээ 38-тайдаа төрүүлсэн юм. Тухайн үед эмч нар хожуу хүүхэд төрүүлсэнтэй холбож тайлбарладаг байлаа. Сүүлд нь тийм биш гэдгийг мэдсэн. Залуу эмэгтэйн анхны хүүхэд нь хүртэл ийм эмгэгтэй төрсөн” гэж тэрбээр хэлсэн юм.
Түүний бие базаахгүй, хүү нь салхин цэцэгтсэн байсан ч ярилцлага өгөхийг зөвшөөрсөн юм. Том охин Г.Лхамдулам нь “Өглөөний Лхамаа” гэдгээрээ олонд танигдсан “ТВ-9” телевизийн редактор. Тиймээс сэтгүүлчийн ажил мэргэжлийг сайн ойлгодог гэж тэрбээр хэлсэн. Г.Бямбасүрэнг хамгийн их эрхлүүлдэг нь хоёр дахь эгч Г.Чимэдлхам. Өдгөө тэрбээр АНУ-д сурч буй.
Хоёр сайхан охины араас мэндэлсэн, удам залгах хүү нь төрөлхийн эмгэгтэй төрнө гэж хэн санах билээ. Шашин шүтлэг, яс үндэс үл харгалзан хэн ч ийм хүүхэд төрүүлж болохыг анагаах ухаан хүлээн зөвшөөрдөг. Нэгэнт ийм эмгэгтэй төрсөн л бол эмчлэх боломжгүй.
“Бусдын хүүхэд эрүүл саруул байхад яагаад миний хүүхэд гэж. Бусдад ямар буруу зүйл хийлээ” гэж дэрээ нэвтэртэл уйлж хоносон шөнүүд, өрөөл бусдаас өөр ч гэсэн хайр татах бяцхан үрээ харж баяссан цаг хугацаа минь миний амьдрал юм даа. Эхэндээ хүлээн зөвшөөрөхөд хэцүү байсан ч эцэстээ ийм эмгэгтэй хүүхдэд ч гэсэн давуу тал байдгийг ойлгож ухаарсан.
Дауны синдромтой хүүхэд их үнэнч, муу санаагүй, муухай юм хийе гэж огт боддоггүй. Хэн нэгэн хараагүй байхад ч аливаа юмыг зөв шударгаар хийдэг. Миний хүү хичээлээ тарж ирээд гэртээ ганцаараа байхдаа ч эмх цэгцтэй, цэвэр нямбай суудаг. “Хүчирхийлэлтэй, насанд хүрэгчдийн кино үзэж болохгүй” гэж хэлж ойлгуулсан байхад шууд л сувгаа солиод үздэггүй” гэж У.Оюунчимэг ярилаа.
Одоо үед ховорт тооцогдох үнэнч шударга занг нь давуу тал болгон тэднийг ажлын байраар хангах боломжтой гэнэ. Тэд ижил давтамжтай ажлыг хэнээс ч дутахгүй сайн гүйцэтгэж чаддаг аж. Харамсалтай нь, манайд ийм эмгэгтэй хүнийг ажиллуулах нь бүү хэл, тэдэнд зориулсан сургалтын хөтөлбөр, сургууль ч байхгүй.
Тусгай сургалттай 25 дугаар сургуульд дауны эмгэгтэй хүүхдүүдэд зориулсан нэг анги байдаг ч тэр нь насны ангилалгүй учраас хөгжүүлэх гэхээсээ халамжлах үүрэгтэй болчихдог гэнэ. Тиймээс У.Оюунчимэг, нөхөртэйгөө ярилцан хүүгээ гэрийнхээ ойрхон хувийн сургуульд сургаж байгаа юм билээ.
Нэг ангид 10 хүүхэд л сурдаг учраас Г.Бямбасүрэнд таатай байдаг аж. Дауны эмгэгтэй хүүхдүүд, дуу шуугиан, харанхуйгаас айдаг онцлогтой. Тиймээс улсын сургуульд оруулахаар олон хүүхдийн бужигнаан, дуу чимээг нь тэвчиж чаддаггүй гэсэн. Түүнийг улсын сургуульд хэсэг явуулсан ч зүрх нь дэлсээд хичээлдээ явж чадахгүйд хүрсэн тул гарсан гэнэ лээ.
“Урт наслахгүй” гэсэн эмчийн үгийг улиг болтлоо сонссон учраас Г.Бямбасүрэнгийн гэр бүлийнхэн түүнийг хөгжүүлж, сургая гэхээсээ ханиад томуу хүргэхгүй, эрүүл байлгахыг л чухалчилдаг байж. Гэсэн хэдий ч Г.Бямбасүрэн үсэг сурсан цагаасаа номтой нөхөрлөж, боломж л гарвал аав, ээжээрээ зурагтай ном авахуулдаг байжээ.
Түүний өрөөгөөр ороход номын санд нь “Монголын нууц товчоо”, “Чингисийн цадиг”, “Сорхугтани” “Чингис хаан” 20 цуврал гээд түүхэн сэдэвтэй ном өрөөстэй байлаа. Мөн “АХА” ном уншиж, “80 саяын уналт” нэвтрүүлэгт ормоор байна” гэж гэрийнхнээ шалдаг гэнэ.
Тэрбээр мөн спортод чамгүй амжилт гаргажээ. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Хонконгод болсон тусгай олимпод боулинийн төрлөөр оролцон, мөнгөн медаль хүртэж, эх орныхоо далбааг намируулсан гавьяатай. Дэлхийн зургаан орны хүүхдүүд өрсөлдсөн энэ тэмцээнд оролцоход нь түүний ээж хамгийн их урам зориг, итгэл найдвар хайрлажээ. У.Оюунчимэг өөрийн хүүгээс гадна өрөөлийн хоёр хүүхдийг хамтад нь дасгалжуулсан байна. Хэдийгээр өөрөө спортоор хичээллэдэггүй ч боулингийн техник, арга барилыг судлан тэдэнд зааж, дасгал сургуулилалтад нь байнга дагуулж явсны хүчинд гурвуулаа мөнгөн медаль хүртэв.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас түүнд сайн дасгалжуулагч гэсэн батламж гардуулсан гэнэ. Үүнээс өмнө буюу 2013 онд Г.Бямбасүрэн БНСУ-д болсон хөгжмийн тэмцээнд багаараа оролцон IV байр эзэлсэн бол 2015 онд Тайваньд зохион байгуулсан бочче болл тэмцээнд оролцож, хүрэл медалиар энгэрээ мялаажээ.
Энэ спорт манай улсад хөгжөөгүй бөгөөд гайхалтай нь тэрбээр интернэтээс харж, сурсан гэнэ. Боулингтой төстэй ч гадаа талбайд тоглодог энэ спортоор медаль авна гэж найдаагүйгээ түүний ээж У.Оюунчимэг хэлсэн. Бэлтгэл, сургуулилалт сайн хийвэл ийм эмгэгтэй хүүхдүүд урлаг, спортод амжилт гаргах магадлал өндөртэйг тэрбээр дуулгасан.
Гэр бүл ойр дотныхондоо хайр, баяр хөөр, амар тайван, аз жаргал мэдрүүлдэг онцгой хүүхдүүд учир тэднийг “Нарны хүүхдүүд” гэж нэрлэдэг юм билээ. Монголын дауны холбоонд 300 гаруй хүн бүртгэлтэй ч энэ нь албан ёсны тоо биш. Ялангуяа хөдөө орон нутагт ийм эмгэгтэй хүүхдээ хөгжүүлдэггүй, олон нийтийн газраар явуулдаггүй эцэг, эх цөөнгүй. Бидний дунд ийм өвчтэй хүн хэдэн зуугаараа амьдарч байхад төр засгаас анхаардаггүй нь харамсалтай.
Гадаад улсад ийм эмгэгтэй хүнийг төрөхөөс эхлээд буцах хүртэл нь харж хандаж, боловсрол олгон хөгжүүлж, эрүүл мэндэд нь анхаардаг гэнэ лээ. Тэр ч бүү хэл, дауны синдромтой хүмүүс гэрлэж, хүүхэдтэй болсон тохиолдол ч цөөнгүй аж. Харин манайд “Монголын дауны холбоо” гэх төрийн бус байгууллагаас өөр тэдний төлөө дуугарч буй газар алга. Гэтэл тэд бидэнтэй адил хайрлах зүрхтэй, урсах нулимстай шүү дээ.
Хэдийгээр Г.Бямбасүрэн энгийн хүүхдүүдтэй хамт сурдаг ч түүнтэй найзалж, нөхөрлөх хүн байдаггүй гэнэ. Ийм эмгэгтэй хүүхдүүд л нэгнээ илүү сайн ойлгож, нөхөрлөдөг болохоор “Монголын дауны холбоо”-ныхон тэднийг долоо хоногт нэг удаа уулзуулдаг байна. Эцэг, эхчүүд нь зовлон, жаргалаа хуваалцаж, хүүхдүүд нь инээлдэж, тоглоод сэтгэл амар байдаг гэж У.Оюунчимэг хуучилсан.
Тэрбээр “Дауны өвчтэй хүнийг урт насалдаггүй гэдэг ч 42 настай Шараваа гэж хүн бий. Түүнийг гэрийнхэн нь СЭМҮТ-д байлгадаг юм. Тэнд ажилладаг нэг сувилагчийн хүүхэд нь дауны өвчтэй. Тэр эмэгтэй хүүхдээ, бас Шаравааг дагуулаад бидний уулзалтад байнга ирдэг. Энэ холбооныхон хүүхдүүдэд маань амьдрах итгэл найдвар, урам зориг хайрладаг.
Хүүгээ би бурхнаас илгээсэн онцгой бэлэг гэж боддог. Ийм эмгэгтэй хүүхдүүд хэний гэрт төрөхөө өөрөө сонгодог гэдэгт итгэдэг. Тэд богинохон амьдралд хайр, баяр хөөр бэлэглээд буцдаг байх. Баяр наадам болохоор сэтгэлийн үгээ бичсэн мэндчилгээ бэлэглэж, олон улсын тэмцээн уралдаанд амжилт гаргасанд баярладаг юм” гэлээ.
Хүү том болохын хэрээр сэтгэл илүү
зовниж буйгаа тэрбээр учирласан. Хэзээ нэгэн цагт хүүгээ ганцааранг нь орхиод
явна гэхээс сэтгэл нь өвддөг байна. Ийм эмгэгтэй хүүхдүүдийг харж хандах сувил-
лын газар, итгэж үлдээх хүн байхгүй нь хамгийн том асуудал юм.