Хүүхдэд зориулан “Монгол орон”, “Манай нарны аймаг” гэдэг газрын зураг бүтээсэн Э.Цогттой ярилцлаа.
-Сайн байна уу. Хоёр төрлийн газрын зураг бүтээсэн зураач гэдгээс тань таны тухай өөр зүйл мэдэхийг хүсэж байна. Э.Цогт ямар мэргэжилтэй, юу хийдэг хүн бэ?
-Миний үндсэн мэргэжил бол бизнесийн менежмент. Энэ чиглэлээр Сингапурын “Raffles” сургуулийн Монгол дахь салбарт суралцаж, төгссөн. Одоогоор аялал жуулчлалын салбарт ажиллаж, гадаадаас жуулчид авчран, Монгол орныхоо үзэсгэлэнт байгальтай танилцуулж явна.
1998 онд байгуулсан “Монгол хаан” аяллын компанийг хоёр жилийн өмнөөс удирдаж эхэлсэн. Ажлынхаа хажуугаар зураг зурах дуртай. Дүрслэх урлагийн дээд сургуулийг хоёр жилийн өмнө дүүргэсэн.
-Бизнесийн менежмент мэргэжилтэй хүн яагаад зураг зурах болов. Хоёр ажил зэрэг амжуулж, багагүй зүйл хийжээ.
-Зураг зурах хообийгоо хөгжүүлэхийг зорьсон. Харин сайн багшийн шавь болсноор мэргэжлийн түвшинд зурахыг хичээх болсон. Аялал жуулчлалын салбарт ажиллаж байгаа минь аз. Зундаа ачаалалтай байдаг ч өвөлдөө хообийгоо хөгжүүлэх цаг зав гардаг.
-Ямар төрлөөр зурдаг вэ. Ханан дахь зурагнууд чинь их гоё юм.
-Сэргэн мандалтын үеийн реализм, орчин үеийн урлагийн төрлөөр голдуу зурах дуртай. Тухайлбал, зотон дээр тосон будгаар зурах сонирхолтой. Хөрөг, байгалийн зураг их зурсан.
Гэхдээ яг нэг сэдэвт баригддаггүй. Зураач хүн өөрийн гэсэн философи, дотоод сэтгэлтэй байдаг. Түүнийгээ хөгжүүлж, тодорхой нэг урсгал барьж авдаг. Миний хувьд өөрийгөө хараахан олоогүй л явна.
-Хүүхдүүдэд зориулан Монгол орны газрын зураг бүтээсэн. Мэдээж нэг учир байсан биз?
-Үүнийг хийх болсон нь их учиртай. Манай амралтын газар Төв аймгийн Эрдэнэ суманд байдаг юм. Тийшээ очиход Тэрэлжийн голоос цааш 30 км туулдаг. Тусгай хамгаалалттай газар нутгаар дамжин өнгөрдөг болохоор ямар ч тэмдэг, тэмдэглэгээ байдаггүй.
Зам нь төөрдөг байшин шиг олон салаа, бартаа ихтэй. Тиймээс жуулчдыг тийш нь ая тухтай, саадгүй аваачихын тулд ямар нэгэн санаа олох хэрэгтэй болсон. Хаяг, тэмдэг, тэмдэглэгээ тавьж болох байсан ч байгальд хог болж үлдэх учраас жижиг газрын зураг хийхээр шийдсэн. Түүндээ амралтын газар руу хүрэх замд хэнд ч харагдахаар сонин, содон бүгдийг дүрсэлж, буулгасан.
Тухайлбал, “Тэрэлжээс дөнгөж гарангуут замын баруун талд нь цахилгааны шугам бий. Энэ шугам төдөн км үргэлжилнэ. Шугам өнгөрөнгүүт урд нь тийм хэлбэртэй хад байгаа” гэх мэтчилэн зурж өгсөн. Уг зургийн дагуу ирсэн хүмүүс их ам сайтай байдаг.
Үүнээс үндэслэн Монгол орны газрын зургийг хүүхдэд ойлгомжтойгоор дүрслэхийг хүссэн. Ийм төрлийн бүтээл байдаг, эсэхийг интернэтээс хайхад олоогүй. Тиймээс хананд өлгөдөг, дэлгэмэл, газрын зураг бүтээж эхэлсэн.
Одооны хүүхдүүд ном унших нь бага болсон юм шиг санагддаг. Харин хананд байгаа зургийг хүүхэд харж сурах мэдрэмжээ ашиглан ойлгодог. Ядаж л өдөрт нэг газар, амьтны нэр цээжилчихнэ.
-Хүүхдэд зориулсан газрын зураг гэхээр юугаараа онцлогтой вэ. Ямар хугацаанд хийсэн бэ?
-Уг зурганд 21 аймгийн нэрийг тайлбартай нь, Монгол орны ховор амьтдыг таних шинжээр нь, үндэстэн, ястныг бусдаасаа ялгарах онцлогоор нь, гол, мөрөн, уул ус гээд бүгдийг дүрсэлсэн. Түүнчлэн монгол хүүхэд, хүн бүрийн хүндэлж, дээдэлж явах ёстой бэлгэ тэмдгийг онцгойлон оруулсан.
Тодруулбал, төрийн есөн хөлт цагаан сүлд, хүндэт харуулыг Монгол Улсын төрийн далбаатай хамт дүрсэлсэн. Дөрвөн сарын хугацаанд бүтээсэн энэ зурагт орсон дүрс бүхэн дахин давтагдахгүй.
Мянга гаруй дүрсийг шинээр зурсан. Хүүхэд энэ бүхнийг өөрийн нүдээр хараад Монгол орныхоо талаар анхан шатны мэдлэгтэй болно. Энэ нь цаашлаад бодит ертөнцтэй харилцаж, танихад тусална.
- “Манай нарны аймаг”-ийн зураг ч эндээс үүдэлтэй юү?
-Хүүхдэд цэгцтэй мэдлэг олгох нь чухал гэдэг. Ялангуяа, багаасаа системтэй сурсан хүүхэд зөв хүн болж төлөвшдөг. Тиймээс тэдний мэдлэгт дусал нэмэх дуртай. Гэхдээ тэр мэдлэгийг би түгээгээд байгаа юм биш. Хэнд ч нээлттэй байдаг зүйлсийг л эрж, хайж бүтээлдээ тусгасан.
“Манай нарны аймаг” зургийг ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Ч.Мөнхжаргал, МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн физикийн тэнхимийн багш Ж.Дөлгөөн нарын дэмжлэг, зөвлөгөөний дагуу тэдэнтэй хамтран бүтээсэн.
Нарны аймгийн нэр томъёо, үг хэллэгийг хүүхдийн сэтгэхүйд тохируулан хэвлэж, хураангуйлсан. Ингэснээр хүүхэд шинжлэх ухаанч мэдлэгтэй, өөдрөг хүсэл мөрөөдөлтэй болно.
-Хүн бүхэнд ямар нэгэн тэмүүлэл бий. Та юунд хүрэхийг зорьж явна вэ?
-Миний мөрөөдөл бас л хүүхэдтэй холбоотой. Тэдэнд зориулсан танин мэдэхүйн маш том прошдакшнтай болох сон гэж хүсдэг.