АШУҮИС-ийн Сувилахуйн сургуулийн захирал, ЭМЯ-ны Сувилахуйн ерөнхий мэргэжилтэн, доктор Н.Наранбаатартай ярилцлаа.
-Сувилагчийг эмчийн туслах л гэж хүмүүс ойлгодог. Сувилахуйн ухаан гэж чухам юу юм бэ?
-Сувилагчийг тариа тарьдаг, бумба тавьдаг, бариа засал хийдэг хүн л гэж ойлгодог. Гэтэл эрдэнэт хүний биеийг олж, энэ хорвоод ирсэн эхний өдрөөс эцсийн мөч хүртлээ авах тусламж, үйлчилгээг сувилагч үзүүлдэг. Магадгүй, хэн нэгнийг энэ ертөнцөд ирэхээс нь өмнө бас буцсаны дараа сувилагч тусламж үзүүлж байдаг.
Яаж гэхээр, ураг эхийн хэвлийд бүрэлдэх үеэс тухайн эмэгтэйг сэтгэл санаагаа хэрхэн тайван байлгах, ямар дасгал хийх, аавд нь архи, тамхи зэрэг буруу зуршлаа орхих талаар зааж зөвлөдөг хүн нь сувилагч. Хорвоогоос буцсаны дараа ч ар гэрийнхнийх нь сэтгэл санааг тайвшруулахад тэд оролцдог.
Тиймдээ ч АНУ, Япон, БНСУ зэрэг өндөр хөгжилтэй оронд хамгийн эрэлт хэрэгцээтэй 10 мэргэжлийн нэгд сувилагч багтдаг. Энэ хэрээр сувилагч мэргэжлийн үнэ цэнэ өндөр байдаг. Зарим улсад сувилагч эмчээсээ өндөр цалин авч байна. Гэтэл манайд бүх шатандаа сувилагчийг туслах гээд бодчихсон байх жишээтэй. Мэргэжлийн үнэлэмж, үнэ цэнэ маш доогуур байгаа нь сувилахуйн шинжлэх ухааныг хөгжүүлэхэд гол чөдөр тушаа болж байна. Монгол хүний эрүүл мэнд үндэсний аюулгүй байдалд хамаатай.
Эрүүл монгол хүнтэй байхын тулд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг сайжруулах хэрэгтэй. Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний гол цөм нь сувилахуй. Эмч өвчнийг эмчилдэг бол сувилагч өвчтөнийг эмчилдэг. Эмч өвчтэй хүний араас явдаг бол сувилагч урьдчилан сэргийлэхэд гол анхаарч ажилладаг. Манай улсад элэгний болон бусад хавдар, харшил, сүрьеэгийн өвчлөл их байна. Тиймээс хүнийг өвдөхөөс өмнө эрүүл байлгах нь сувилахуйн ухааны асуудал.
Сувилагчийг туслагч төдий бус багийн нэг гишүүн гэж харахгүй болохоор сувилахын тогтолцоо хөгжихгүй байна. Жишээлбэл, машины урд талын хоёр дугуй нь эмч, анагаах ухаан, хойд талынх нь сувилагч гэж бодъё. Сайн эмчтэй байхад анагаах ухаан хөгжинө гэж зүтгэсээр бид багагүй амжилтад хүрсэн.
Эмчийнхээ тоогоор дэлхийн бусад орноос дутахгүй. Гэхдээ өнөөдрийн анагаах ухааны салбарын хөгжил, хүн амын эрүүл мэндийн суурь үзүүлэлт ямар байгаа билээ. Энэ нь машин дөрвөн дугуйтай байж л явдаг гэдгийг хэлээд байгаа юм. Сувилахуй гэдэг биеэ даасан шинжлэх ухаан.
Ажлын хамгийн хүндийг сувилахуйн мэргэжилтнүүд үүрч байна. Тиймээс дэлхийд нэг эмч гурван сувилагч гэсэн зарчим баримталдаг бол манайд нэг эмч нэг сувилагч гэсэн харьцаатай байна.
-1929 оноос сувилагчийн курс анх хичээллэж эхэлсэн ч сувилахуйн шинжлэх ухаан төдийлөн хөгжиж чадаагүй мэт харагдаж байна.
Сайн мэргэжилтэн бэлтгэхэд юунд анхаарах шаардлагатай вэ?
-Социалист нийгэмд “Сувилагч бол эмчийн дайчин туслагч, баруун гар мөн” гэсэн уриатай байлаа. Тэр уриагаар өдий хүртэл явж ирсэн. Сувилагч чагнуур зүүж, хүнээ үзэж, онош тавьдаг гэдгийг мартаж орхижээ. Гэхдээ энэ байдал өөрчлөгдөж эхэлж байна.
Сувилагчийг эмчийн туслах төдийгөөр ойлгох цаг ард хоцорсон. Сургалтын чанартай хөтөлбөр, сайн багш, таатай орчин, нөхцөл бүрэлдүүлж байж чадварлаг мэргэжилтэн бэлтгэнэ. Тиймээс бид 2010 онд Эмнэл зүйн ур чадварын төв байгуулж, дараа жил нь сувилагч бэлтгэх сургалтын хөтөлбөрөө үндэсний хэмжээнд магадлан итгэмжлүүлсэн.
Үүгээр ч зогсохгүй Монгол Улсын дээд боловсролын салбарт анх удаа ISO9001-2015 стандартыг нэвтрүүллээ. Мөн 2012 онд сувилагч бэлтгэх мэргэжлийн хөтөлбөрийг MNS 5323:2012 стандарт батлуулж, Зүүн Азийн далайн баруун эргийн бүсэд магадлан итгэмжлэгдсэн.
Тэгэхээр манай сургуулийг төгссөн оюутнууд Ази, Номхон далайн орнуудад үргэлжлүүлэн суралцах боломжтой болж байгаа юм. Бид цаашид ХБНГУ-ын ASIIN байгууллагатай хамтран, сувилагч бэлтгэх сургалтын хөтөлбөрөө олон улсад хүлээн зөвшөөрүүлэхээр ажиллаж байна.
-АШУҮИС хүний их эмчийн мэргэжлийн хөтөлбөрөө ASIIN байгууллагаар магадлан итгэмжлүүлсэн. Үүнтэй адил танай сургууль мөн сувилагчийн мэргэжлийн хөтөлбөрөө итгэмжлүүлнэ гэж ойлгож болох уу?
-Тийм ээ. Хүнийг эмчилнэ гэдэг эмч, сувилагчийн бус багийн ажил. Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн сайн эмчтэй байлаа ч багийн гишүүд нь тэр стандартад хүрэхгүй бол үр дүн муутай.
Тиймээс сувилахуйн сургалтын хөтөлбөрийг магадлан итгэмжлүүлэх шаардлага гарч ирж байгаа юм. Аль аль нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөнөөр тусламж, үйлчилгээ сайжирна.
-Сувилахуйн сургууль сувилагчаас өөр ямар мэргэжилтэн бэлтгэдэг вэ?
-Манай сургууль 1300 орчим оюутан, 100 гаруй багштай. Гол хоёр мэргэжил нь сувилагч, эх баригч. Мөн туслах сувилагч, дүрс оношилгооны техникч, эмнэлгийн тоног төхөөрөмжийн электроникч, хөдөлмөр, хөдөлгөөн засалч гэсэн долоон чиглэлээр мэргэжилтэн бэлтгэж байна.
Манай багш нар дэлхийн зургаан оронд мастер, докторын сургалтад хамрагдаж байгаа.
-Нийслэлийн Эрүүл мэндийн газартай хамтран ажиллахаар болж байгаа юм билээ. Энэ тухай тодруулахгүй юу?
-Сувилахуй нь эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чухал хэсэг учраас НЭМГ-тай хамтран ажиллахаар өнгөрсөн сарын 24-нд санамж бичигт гарын үсэг зурсан. НЭМГ харьяа 26 эмнэлэгтээ Ур чадварын төв байгуулах юм билээ.
Тэдгээр төвд манай сургуулийнхан сургалт явуулж, өөрсдөө ч сурч хөгжих төлөвлөгөөтэй. Ингэснээр сувилахуйн тусламж, үйлчилгээний чанар сайжирна гэж харж байгаа.
-Боловсролын салбарт анх удаа ISO9001-2015 стандартыг нэвтрүүлсний ашиг тус гарч эхэлсэн үү?
-Бид өөрсдийн үйл ажиллагаагаа олон улсын стандартад нийцүүлж, удирдлагын засаглалын шинэ соёл авчирсан. Сайн засаглал гэдэг сайн стандарт. Аливаа байгууллагыг нэг хүн удирдсанаар бүх эрсдэлийг тооцож чадахгүй.
Тиймээс удирдлагын сайн засаглал байх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, үйл явцыг стандартад оруулснаар сайн бүтээгдэхүүн гаргаж чадна.
-Сувилахуйн тусламж, үйлчилгээг сайжруулахад хамгийн эхэнд юу хийх хэрэгтэй гэж та боддог вэ?
-Эмнэлгийн тусламж, үйлчилгээг сайжруулахад манай улс зоригтой, дорвитой шийдвэр гаргах цаг нь болсон. Сувилагчийг тодорхойлох ойлголт буруу байхаар үнэлэмж нь өрөөсгөл болоод байна.
Эрүүл монгол хүнтэй байя гэвэл сувилахуйн тусламж үйлчилгээг шинэ шатанд гаргах зайлшгүй шаардлагатай. Ингэж байж эмнэлгийн тусламж үйлчилгээ сайжирч, эрүүл монгол хүнийг бий болгож чадна.
-Сувилагч мэргэжлийн хүрэлцээ хангалттай байна уу?
-Монгол Улсад 11 мянга гаруй сувилагч байна. Энэ хавар манай сургуулийг 300 орчим оюутан төгсөнө. Нэг эмчид нэг сувилагч гэсэн харьцаатай байгаа нь цаашид энэ мэргэжилтнийг олноор бэлтгэх шаардлагатайг харуулдаг.
Ингэхийн тулд сувилагчийн нийгмийн хамгаалал, цалин хөлсийг цогцоор нь шийдэхгүй бол энэ чиглэлээр сурах хүн олдохгүй. Монголд нэг сувилагч ойролцоогоор 20 гаруй хүнд үйлчилж байхад бусад улсад 5-7 байх жишээтэй.
Тиймээс эмч, сувилагчийн цалинг адилхан болгох саналыг би байнга тавьдаг.
-Гэхдээ сувилагчийн үзүүлж буй тусламж, үйлчилгээний хүртээмж тааруу. Зан харилцаанаас эхлээд асуудалтай байдаг. Үүнд та юу хэлэх вэ?
-Олон хүчин зүйл нөлөөлж байгаа. Гол нь бид сувилагч бэлтгэж буй хөтөлбөрөө олон улсын түвшинд хүргэх шаардлагатай. Нэг сувилагч хэтэрхий ачаалалтай ажиллаж байгаа нь тусламж, үйлчилгээний чанарыг бууруулахад нөлөөлж байна.
-Ер нь сувилагч хүний баримтлах гол зарчим юу юм бэ?
-Хүн эхлээд хүн болох ёстой. Мэдлэг, чадвартай болох нь дараагийн алхам. Бусдын төлөө гэсэн сэтгэлтэй, ёс зүйтэй, мэргэжилдээ үнэнч, үүрэг хариуцлагаа ухамсарласан мэргэжилтэн бэлтгэхэд сургалтын гол агуулга оршдог. Дараа нь сайн мэдлэг, чадвар, гүйцэтгэлтэй байхыг чухалчилдаг.
Тиймээс багш нарынхаа мэдлэг боловсрол, чадварыг дээшлүүлэхэд онцгой анхаарч байна. Ирэх есдүгээр сарын 21, 22 -нд манай улсад Сувилахуйн олон улсын хурал болно. Энэ хурлаар гадаад харилцаагаа улам өргөжүүлж, багш, оюутнуудаа бусад улсад сургах боломж илүү нээгдэнэ гэж харж байгаа.
Сувилахуйн шинжлэх ухааныг хөгжүүлэхэд олон талын оролцоо чухал. Олон эмнэлэг, оношилгооны төв байгуулснаар бус, иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлснээр энэ салбар хөгжинө. Үүнд сувилагчийн үүрэг, оролцоо их нөлөөтэй.