“Алба хаасан, хилийн манаанд гарч байсан газрууд, харуулын байр, дов толгод тэр чигээрээ зураг шиг нүдний минь өмнө үзэгддэг” хэмээн ярих энэ эрхэм амьдралынхаа ихэнх хугацааг Монгол Улсын хил дээр өнгөрүүлжээ.
Бэлтгэл хурандаа, ахмад хилчин С.Бакытхантай ярилцлаа.
-Та насаараа хил хамгаалах байгууллагад ажилласан хүн. Ажлын гараагаа хэрхэн эхэлж байв?
-Би багаасаа л цэргийн хүн болно гэж мөрөөдсөн. Модон буу зүүж байлдан, цэргийн дарга болж тоглож өссөн. Миний эцэг Сахай ясны цэргийн хүн байлаа. Баруун хилийн байлдаанд оролцсон, энгэр дүүрэн одон медальтай, цагдаагийн дарга аавтай би эх орноо хамгаалахгүй бол хэн хамгаалах юм бэ гэж боддог байлаа.
Баруун хилийн тулгаралт гэж түүхэнд үлдсэн байлдаан болох үед аав минь тагнуулын гүйцэтгэх албаны төлөөлөгч байсан. Оспантай биеэрээ уулзаж явсан хүн дээ. Баян-Өлгий аймгийн Цагдаагийн газрыг 14 жил удирдсан, ахмад дайчин байлаа. Аав цэргийн хүн болоод ч тэр үү, гэрийн хүмүүжил бас цэргийн маягтай.
Манай ах нар ч бие биедээ шаардлага тавьдаг, сургадаг байсан. Аравдугаар ангиа онц дүнтэй төгсөхөд ямар мэргэжил сонгох вэ гэдэг эргэлзээ надад байгаагүй. Москвагийн хилийн цэргийн дээд сургуульд таван жил сурч, улаан дипломтой төгссөн. Аавыг Өлгий рүү татаж авъя гэхэд нь “Үгүй ээ, аав. Эх орон хаашаа дуудна, би тийшээ явна” гэсэн.
Говь-Алтайн зургадугаар отрядад томилогдож очоод тэнд долоон жил ажилласан. Сайн ч ажилласан, тэр үедээ бол маш залуугаараа тушаал дэвшиж, отрядын штабын дарга болсон.
-Ажлын талбарт анх очиход тухайн үеийн хилийн цэргийн нөхцөл байдал ямархуу байв?
-1978-1983 он гэдэг бол хүйтэн дайны оргил үе байсан. Вьетнам Хятадын дайн эхэлчихсэн. Биднийг “Хятад, Америктай байлдана. Та нар хэзээ нэгэн цагт дайтна шүү. Тэр үед бэлэн байх ёстой” гэж л бэлтгэсэн шүү дээ. Тэр үеийн хилийн цэрэг, одоогийнхоос шал өөр байлаа.
Өнөөдөр хилийн заставуудад цөөн тооны цэрэг, ахлагч байгаа бол тэр үед голдуу хугацаат цэргийн алба хаагч 45-50 хүнтэй байсан юм. Тэр олон хүнийг удирдах, хил хамгаалалтыг зохион байгуулах амаргүй. Хангалт сайтай, өндөр цалинтай. Ажлын хэнхэгтэй байж. Өвдөг, тохой нь цоорчихсон хувцастай, туранхай хар юм буудлагын талбайд л хичээл удирддаг байлаа.
Тэгж ажилласныг минь үнэлж, жил хагасын дараа намайг албан тушаал дэвшүүлсэн. Талийгаач Базарсад генерал тэгэхэд дэд хурандаа цолтой, Байлдааны бэлтгэл, сургуулийн хэлтсийн дарга байсан. Өөрөө ирээд намайг хот руу авч явсан. Ерөнхий газарт иртэл “Таныг Алтайн Бургастайн заставын даргаар томилсон. Уулзалтын застав гэдэг чинь цэргийн дипломат ажил” гэж надад үүрэг өгдөг юм байна.
Тэгэхэд өөрийгөө би ер нь их мундаг юм байна гэж бодсон. Яагаад гэвэл дэд хурандаа хүн бүх хэлтсийн даргатай уулзуулаад, хамгийн сүүлд удирдах газрын дарга надад үүрэг өгнө гэдэг бол мань мэтийн дэслэгчид олдошгүй боломж байхгүй юу. Би маш хариуцлагатай ажилд очих нь, тиймээс алдаж болохгүй. Жинхэнэ цэргийн хүн, эх орны хүү шиг байх ёстой гэдгийг ухамсарласан.
Заставт очсоныхоо дараа өдөрт гуравхан цаг л унтxдаг байв. Ув улаан нүдтэй ядарсан амьтан л явна.
-Тэндээсээ та зүүн хязгаар руу томилогдсон хэрэг үү?
-Дараа нь Баян-Өлгийн нэгдүгээр отрядад ажилласан. Тэндээс зүүн хил Сүхбаатарын Эрдэнэцагаан руу явж байсан. Бидний хүмүүжил тийм л байлаа, тангараг өргөсөн цэрэг хүн шүү дээ. Сүхбаатараас дараа нь Сүмбэр рүү ажил нь урагшлахгүй байгаа анги руу штабын даргаар оч гэсэн. Нэгдүгээр сарын дунд үед, өвлийн хүйтэнд бид нүүж байлаа.
Тэр үед голдуу Хойд Солонгосын иргэд Хятадаар дамжин хил зөрчиж орж ирээд манайд олноороо баригддаг байсан. Эрэгтэй эмэгтэй, хөгшин залуу янз бүрийн хүн. Бид амьдралын нөхцөл байдлаа сайжруулах гэсэн юм гэж хэлдэг. Хил зөрчиж орж ирээд баригдсан солонгос залууг дагуулаад нэг удаа сөрөг мөрдөлт хийлээ.
Хаагуур орж ирснийг нь мэдэх гэж сөрөг мөрдөлт хийдэг юм. Орчуулагч байхгүй, ойлголцож чаддаггүй. Сүмбэрийн нутагт ажиллаж байсан, Солонгосын компанийн захирлыг оруулаад иртэл тэр хүн орилоод л бариад авсан. Аав ээж, ах дүүстэйгээ уг нь гэр бүлээрээ наашаа гарсан юм билээ. Бусад нь замдаа Хятадын нутагт өлсөөд үхсэн байсан.
Тэнд хоёр жил зарцлагдаад олсон мөнгөөрөө Хятадын хилийнхнийг хахуульдсан гэж ярьсан. “Та нар энэ хилийг даваад ороход буутай монгол цэрэг байгаа. Гараа өргөөд зогсоорой. Монгол цэргүүдтэй л таарах юм бол та нар жаргана” гэж хэлсэн гэдэг. Тэр үед малын хулгай, машин тэрэг хил гаргадаг зөрчил их гардаг байв.
Хил хамгаалах байгууллага нөр их хүч хөдөлмөр зарцуулж, тэмцсэний үр дүнд харьцангуй багасаж байсан үе л дээ, 1999-2000 он гэдэг чинь. Ер нь 2000 оноос хойш хил дээрх замбараагүй байдал эцэс болсон. Одоо бол бараг тайван болсон шүү.
-Таныг залуудаа баруун хил дээр том операц зохион байгуулахад оролцож явсан гэдэг. Тэр тухайгаа дурсаач?
-Тэр чинь 1990 онд Баян-Өлгийн нэгдүгээр отрядад дэвшээд очсоны дараа болсон явдал. Отрядын дарга Самдандовжид хурандаагийн санаачилгаар уг операцыг зохион байгуулсан. Тусгай бүлэг бэлтгэн, би өөрөө ахалж, Ёлтын бэлчир гэдэг газарт 265 хил зөрчигчийг барих ажиллагааг биечлэн зохион байгуулсан.
Монголын хил Алтайн уулнаас цаашаа 60-70-аад км-ийн зайтай. Өвөлдөө хүн хүч, хамгаалалт тэнд үлдээдэггүй байж л дээ. Энэ өндөр уулыг давахын тулд биеийн бэлтгэл, мөн цаг улирлын нөхцөл, газар орон, өндөр уулнаас шалтгаалаад тусгай хэрэгслүүд шаарддаг. Гэтэл хавар цас хайлахаар хятадууд тэр нутгийг эзэгнэчихдэг байсан байгаа юм.
Бугын эвэр, эмийн ургамлаас өгсүүлээд байгалийн ямар л баялаг байна, бүгдийг авдаг. Тэр байдлыг операц явуулсны үр дүнд цэгцэлж, хятадуудаас цэвэрлэсэн. Гадаад харилцааны яамаар дамжуулан хэд хэдэн удаа ноот бичиг явуулж, Хятадын талын анхаарлыг хилийн энэ хэсэгт хандуулж хамгаалалттай болгосон юм.
-265 хил зөрчигч гэхээр олон хүн байжээ?
-Тийм шүү. Энэ ажиллагаанд оролцсон, миний бүлэгт явсан ахмад Н.Жуковыг Монгол Улсын баатар цолд тодорхойлсон юм, уг нь. Ерөнхийлөгч П.Очирбат гуайн цэргийн зөвлөх нь “Цус гараагүй байна. Тиймээс баатар цол олгохгүй” гэсэн. Тэгээд Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнасан.
Надад, болон ахмад Энхсайханд хошууч цол, манай бүлэгт явсан Даулет, Батбаяр нарыг Хүндэт хилчин цол тэмдгээр шагнасан. Тэр ажиллагаанд оролцох үедээ хүн бүр 50-иас дээш кг ачаа үүрч явсан. Байгаль, цаг уурын тийм нөхцөлд бидний өмсөж явсан цэргийн дүрэмт хувцас тохирохгүй гэдэг нь тэнд батлагдсан.
Тийм учраас С.Самдандовжид гуай тухайн үеийн цэргийн дүрэмт хувцсыг өөрчилж, загварыг өөрөө гаргаж байсан нь одоогийн хээрийн хувцас юм. Тэр үедээ л ихээхэн дуулиан тарьсан ажиллагаа болсон. Генерал Сүндэв тэр үед хурандаа цолтой, штабын дарга байсан.
Түүний удирдлага дор эрдэм шинжилгээний бага хурлыг манай ангид хийж операцын бодит туршлагыг олны хүртээл болгож байлаа. Онолын хувьд операц гэдэг нь хэд хэдэн ангийн хүч хэрэгслээр дэд штаб зохион байгуулдаг цэргийн ажиллагаа юм.
-Ярианыхаа сэдвийг жаахан өөрчилье. Казах иргэд ер нь хэзээнээс Монголын нутагт ирж суурьшсан юм бол?
-1770-аад онд казах үндэстнээс тасран салсан Хэрэйдийн Абах овгууд болон Найман, Уах аймгийн зарим овог одоогийн Шинжааны нутаг өвөр Алтайд шилжин суурьшсан байдаг. Улмаар 1860-аад оноос тэдний нэг хэсэг нь Алтайн нурууг даван нүүж, Ховдын хязгаарт амьдарч эхэлсэн гэдэг юм.
Тиймээс энэ үеэс Монголын казах түмэн гэх ойлголт бий болсон. Төдийгөөс өдий хүртэл, хувьсгал ялснаас хойш Монголын төр, засаг казах иргэдийг ялган гадуурхсан нэг ч үйлдэл гаргаж байгаагүй. Үүнд Казахын ард түмэн үргэлж талархаж явдаг. Манай казах түмний дунд ариун цагаан хөдөлмөр, бүтээлээрээ алдар гавьяаны эзэн болсон олон хүн бий.
Тухайлбал, салбарын сайдаар ажиллаж байсан Ж.Ахмет, О.Тлейхан, У.Маулет, Р.Сандалхан, С.Чоя, Султан, Ж.Хайрулла, Т.Нуга, доктор професср А.Мекей, А.Минис, зохиолч Б.Ахтан зэрэг олон хүнийг дурдаж болно.
-Эх орон гэдэг таныхаар чухам юу вэ?
-Эх орон гэдэг өргөн утгатай, гоё үг. Миний хувьд 4-5 жилдээ нэг удаа төрсөн нутаг руугаа явдаг. Баян- Өлгий, Ховдын зааг дээр Хонгор өлөнгийн даваа, цаахна талд нь өвөө эмээгийн минь нутаг бий. Тэр үед тийм үнэтэй байсан улсуудаас өнөөдөр хэн нь ч байхгүй л дээ. Олонх нь бурхан болсон.
Тэр нутгаа хараад бага нас санаанд орж, самсаа шархираад өөрийн эрхгүй уйлдаг. Төрсөн, хүйгээ таслуулсан газрыг л эх орон гэдэг юм байна. Миний хайртай, надад үнэтэй байсан хүмүүс мөнх нойрсож байгаа нутаг л миний эх орон юм.
-Хил хамгаалах байгууллагад таны араас залгамжилж гарч ирэх олон шижигнэсэн залуу ажиллаж буй ч хурандаа цолтой казах хүн төрөхгүй байна. Энэ ямар учиртай вэ?
-Байлгүй яах вэ, зөндөө бий. Дэд хурандаа Аманбек, Бекжан нарын залуу байна аа. Тэдний араас гарч ирэх хүн олон. Харамсалтай нь, Монголын төрийн бидэнд итгэх итгэл алдарчихаад, хурандаагийн албан тушаалд казах хүн шинээр томилохгүй байна.
Үүний шалтгааныг генерал Жекей, Бүрэн эрхт Элчин сайд Сайран, парламентад хэдэн удаа суусан Мурат нар казах түмний нүүрийг барж, монголчуудын итгэлийг эвдсэнээс болсон болов уу гэж боддог. Мөн Баян-Өлгий аймгийн хүчний байгууллагын дарга нарыг сольсон.
Буруу юм хийгээгүй гэж хэлэх аргагүй. Салхи гараагүй бол өвсний толгой хөдлөхгүй. Тэд хэрэв жирийн казах иргэн байсан бол Казахстан руугаа явна уу, мөнгө аваад зугтана уу, Монголын төрийн анхаарлыг ингэтлээ татахгүй. Гэтэл тэд Монголд байгаа казахуудын нэрийн хуудас, ард түмнээ төлөөлж, төрийн түшээ явсан улс.
Тэднийг бид энд сууж буйд буруутгах арга байхгүй. Тэдний буруутай, эсэхийг хууль хяналтын байгууллага л тогтоох ёстой. Гэтэл буруу, зөвийг нь эцэслэн шүүгээгүй байж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр казах иргэдийн нэр хүндийг нийтээр нь унагаж, сэв суулгаж байгаа нь харамсалтай.
Үүнд аль аль талаасаа ухаалгаар, хүлээцтэй хандаж, төрийн хуулийн хүрээнд зөв шийдвэр гаргахгүй бол эмзэг асуудал гэж ойлгодог. Дэлхий дахинд гарч байгаа дайн дайжин яс үндэс, шашин шүтлэгийн ялгаанаас л болж үүсдэг шүү дээ.
Заримдаа манай найз нар, таньдаг хүмүүс, ялангуяа хилийн цэргийнхэн уулзаад “Бакы хурандаа, та хэзээ Казахстан явах гэж байна” гэж асуудаг. Надаас тэгж асууж байна гэдэг бол Монголын ард түмэн казах иргэдэд, ялангуяа хилийн цэрэг, хүчний байгууллагад ажиллаж байгаа манай нөхдөд итгэл алдарч буйн илрэл болов уу.
Намайг тухайн үед хилийн цэрэгт ажиллаж байхад казах гэж мэддэггүй, ялгадаггүй л байсан. Өнөөдөр хилийн цэрэгт байгаа залууст “энэ бол казах” гэсэн шошго зүүчихсэн мэт байдаг боллоо.
-Таны ах дүү нар одоо хаана амьдарч байна?
-Эхээс бид есүүлээ. Бүгд гадаад, дотоодод сайн сайхан л амьдарч байна. Хотод нэг дүү байна. Казахстанд хоёр ах, Германд нэг эгч, нэг эмэгтэй дүү бий. Улаан-Үдэд нэг эмэгтэй дүү байна.
-Гэр бүлээ танилцуулахгүй юу. Та хэдэн хүүхэдтэй вэ?
-Манай гэр бүлийн хүнийг Х.Мядагмаа гэдэг, эдийн засагч мэргэжилтэй, одоо хувиараа хөдөлмөр эрхэлдэг. Эхнэртэйгээ сүүлд суусан. Бид таван хүүхэдтэй. Бүгд тус тусдаа гарсан. Бага охин энэ жил БНСУ-ын Дэгүгийн их сургуульд орсон.