Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч, яруу найрагч Ломбын Нямаа гуайтай хөөрөлдөхөөр “Чингис Соосэ” сургуулийг зорилоо. Түүний ширээн дээр олон арван дэвтэр өрөөстэй байх аж. Уншсан номын тэмдэглэлээ хөтөлж, сонин, сэтгүүлийн хайчилбар хийдэг бөгөөд хүнд хэрэгтэй нэг үг, өгүүлбэрийг ч болов багш, оюутнууддаа мэдүүлэх сэн гэсэндээ тэдгээрийг энд байлгадаг ч “Ямар гоё үг вэ” гэж асууж сонирхох хүн тун ховор байдагт зохиолч сэтгэл дундуур явдаг гэнэ.
Энэ удаа түүнтэй уран бүтээлчийн хувиар бус, насаараа зүтгэсэн боловсролын салбарынх нь тухай, багш мэргэжлийн үнэ цэнэ, мөн чанарын талаар хөөрөлдөв. Боловсролын тогтолцооны гажуудал яван явсаар Монголын нийгмийн өнөөгийн бүүдгэр саарал төрхийг бий болгоход чухал “хувь нэмэр” оруулсныг тэрбээр ил шулуухан хэлдэг. Үнэн үг хэдий хатуу ч хэтийн явдалд тустай гэдэг учраас өвгөн баавайн хэлснийг эрхэм уншигчид тархи оюундаа эрхбиш болгооно биз ээ.
-47 дахь жилдээ багшилж буй хүний хувьд та шавь нартаа юу өгөхийг зорьж, хичээж ирэв.
Эдийн засагч, инженер, эсвэл хуульч, багш, зохиолч, малчин болсон ч ялгаагүй, ер нь хүний ирээдүйн амьдралд хэрэгтэй тэр зүйлийг өгдөг багш тусдаа байдаг юм шиг санагддаг?
-Энэ олон жил ард түмний үр хүүхдүүдийн өмнө зогсож, хүний амьдралын болоод хорвоо ертөнцийн учир явдлын тухай, шинжлэх ухаан, танин мэдэхүй, философийн талаар ярих явцад надад нэг ухаарал төрсөн. Багш гэж ямар хүнийг хэлэх вэ, шавь гэж хэн бэ гээд бодохоор Эйнштейний “Багш хүний зорилго бол шавийнхаа уураг тархинд дөл хаях явдал юм” гэсэн үг хамгийн түрүүнд санаанд буудаг. Тэр дөлийг хаях сан гэж оролдсоор 46 жил өнгөрчээ.
Тэр дөл нь ганц үг, нэг өгүүлбэр, эсвэл үйл хөдлөлөөр ч үүсгэгдсэн байж болно. Гагцхүү хүүхдийн оюун ухааныг л төөнөх учиртай юм. Оюун ухаан, сэтгэл зүрхэнд нь дөл хаягдсан хүүхэд цаашид өөрөө бүх зүйлийг сураад явчихна. Гэвч манай багш нар үүнийг шавьдаа өгч чадахгүй байна л даа. Би ч өөртөө дүгнэлт хийгээд үзэхэд өнгөрсөн хугацаанд маш цөөн хүүхдийн оюун ухаан, сэтгэл зүрхэнд дөл хаяжээ.
-Цөөхөн гэдгийг нь та яаж хэмжиж гаргаж ирэв?
-Ганц л шалгуур бий. Шавь нараас минь хэд нь Монголын нийгэм, оюун санааны ертөнцөд ямар гавьяа байгуулав, ард түмнийхээ тусын тулд юу хийж байна вэ гэдгээр хэмждэг. Түүнээс биш одон медаль, гавьяа шагнал хүртсэнээр нь тооцохгүй. Тиймээс багш гэдэг нэг талаар их сайхан боловч нөгөөтэйгүүр маш харгис мэргэжил. Учир нь багш хүн амьдралынхаа туршид нэг зүйлээ давтан ярьсаар байгаад өөрийнхөө оюун ухааныг зэврүүлдэг.
Математикийнхан нь тоогоо, нийгмийн багш нийгэм гэж юу вэ гэдгээ 20, 30 жил давтсаар байгаад мөхдөг. Тэгж мөхсөн оюун ухааных нь сүүдэр шавьдаа тусдаг аюултай. Өнөөдөр манай боловсролын салбар яг ийм байдалд орчихоод байна. Багш хүн маш хариуцлагатай байж, өдөр бүр шинэ зүйл уншиж, мэдэж, бодож, өөрийгөө хөгжүүлэх хэрэгтэй юм.
-Хүүхдийн авьяасыг нээх нь багшаас ихээхэн хамааралтай. Бас нөгөө талаар шавь өөрөө хичээж сурахгүй бол ёроолгүй хувинд сүү хийж байгаа юм шиг шууд асгарчих магадлалтай.
Энэ хоёрыг хэрхэн сүлэлдүүлэх вэ?
-Эрдэм боловсрол олгохын тухайд Дорно дахины маш чухал философи бий. “Багш бол аргын илдийг барьсан хаан, шавь бол билгийн илдийг барьсан хаан. Энэ хоёр хааны үйл хэрэг шүтэн барилдаж байж сая эрдэм болдог” гэсэн энэ философи өнөөгийн дэлхий нийтийн боловсролын салбарын явах зүг чигийг тодорхойлж байна шүү дээ. Бидэнд ийм ойрхон язгуур ухааныг манай боловсрол хариуцсан төрийн байгууллагууд, бүх шатны сургуулийн багш нар бодож, ойлгож ухаармаар байгаа юм.
Авьяасгүй хүн гэж энэ ертөнцөд нэгээхэн ч үгүй. Авьяас гэдэг бол хүний оюун ухаан, сэтгэл зүрх рүү орон гаран байдаг бурхны хишиг. Гагцхүү түүнийг нээж, тухайн хүүхдийн оюун ухаан, сэтгэл зүрхэнд гэрэл гэгээ болгон үлдээх нь багш, сургуулийн хийх ажил. Хүүхдийн авьяасыг хар багаас нь олж нээгээд, тасралтгүй хөгжүүлдэг систем өнөөдөр манайд үгүйлэгдэж байна.
Оюун ухаанд нь дөл хаях гээд хичээгээд байхад хүлээж авдаггүй “сэрэмжийн хуягтай” хүүхэд бишгүй л дээ. Гэхдээ тэр хуяг буюу урдуур нь татчихаад байгаа хөшгийг авч хаях нь багшийн ур чадвар, сэтгэлээс шалтгаална. Хүүхдийн авьяасыг нээж, хөгжүүлсэн багш нарыг Монголын төр хайж олоод үнэлж, урамшуулдаг байх ёстой юм.
Жишээ нь, манай Хэнтий нутгаас гаралтай, Шинжлэх ухааны гавьяат ажилтан М.Амбага гэж доктор дэлхийн орчин цагийн анагаах ухаанд цоо шинэ арга нэвтрүүлчихээд байна. “Орчин цагийн анагаах ухаан”-ы онолын номыг нь өдгөө Германд хэвлэж байгаа юм билээ. Тэр том эрдэмтний авьяасыг нээж, хөгжүүлсэн химийн багш Д.Намсрай, биологийн багш Дашзэвэг хоёрыг төр үнэлээд, ёстой нөгөө гавьяа шагналаа өгчих хэрэгтэй.
Тухайлбал, хорт хавдрыг эмчлэх чиглэлээр Японд маш амжилттай судалгаа хийж байгаа доктор Д.Нямбаярын хими, биологийн багш нь хэн байв гэдгийг олоод, төр үнэлэх ёстой юм. Авьяасыг хөгжүүлдэг ард түмэн бол энэ мэтчилэн хэнийг төрүүлэв гэдгээр нь багшийн хөдөлмөрийг үнэлдэг юм байна.
Бас нэг жишээ татахад, Америкийн эрдэмтэн Гил Фордын боловсруулсан хүүхдийн авьяасыг хөгжүүлэх аргачлалд “Багаас нь авьяасыг тань, өөрт нь болон аав, ээжид нь хэлж ойлгуул, тэгээд тусгай хөтөлбөрөөр хичээллэ” гэсэн байдаг юм.
-Та ардчилсан болон социалист нийгэмд хоёуланд нь багшилж буй хүн. Нийгмээсээ шалтгаалаад, сурах бичгийн агуулга өөр байж таарна. Нэг нь нөгөөтэйгөө зөрчилдөх зүйл бишгүй байна биз.
Та ер нь сурах бичиг харж хичээлээ заадаг уу?
-Хүн төрөлхтний хөгжлийн логикийг харахад хаана чөлөөт сэтгэлгээ байна, тэнд хөгжил дэвшил байдаг. Энэ бол эртний Грекээс уламжлалтай гүн ухаан. Социализмын 70 жилд бид академик боловсролын философиор явж ирсэн. Өөрөөр хэлбэл, онол голлосон мэдлэгийг хүүхдүүдийн оюун тархинд төгс өгдөг байлаа.
Тийм ч учраас тэр үед манай хүүхдүүд гадаадын аль ч сургуульд очиход онолын мэдлэгээр гологддоггүй байв. Уран зохиолын онол дээр жишээ авахад, агуу их сэтгэгчид, яруу найрагч, зохиолчдын хүн төрөлхтөнд үлдээсэн оюун санааны охь манлай бүтээлүүдийг хүүхдэд багаас нь уншуулахаар Б.Галсансүх шиг хүмүүс төрдөг юм.
Би Б.Галсансүхэд заасан зүйл бага. Мишигийн Цэдэндорж багшаас минь надад өвлөгдсөн маш сайхан номын сан бий. Тэндээс орос, монгол номуудаа л түүнд өгч уншуулдаг байсан.
Сүүлийн 27 жил бид прагматик боловсрол буюу практикт суурилсан сургалтаар явж ирлээ. Ухаандаа, “Эхлээд амьдарч сурга”, “Амьдралд нь хэрэгтэй зүйлийг заа” гэсэн үзэл. Энэ хоёр хэлбэр зөрчилдөөд эхлэнгүүт XXI зууны боловсрол судлаачид “Академик, прагматик боловсрол хоёулаа чухал. Чухам алийг нь түлхүү авч явахаа тухайн улс орны төрийн бодлого, эдийн засгийн чадамж, үндэстний оюун сэтгэлгээний онцлогоос шалтгаалж шийдэх нь зүйтэй” гэж бичиж байна.
Монголчууд бид сүүлийн 27 жил онол хэрэггүй гэж баахан сэвлээ. Гэтэл онолын мэдлэггүй хүн холыг харж чаддаггүй. Онолгүй учраас өнөөдөр манай төр, засагт ч холыг харах чадвар алга. Нийгэм маань ямар ч баримжаагүй, хаана очиж нүхэнд унахаа мэдэхгүй байна. Онол, амьдрал (практик) хоёр хоорондоо харилцан үйлчилж байдаг долгион юм. Энэ долгионыг тасалж хэрхэвч болохгүй.
-Монголчууд академик, прагматик боловсролын алийг нь түлхүү баримталж явбал зохимжтой вэ?
-Монголын орчин цагийн боловсролыг судлаачид бага, дунд ангид академик боловсролыг 40, практик нь 60 хувь, ахлах ангид энэ хоёр нь 50, 50 хувьтай байх нь зүйтэй гэж үздэг.
Одоо дэлхийн боловсролын чиг хандлага либерал арт буюу сэтгэлгээний боловсрол гэдэг дээр голлон төвлөрч байна. Сэтгэлгээний боловсролыг уран зохиол, түүх, философи гурваас олж авдаг. Өнгөрсөн наймдугаар сард Шведэд болсон ЮНЕСКО-гийн томоохон хуралд манайхаас эрдэмтэн Золзаяа оролцсон. Тэр хуралд яригдсан гол сэдэв нь сэтгэлгээний боловсрол, соёл, шүүмжлэлт сэтгэлгээ, дэлхийг бүхэлд нь ухаарах ухаарлыг хүүхдэд өгөх тухай байж.
Өөрөөр хэлбэл, XXI зууны боловсролын тогтолцоо дэлхийн хүнийг бэлдэхэд чиглэж байна гэсэн үг. Тэгэхээр манай хүүхдүүд зөвхөн Монголынхоо ирээдүйд анхаараад зогсохгүй, бөмбөрцгийн долоон тэрбум гурван зуун сая хүний хувь заяаны төлөө санаа тавих шаардлага гарч ирж байна. Энэ тухай Ч.Эрдэнэ сэтгэгч “Бидний үзсэн, сонссон, уншсан бүх юм мартагдана. Гагцхүү сэтгэлгээний боловсрол, соёл л чамайг насан туршид чинь хөтөлж авч явна” хэмээн хэлсэн.
Хүүхдүүдэд энэ сэтгэлгээний боловсролыг багаас нь суулгаж өгөхөд бүх шатны байгууллага анхаармаар байгаа юм. Жишээ нь, Америкийн Нью-Жерси мужид хоёрдугаар ангийн хүүхдүүдэд философийн хичээл ордог. Философи гэхээр учиргүй гүн ухааны онол заагаад эхлэхгүй л дээ.
Манайхаар бол “Хүн ахтай, дээл захтай гэж юу гэсэн үг вэ” гэж асуугаад, хүүхдүүдийг чөлөөтэй мэтгэлцүүлдэг. Тэндээс хүүхэд философийн анхны бодомжийг авдаг. Гэтэл манай ахлах ангийн сурагчдад ч философийн хичээл ордоггүй. Нэг ч философичийн нэр мэдэхгүй ерөнхий боловсролын сургуулиа төгсөнө гэдэг үндэсний гутамшиг шүү. Бүх нийтийн философийн боловсрол манайд үгүйлэгдэж байна.
-Бүх нийтийн философийн боловсрол гэхээр үнэндээ манайханд тийм ч ойр санагдахгүй байх. Гэхдээ сэтгэлгээний ядуурлаас ангижрах шаардлага байгаа юу гэвэл тийм...
-“Эхлээд амьдар, дараа нь философид” гэдэг харгис онол манайд дэлгэрсэн л дээ. Гэвч энэ зэрлэг, бүдүүлэг нийгэмд философигүйгээр хол явахгүй. Сократ “Амьдралын утга учрыг мэдэхгүйгээр амьдраад хэрэггүй” гэсэн. Амьдралын утга учрыг мэдүүлээгүй учраас өнөөдөр монгол хүүхдүүдийн дунд амиа хорлох үзэгдэл түгээмэл болчихоод байна.
Хэдээс хэдэн насныхан амиа хорлоод байгаа, хэдтэй хүүхдүүд амиа хорлохыг завддаг тухай саяхан өдөр тутмын сонинуудаар гарсан шүү дээ. Философийг судалснаар хүний амьдралд юу ч тохиолдсон бэлэн байх чадварт суралцдаг юм.
“Хүн гүн ухаантай хэчнээн ойр байна, тэр хэрээр зэрлэг бүдүүлгээсээ сална” хэмээн Декарт хэлсэн бол Платон “Төрд философичид орсон цагт засаг, төр гэгээн тунгалаг болно” гэсэн байдаг. Энэ бүхэн Монголын нийгмийн давхарга бүхэнд хамаатай байгаа биз.
-“Сайн шавь төрүүлнэ гэдэг шинэ тив нээхтэй адил” гэж та хэлсэн. Таныхаар багш болох хүнийг сонгох хамгийн гол шалгуур юу вэ?
-Гол нь хүүхдэд хайртай хүнийг л багш болгох хэрэгтэй гэж би боддог. Хүүхдэд хайртай хүн ядаж тэдний ирээдүйд санаа зовно.
-Нэг үеэ бодоход эцэг, эхчүүд хүүхдэдээ ном уншуулахыг хичээдэг болсон. Гол нь ямар ном сонгох вэ гэдэг баримжаа байдаггүй. Хүүхдэд хайртай багшийн хувьд та нэг зөвлөгөө өгөөч.
-Д.Оюунчимэг, Б.Номинчимэд хоёрын эмхтгэн гаргасан “Дэлхийн шилдэг хүүхдийн уран зохиолын дээж 108 боть”-ийг хүүхдүүддээ заавал уншуулбал их сайн даа. Мөн Н.Энхбаярын гаргасан “Дэлхийн сонгодог уран зохиолын дээжис 50 боть”-ийг ерөнхий боловсролын сургуулиа төгсөхөөс нь өмнө хүүхдэдээ заавал уншуулах ёстой гэж би боддог.
Энэ 50 ботийг уншаагүй хүүхдийг ЭЕШ-д оруулахгүй гэдэг шийдвэр гаргасан ч болно шүү дээ. Японд гэхэд л дунд сургуулиа төгсөх гэж буй хүүхдүүдийг 5000 хайку, танка шүлгийн утгыг тайлан, эсээ бичүүлж шалгадаг. Тэгж чадахгүй бол тухайн хүүхдийг дээд сургуульд элсүүлдэггүй. Хайку, танка шүлэг чинь хэр баргийн хүн утгыг нь тайлчихдаг зүйл биш байхгүй юү. Гэтэл манайхан арванхоёрдугаар ангийн хүүхдийн монгол хэлний шалгалтын эсээ бичих даалгаварт “Миний дуртай нэвтрүүлэг” гэсэн сэдэв өгч байна.
Энэ чинь цэцэрлэгийн хүүхдүүдийн хоорондоо ярилцах сэдэв биз дээ. Монгол хүний гайхамшигтай уураг тархийг ингэтлээ доош нь хийж, мөхөөгөөд байгаа боловсролын тогтолцоогоо эргэж харах хэрэгтэй. Лениний уураг тархийг судлах хүрээлэнгийн захирал байсан Германы эрдэмтэн О.Фогст “XXI зуунд цэнхэр гариг маань байгалийн аюулд ороод сүйрчихгүй бол монгол хүний уураг тархи дэлхийг эзэлнэ.
Яагаад гэвэл жилийн дөрвөн улирлын онцлог нь хүний уураг тархийг дээд зэргээр хөгжүүлдэг таатай орчин юм” гэсэн. Ингээд бодохоор бид хойч үедээ дэндүү хүнлэг бус, хариуцлагагүй хандаж байна.
-Улс орны ирээдүйг авч явах хүмүүсийг бэлтгэдэг боловсролын тогтолцоо нь буруу байхад хөгжил дэвшил гэж хий хоосон ярих нь саваагүй нохой саранд хуцахын үлгэр биш үү?
-Хөгжлийн тухай онол ярихад, манай улс Үндсэн хуульдаа хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм байгуулна гээд цагаан дээр хараар эрхэм зорилгоо тодорхойлсон. Энэ бол маш том зорилго шүү. Урьд нь ямар ч улс байгуулж үзээгүй нийгмийн тогтолцоо юм. Гэхдээ хүн төрөлхтөнд энэ санаа нь байсан л даа. Социализм, капитализм хоёрын аль аль нь хүн төрөлхтний явах ирээдүйн зам биш байна гэдгийг 1970-аад онд анзаарсан Америкийн нэрт социологич Тоффлер “Ирээдүйн цочроо” номдоо “Хүн төрөлхтөнд гуравдагч зам хэрэгтэй” гэж бичиж байв.
Гэвч Тоффлер ямар нийгэм гэдгийг нь бичээгүй орхисон байдаг юм. Харин монголчууд “хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм” гэж тэр гуравдагч замыг нь Үндсэн хуульдаа томъёолсон боловч түүнийгээ улс төр, философи, социологи, эдийн засгийн үүднээс тодорхойлж, хамгаалж чадаагүй. Жишээ нь, эдийн засгийн хувьд социализмаас ямар үнэт зүйлийг нь, капитализмаас юуг нь авч, тэр хоёрыгоо яаж нийлүүлж, хөгжил дэвшил болгох вэ гэдгээ бодоогүй. Тэгээд яасан бэ, капитализм руу халтираад орчихсон.
Олон хүн энэ тухай хэлж байна. Жишээ нь, Ч.Эрдэнэ сэтгэгч “Арилжааны феодализм”, Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн гуай “Зэрлэг капитализм”, П.Нэргүй гээд том эрдэмтэн “Монжооч, колоничлогч капитализм”, залуу судлаач М.Халиунбат “Короны капитализм”, хамгийн сүүлд Э.Бат-Үүл “Ардын капитализм” гэх мэтээр өнөөгийн нийгмийг тодорхойлсон. Тэгэхээр бид ямар нийгэм байгуулж буйгаа эргэн харж, монголчууд ямар нийгмийн үнэт зүйлийг бүрдүүлж байгаагаа тодорхойлох хэрэгтэй байна. Үүнээс их зүйл шалтгаална.
Салбар салбарын томоохон эрдэмтэн, судлаачдыг цуглуулаад, хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм байгуулах гэж зорьсон 27 жилд ямар үр дүнд хүрэв, юун дээр алдав, яаж үүнийгээ залруулах вэ гэдгээ дүгнэж, хэлэлцмээр байгаа юм. Үндсэн хуульд өөрчлөлт оруулна гэж байгаа бол хэлбэр төдий жижиг сажиг зүйлээр оролдох бус, нийгмийг гийгүүлж, гэрэлтүүлэх учиртай тэр үзэл санаанаас нь эхлэх ёстой шүү дээ.
Н.Энхбаярын намынхан Үндсэн хуулийн төсөл боловсруулж, ард түмнээр хэлэлцүүлж байна. Тэнд ямар нийгэм байгуулахаа тодорхойлоогүй, орхисон байна лээ (инээв). Тэгсэн хэрнээ гэр бүлүүдийг орон сууцаар хангана гэх мэт хэтэрхий жижиг асуудлуудыг Үндсэн хуульд оруулж өгсөн байгаа юм. Энэ юуг хэлээд байна гэхээр монголчуудын сэтгэлгээ балчирдаж байгаагийн илрэл.
Монгол хүний хөл таван тив дээр гишгэж байгаа ч сэтгэлгээ нь дөрвөн уулан дундаасаа хэтрэхгүй байна. Энэ бол бас л Монголын бүх шатны боловсролын тогтолцооны гажгаас үүдэлтэй.
-Тэгээд таныхаар энэ салбарт ер нь зөв зүйтэй бодлого шийдвэр гарах юм уу?
-Л.Гантөмөр сайдын ачаар Монголын бүх их, дээд сургуулийн нэгдүгээр курсийнхэнд сэтгэлгээний түүх, соёл гэдэг хичээл өнгөрсөн жилээс оруулдаг болсон. Залуу үеэ бодсон энэ шийдвэр бол манай боловсролын салбарт сүүлийн хэдэн жил гараагүй маш том дэвшил. Харанхуйд аянга гялсхийх шиг тийм гэрэл өгсөн шүү.
-“Авьяасгүй хүмүүс залхуу байдаг ч болоосой” гэж Л.Өлзийтөгс нэгэнтээ хэлсэн. Авьяасгүй атлаа байн байн ном хэвлүүлээд, танил талаа ашиглан түүнийгээ энд тэнд “шахаж” борлуулдаг хүн манайд бишгүй.
Гэтэл тан шиг жинхэнэ авьяастай хүмүүс нь болохоор “Уншигчдын оюунд өргөх бүтээл чанартай байх ёстой” гээд нухаад байдаг. Та яагаад номоо хэвлүүлэхгүй удаад байна вэ?
-Ном шахдаг явдал ч манайд элбэг шүү. Яамнаас номын сангийн фондыг шинэчлэх зорилгоор нэг сая төгрөг хуваарилдаг байлаа. Тэр үед Ховдын нэг сумын танилцуулгын ном манай Хэнтийн Биндэр сумын номын санд оччихсон байх жишээтэй. Ховдынхоо номын санд байх ёстой ном хэн нэгний шахаасаар л тэнд очсон байгаа шүү дээ.
Уран бүтээлчийн хүн чанар гэж уг нь агуу юм бий дээ. Яг үнэндээ бидэн шиг хүмүүст номоо хэвлүүлэх гэхээр тулгардаг гол бэрхшээл нь хөрөнгө санхүү. Сайн номыг ойлгож, ивээн тэтгэдэг хүн ч ховор юм. “Хадны зураг”, “Пикассо бид хоёр”, “Итгэлт хамбын тухай” гээд миний гар дээр одоо эх нь бэлэн болчихсон 5-6 ном байж л байна.
“Еврейн боловсрол” гэдэг номыг уншаад их атаархсан гэдгээ Л.Нямаа гуай нуугаагүй. “Нэг еврей хүүхдийг эрдэм боловсролтой болгоход арван еврей хүн анхаарал тавьдаг юм байна. Еврейчүүд хүүхдээсээ “Чи өнөөдөр багшаасаа юу гэж асуув” гэж асуудаг юм байна.
Манайхан болохоор “Багш чинь өнөөдөр юу заав” гэдэг. Энд сэтгэлгээний их зөрүү байгаа биз. Хамгийн сүүлд гаргасан судалгаагаар еврей хүмүүс оюуны чадамжаараа дэлхийд 26-д, монголчууд тавдугаарт бичигдэж байгаа. Тэгсэн хэрнээ еврейчүүд өнөөдөр дэлхийн хөгжлийг манлайлаад байгаа нь тэндхийн боловсролын тогтолцоо сайных юм“ хэмээн тэрбээр онцоллоо.