Монголын үндэсний олимпын хорооны VII чуулган энэ сарын 24-нд боллоо. Эл хурлаар спортынхон өнгөрсөн дөрвөн жилийн алдаа оноогоо хэлэлцэн, ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч, Гүйцэтгэх зөвлөлийн гишүүдээ сонгосон юм. Ерөнхийлөгчийн сонгуульд долоон хүн нэр дэвшсэнээс дөрөв нь нэрээ татаж, Хүндийг өргөлтийн холбооны ерөнхийлөгч Д.Загдсүрэн, Буудлага, самбо бөхийн холбооны ерөнхийлөгч Э.Мөнх-Очир, Волейболын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Бат-Энх нар өрсөлдөв.
Чуулганд 146 төлөөлөгч оролцсоноос одоогийн ерөнхийлөгч Д.Загдсүрэн 81 хүний санал авч, улиран сонгогдлоо. Харин Э.Мөнх-Очирт 51, Ц.Бат-Энхэд 14 хүн санал өгөв. 1956 онд байгуулагдан, 1962 онд Олон улсын олимпын хороонд гишүүнээр элссэн тус байгууллагын ерөнхийлөгчөөр 2001 оноос хойш ажиллаж буй Д.Загдсүрэн ийнхүү дахин улирав.
Чуулганы үеэр Э.Мөнх-Очир “МҮОХ-нд салхи оруулъя хэмээн зорьж нэр дэвшсэн юм, би. Гэвч Монголын үндэсний бөхийн холбооноос илүү идээ бээрт идэгдэн, бугшсан байгууллага юм байна. Аливаа байгууллагад нэг хүн хэтэрхий олон жил ноёрхлоо тогтоосноор авлига, хээл хахууль, хүнд суртал зэрэг хар бараан зүйл улам даамжирдаг. Д.Загдсүрэн идэж, ууж ханаагүй бололтой. МҮОХ-ны идээ бээр дахин дөрвөн жил бугших нь” хэмээн шүүмжилсэн юм.
Дэд ерөнхийлөгчийн албан тушаалд таван хүн өрсөлдсөнөөс тэргүүн дэд ерөнхийлөгчөөр Бадминтоны сонирхогчдын холбооны ерөнхийлөгч Б.Баттүшиг, дэд ерөнхийлөгчөөр Олимпод оролцогчдын холбооны ерөнхийлөгч Ц.Дамдин сонгогдлоо. Гүйцэтгэх зөвлөлийн гишүүний сонгуульд 21 хүн нэр дэвшсэнээс УИХ-ын гишүүн, спортын менежментийн холбооны ерөнхийлөгч Б.Бат-Эрдэнэ, НИТХ-ын дарга, Триатлоны холбооны ерөнхийлөгч Ц.Сандуй, Софт теннисний холбооны ерөнхийлөгч Ж.Түмэн-Аюуш, Ширээний теннисний холбооны гадаад харилцааны албаны дарга Ч.Амарсанаа, Байт харвааны холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Т.Амаржаргал, Хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч А.Ганбаатар нарт спортынхон итгэл хүлээлгэв.
МҮОХ-ны дүрмийн дагуу ерөнхийлөгч Д.Загдсүрэн, тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Баттүшиг, дэд ерөнхийлөгч Ц.Дамдин, ОУОХ-ны хүндэт гишүүн Ш.Магван, Тамирчдын комиссын төлөөлөгч, олимпын хүрэл медальт Д.Отгондалай нар Гүйцэтгэх зөвлөлийн гишүүнээр шууд сонгогдсон юм. Гүйцэтгэх зөвлөлийн анхны хурлаар Д.Загдсүрэн ерөнхийлөгчийн санал болгосны дагуу ерөнхий нарийн бичгийн даргаар Хөдөлмөрийн баатар, олимпын аварга Э.Бадар-Ууганыг томиллоо.
Эл албан тушаалыг 2004 оноос өнөөг хүртэл Соёлын гавьяат зүтгэлтэн Ж.Отгонцагаан хашиж байсан юм.
Чуулганы үеэр МҮОХ-ны ерөнхийлөгч Д.Загдсүрэнтэй цөөн хором ярилцлаа.
-Ерөнхийлөгчөөр улиран сонгогдсонд баяр хүргэе. Ирэх дөрвөн жилд хэрхэн ажиллахаар төлөвлөж, мөрийн хөтөлбөрөө боловсруулав?
-Баярлалаа. Өмнөхөөсөө олон хүн нэр дэвшсэн энэ удаагийн сонгууль ардчилсан зарчмаар, шударга болсон гэдэгт итгэлтэй байна. Би өмнөх жилүүдэд бүтээн байгуулалтад анхаарсан. Харин одооноос ил тод, нээлттэй байх зарчмыг чухалчилж, спортын шинжлэх ухааны салбарт түлхүү анхаарна. Юун түрүүнд спортын биомеханик, генетикийн шинжлэх ухаан болон допингийн шинжилгээний лабораторитой болох нь чухал байна.
Өнөө цагт шүдний өвчин болоод буй допингийн эсрэг сургалт, хөтөлбөрийг олноор зохиож, шат дараатай арга хэмжээ авахгүй бол горьгүй нь. Үүний сацуу бүтээн байгуулалтын ажлаа ч орхигдуулж боломгүй. Манай тамирчид Спортын төв ордон, Буянт-Ухаа спорт цогцолбор гэсэн хоёрхон газар бэлтгэлээ базааж байна. Бүх спортын төрлийнхөн бэлтгэл хийх боломжтой цогцолбор барьж, олон улсын томоохон тэмцээн эх орондоо зохиох хэрэгтэй.
Надтай өрсөлдсөн бусад нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөрийг сайтар судалж байгаад шинэ санаа, шийдэл байвал Гүйцэтгэх зөвлөлөөр хэлэлцэхээр төлөвлөж байна. Зөвхөн миний мөрийн хөтөлбөр хамгийн сайн нь гэлгүй, бусдаас суралцаж, үлгэрлэхэд буруудах зүйлгүй.
-“Аливаа байгууллагыг нэг хүн олон жил удирдах нь буруу, шинэ боловсон хүчин хэрэгтэй” хэмээн шүүмжлэх хүн цөөнгүй. Энэ талаар та ямар бодолтой явдаг вэ?
-МҮОХ-ны ерөнхийлөгч бол томилдог бус, сонгогддог албан тушаал. Тиймээс би сайн ажилласан болоод л дахин сонгогдсон байх. Нэг байгууллагад олон жил ажиллах тусам улам туршлагажиж, тухайн салбарынхаа талаар ба, бэ-гүй мэддэг, мэдэрдэг болчихдог тустай.
-Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд хийж, бүтээсэн ажилдаа ямар дүн тавьж байна вэ?
-Ерөнхийлөгчийн сонгуульд оролцсон төлөөлөгчдийн 55.7 хувь нь намайг сонголоо. Тэгэхээр спортынхон өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд хийсэн ажилд минь ийм үнэлгээ өгч байна гэсэн үг. Би Гүйцэтгэх зөвлөлөөс баталсны дагуу 2012-2016 оны хооронд хийхээр төлөвлөсөн ажлынхаа 80 гаруй хувийг биелүүлсэн.
-Таны ажилд том үнэлгээ өгсөн үйл явдал бол яах аргагүй “Рио-2016” олимп. Манай тамирчид хамгийн багадаа 4-5 медаль хүртэх зорилготой хэмээж байсан ч амлалтдаа хүрч чадаагүй. Тамирчдын амжилт тааруу байсанд юу хамгийн их нөлөөлөв?
-Бид олимпын аль болох олон эрх авч, “Лондон-2012”-ын амжилтаа давтах, ахиулах зорилготой байсан. Олимпын 49 эрх хүртэж, эхний зорилгодоо хүрсэн ч “Лондон-2012”-т гаргасан амжилтаа баталж, ахиулж чадаагүй. Манай тамирчид “Рио-2016” олимпоос 5-6 медаль хүртэх боломжтой байсныг хэн ч үгүйсгэхгүй болов уу. Гэвч бидний төлөвлөж, тооцоолсноор болсонгүй.
Тамирчдын сахилга бат, бэлтгэл сургуулилалтаас гадна МҮОХ-ноос хэрэгжүүлсэн бодлого, үйл ажиллагаа ч тодорхой хэмжээнд нөлөөлсөн болов уу. Зарим тамирчин бэлтгэлээ хэтэрхий их хийсний улмаас “цөмөрсөн”, цагийн зөрүү, цаг агаарын байдал ч чамгүй их чөдөр болсон нь лавтай.
-“Олимпизмыг аврах хөдөлгөөн”- ийнхөн таныг олон жилийн турш шүүмжилж, албан тушаалаа хүлээлгэн өгөхийг шаардсаар ирсэн.
Өнөөдөр (III.24) л гэхэд “МҮОХ-ныхон ял авсан хүнийг дахин сонгож, шоронгийнхонд нээлттэй гэдгээ зарлалаа” хэмээн шүүмжилж байна. Тэдний үйлдэл ажлаа хийхэд тань хэр хүндрэл, бэрхшээл учруулдаг вэ?
-Бид өнөөдөр ардчилсан нийгэмд амьдарч байна. Үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх нь хүн бүхэнд нээлттэй. Би тэдний шүүмжлэлд аль болох хүлээцтэй хандаж, “Тэглээ, ингэлээ” гэж ер эсэргүүцдэггүй. Алсдаа хэнийх нь зөв, буруу байсныг цаг хугацаа харуулах биз ээ.
-Та шүүхээс гурван жилийн ял авч, өршөөлөөр суллагдсан. Яг ямар гэм буруутай үйлдлээсээ болж тийм шийтгэл хүлээсэн юм бэ?
-Би тамирчид байрлах зочид буудал, байт харвааны бэлтгэлийн талбай барих ажлыг хэрэгжүүлэхийн тулд МҮОХ-ны эзэмшил бүхий газраас тодорхой хэсгийг олгосон юм. Тэгэхдээ түүнийг Гүйцэтгэх зөвлөлөөр хэлэлцэж, батлуулалгүй олгосон нь буруудсан. Уг нь энэ ажлыг МҮОХ-ны чуулганаар хэлэлцээд, дэмжчихсэн байсан юм л даа.
Үүнээс болж ажиллах эрхээ хоёр жилээр хасуулж, гурван жилийн ял авсан нь надад том сургамж өгсөн. Өршөөлийн хуульд хамрагдан, эрх чөлөөтэй болсны дараа МҮОХ-ны гишүүд хуралдан, надад итгэл хүлээлгэх, эсэхийг хэлэлцэхэд “Ажлыг нь үргэлжлүүлэн хийлгэе” хэмээн спортынхон дэмжсэнийг хүмүүс санаж байгаа болов уу.
-Таныг эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, МҮОХ-ны ард байрлах Анагаах ухааны төвийг бусдад худалдсан гэх яриа олны дунд бий. Энэ үнэн үү?
-Тийм зүйл огт болоогүй. Энэ бол ор үндэсгүй гүтгэлэг.
-“Токио-2020” олимпод амжилт гаргахын төлөө зүтгэх үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүн тодорлоо. Хамгийн ойрынх нь “Пёнчан-2018” өвлийн олимп. Хэчнээн эрх авахаар зорьж байна вэ?
-Манай тамирчид цана, тэшүүрийн төрөлд олимпын эрх авах боломжтой. Аль алинд нь тус бүр олимпын дөрвөн эрх хүртэх зорилготой. Өвлийн спортынхон хүйтний улиралд бэлтгэлээ базаах орчин, нөхцөл тааруу. Тиймээс битүү дээвэртэй мөсөн ордон манай улсад ус, агаар мэт хэрэгтэй байна.
Бид энэ талаар олон жилийн турш хөөцөлдөж буй ч өртөг өндөртэй тул цаасан дээр л хэрэгжихээс хэтрэхгүй байгаа нь үнэн. Эдийн засгийн хямралын улмаас санхүүгийн асуудал тийм ч амархан шийдэгдэхгүй бололтой.