ДБЭТ-ын балетын дасгалжуулагч багш Ч.Батгэрэлтэй ярилцлаа.
-Балетчин болох нь бяцхан охины хүсэл байв уу?
-Намайг багад алдарт балетчин Анна Павловагийн тухай кино Монголын үндэсний телевизээр гарч билээ. Мөн “Огонёк” сэтгүүл дээрх титэм зүүсэн балетчин охины зургийг хараад “Яг ийм болох юм сан” гэж бодсон. Тэгээд спортын гимнастикаар хичээллэсэн юм. Орост балетын сургуульд явуулахаар Хөгжим бүжгийн дунд сургуульд шалгалт авч буйг найзаасаа дууллаа.
Эцсийн шалгаруулалтдаа тэнцээд “Ээж, аавыгаа уулзуул” гэхэд нь л гэрийнхэндээ хэлсэн. “10-хан настай хүүхдийг хол явуулахгүй” гэж гэр бүлийн зөвлөлгөөн хийж байв. Ангийн багш Бямбажав маань “Энэ хүүхэд хоёр ч дээд сургуулийг толгой өвдөхгүй төгсөнө гэдгийг мэдэж байна, явуулаагүй нь дээр” гэж ээж, аавд минь зөвлөсөн. “Би дагина болж бүжиглэмээр байна” гэж уйлж, дуулж байж зөвшөөрөл авч, амьдралын зүг чигээ өөрөө гаргасан даа.
-Аравхан настай охинд ээж, ааваасаа хол, хүнд дасгал, сургуулилалт хийхэд амаргүй байсан биз. Пермийн балетын сургуульд хэн, хэнтэй хамт сурч байв?
-Хуруун дээрээ бүжиглэхэд өмсдөг гуталтай, дагина шиг зэгзийсэн гоё балетчдыг хараад “Би ч гэсэн ийм болно” гэж чармайхад бэрхшээл хэцүү санагддаггүй юм билээ. Хөлний үзүүрээс цус шүүрч, уйлах үе байсан ч тэвчээд л гардаг.
Дэлхийн II дайны үед Ленинград хотыг немцүүд бүслэх нь тодорхой болмогц олон байгууллагаа нутгийн гүн рүү шилжүүлсэн гэдэг. Тэгэхэд Уралын үйлдвэрийн жижиг хотод театр, балетын сургуулиа нүүлгэснээр манай сургууль байгуулагдсан түүхтэй. Пермийн балетын сургууль 1963 оноос эхлэн таван төгсөлтөөр 60 гаруй монгол балетчин бэлтгэж өгсөн.
Би дөрөв дэх ээлжинд нь сурч, 15-уулаа ирж байлаа. Ангийн маань хүүхдүүд бахархмаар сайн бүжигчин болж, одоо ч Монголд төдийгүй гадаадад мэргэжлээрээ ажилладаг. Тухайлбал, У.Бат-Эрдэнэ бэртэл аваад, шилбэний ясаа төмрөөр солиулж, 12 хадаас хадуулсан ч авьяас, тууштай хөдөлмөр, тэвчээрийнхээ хүчээр дэлхийн хэмжээнд нэрээ гаргасан. Оросын балетын нэр хүндийг өндөрт өргөж, өдгөө Америкт балетын академид багшилж байна.
-1990-ээд онд ДБЭТ-т ажилласан гэхээр нэлээд хүнд үед таарч дээ. Анх театрт ирсэн тухайгаа дурсаач?
-Тэр үед театр олон сайхан бүжигчинтэй байсан. Биднийг төгсөж ирэхэд 70 гаруй бүжигчинтэй болсон байх шүү. Нийгмийн өөрчлөлтийн хэцүү үе таарч, бидний мэргэжлийн нас богино болоод ч тэр үү, ялангуяа эрэгтэй бүжигчид гадаадад ур чадвараа үнэлүүлэхээр явцгаасан.
Дэлгүүрийн лангуунд давснаас өөр бараагүй, эргэн тойронд үймээн самуунтай байхад үзэгчид мэдээж сонгодог урлагт анхаарал хандуулах нь цөөн байж таарна. Гэхдээ тэр үед уран бүтээлчид тоглолтоо тавьсаар, бэлтгэлээ хийж байсны ачаар өнөөдөр театр маань үйл ажиллагаагаа үргэлжлүүлж, зохих түвшинд хүрчээ. Үе үеийн хамаатнууд, уран бүтээлчид энд амьдрал, сэтгэл зүрхээ зориулдаг болохоор би театраа тодорхойлж
“...Тоймгүй их цаг хугацааг буцаах чадвартай
Цаг тооллыг үл харгалзах хөдөлгүүр адил
Цаглашгүй их орон зайг гэтлүүлэгч
Амин сүнс нь мэдээж албат ажилтнууд, уран бүтээлчид нь
Аливааг туурвих авьяаслаг бүжигчид, дуучид, хөгжимчид
Аялгуут хөгжим эгшиглэн цуурайтах тэр л мөчид
Алмайрмаар түргэн агшинг илбэдэх оюуны туурвилууд
Нэг үеийн биш, нийт хүн төрөлхтний сод бүтээлүүд
Нэг хүслийн биш, нийгмийн тусгалт толь
Нирваан дүрт бурхны сургаал амилах үе байхад
Нүхэнд хоргодох хоригдлын гуниглалын өчил ч дуулагдана.
Хорвоо дэлхийг бүхэлд нь хамрах түүхүүд сэрэхэд
Хүний тавилангийн хуучиршгүй гайхалт ертөнц тодорно...” гэж мөр холбон бичиж байлаа.
-Та ер нь хэр их шүлэг бичдэг вэ?
-Шүлэг гэчихээр яруу найрагчидтай ижил нэр зүүх гээд байна. Хэлэх гэснээ бусдад хүргэх юм сан гэж бодож үг хэлхдэг. Ямар нэг тэмдэглэлт үйл явдлын үеэр ч юм уу бусдад “Баярлалаа” гэж ганцхан үг хэлэхэд хангалтгүй юм шиг санагддаг.
Тиймээс тухайн хүний ач, тус их байсныг мэдрүүлэх гэж талархсан сэтгэлээ илэрхийлэн мөр холбодог болсон юм.
-Та түрүүн ДБЭТ-т хамаатнууд маань ажилладаг байсан гэв үү?
-Монгол балетчдаас хамгийн анх хөлийн хуруун дээрээ бүжиглэж байсан, Гавьяат жүжигчин Ж.Алимаахүү, Урлагийн гавьяат зүтгэлтэн, удирдаач Ч.Жамсранжав, Төрийн шагналт, Ардын жүжигчин Ж.Чулуун нар эмээгийн талын хамаатан.
Тэднийхээ үйл хэргийг үргэлжлүүлж, “Мэрийх хэрэгтэй” гэсэн захиасыг нь биелүүлж, театртаа ажиллаж буйдаа баяртай байдаг.
-Анх ямар дүрд бүжиглэсэн тань сэтгэлд тод үлдсэн бэ?
-“Үйлийн гурван толгой” балет тавьсны 30 жилийн ойг маргааш тэмдэглэхээр бэлтгэл сургуулилалт хийж буй болоод ч тэр үү, энэ бүжгэн жүжгийн жижиг дүрд тоглосон минь санаанд буулаа. Сахилгагүй лам банди нарын зодооныг салгахаар манаач өвөөг дууддаг охины дүр л дээ.
Хэдхэн секунд бүжиглээд л хөшигний ард ортол Ардын жүжигчин, Хөдөлмөрийн баатар Жамъяндагва багш “Сайн байна” гээд духан дээр үнэрлэж, “Чамд дараагийн гоцлол дүрийг бэлэглэе” хэмээсэн.
Ингээд “Цэнхэр нүдэн бүсгүй”-н Сванильдад тоглосноос хойш “Үйлийн гурван толгой”-н Нансалмаа, “Хунт нуур”-ын хар, цагаан хун, “Жизель”-ийн Жизель, “Шарилжин дундах цэцэг”-ийн Урангоо, Монголд тавьсан анхны орчин үеийн балет “Гэгээн хаврын ёслол”-ын гол дүр зэрэг дэлхийн болон үндэсний 20 гаруй уран бүтээлд гоцолжээ.
-Мэдээж дүр бүрийг бүтээх амаргүй. Чөмгийг тань дундалж байсан дүр бий юү?
-Орост сурч байхдаа европ бүжиг хийж байснаа энд ирээд “Үйлийн гурван толгой”-д тоглоход амаргүй байсан. Тухайлбал, гар хөлөө үргэлж уртаар нь бүжиглэж сурсан хүн ээтийлгэхэд хэцүү санагдсан. Тэгэхэд Орост хамт сурсан Жаргалан Хоролмаад, Бат-Эрдэнэ Юндэнд, би Нансалмаад бүжиглэсэн.
Бид бэлтгэлээ дуусгаад цай ууж суухад, олон улсын хоёр ч уралдаанаас шагнал аваад байсан Бат-Эрдэнэ “Би балет бүжиглэхдээ ингэж зовж, хэцүү байдалд орж байсангүй” гэж билээ. Заавал эргэлт, үсрэлт, хүнд техниктээ биш, юмны эвийг олж суралцахад гол учир байна гэдгийг тэгэхэд ойлгосон.
Тайзны уран бүтээлчид хариуцлага их чухал. “Үйлийн гурван толгой”-н хоёрдугаар үзэгдэлд Нансалмаа Балганы гэрээс зугтаж гарахад нь хоёр бүжигчин хуримын өргөө рүү чирж оруулдаг. Тэр хэсгийн ая эгшиглэж, намайг гэрээс гараад иртэл чирж явах ёстой хоёр байдаггүй ээ. “Тунгалаг тамир” киноны Эрдэнэ буюу Баатар гуай тэр үед найр удирдагч ноёны дүрд тоглож байсан юм.
Би бүжиглэнгээ “Та намайг чирээд өргөө рүү оруулахгүй бол өөрөө гүйгээд оролтой биш дээ” гээд түүнээр түлхүүлж байлаа. Эмч, нисгэгчтэй адил хариуцлага алдвал өндөр гарз хохирол учруулахгүй ч гэсэн уран бүтээлчдийн алдаа зохиолын утгыг алдагдуулах хэмжээнд хүргэнэ.
-Хар, цагаан хунгийн алиныхтай нь таны мөн чанар ойр вэ?
-Уг нь надад үргэлж эерэг дүр ногддог. Тухайн үед театрын бүжигчид хоёр хуваагдаж, Жамъяндагва гуай хэсэг уран бүтээлчтэй өрх тусгаарласан юм. Тэр үед “Хунт нуур”-ын залгамж тасрахад хүрсэн учраас маш богино хугацаанд, бараг долоо хоног бэлдээд, би Одеттад, ангийн найз, Гавьяат жүжигчин Наранханд Одиллияд тоглосон.
Тэгэхэд цагаан хун надад илүү тохирмоор юм шиг байсан ч хар хунд ч бүжиглэж чадахаар санагдсан. Цагаан хунгийн найман минутын адажиог бүжиглэх хэцүү. Харин хар хун дөрвөн минутын турш эрч хүчтэй бүжиглэдэг. Хөгжмийн хэмнэл, хөдөлгөөн, өгүүлэх түүхээрээ энэ хоёрын дүр өөр.
Ханхүүг залилан мэхэлж, өөрийгөө Одетта мэтээр итгүүлж чадахын тулд Одиллиягийн харцнаас нь хүртэл өөр туяа цацрах ёстой. Одетта Ротбартын хар шидээс болж хун болж хувиран нуурандаа уйтгарлан хөвдөг. Ийм харьцуулахын аргагүй тэс ондоо дүрүүд учир аль алинд нь бүжиглэх хэцүү.
-Залуу насны ажил болохоор балетчид их эрт тэтгэвэрт гардаг. Та тэтгэвэрт гараад л тайзнаас буусан уу, эсвэл хугацаанаасаа өмнө орхив уу?
-“Баядерка” балетад тоглож байхдаа хөлөө жаахан гэмтээсэн юм. Хүнд хөдөлмөр хийдэг учраас бүжигчдийн хувьд бэртэл авах нь элбэг. Одоо бэртэлтэй байгаа ч бүжиглэж буй бүжигчдээрээ бахархаж байна.
Миний шавь О.Анужингийн шагай мултарсан ч тоглолт зогсоох эрх түүнд байхгүй учраас уйлуулаад л бүжиглүүлж байлаа.
Би тэр үед хөлөө эмчлүүлээд ажилдаа орох төлөвлөгөөтэй байсан ч хүүгээ төрүүлсэн. Өнгөрсөн хугацаанд нөхөртэйгөө хамтран “Гайхамшигт ертөнц” зэрэг телевизийн нэвтрүүлэг хийж, олон улсын харилцааны мэргэжилтэн болж, философи гүнзгий судалж байна. Сэтгүүл зүйн салбарт ажиллах сонирхол ч бий.
-ДБЭТ-т балетын дасгалжуулагч багшаар ажиллаад жил болжээ. Таны бүжигчин байсан үетэй харьцуулахад уур амьсгал, ур чадварын хувьд хэр ялгаа байна вэ?
-Өөрийгөө голсон ч “Багшгүй боллоо” гэхэд нь хүмүүс намайг үнэлж байвал хэмжээндээ зөвлөе гэж бодоод ирсэн. Нэг жил ажиллаад сурах төлөвлөгөөтэй байсан ч хамт олны хүсэлтээр гэрээгээ сунгалаа. Бүжигчдийн нэлээд олон үе өнгөрч, хамт олон залуужсан учраас харин ч команд илүү сонсоцгоож байна. Бие хаа нь ч зэгзийж, өндөр, цэгцтэй болжээ.
Театрын бүжигчдийн олонхынх нь чадвар их сайн байна. Өнгөрсөн жил тоглох ёстой байсан 50 гаруй бүтээлээ бүгдийг нь толилуулсан. Богино хугацаанд тэр жүжгүүдийг амжилттай тоглож буй уран бүтээлчид, арын албаныхнаараа бахархахгүй байхын аргагүй. Балетуудаа улам сайжруулахын тулд тоглолт бүрийн үеэр бичлэг хийж дараа нь түүндээ дүгнэлт хийж ярилцацгааж байгаа.
Энэ улирлын хөтөлбөрийн анхны “Жизель”-ийг тоглохдоо “Ла Скала” театрын удирдаач Стефан Сальвадорыг урьсан юм. Бид бэлтгэлийн танхимдаа урьдын тоглодгоороо сургуулилж байгаад гадаад мэргэжилтний удирдсан хөгжимтэй бүжиглэх гэхэд ялгаа гарсан. Тухайлбал, Алберт бүжиглэхэд хөгжим маш хөнгөхөн байсан бол сүнснүүдийн хэсэг дээр эрч хүч нь чангарч байсан.
Би тэр хөгжмийн илэрхийлэл, ялгаанаас Алберт дурласан Ромео шиг бүжиглэх ёстой юм байна, сүнснүүд оршуулгын газар ирсэн эрчүүдийг айлгах хэмжээний, урьдынхаасаа эрч хүчтэй жүжиглэх хэрэгтэй гэдгийг ойлгосон. Жүжигчид “Хөгжим хурдан байна. Бид ингэж бүжиглэдэггүй” гэж байсан ч “Алдартай театрын удирдаач ингэж удирддаг бол бид ч гэсэн алхаагаа нийлүүлэх ёстой. Ингэж байж жүжгийн өрнөл илүү хурц уншигдана” гэж би тайлбарласан. Энэ өөрчлөлт бидний хувьд дэвшил.
Олон улсын харилцааны мэргэжлээр сурч улс төр, философийн хичээл үзэж байсан минь багшлахад их нэмэр болж байна. Бүжигчиддээ тухайн балет үүссэн улс үндэстнийх нь түүх, соёлын тухай ярьж ойлгуулдаг юм. Миний хэлснийг хүлээн авч, ХБК-ийн төгсөх ангийнхан хүртэл тайзнаа үнэхээр л эзэнт гүрний ихэмсэг хүмүүс шиг тоглоход зарим үед самсаа шархирч, бүжигчдээрээ бахархдаг.
-Хамт олон хүнээр дутахгүй. Хүн л хамт олноор дутдаг гэдэг юм билээ. Өнөө цагт ДБЭТ-ын олон балетын гол дүрд тоглож байсан О.Ганцоож БНСУ-ын “Универсал балет”-д ажиллаж буй.
Театр мундаг гоцлол бүжигчнээр дутдаг уу?
-Дараагийн илүү чадварлаг бүжигчид гарч ирнэ. Одоо Эрдэнэболд их мундаг байна. Генерал болохыг мөрөөддөггүй цэрэг байдаггүй гэдэг. Балетчин болохоор найм, есөн жил сурчихаад үргэлж арын эгнээнд бүжиглэхийг хэн ч хүсэхгүй, гоцлооч болохыг л бодно биз дээ. Хүсэл мөхөөгүй цагт дараагийн чадварлаг уран бүтээлч тодорч л таарна.
Харин түүнийг бэлтгэж, ур чадварыг сайжруулах нь багш бидний үүрэг. О.Ганцоож театртаа хийх ёстойгоо нэр төртэйгөөр хийгээд, чадвараа арай өндөр үнэлүүлье гэж байна. 700 мянган төгрөгийн цалинтай хоёр балетчин гэрлэчихээд хоёр хүүхдээ яаж тэжээж, байрны мөнгө, зээлээ яаж төлж, юугаараа амьдрах вэ дээ.
О.Ганцоож “Цалин амьдралд хүрэлцэхгүй байна” гэхэд нь би гадаадын театртай холбоо тогтооход нь тусалсан. Түүнээс биш, өөр асуудлаас болж театраас яваагүй.
-Амьдралаа дөнгөж эхлүүлж байхдаа ирээдүйгээ ямраар төсөөлж байсан бэ. Тэр төлөвлөгөөнийхөө дагуу амьдарсан уу?
-Ингэж, тэгж амьдарна гэж төсөөлж байсангүй. Зөвхөн мэргэжил минь миний амьдралын утга учир, оргилуун хүсэл тэмүүлэл байсан. Болох юм болдгоороо, жамаараа болно биз дээ гэж бодсон. Миний хоёр хүүхэд Намсрайн Ганхуягийн удмыг залгуулах учиртай байж дээ гэж харин одоо бодож байна.
-Хүүхдүүд тань аав, ээжийнхээ мэргэжлийг өвлөх нь үү?
-Охин минь 19, хүү 10 настай. Урлагийг мэргэжлийн хэмжээнд ойлгож, сонирхоосой гэсэндээ хоёуланг нь Хөгжим бүжгийн коллежийн төгөлдөр хуурын ангид оруулж байлаа. Хэрэв урлагийн хүн болохоор шийдвэл мэргэжлийн хэмжээний уран бүтээлч болоосой гэж хүсдэг.
-Заримдаа ажлаасаа залхах үе хүмүүст бишгүй. Тийм үед өөрийгөө хэрхэн идэвхжүүлдэг вэ. Уран бүтээлч учраас үргэлж асаж, гал цогтой амьдарсан уу?
-Би хувь хүнийхээ хувьд тийм дүрэлзсэн нэгэн биш. Харин тайзан дээр гарахаараа хөгжимд хөглөгдөөд асаж чаддаг. Найзынхаа өрөөгөөр ороод гарсны дараа хамт байсан хүн нь “Энэ Батгэрэл мөн үү. Тайзан дээр өнөө “Кармен”, “Хунт нуур”-т дүүхэлзээд байдаг бүсгүй чинь ийм жижигхэн юм уу” гэж асуусан гэдэг. Би хэрэгтэй үедээ дүүхэлзэж, асаж чадна. Тэр чанар минь амьдрал дээр нуугдмал байдаг.
Гэхдээ идэвхтэй байдалд нөлөөлөхгүй. Ажил их, бага байсан ч үргэлж өрнөж байдаг болохоор урьд насандаа хэт тайван амьдарсан юм болов уу гэж боддог шүү. Энэ дашрамд, бүжиглэж байх хугацаандаа тэр бүр илэрхийлж чадаагүй сэтгэлийн үгээ уран бүтээлчдэдээ хэлэхийг хүсэж байна. Дуурь, балетын театр гэдэг олон авьяаслаг, ур чадвартай хүний нөр их хөдөлмөрөөс бүтдэг.
Тиймээс театр гэдэг ганцхан үг олон зүйлийг хамруулдаг, нийт хүн төрөлхтний сод бүтээлийг амилуулах өргөн хүрээтэй ойлголт. Чамгүй олон жил та нартайгаа цаглашгүй олон бүтээлийг догдлох сэтгэл, дуудагдах зүтгэл нэгтэйгээр туурвиж ирж дээ.
Сэтгэлийг минь хөглөдөг хөгжимчид, дүрийг минь тодотгож, зүсийг минь тодруулдаг тайз, гэрлийн ажилчид, багш, урлагийг дэмжин дэлгэрүүлэгч найз нөхдөдөө жил бүрийн гуравдугаар сарын 27-нд тохиодог Олон улсын театрын өдрийн мэнд хүргэе.