Монголын циркийн урлагийн тулгуур болсон сайхан хүмүүсийн нэг, Төрийн шагналт, Ардын жүжигчин, уран нугараач Т.Цэнд-Аюушийн мэндэлсний 90 жилийн ой ирэх арваннэгдүгээр сард тохионо. Монгол уран нугаралт хэмээх брэндийг авч яваа үе үеийн нугараачид чухамхүү энэ хүний л гараар “элдэгдэн”, жинхэнэ уран бүтээлч болсон гэдэгтэй маргахгүй биз ээ.
Түүний шавь нараас Төрийн шагналтан, Ардын болон Гавьяат жүжигчин олон төрсөн. Өдгөө дэлхийн тавцанд Монголынх гэж овоглон, уран нугаралтаар шагшуулан яваа нугараачид бүгд чухамхүү энэ л хүнтэй холбоотой билээ. Тэгвэл багшийнхаа мэндэлсний ойг шавь нар нь тэмдэглэн, энэ хүрээнд ном, баримтат кино, нэвтрүүлэг бэлтгэж буй аж.
Ирэх есдүгээр сар гэхэд бэлэн болгохоор төлөвлөсөн номынх нь ажлын талаар Төрийн шагналт, Ардын жүжигчин Б.Норовсамбуугаас тодрууллаа. Тэрбээр өнгөрсөн өвөл хөлөө бэртээсэн ч багшдаа зориулан босгох номон суваргынхаа ажлыг хойш тавилгүй, таяг тулан хүмүүстэй уулзаж яваатай таарлаа.
-Сайхан хаваржиж байна уу. Цэндээ багшдаа зориулан ном бүтээх ажил тань хэр урагшилж байна вэ?
-Цаг хугацаа харвах мэт хурдан өнгөрч буйг ч анзаарахгүй шахуу ажиллаж байна. Багшдаа зориулан ном бүтээхээр олон жилийн өмнөөс бодсоноо биелүүлэхээр их ажлын хажуугаар чармайж явна. Хэдийгээр тэр хүнийг би сайн мэдэх ч ганц миний үгээр бүтэх ном биш шүү дээ. Багш маань олон зуун шавьтай болсон. Тэднээс энэ урлагийг гадаадад сурталчлан, амжилттай яваа хүн цөөнгүй.
Төрийн шагналт, Ардын жүжигчин Т.Цэнд-Аюуш 10 гаруй жил циркийн уран сайхны удирдагчаар ажилласан. Тэгэхээр түүний удирдлагад ажиллаж байсан үе үеийн уран бүтээлч болон ахмад циркчдийн сэтгэгдэл, дурсамжийг номондоо оруулахын тулд холбоо тогтоож, уулзаж учрах хүн зөндөө байна. Ном бүтээх ажилд Циркийн сургуулийн тав дахь удаагийн төгсөгчид илүү идэвхтэй оролцоно гэж итгэж байна.
Одоогийн байдлаар материал цуглуулах ажил ид өрнөж байна даа. Энэ дашрамд, танай сониноор дамжуулан номонд дурсамжаа үлдээхийг хүссэн хүмүүст хэл дуулгая. Мөн хамтран ажиллах хүмүүс байвал надтай уулзаарай гэж хэлье.
-Ном хэвлүүлэхэд нэлээд зардал шаардагдах байх даа. Энэ асуудлыг хэрхэн шийдэж байна вэ?
-Багшийн маань шавь нар эрвийх дэрвийхээрээ зүтгэнэ гэсэн. Гадаадад ажиллаж, амьдарч буй нугараач нартайгаа холбоо тогтоож, энэ талаар хэл дуулгасан. Энэ мэтээр олны дэмийг л авна даа.
-Та уран нугаралтын талаар зурагтай цомог шиг сайхан ном гаргасан. Шинэ номоо ямар маягаар гаргах вэ. Хүмүүсийн яриа, дурсамж голлох уу, зураг түлхүү оруулах уу?
-Яг энэ асуудалд нэлээд анхаарал хандуулж байгаа. Юм юмтай, сайхан ном бүтээхээр бодож, төлөвлөсөн. Сэтгүүлч та бүхэн ч бидэнд тусалж, зөвлөөрэй. Үүнээс гадна кино бүтээх амаргүй даваа бий. Мөн л мэргэжлийнхний тусламж хэрэгтэйг дуулгамаар байна. Т.Цэнд-Аюуш гэдэг хүнийг монголчууд мартах учиргүй.
Тэр бол Монголын цирк, тэр дундаа уран нугаралтыг хөгжүүлэн, сурталчлахад асар их үүрэг гүйцэтгэсэн бахархалт хүн. Дан ганц нугаралт гэлтгүй циркийн бүхий л төрлөөр ажиллаж чадсан цор ганц жүжигчин шүү дээ. Багш маань уран нугаралтыг брэнд болгосон гэж боддог.