Ашигт малтмал, газрын тосны газрын Нүүрсний судалгааны хэлтсийн дарга М.Мэндбаяртай ярилцлаа.
-Нүүрсний үнэ өссөнтэй холбоотойгоор экспорт тэллээ. Энэ онд хэдий хэмжээний нүүрс экспортлох төлөвтэй байна вэ?
-Дотоодын нүүрсний уурхайнууд жилд доод тал нь 70-80 сая тн-ыг экспортлох боломж бий. Гэхдээ үнэ өндөр байхаас гадна импортлогч улсын эрэлт, хэрэгцээ ямар байна вэ гэдэг нь чухал. Манайх нэг л худалдан авагчтай тул энэ зах зээлээс хамааралтай.
Өмнөд хөршийн зах зээлд нүүрсний эрэлт байвал манай аж ахуйн нэгжүүд хямд үнээр ч хамаагүй гаргана. Өнгөрсөн хугацаанд манай уурхайнууд хэцүү үед экспортоо зогсоогоогүй. Мэдээжийн хэрэг таатай үед түүхий эдээ аль болох их хэмжээгээр экспортлох сонирхол бий.
Гэхдээ импортлогч орны зах зээл үүнээс илүүг шингээх боломж хомс учир өнгөрсөн онд 25 сая тн-ыг экспортолсон юм. Уурхайнууд өөрсдийн хүчин чадалдаа тулгуурлан экспортын төсөөллөө уулын ажлын төлөвлөгөөндөө жил бүр тусгадаг. Бид бизнесийг дэмжих зорилгоор үүнийг нь таналгүй баталдаг. Гэхдээ жилийн эцэст төсөөлсөн хэмжээндээ хүрдэггүй. Тухайлбал, энэ жил 50 орчим сая тн-ыг экспортлох сонирхолтой байгаа. Харин төсвийн төсөөлөлд үүнээс багыг тусгасан.
-Төсвийн төсөөлөлд 23 сая тн гэж тусгасан байсан.
-Тийм байх.
-Дотоодын нүүрсний олборлолтыг хумих бодлогоо үргэлжлүүлнэ гэдгээ Хятад улс саяхан мэдэгдлээ. Ингэснээр манайд экспортоо өсгөх боломж гарах уу?
-Хятад олон тооны жижиг уурхайгаа хааж байна. Тус улсын эдийн засаг өсөхийн хэрээр эрчим хүчний хэрэглээ нь тэлсээр байгаа. Тиймээс эрчим хүчний нүүрсний хэрэглээ ч өснө.
... Сүүлийн үед Тяньжин, Шаньдунд нүүрсний шинэ эрэлт хэрэгцээ бий болж байна. Үүний хүрээнд нүүрс худалдах гэрээ хэлцэл хийж эхэллээ. Энэ бүс нутагт одоогоор манайхтай өрсөлдөх нийлүүлэгч байхгүй. ОХУ Алс Дорнодоор дамжуулан төмөр замаар нүүрс тээвэрлэнэ. Гэхдээ төмөр замаар тээвэрлэж буй ч зай нь хол учир үнийн хувьд манайхтай өрсөлдөх боломж бага юм ...
-Өмнөд хөршийн эрэлт цаашид хэрхэн өөрчлөгдөх бол?
-Дэлхийн эдийн засгийн өсөлтийн тал хувийг манай өмнөд хөрш дангаараа бүрдүүлж байна. Тиймээс тэндэхийн эрчим хүч болон нүүрсний хэрэглээ буурахгүй. Мөн импортын нүүрсний талаар баримтлах бодлого нь төдийлөн өөрчлөгдөхгүй болов уу.
Уурхайн ажлын өдрийг жилийн 276 хоног болгон цөөлж, үйлдвэрлэл багассан нь үнэ өсөхөд голлон нөлөөллөө. Хятадын Засгийн газар Хойд Солонгосоос импортлох нүүрсэнд хориг тавьсан учраас 24-32 сая тн эрчим хүчний нүүрс авах орон зай байгаа.
-Цагаан сарын баяраас хойш ирэх намар хүртэл нүүрсний үнэ хямдарна гэж олон улсын шинжээчид таамаглаж байсан. Энэ таамаг хэр бодитой вэ.
-Бид өөрсдийн “тоглож” байгаа зах зээлд л төсөөллөө гаргах хэрэгтэй. Хятадын эрчим хүчний хэрэглээ жилийн гурваас зургадугаар сард хамгийн бага байдаг. Манай улсад бол зуны улиралд халаалт зогсдог учир эрчим хүчний хэрэглээ буурна. Харин өмнөд хөршид хүйтний улирал гуравдугаар сард дуусдаг.
Мөн зургадугаар сараас халууны улирал эхэлж, хөргөх төхөөрөмжийг ихээр ажиллуулна. Тиймээс Цагаан сарын баяраас хойш эрчим хүчний хэрэглээ хумигдаж, үүнийг даган эрчим хүч болон нүүрсний эрэлт буурсан хэрэг.
Ер нь үнэ ханасан цэгтээ ирсэн гэж үзэж байгаа. Үүнээс цааш төдийлөн өсөхгүй бөгөөд хямдарна гэсэн төсөөлөл бий.
-Хятадын Засгийн газар томоохон уурхайн ажлын өдрийг саяхнаас тодорхойгүй хугацаагаар эргүүлэн сунгалаа. Энэ нь үнэд хэрхэн нөлөөлөх вэ?
-Тийм ээ. Ингэснээр томоохон уурхайнууд нь жилд 300-330 хоног ажиллах боломж бүрдэж байгаа. Тус улсын Засгийн газар үнийн өсөлтийг тогтоон барьж, хязгаарлах үүднээс нийлүүлэлтийг өсгөж байна. Цаашид ч үнийг төдийлөн өсгөхгүй байх бодлого хэрэгжүүлнэ.
Хятадын хамгийн том нийлүүлэгч Австралийн нүүрсний үнэ ч цаашид төдийлөн өсөхгүй гэж олон улсын шинжээчид таамагласан. Дэлхийн банкны шинжээчид 2017 оны дунд үеэс эхлэн үнэ хямдарч, 2019, 2020 он хүртэл төдийлөн сэргэхгүй гэж төсөөлөөд байгаа.
-ОХУ Хятад руу экспортоо нэмэхээр хичээж байна. Манай экспортод хэр нөлөө үзүүлэх вэ?
-Нүүрс нь овор их, тээвэрлэх зардал өндөр учир хол замд экспортлох боломж бага. Тиймээс тухайн бүс нутагтаа л өрсөлдөнө гэсэн үг. Манай улс Хятадын хойд мужуудад л нүүрс нийлүүлдэг. Сүүлийн үед Тяньжин, Шаньдунд нүүрсний шинэ эрэлт хэрэгцээ бий болж байна.
Үүний хүрээнд нүүрс худалдах гэрээ хэлцэл хийж эхэллээ. Энэ бүс нутагт одоогоор манайхтай өрсөлдөх нийлүүлэгч байхгүй. ОХУ Алс Дорнодоор дамжуулан төмөр замаар нүүрс тээвэрлэнэ.
Гэхдээ зай нь хол учир үнийн хувьд манайхтай өрсөлдөх боломж бага юм.
-Тяньжин, Шаньдунд манайх удаан хугацаагаар нүүрс нийлүүлэх боломж бий юү?
-Тэд бол харьцангуй тогтвортой худалдан авагч юм.
-Өнөөдрөөс Тяньжин руу туршилтаар нүүрс тээвэрлэнэ гэсэн мэдээ бий.
-Хоёр улсын бизнес эрхлэгчид хичээл зүтгэл гаргасны дүнд шинэ гарц нээж байна. Тяньжин руу хүрч, хэрэглээг нь хангаж чадвал түүний цаана илүү том зах зээл бий.
Ямартай ч Дорноговь аймгийн Даланжаргалан сумын нутаг Алаг тогоогийн бүлэг ордын нэгэнд тусгай зөвшөөрөл эзэмшдэг “Чингисийн хар алт” компани Хятадын талтай тохиролцож, Тяньжин руу нүүрс тээвэрлэхээр боллоо.
-Хятадын нутгаар тээвэр хийхэд хүндрэл их бий гэдэг. Тээвэрлэлтийн нөхцөлийг хөнгөлөх, тарифыг багасгах чиглэлээр өмнөд хөрштэй тохиролцсон зүйл бий юү?
-Хоёр улсын Засгийн газрын хооронд энэ талаар ярилцаж байсан. Одоо ч хэлэлцэж л байгаа. Хамгийн гол нь тус улс руу нүүрс экспортлох нь хоёр компанийн хоорондын харилцаа юм. Тиймээс төр “Транзит тээврийн асуудлыг нь ингэж шийдэж өгнө” гэж хөндлөнгөөс нь оролцох боломж бага.
Мөн Хятадын төмөр замын дотоодын тээврийн асуудлыг Засгийн газар нь ч дангаараа мэдэж шийддэггүй бололтой юм. Экспортлогч болон импортлогч компаниудын дунд тээвэр ложистикийн үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүд нь нэлээд эрх мэдэлтэй.
Тиймээс тээврийн тарифыг Засгийн газар хоорондын хэлэлцээрээр шийдвэрлэн багасгах боломж бага. Ложистик хариуцсан компани нь өртгөө тооцож, тариф тогтооно.
-Нэгэнт Тяньжин руу тээвэрлэж байгаа бол энэ боомтоор дамжуулан гуравдагч зах зээлд нүүрс нийлүүлэх боломж байна уу?
-Боломж бий. Гэхдээ энэ компани Тяньжин руу нүүрс тээвэрлэх өртөг нь хэд болох вэ, цаашлаад усан замын тээврийн зардал нь ямар вэ гэдгийг тооцох ёстой.
Мөн өөр компани Тяньжин руу нүүрс тээвэрлэхэд хэдий хэрийн зардал гарах вэ гэх мэтчилэн бодох ёстой зүйл бий. Үүнээс гадна “Чингисийн хар алт”-аас өөр компанид ийм гарц олдох уу гэдгээс их зүйл хамаарна.
-Өмнөд хөрш манай экспортын нүүрснээс татвар авч байгаа. Мөн өнгөрсөн онд импортын түүхий эдэд боомтын хураамж ногдуулсан. Татвар, хураамжийг багасгах, тэглүүлэх талаар ямар ажил хийж байгаа бол?
-Энэ сарын эхээр өмнөд хөршийн Засгийн газар өнгөрсөн оны тайлан, ирэх оны зорилтоо хэлэлцсэн. Үүнд импортын нүүрсэнд тавих татварын бодлогоо өөрчлөх талаар тодорхой зүйл тусгаагүй байсан.
Өнгөрсөн онд орон нутгийн засаг захиргаанаас импортын нүүрсэнд боомтын хураамж ногдуулсан нь тухайн улсын татварын бодлоготой шууд хамааралгүй болов уу.
-Хөрөнгө оруулалт өсөх хандлага бий. Нүүрсний салбарт энэ нь хэр мэдрэгдэж байна вэ?
-Хөрөнгө оруулалтын орчин төдийлөн сайжраагүй байгаа. Нүүрсний салбарт 2012 оноос өмнө нэлээд хөрөнгө оруулсан. Энэ нь одоо хүртэл эцсийн өгөөжөө өгч дуусаагүй.
Тухайлбал, “Чалко” компанийн зээлээ энэ онд л төлж дуусах төсөөлөлтэй байна шүү дээ. Тиймээс өгөөж нь хэр вэ гэж хөрөнгө оруулагчид ажиглаж байгаа болов уу. Мөн борлуулах зах зээлийн боломж сайнгүй байгаа.
-Улс, орон нутгийн төсөвт өнгөрсөн оны байдлаар хэдэн төгрөг төвлөрүүлсэн бэ?
-Одоогоор энэ дүн эцсийн байдлаар гараагүй.
-Манайд уул уурхайн салбарын татварын ачаалал бусад оронтой харьцуулбал ямар түвшинд байдаг вэ?
-Гадаадын орнуудтай харьцуулбал төдийлөн өндөр биш. Өндөр татвартай орнууд бий. Сүүлийн жилүүдэд манай татвар буурах хандлагатай байгаа. Өмнө нь уул уурхайн салбарын татварын дундаж хэмжээ 30-35 хувь орчим байсан бол одоо 25 орчим байна.
Барилгын материал, алт, нүүрсний татвар, хураамжийн хэмжээ хамгийн бага юм. Ер нь нийт борлуулалтын 25 орчим хувь нь татвар, хураамж хэлбэрээр улсын төсөвт төвлөрдөг