Кшиштоф Киесловски (1941-1996) 1989 онд Нью-Йорк хотноо “Village Voice” сонинд өгсөн ярилцлагадаа “Хорвоо дээр ердөө арван үг үлдлээ гэхэд ямар үгс сонгох вэ” гэсэн асуултад “Хайр, үзэн ядалт, ганцаардал, айдас, гэнэтийн учрал, өвдөлт, зовнил, бурхан, үүрэг хариуцлага, цагаан цайлган сэтгэл” гэж хариулжээ. Эдгээр нь түүний кинонууд дахь онцлох шинж чанар билээ.
Польш орноос төрсөн нэрт найруулагчийн нэг К.Киесловски бүтэн арван цаг үргэлжлэх, Библийн Арван хуульд үндэслэсэн “Декалог” (1988) киногоороо анх алдаршиж, Ирен Жакобт Каннын наадмын шилдэг эмэгтэй жүжигчний шагнал авчирсан “Вероникийн хоёрдмол амьдрал”, хожим Францад бүтээсэн “Гурван өнгө” гурамсан бүтээлээрээ алдар хүндээ дархалсан юм.
Британийн Кино урлагийн хүрээлэнгээс 2002 онд тодруулсан орчин цагийн хамгийн нэр нөлөөтэй, агуу арван найруулагчийн жагсаалтын хоёрт тэрбээр бичигдсэн байдаг.
Доорх ярилцлагыг К.Киесловски Оксфордын их сургуулийн оюутны сонинд 1995 оны зургадугаар сарын 2-нд өгчээ.
-Та амьдралын үнэн бодит байдлыг хамгийн их таашаадаг тухайгаа өмнө нь олон ч удаа ярьж байсан. Чухам тийм болоод л Лодзь дахь дизайнерын сургуулиа орхиж, баримтат кино бүтээгч болохоор шийдсэн хэрэг үү?
-Би хорвоо ертөнцийг өөрийнхөө үзэж туулснаар, бас яг байгаагаар нь нэгэн зэрэг харуулахыг хүссэн юм. Тэр үед баримтат киноны агуу найруулагчид Ричард Ликок, Хорис Айвенс нарын уран бүтээлчид ид туурвиж байлаа шүү дээ. Харамсалтай нь, телевиз гэгч зүйл одоо баримтат киноны хөгжилд маш том чөдөр тушаа болж байна.
Ээдрээтэй, түвэгтэй зүйлсийг, амьдралын хатуу үнэнийг харуулахаас телевизийнхэн илт зайлсхийж байна. Энэ нь их олон юмыг хялбарчилж, үзэгчдийн оюун санааг ч буртаглах болж. Гэтэл амьдрал тийм энгийн биш шүү дээ. Зөвхөн хар, цагаан, сайн, муугийн үнэлэмжээр амьдралыг дэнслэх аргагүй.
-Баримтат бус кино бүтээх болсон ч та бодит амьдралаас нүүр буруулаагүй.
-Амьдралыг би тун ч овжин, сүйхээтэй эд гэж боддог. Тийм хүчирхэг зүйлээс холдож болно гэж үү. Би л хувьдаа бодит амьдралыг ямар ч зохиомол бүтээлээс, уран зохиолоос ч илүү гэж санадаг юм. Олон жил баримтат кино хийсэн маань миний ажилд ач тусаа ч өгсөн, алдаа дутагдал ч болсон.
Баримтат киноны зохиол гэдэг тун барьцгүй, үйл явдлын өрнөлөөс шалтгаалж өөрчлөгддөг болохоор зураг авалтын үеэр аль болох олон дүрс хальсанд буулгаж, эвлүүлгийн үеэр л киногоо бүтээх нь дээр байдаг. Энэ барилаа би одоо ч тавиагүй.
Камерын ард ажиллахдаа киноныхоо өгүүлэмжийг бус, харин кино зохиолд хожим ивээс, өрөг болох нарийн эс ширхгүүдээ хальсанд буулгаж авдаг юм.
-Та өөрийгөө уран бүтээлч биш, ердийн нэг урлаач, бараг дархан хүн гэж нэрлэх дуртай. Яагаад тэр вэ?
-Жинхэнэ уран бүтээлч хүн бүх зүйлийг биш гэхэд, ядаж хийж буй зүйлийнхээ хариултыг, эцсийн цэгийг мэддэг. Харин урлаач хүний мэдлэг зөвхөн ур чадвараар нь л хязгаарлагддаг. Жишээ нь, би төрөл бүрийн линз, шилний талаар, эвлүүлэгчийн өрөөн дэх юм бүхнийг хэнээс ч дутахгүй мэднэ.
Зураг авах төхөөрөмж дээрх олон товч ямар үүрэгтэйг, микрофон яаж ажиллуулахыг ч хүнээр заалгахааргүй болсон. Гэхдээ энэ бүхэн мэдлэг биш шүү дээ. Яаж аж төрөх ёстойг, амьдралын утга учир хаанаа байгааг, ер иймэрхүү зүйлсийг мэддэг хүнийг л мэдлэгтэй гэх байх.
-Таны кинонуудыг жилээс жилд улам л ойлгомжгүй, орооцолдсон өгүүлэмжтэй болж байна гэлцдэг. Та дүрүүдээ төдийгүй, тэдний ойр тойрны эд юмсыг улам л ойроос авч, тэднээс ямар нэгэн зүйл эрж байх шиг байдаг.
Чухам юу хайдаг юм бэ?
-Хүний, эд юмсын сүнслэг чанарыг гэх үү дээ. Бүр өргөнөөр авч үзвэл би ертөнцийн нийтлэг үнэнийг хайж байгаа юм. Гэхдээ үнэн гэдэг цаг хугацаатай адил, нэгэнт талийж одсон бол дахиад бараа нь харагдахааргүй барьцгүй зүйл юм даа.
-Таны “Декалог” кино санамсаргүй, гэнэтийн учралаар дүүрэн. “Гурван өнгө”-д ч нэг киноноос нөгөөд шилжиж, “нэвчсэн” мэт дүрүүд олон байдаг.
-Би тийм ер бусын учрал, тохиолдолд их дуртай. Хүн болгон өдөр бүр л сонин хачин хүмүүстэй тааралддаг шүү дээ. Ерөөс амьдрал гэдэг тэр чигтээ бидний одоо суугаа энэ жижигхэн кафе шиг л зүйл юм. Цаг ямагт хүмүүс орж, гарна.
Танихгүй хүмүүсийн хажууд тухлан суугаад кофе ууна. Тэгснээ гэнэтхэн гараад явчихна. Тохой нийлүүлэх шахам сууж байсан энэ хүмүүстэйгээ дахиад хэзээ ч тааралдахгүй байж мэднэ гэдгээ ч тэд ухамсарладаггүй.
Тааралдсан байлаа ч мөнөөх хүнтэйгээ зэрэгцэн сууж, хэсэгхэн зуур нэг гэрт орсон мэт яг ижил аяганаас цай, кофе оочилж сууснаа санахгүй. Ингэж бодохоор хүмүүс хоорондын харилцаа гэдэг тун сонирхолтой юм шүү.
-“Гурван өнгө”-ийн гурван кинонд гурвууланд нь нэг эмгэн гардаг. Хогийн саванд ундааны шил хийх гээд чаддаггүй, саванд хүрдэггүй тэр эмэгтэйгээр та юу харуулахыг хүссэн юм бэ?
-Хүн бүр л хөгширнө, өтөл настай золгоно. “Хөх” дээр гол дүрийн эмэгтэй хөөрхий эмгэнийг бараг тогтож хардаггүй. Яагаад гэвэл тэр цаг хугацааг ойлгож, ухаарахад дэндүү залуу байгаа юм. Өөрөө ч бас нэг л өдөр хөгширнө чинээ тэр зүүдлээ ч үгүй яваа. Харин “Цагаан” дээр Карол хогийн сав руу яаж ч өлийгөөд хүрэхгүй байгаа эмгэнийг харж, хүйтнээр мушилздаг.
“Надаас хэцүүхэн амьдралтай хүн байгаа л юм байна” гэж тайвширч байгаа нь тэр. “Улаан” дээр бол Валентин огт өөр хариу үйлдэл үзүүлдэг шүү дээ. Тэр, эмгэнд тусалдаг. Өрөвчхөн сэтгэлтэйгээ харуулдаг. Гэхдээ үнэнийг хэлэхэд хайр энэрэл, өрөвч, нинжин сэтгэл гэдэг миний киноны элементүүдтэй үргэлж тэрсэлддэг юм. Хайраас төөрөгдөл үүсдэг, хайр зовлон авчирдаг. Хайргүйгээр бид амьдарч чадахгүй хэр нь хайрлаад ч бас амьдарч чаддаггүй.
Үүнээс болоод л миний кинонуудын төгсгөл жаргалтай сайхан байдаггүй. Үзэгчдийн өөдрөг үзлийг дэврээхийн төлөө өгүүлэн буй түүхээ хялбарчилж болохгүй. Өөдрөг үзэл гэдэг минийхээр тэгш дүүрэн, элбэг хангалуун амьдрал биш юм.
Харин ургаж байгаа юм уу, шингэж буй нарны зүг гар гараасаа атгалцан алхах амраг хосууд л юм даа. Би “Цагаан”-ы төгсгөлийг л жинхэнэ аз жаргалтай төгсгөл гэж боддог.
-Шоронд орсон нөхрөө эргэхээр очиж байгаа залуу эмэгтэйг та жаргалтай гэж байгаа хэрэг үү?
-Гол нь тэд бие биедээ хайртай шүү дээ. Нөхөр нь Варшавт, эхнэр нь Парист байлаа гээд тэд жаргалтай байх уу? Хоёр биедээ хайртай хүмүүс уулзалдах шиг сайхан юм хаа байх вэ.
-Хэлийг нь мэдэхгүй газар зураг авах хэцүү юү. Францад ажиллах ямар байдаг вэ?
-Хэлний тухайд хэцүү байлгүй яах вэ. Гэвч надад өөр сонголт байхгүй. Францад л би санхүүжилт олж, байж болох хамгийн сонирхолтой хүмүүстэй хамтран ажиллаж байна. Бас нэг онцгой зүйл нь францчуудын бүтээлч сэтгэлгээ, урлагийн асар өндөр мэдрэмж юм.
Польшид найруулагчийн үг хууль мэт байдаг. Харин Францад чимхийн төдий өөрчлөлт хийе гэсэн санаа цухалзуулах төдийд л арвуул, хориулаа саналаа хэлдэг.
-Судлаач, шүүмжлэгчид таны “Гурван өнгө”-ийг бүх Европт зориулсан дэлгэцийн симфони гэж тодорхойлсон. Та өөрийгөө европ хүн гэж үздэг үү?
-Үнэнийг хэлэхэд үгүй шүү. Би өөрийгөө өрнөдийн соёл иргэншлийн хэлтэрхий, агуу Европын төлөөлөл гэхээсээ яс, мах, эд эс бүхнээрээ жинхэнэ польш хүн болохоо л улам бүр мэдэрч байна.
Бүр тодруулбал хөдөөний, польш тосгоны “бүтээгдэхүүн” гэдгээ цаг ямагт ухамсарладаг. Польшийн алс хойд хязгаарт би нэг жижигхэн байшинтай юм. Тэндээ түлээний мод бэлтгээд суух бас л нэг жаргал шүү.