Саяхан Финланд улсын Лахти хотод болсон цанын насанд хүрэгчдийн В ангиллын ДАШТ-ий сонгомол техникийн төрлийн 10 км-ийн зайн уралдаанд Батмөнхийн Ачбадрах хүрэл медаль хүртэн, монгол түмнээ баярлуулсан билээ. Тэрбээр ийнхүү Монголын өвлийн спортын түүхэнд ДАШТ-ий медальт анхны тамирчин болсон юм.
Түүхэн амжилтын эзэн болсон Б.Ачбадрах дэлхийн аваргын медальтан болоод зогсохгүй Монголын цаначдаас анх удаа А ангилалд хурд сорих болзол хангав. Энэ ангилалд олимпын эрх авахаар зорьж яваа тэрбээр “Пёнчан-2018”-д оролцох “тийз”-ээ захиалж чадвал бас нэгэн түүхэн амжилт үзүүлэх боломжтой.
Учир нь өнөөг хүртэл Монголын цаначдаас хэн ч А ангилалд олимпын эрх авах нь байтугай өрсөлдөж ч байгаагүй юм. Түүнтэй ярилцлаа.
-Өвлийн спортын төрлөөр ДАШТ-ий медальт анхны тамирчин болсонд тань баяр хүргэе. Тэмцээний өмнө хүрэл медалиар энгэрээ мялаана гэх итгэл хэр их байв?
-Баярлалаа. Би 2017 он гарснаас хойш оюутны дэлхийн универсиад наадам, насанд хүрэгчдийн ДАШТ, Азийн наадам, УАШТ зэрэг дөрвөн том тэмцээнд оролцоод байна. Хамгийн чухал нь энэ тэмцээн байлаа. ДАШТ-д манай улсаас дасгалжуулагч Ж.Халиунаагийн удирдлага дор дөрвөн тамирчин өрсөлдсөн.
Энэ тэмцээнд хоёр дахь удаагаа хурд сорин, медаль хүртсэндээ баяртай байна. Өмнө нь оролцохдоо 25 дугаар байрт шалгарсан. Харин энэ удаа бэлтгэлээ сайн базаасан болохоор өндөр амжилт гаргана гэдэгтээ итгэлтэй байлаа.
-Медалийн болзол ханган, барианд орох мөчид төдийгүй эх орныхоо төрийн далбааг мандуулан шагналын тавцанд зогсож байхад юу бодогддог юм бэ?
-Үгээр илэрхийлэхийн аргагүй. Зүүд биш байгаа даа л гэж бодсон шүү. Барианд орж ирэх мөчид багийнхан маань бүгд уйлчихсан зогсож байсан. Тэгэхэд нь миний сэтгэл бүр их догдолж, өөрийн эрхгүй нулимс урссан. Хүрэл медалиа гардаж аван, төрийн далбаа мандах мөчид монгол хүн болж төрснөөрөө их бахархсан.
Тэр үед яах аргагүй төрж өссөн эх орон, төрүүлж өсгөсөн ээж, аав минь хамгийн түрүүнд бодогддог юм билээ. Цагаан сүүнийхээ дээжийг өргөж, духан дээр минь үнсээд хоцорсон ижийдээ баярт мэдээгээ хурдан дуулгах юм сан гэж их яарсан. Цахим хаягаараа ээжтэйгээ холбогдоход аль хэдийнэ мэдчихсэн байна лээ. “Хүүгээрээ бахархаж байна” хэмээн уйлаад нэг хэсэг ярьж чадахгүй байсан. Ижийгээ баярлуулж чадсандаа баяртай байна.
Үндэсний шигшээ багийн алба, Монголын цанын холбоо, Спортын эрдэм шинжилгээний алба, Хил хамгаалах ерөнхий газрын 0165 дугаар анги, “Хилчин” спорт хороо болон Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын удирдлага, гэр бүлийнхэндээ баярлаж явдгаа энэ дашрамд илэрхийлье.
-Уралдааны зам хэр саад, бартаа ихтэй байв. Аль орны тамирчид хамгийн хүчтэй өрсөлдөөн үзүүлэв?
-Уралдааны үеэр цас нэлээд их орсон. Надтай хамт 28 орны 67 тамирчин хурд сорьсноос Армен, Литва, Беларусь улсын цаначид хамгийн ширүүн өрсөлдлөө. Гараанаас тэргүүлэгчдийн эгнээнд гарч, манлайлж уралдахаар төлөвлөсөн.
Дасгалжуулагч маань ч бас “Манлайлагч тамирчнаас хоцролгүй, зайгаа сайтар нөхөж уралдаарай” гэж хэлсэн.
-Та В ангилалд хүрэл медаль хүртэн А-д хурд сорих эрх аван, уралдсан. Энэ ангилалд өндөр амжилт гаргах боломж байсан уу?
-В ангилалд эхний арван байрт шалгарсан тамирчдад А-д өрсөлдөх эрх олгодог дүрэмтэй. Үнэнийг хэлэхэд А ангилалд ч бас медаль хүртэх боломж байсан гэж би итгэлтэй хэлж чадахгүй нь. Би 134 тамирчнаас 84-т шалгарсан.
Энэ тэмцээний өмнө оюутны ДАШТ-д оролцсон болоод ч тэр үү, их ядарч, цуцаж байлаа.
-А ангиллын тэмцээн эхлэхээс өмнө Азийн наадамд оролцсон нь бүр их ядраасан байх.
-Тэгсэн байх шүү. Би В ангиллын тэмцээнд оролцсоныхоо дараа Японд болсон Азийн наадамд өрсөлдсөн. Тэр тэмцээнд хурд сорьсныхоо маргааш нь ДАШТ-ий В ангилалд хүч үзсэн болохоор замдаа их ядарлаа.
-Энэ тэмцээний өмнөх бэлтгэлээ хэрхэн базаав?
-Үндэсний шигшээ баг, Монголын цанын холбооныхон “Скай ресорт”-той гэрээ байгуулсны дагуу манай тамирчид тэнд бэлтгэлээ хийдэг.
Бид энэ тэмцээний өмнөх бэлтгэлээ “Скай ресорт”-д төдийгүй Финландад сар гаруй хамтарсан бэлтгэл хийсэн нь өгөөжөө өглөө.
-ДАШТ-д өндөр амжилт гаргасан тамирчдад олимпын эрхийн оноо олгосон. Одоогоор “Пёнчан-2018”-ын хэчнээн оноо цуглуулаад байгаа билээ?
-Өнөөг хүртэл Монголын цаначид В ангилалд цагаан хуудсаар хурд сорьсоор ирсэн. ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэнээр би цаашид А ангилалд хурд сорих эрх өвөртөлсөн нь хамгийн том боломж. Өмнө нь энэ ангилалд Монголын цаначид өрсөлдөж байгаагүй.
Цаашид би А ангилалд олимпын эрх авахаар зорьж байна. Одоогоор 130 оноо цуглуулаад буй. Дахиад 100 оноо авбал олимпын эрх хүртэж, бас нэгэн түүхэн амжилт үзүүлэх боломжтой. Ийм тохиолдолд Олон улсын цанын холбооноос Монголын дахиад нэг цаначинд “Пёнчан-2018”-д хурд сорих эрх бэлэглэнэ. Харин В ангиллын таван тэмцээнд 300-гаас дотогш оноо авсан тамирчинд олимпын эрх олгодог.
-Дэлхийн цом төдийгүй олон улсын тэмцээнд ямархуу амжилт гаргавал нэмж 100 оноо авах боломжтой вэ?
-Медаль хүртэх, тэргүүлсэн тамирчнаас аль болох цагийн зөрүү багатай барианд орох хэрэгтэй. Тэгж л чадвал олимпын эрх авна. Ер нь Дэлхийн цомоос олимпын эрхийн болзол хангачих болов уу гэж багцаалж байна.
-А ангиллын ДАШТ, олимпын медаль хэр хол санагдах юм бэ?
-Тэр хэмжээний амжилтад хүрэх боломж байлгүй яах вэ. Бэлтгэлийн орчин нөхцөл тааруу байна, төрөөс дөмөгхөн дэмжье гэхээсээ илүүтэй би өөрөө л хичээх нь чухал.
-ДАШТ-ий анхны медальтнаа харьяа яам, нутаг усныхан нь хэрхэн хүлээн авч, хүндэтгэл үзүүлж байна даа?
-Хамаатан садан, нутгийн олон, цанын спортынхон надад баяр хүргэж, урам хайрлаад сайхан байна аа. Эх орондоо ирэхэд харьяа яам, Монголын цанын холбоо, манай аймгийн удирдлагууд тосож аван, баяр хүргэсэн.
-Аав тань цанаар хичээллэдэг байсан нь таныг энэ спорттой амьдралаа холбоход чамгүй их нөлөөлсөн байх.
-Энэ спортод хорхойсож дурлахад аав минь их нөлөөлсөн. Идэр есийн хүйтэнд, жавар сөрөн тэшихийг нь харах дуртай байж билээ. Миний хорхой их хүрнэ ээ.
Хүсэл, мөрөөдөлдөө хөтлөгдсөөр 2006 онд буюу 11 настайдаа Өвөрхангай аймгийн Бат-Өлзий суманд Баярдэлгэр дасгалжуулагчийн удирдлага дор энэ спортоор хичээллэж эхэлсэн. Анх модоор хийсэн цанаар гулгасаар байгаад л сурсан даа.
-Та насанд хүрэгчдийн УАШТ-д таван удаа түрүүлсэн ч өсвөр үе, залуучуудынхад ганц ч удаа аварга болж байгаагүй нь сонирхол татаж байна.
-Тэр ч тийм шүү. Миний амжилт 2012 оноос эрс ахисан л даа. Түүнээс өмнө дасгалжуулагчгүйн улмаас өөрөө өөрийнхөө бэлтгэлийг базааж байгаад л тэмцээнд оролцдог байсан нь миний амжилтад сөргөөр нөлөөлсөн болов уу. Дасгалжуулагч Дашдондог, Халиунаа нарын удирдлага дор бэлтгэл хийж эхэлснээс хойших сүүлчийн таван жилийн хугацаанд миний амжилт эрс ахисан.
2012, 2014 онд спортын дэд мастер, мастер, хоёр жилийн өмнө олон улсын хэмжээний мастер цолны болзол хангаж, 2013 онд залуучууд, 2014 онд насанд хүрэгчдийн үндэсний шигшээ багийн тамирчин болсон. УАШТ-д таван жил дараалан түрүүлээд байна.
Үүнээс гадна оюутны дэлхийн универсиад наадамд 29, олон улсын цанын марафонд 11 дүгээр байр тус тус эзэлсэн амжилттай.
-Цанын спорт сонгомол, тэшилт гэсэн хоёр техниктэй. Аль төрлөөр нь илүү амжилт гаргах боломжтой гэж өөрийгөө боддог вэ?
-Хоёулангаар нь идэвхтэй хичээллэн, өндөр амжилт гаргах зорилготой.
-Цанаас өөр спортын төрлөөр хичээллэдэг үү?
-Хөнгөн атлетикийн ойрын зайн төрөлд гүйдэг. Боломж л бүрдвэл тэмцээнд оролцохыг хичээдэг.
-Монголд зориулалтын бэлтгэлийн төв байдаггүй тул өвлийн спортын тамирчид бэлтгэл хийхэд хүндрэлтэй байдаг. “Больё. Биед амар, материал, хангамж сайтай спортын өөр төрлөөр хичээллэе” гэх бодол төрдөг үү?
-Цанын спортын тамирчид зөвхөн өвөл бус жилийн дөрвөн улиралд уйгагүй бэлтгэл хийсний хүчинд л амжилтад хүрдэг. Бид долоон хоногт ганцхан өдөр л амарч байна. Шантрах үе гаралгүй яах вэ. Хүйтэнд даарсны улмаас хацар, хөл, гарын хуруугаа хайрах бол энгийн үзэгдэл.
Зориулалтын бэлтгэлийн талбайгүй болохоор одоохондоо “Скай ресорт”-д базааж байна. Бусад орны тамирчид олон улсын стандартад нийцсэн талбайд бэлтгэлээ базааж байгаа зургаа фэйсбүүкт тавихад нь атаархах л юм. Зарим нь бүр тамирчдаа цанын ордных нь хажууд байрлуулан, бүх зүйлээр хангаж байгаад бэлтгэл хийлгэдэг юм билээ.
Цанын спорт өндөр хөгжсөн орнуудтай жиших аргагүй ч манай улсад бэлтгэлийн орчин нөхцөл овоо сайжирч, төр засгаас ч сайн дэмжиж байна. Үндэсний шигшээ багийн албанаас бидний тэмцээний зардал, эм витаминжуулалтаар бүрэн хангадаг.
Өнөөгийн залуус энэ спортоор хичээллэн бусдаас дутахгүй амьдрах боломж бий. Зорилгодоо хүрэхийн тулд ухрах эрх надад байхгүй.
-Таны амжилтын өнөөгийн нууц юу вэ. Бусдаас юугаараа илүү байсныхаа хүчинд энэ амжилтад хүрсэн гэж өөрийгөө дүгнэдэг вэ?
-Би өнөөгийн амжилтдаа зүгээр сууж байгаад хүрээгүй. Өдөр бүрийн урсгасан хөлс, хүч минь үүнд шингээстэй бий. Сайн явах санааных, сайхан төрөх заяаных гэдэг яг үнэн.
Өнөөдөр хэн байх, маргааш ямар амжилтад хүрэх нь зөвхөн надаас л шалтгаална. Аливаа зүйлд хоёргүй сэтгэлээр, уйгагүй зүтгэж л чадвал үр шимийг нь заавал хүртдэг гэдэгт би итгэдэг. Амжилтадаа ханаж, өөртөө эрдэж болохгүй.
-Ойрын хугацаанд ямар тэмцээнд оролцохоор төлөвлөж байна вэ?
-Ирэх сард Турк улсад болох олимпын эрхийн оноо олгох тэмцээн, ОХУ-д болох цанын марафонд хурд сорихоор төлөвлөж байна. Марафоны тэмцээн 50 км-ийн зайд болдгоороо онцлог. Нөгөөдөр (маргааш)-өөс бэлтгэлээ базааж эхэлнэ.