Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний ойг мөрдэс зүүсэн цэргийн алба хаагчид төдийгүй эх орноо хамгаалах үүрэгтэй эр хүн болгон өөрсдийнхөө баяр хэмээн тэмдэглэдэг. Энэ өдрийг тохиолдуулан ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч даргаар ажиллаж байсан, хошууч генерал Аюушийн Ганбаттай ярилцлаа. Зэвсэгт хүчинд алба хааж буй олон офицер, ахлагч нар түүнийг армидаа буцаж ирээсэй гэж хүсдэг юм билээ.
-Танд Монгол цэргийн өдрийн мэнд хүргэе. Манай цэргийн алба хаагчид гадаад, дотоодод үүргээ нэр төртэй биелүүлж байна. Монгол цэрэг дэлхийн цэрэг болж чадсан уу?
-Монгол цэрэг дэлхийн цэрэг байсан, одоо ч байна, ирээдүйд ч байх болно гэж боддог. Монгол цэргүүдийн маань сэтгэл зүй, тэдний дотоод ертөнцөд эрт үеэс улбаалсан зан чанар суусан учраас тэднийг дэлхийн цэрэг гэж хэлж чадна. Бидэнд орчин үеийн цэргийн зэвсэг техникийн хангамж, улс орны эдийн засгийн нөхцөл байдалтай холбоотойгоор бага зэрэг хоцорч буй зүйл бий л байх.
Дэлхийн цэрэг гэдэг үгийг хэлчихэд амархан. Гэхдээ дэлхийн цэрэг болохын тулд хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэн, сургаж дадлагажуулж, бие болон сэтгэл зүйн хувьд цэрэг болгохын тулд хүнд харагддаггүй ч гэсэн асар их хүч хөдөлмөр ордог. Хөрөнгө ч их зарцуулдаг. Үүнийг төр, засаг шийдэж өгдөг.
-Дэслэгч генерал Ц.Тогоо болон та, Г.Рагчаа, Я.Чойжамц генерал тэргүүтэй тухайн үеийн ЗХЖШ-ын удирдах албан тушаалтнууд дэлхийн цэрэг болгохын төлөө олон ажил хийсэн гэж энхийг сахиулагчид хэлдэг юм билээ.
-Бид тухайн үед энхийг сахиулах анхны ажиллагаанд оролцох хүмүүсийг, ажиглагчаар явах офицеруудыг бэлтгэн илгээж байлаа. Ажиглагчаар анх Конго улсад Ч.Ерөөлцэнгэл, Р.Даваадорж нарыг илгээж байсан. Түүнээс хойш хүнд сорилтуудыг даван туулж, Иракт цэргээ илгээв, дараа нь Сьерра-Леонд НҮБ-ын мандаттай ажиллаж, анхны ротыг явуулсан.
Эдгээрийн татсан шан, зам мөрөөр одоогийн байдлаар 13 мянга орчим хүн энхийг дэмжих болон олон улсын бусад ажиллагаанд үүрэг гүйцэтгэжээ. Тэгэхээр тухайн үеийн, бидний өмнөх үеийн дарга нарын оролцоо, хүчин зүтгэл, удирдах болон гүйцэтгэх албаны офицер, ахлагч нарын маань хөдөлмөрийн үр шим шүү дээ. Энхийг дэмжих ажиллагаа гэдгийг анх ярьсан хүн бол дэслэгч генерал Чойндонгийн Пүрэвдорж гуай гэж би хэлнэ.
Тэрбээр тухайн үед БХЯ-ны дэргэдэх Стратегийн судалгааны хүрээлэнд ажиллаж байхдаа “Монгол цэрэг НҮБ-ын цэнхэр дуулгатан болох уу” гэсэн асуудал дэвшүүлсэн нийтлэл бичиж байсан юм. Тэр нь 1996 он л доо. Түүнээс хойш 21 жил өнгөрчихөж. Бид өнөөдөр НҮБ-ын энхийг дэмжих ажиллагаанд цэрэг хандивладаг 10 том орны тоонд орсон нь дэлхийд жижигхэн гэж хэлэгдэж байсан Монгол Улсын маань нэр хүндийг өсгөсөн.
Ингэж байр сууриа өсгөхөд манай үе үеийн Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч нар, ажил хариуцсан ЗХЖШ-ын хариуцлагатай ажилтнууд гар бие оролцсон.
-Та хэд дэх генерал болж байв. Зарим хүн тухайн үед хамгийн залуу генерал гэдэг байсан даа, таныг?
-Би 2005 онд 43 нас арай хүрээгүй байхдаа генерал цол хүртэж, 128 дахь нь болж байлаа. Түүнээс хойш 12 жилийн хугацаанд 50 гаруй хүн цэргийн дээд цол хүртжээ. Тухайн үед жаахан овор багатай байсан учраас залуу гэж харагддаг байсан болов уу даа. Тэрнээс биш миний өмнө 37-тойдоо генерал цол авсан хүн байсан. Надаас хойш олон залуу хүн цэргийн дээд цол хүртсэн.
Тиймээс би өөрийгөө тийм ч залуудаа энэ цолыг хүртсэн гэж хэлэхгүй. Батлан хамгаалахын сайдын тушаалаар 2002 оны арванхоёрдугаар сард ЗХЖШ-ын орлогч хэмээх генерал цолтой хүн хаших албанд томилогдсон л доо. Түүнээс хойш хоёр жил гаруйн хугацаа өнгөрч байж генерал цолтой болж байлаа. Тэр үед энэ цол хүртэхэд шаардлага арай л өндөр байсан санагддаг.
-Цэргийн хүн болох шийдвэр хэрхэн гаргав. Аавынхаа эмч мэргэжлийг яагаад өвлөөгүй юм бэ?
-Манай гэр бүлд цэргийн гэхээр хүн өмнө нь байгаагүй. Миний өвөө 1938 онд хэлмэгдүүлэлтээр нас барсан байж. ТЕГ-ын архиваас авсан материал дээр нь улаан цэрэгт алба хаасан гэж байдаг юм. Манай аав өнчин өссөн хүн л дээ. МУИС-ийн Хүн эмнэлгийн факультет гэж байхад 1959 онд эмч мэргэжил эзэмшиж төгссөн.
Намайг эмч болгох гэж нэлээд зүтгэсэн л дээ. Миний төрсөн ах надаас нэг ах байсан юм. Биднийг сургуулиа төгсөх жил ЗХУ-ын цэргийн сургуульд сонсогч элсүүлнэ гэхэд нь ах бид хоёр явж байлаа. Ах цэргийн нисэхийн сургуульд, би Одесст цэргийн дунд сургуульд артиллерийн командын мэргэжил эзэмшихээр явснаар манай гэр бүлээс цэргийн алба хаагчид төрсөн юм.
Бид эхээс тавуул. Аав минь гурван хүүгээ армиар дамжуулсан юм шүү. Дүү минь гурван жилийн цэргийн алба хаасан хүн бий. Түүнээс хойш цэргийн алба хаах хугацаа багассан л даа.
-Цэргийн ёслолын жагсаалд Х.Аюуш эмчийн гурван хүү гурвуулаа оролцсон сайхан дурсамжаасаа хуваалцаач.
-1986 онд Ардын хувьсгалын 65 жилийн ой болж Сүхбаатарын талбайд цэргийн техникийн, явган парад болсон юм. Ах минь МиГ-21 сөнөөгч-бөмбөгдөгч нисэх онгоцтойгоо нисэж, би ЗХЖШ-ын офицеруудын хайрцагт, дүү минь хүндэт харуулын ангид алба хааж байсан учраас тус ангийнхаа жагсаалд алхаж байлаа. Нэг жилийн цэргийн парадад ах дүү гурвуулаа оролцсон сонин тохиолдол л доо.
Аав минь намайг өөр шигээ мэс заслын эмч болгоно гэдэг байсан ч би болоогүй. Гэхдээ би нэг хүүгээ эмч мэргэжил эзэмшүүлсэн, одоо мэргэжлээрээ ажиллаж байгаа. Хүүгээ цэргийн эмч болгож аавдаа өрөө дарсан даа. (инээв)
-Байлдагчийн халаасанд генералын мөрдэс бий гэдэг. Та ийм цолд хүрнэ гэж хүсэж байв уу?
-Үгүй, үгүй. Ёстой тэгж бодож байгаагүй. Цэргийн сургуульд оччихоод яаж хурдхан шиг төгсөөд, дэслэгч болох вэ л гэж боддог байлаа. Сургууль төгсөж ирээд, дэслэгч цолтой болсноос хойш дараачийнх нь харагддаг юм билээ. Яаж цэргийн академид явах вэ, яаж ангийн захирагч, орлогч нар шиг хошууч, дэд хурандаа цолтой болох вэ л гэж боддог байлаа. Тэр үед чинь ангийн захирагч нар голдуу л хошууч, дэд хурандаа цолтой нь цөөхөн байлаа шүү дээ.
1988 онд М.В.Фрунзын нэрэмжит Ерөнхий цэргийн академид яваад 1991 онд төгсөж ирсэн юм. Түүний дараа хурандаа цолтой болох юм сан гэж бодогдсон. Сайн ажиллаж, сурсан мэдсэнээ ажил хэрэг болгож байж энэ цолд хүрдэг юм байна гэж бодогдож байсан. Хурандаа цол хүртсэний дараа л харин генерал цол болох юм сан гэж бодож байжээ. ОХУ-ын ЗХЖШ-ын академид 1998 онд элсэж, 2000 онд төгсөөд таван жил ажиллаж байж хошууч генерал цол хүртэж байлаа.
-Зүүнбаянгаар дамжаагүй офицерыг цэргийн дарга гэж тооцдоггүй байсан гэдэг. Та ч гэсэн тэр газраар дамжсан хүн. Таныг тэнд ажиллаж байхад чинь нөхцөл байдал ямар байсан бол?
-1991 онд М.В.Фрунзын нэрэмжит Ерөнхий цэргийн академи төгсөж ирчихээд их додигор байлаа. Манай академийг Монголоос дөрвөн хүн алтан медальтай төгссөн юм. Тус сургуулийг манайхаас 250 орчим хүн төгссөнөөс Ш.Жадамбаа, Д.Мягмар, П.Даш нар алтан медальтай төгссөн байдаг юм. Тэдний араас би алтан медальтай төгсөж байлаа. Тус сургуулийг алтан медальтай төгссөн дөрвөн хүн бүгд генерал болсон шүү. Сонин тохиолдол байх аа.
Төгсөж ирээд Зүүнбаянд дивизийн оперативийн тасгийн даргаар “туугдлаа”. Хөдөө явж ажиллаж байгаагүй офицеруудыг бүгдийг нь хотоос алсад байдаг анги, салбарт хуваарилсан болохоор тушаал ёсоор л явав. Тухайн үед Фрунзын академийг тавуулаа төгсөж ирсэн, Зүүнбаянд хоёр нь, Эрдэнэт, Өмнөговь, Ховдод гээд л бүгд хөдөө явсан.
Тэдэн дундаасаа хамгийн том албан тушаалд очиж байгаа нь би. Дивизийн оперативийн тасгийн дарга гэдэг чинь бүх л байлдааны төлөвлөлтийг хариуцсан албан тушаал. Ахмад цолтой, бас болоогүй алтан медальтай төгссөн гээд Ш.Жадамбаа генералаас 1000 төгрөг, сайшаалын үнэмлэхтэй авчихсан очиж байв. Одоо бодож байх нь ээ, тэр үеийн мундаг дарга нар алсын хараатай байжээ.
Би хэрэв тийшээ яваагүй байсан бол яах байсан бол гэж одоо ч бодогддог юм. Тэр том дивизээр дамжин офицер болсон л гэж боддог. Тэгэхэд зах зээлд дөнгөж шилжчихсэн, улс орны байдал хүндхэн байсан үе л дээ. Амьдралын их сургууль бол үнэхээр Зүүнбаян мөн.
-Стратегийн хүрээлэн рүү хэсэг зуур шилжсэн байх аа?
-Тэгэсэн. Зүүнбаянд дөрвөн жилийг үдлээ. БМП-гийн хорооны штабын даргаар томилогдож, нэг жил ажиллаад 1995 онд АНУ-д сургуульд явна гэж хот руу орж ирлээ. Англи хэлний шалгалтад нь яаж тэнцэх вэ дээ.
Хэл үзэж хагас жил болоод дараа нь БХЯ-ны Стратегийн хүрээлэнд томилогдсон. С.Баяр, Р.Болд, дэслэгч генерал Л.Моломжамц, УИХ-ын гишүүн асан М.Батчимэг гээд мундаг хүмүүс энэ хүрээлэнд ажиллаж байлаа.
-Хурандаа генерал Б.Цог гуайн удирдлага дор ажиллаж байсан үеэ дурсахгүй юү. Орост дайтаж явсан тухайгаа танд ярьдаг байв уу?
-Б.Цог генералын удирдлагад нэг ажил ажилласан. Хурандаа генерал Б.Цог гуай одоогийн Украины Сум хотод артиллерийн сургууль төгссөн хүн. Тэр жил туслах нь өөрчлөгдөөд, Боловсон хүчний газрынханд “Артиллерийн мэргэжилтэй, орос хэлтэй хүн олж ир” гэсэн үүрэг өгсөн юм билээ. Тэгээд намайг 019 дүгээр ангиас Б.Цог гуайн удирдлагад ажиллуулахаар томилсон. 1984 онд Намын төв хорооны бүгд хурал болж, Ю.Цэдэнбал даргыг өөрчилсөн шүү дээ.
Тэгээд л Б.Цог генералыг Ю.Цэдэнбал даргатай ойр байсан гэдгээр нь арванхоёрдугаар сард ажлаас нь чөлөөлсөн юм. Түүний дараа V армийн командлагчаар ажиллаж байсан Д.Гэндэнпил генерал ирж, түүний туслахаар хоёр жил ажиллажээ. Тэр үеийн дарга нар бол асуудалд хандаж буй байдал, гаргасан шийдвэр нь үнэхээр эх оронч, улс, армийн эрх ашгийг л нэн тэргүүнд тавьдаг байлаа.
Хувийн амьдралаа үнэхээр л хаячихсан хүмүүс байжээ. Бидний үеийнхэн тэднийг л харж, дуурайж хүмүүжиж байлаа даа.
Б.Цог генерал надад амьдралаа ярьдаг байсан. Тэрбээр “Би цэрэгт яваагүй бол хэн ч биш болох байсан” гэдэг байв. МАХЦ-т татагдаад дараа нь ЗХУ-д цэргийн сургуульд явж, 1937 онд төгсөх жил нь монгол сонсогчдыг хариуцсан курсийн даргаар үлдээсэн юм билээ. Хоёр жил тэнд ажилласан. Хэрэв тийм томилгоо хийгдээгүй буцаж ирсэн бол хэлмэгдүүлэлтээр явчих байсан байх гэж ярьдаг байлаа.
Дэслэгч цолтой ирэхэд нь хошууч цол олгож МАХЦ-ийн их бууны командлагчаар Халхгол руу илгээж байсан гэсэн. ЗХУ-д сурч байхдаа гэр бүлтэй болж, хожим генерал болсон Геннадий гэж хүү нь 1939 онд Халхголын дайны үед төрж байсан гэдэг. Маршал Х.Чойбалсан “Цогийг авчирч хүүг нь харуул” гэж “По-2” гэж онгоц явуулж байсан юм билээ. Онгоцноос буугаад төрөх газарт ирж эхнэр, хүүхдээ харчихаад буцаад онгоцоор ниссэн гэж ярьдаг байлаа.
Эх орны дайны үед Москвад Хуягт танкийн академид сурч байхдаа дадлага хийхээр 1945 оны дөрөвдүгээр сард Беларусийн III фронтод очиж, одоогийн Калининград хотыг чөлөөлөх ажиллагаанд оролцож байснаа хуучилдаг байв.
-ЗХЖШ-ын удирдах бүрэлдэхүүнд байсан хүмүүсийн дийлэнх нь хуучнаар ЗХУ-д мэргэжил эзэмшсэн. Та ч гэсэн Одесс, Фрунзын нэрэмжит Ерөнхий цэргийн академи, ЗХУШ-ын академи гээд тус улсын цэргийн хамгийн шилдэг сургуулиудыг төгссөн хүн.
Тиймдээ ч олон офицер А.Ганбат генерал шиг цэргийн жинхэнэ дарга алга болсон хэмээдэг. Зарим нь тэр дундаа сүүлийн үеийн офицерууд Оросын цэргийн школ хоцрогдож байгаа гэж ярихтай санал нийлэх үү?
-Тэр арай хэтрүүлэг байхаа. Сайн дарга Зэвсэгт хүчинд байлгүй яах вэ? Оросын цэргийн школыг хоцрогдож байна гэж би хэзээ ч хэлэхгүй. 1990-ээд оноос хойш нэг хэсэг ОХУ хүнд байсан. Сүүлийн хэдэн жилд ОХУ ямар хүчирхэг болж байгааг бүгд л харж байна.
Биднийг тэнд сурч байхад багш нар бид хамт дайнд орно, хамт байлдана гэж өөрийн хүн шиг сургаж бэлтгэдэг байв. Оросын цэргийн шинжлэх ухаан, цэргийн боловсрол хоцрогдохгүй. Ц.Тогоо даргыг ЗХЖШ-ын дарга байхад бид ОХУ-ын БХЯ, ЗХЖШ-ын үе үеийн сайд, дарга нарт хүсэлт тавьж байж боловсон хүчнээ дахин бэлтгэж эхэлсэн. Одоо бол бид тодорхой тооны мэргэшсэн хүмүүстэй болж чадсан.
Бас тус улсаас шинэ зэвсэг, техник авах хэлэлцээр хийсний сүүл хэсэг нь өнгөрсөн жил ирсэн байлдааны техникүүд шүү дээ. Энхийг дэмжих ажиллагаанд ашиглах дизель хөдөлгүүртэй БТР, Т-72 танк, агаарын довтолгооноос хамгаалахын систем гээд олон техник, тоног төхөөрөмж авах яриа хэлэлцээрийг биднийг ЗХЖШ-ыг удирдаж байх үед хийж, үр дүн нь 5-6 жилийн дараа гарч байгаа нь энэ.
Гэхдээ бид барууны цэргийн урлаг хаашаа хөгжиж буйг зайлшгүй анзаарч байх, суралцах ёстой. Бас ХАЧА-ийн цэргийн сургалтаас ч суралцах нь чухал.
-Ер нь цэргийн сайн дарга гэж хэнийг хэлэх бол. Сүүлийн үед ЗХЖШ-ын удирдах албанд мэргэжлийн бус хүмүүс их болсон, арми хүнд үед хаяж явчихаад эргэж ирэхдээ өндөр цол хэргэм хүртэж байна хэмээн бухимдах алба хаагч олон байдаг.
-Цэргийн сайн дарга гэдэг бол өөрийнхөө ажлыг 100 хувь мэддэг, тэр албан тушаалд тохирсон сургууль төгссөн, тэнд ажиллах ёс зүйтэй, хүсэл эрмэлзлэлтэй, захирагдагсдаа ойлгодог, бас хайрладаг байх ёстой юм болов уу гэж боддог. Сайн даргыг түүнийг удирддаг, удирдаж байсан дарга нар нь л төрүүлдэг.
Түүнээс биш тэр хүн өөрөө сайн дарга болдоггүй. Сайн дарга нартай ажиллаж, тэднээс суралцсан хүн л сайн дарга болдог гэж үздэг. Улстөржилт Зэвсэгт хүчинд бага байгаасай л гэж боддог. Зэвсэгт хүчнийг улс, эх орноо, Зэвсэгт хүчнээ гэсэн бодолтой хүн байнга удирдаж яваасай л гэж боддог.
-Зэвсэгт хүчний хөгжлийг арай өөрөөр харах цаг болсон мэт санагддаг. Харьд үүрэг гүйцэтгэж буй хэдэн цэргээрээ алийн болгон нэр нүүрээ тахлах вэ дээ. Та үүнтэй санал нийлэх үү?
-Тийм ээ. Чиний ярьж байгаа чинь зөв. Анх энхийг сахиулах ажиллагаа эхэлж байхад хүн болгоны анхаарлын төвд Зэвсэгт хүчин байдаг байлаа. Одоо явлаа, ирлээ хүн гэж нэг их тоохоо больсон юм шиг ажиглагдах боллоо. Энэ юуг хэлж байна вэ гэхээр бид менежментээ өөрчлөх цаг болсныг сануулж буй хэрэг болов уу. Зэвсэгт хүчний гол үүрэг бол улс орноо батлан хамгаалах.
Энхийг дэмжих ажиллагаанд оролцох гэдэг бол бас л нэг үүрэг шүү дээ. Гэхдээ энэ үүрэг маань Зэвсэгт хүчнийг 10 гаруй жил чирлээ. Тиймээс одоо цэргийн алба хаагчдаа хуулиар хүлээсэн үүргээ сайн биелүүлэхэд нь нөлөө үзүүлэхүйц шинэ ажлын арга барилд шилжих хэрэгцээ шаардлага бий болжээ гэж харж байна.
Монгол хүнийг монголоор нь үлдээхийн тулд Зэвсэгт хүчин гэлтгүй нийгмийн бүх л шатанд тодорхой ажил хийж хэрэгжүүлэх хэрэгтэй гэж бодож явдаг.
Зэвсэгт хүчинд алба хааж буй үе үеийн генерал, офицер, ахлагч, гэрээт болон хугацаат цэргийн алба хаагчид, тэдний ар гэрийнхэн, үр хүүхдүүдэд нь Монгол цэргийн өдрийн мэнд хүргэе.