Ахмад сэтгүүлч, Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Дорждуламыг “Өнөөдөр”-ийн зочноор урилаа. Түүнийг түрүү үеийн сэтгүүлчид “Өндөр ээж” хэмээн авгайлдаг юм. Тэрбээр их хотын дуу чимээ, утаа униараас зайдуу, Богдхан уулын ар хормойд хаваржиж байна билээ.
-Сайхан хаваржиж байна уу. Танай энд агаар цэнгэг, сайхан байна шүү.
-Сайхан хаваржиж байна аа. Энд агаар сайхан шүү. Зээнцэр маань хоёр ойтой. Энэ нялх амьтныг утаа бага амьсгалуулах санаатай хүүхдүүд энэ байрыг түрээсэлсэн юм. Тэр нь өвгөн, бид хоёрт олз болоод байна.
-Саяхан тохиосон Үндэсний сэтгүүл зүй үүссэний 104 жилийн ойн өдрөөр танд алтан өргөмжлөл гардуулсан байв уу?
-Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс Соёлын гавьяат зүтгэлтэн М.Шийрэв бид хоёрт алтан өргөмжлөл өгсөн. Үндэсний сэтгүүл зүйн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, шударга үнэнийг олон нийтэд түгээх үйлсэд мэргэжил нэгтнүүдээ түүчээлэн, эх хэлний мэдлэг, мэргэжлийн ёс зүй, ур чадвараараа манлайлж, үе үеийн сэтгүүлчдийн үлгэр дуурайл болсон тул гэсэн байдаг шүү.
-Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс анхдагчдад хадгалуулдаг батламж танд хоёр бий бил үү?
-1960-1970-аад онд сонин, хэвлэл ч тийм олон байсан биш. Байсан хэдээс нь ганц “Үнэн” сонин л гадаадад сурвалжлагч суулгадаг байлаа. Миний өмнө хэдэн хүн явсан нь бүгд эрэгтэй байв.
Би ЗХУ-д хоёр, Латин Америкийн орнууд хариуцсан тусгай сурвалжлагчаар нэг, нийтдээ гурван удаа гадаадад томилогдсон. 2012 онд Соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртсэн. Надаас өмнө сонины эмэгтэй сэтгүүлч энэ цолыг хүртээгүй юм билээ.
-Та уг нь малын эмч мэргэжилтэй хүн юм билээ шүү дээ?
-Би багаасаа шүлэг бичих гэж оролддог, юм бичих сонирхолтой ч түүнийгээ хүнд гаргаж хэлдэггүй хүүхэд байлаа. Аравдугаар ангиа төгсөөд монгол хэлний ангид элсэх хүсэлтэй байсан ч сургуулиас хүний эмчийн ангид хуваарилсан болохоор түүнд нь л явах ёстой гэж бодсон. Ингээд МУИС-ийн хүний эмчийн ангийн хуваарь аваад аавдаа очтол “Энэ амар ажил биш шүү. Хүний амь хариуцна. Янз бүрийн зүйлтэй тулгарна. Хурга үхэхээр уйлдаг хүн эмчийн ажил хийж чадах уу даа. Тэр сургуульд чинь малын эмчийн анги байдаг юм гэнэ билээ. Тэр ангид нь орвол дээргүй юү” гэсэн.
Хүний эмч, малын эмчийн ангийн шалгалт нь адилхан, тэнцээд ирсэн хүүхдүүдийг мал эмнэлгийн болон хүн эмнэлгийн тэнхимийн деканууд сууж байгаад хуваарилж авдаг байсан юм. Хүн эмнэлгийн тэнхимийн декан Од гуай намайг авна гэхэд нь би “Мал эмнэлгийн ангид ормоор байна” гэтэл мал эмнэлгийн тэнхимийн декан Жамъянжав багш уухайн тас зөвшөөрсөн.
Ингээд малын эмчийн мэргэжил эзэмшиж, сургуулиа төгсөөд 1959 онд очиход аймагт мал эмнэлгийн лаборатори байгуулж байлаа. Тэнд шинжлэгч эмчээр хуваарилагдаж, жилийн дараа лабораторийн эрхлэгч боллоо. Дараа жил нь аймгийн мал эмнэлгийн газрын дарга болгосон.
-Сургууль төгсөөд хоёрхон жил болж байгаа хүүхдийг газрын дарга болгочихсон юм уу?
-1950-иад оны сүүлч, 1960-аад оны эхэн үе. Орон нутагт дээд боловсролтой боловсон хүчин ховор. Баянхонгор аймагт л гэхэд аравдугаар анги дүүргэсэн анхны төгсөгчид нь манай ангийнхан байлаа.
-Малын эмчийн ажлаас сэтгүүл зүй рүү “урвасан” тухайгаа хуучлаач?
-“Үнэн” сонин бүх аймагт тусгай сурвалжлагчтай байлаа шүү дээ. Манай аймагт Норовжанчив гэдэг хүн “Үнэн” сонины орон нутгийн сурвалжлагчаар ажилладаг байлаа. Норовжанчив гуай намайг юм бич гэж, би тэр дагуу нь МОНЦАМЭ, “Үнэн” сонинд ганц нэг юм явуулдаг байв. Багын юм бичих сонирхол хэвээр байсан болохоор бичсэн хэрэг байх.
Хэдий дуртай, сонирхолтой байлаа гээд дадлага туршлагагүй хүн ямар л өөдтэй юм хийв гэж. Малын эмчийн ажил, мэргэжилтэйгээ холбоотой мэдээрхүү юм л бичсэн санагдана. Гэтэл тэр үед “Үнэн” сонинд хөдөө аж ахуйн мэргэжилтэй, орон нутгийн амьдрал мэдэх, бичих дөртэй хүн хэрэг болсон юм билээ. Тэгээд намайг дуудлаа.
Бодвол идэвхтэн бичигч нараасаа судалж байгаад дуудсан хэрэг биз. Хөдөө аж ахуйн яам, аймаг боловсон хүчнээ явуулахгүй гэж, би ч явахгүй гэж нэлээд юм болж байж ирсэн.
-Тэр үеийн “Үнэн” сонин гэдэг чинь хамгийн нөлөөтэй, том газар биз дээ. Та яагаад ирэхгүй гэсэн юм бэ?
-Би малын эмчийн мэргэжлээрээ ажиллана, эрдмийн зэрэг хамгаална гээд шулуудчихсан, эрдэм шинжилгээний ажлын сэдэв авчихсан байсан юм. Түүндээ хоргодоод, бас нутагтаа ажиллаж, амьдармаар санагдсан юм. Тэгээд ч тэр үед одоогийнх шиг дуртай үедээ яваад, дуудсан ажилд нь ороод байж болох биш.
Аймаг орон, яам тамгын газрын зөвшөөрлөөр явна шүү дээ. Тэгж тэгж иртэл нөгөө орон тоон дээр Сосор гэдэг агрономич орчихож. Ашгүй хүн авчихаж, нутаг буцдаг минь гээд Хөдөө аж ахуйн яам руу очтол “ХААДС-д багшил” гэлээ. Намайг оюутан болж ирэхэд авсан Жамъянжав багш ХААДС-ийн захирал болчихсон, намайг ирсэнд их олзуурхаж, “Ямар хичээл заамаар байна. Дуртай хичээлээ заа” гэсээр угтсан.
Би дотрын өвчний хичээл сонгож, баахан конспект бэлдэн, багш болох бэлтгэлээ базаалаа. Хань маань Кубад сурч байгаад зуны амралтаараа ирсэн тул гэр бүлээрээ “Сөгнөгөр”-т хэд хоног амраад иртэл Хөдөө аж ахуйн яамнаас дуудаж, “Чамайг “Үнэн” сонин авна гээд болдоггүй. Тийшээ яв даа” гэсэн. Ингэж сэтгүүл зүйтэй холбогдож байлаа.
Огт ажиллаагүй хэрнээ ХААДС-д нэг сар багшилсан гэсэн тушаал надад байдаг юм.
-Ахмад сэтгүүлчид нам, засгийн төв хэвлэлийн шалгуур, шаардлага чанга байсныг дурсан ярьдаг. Танд хэр чанга санагдаж байв?
-Ээ дээ, чанга шүү дээ. “Үнэн” сонины хаалгаар баргийн хүн ороод ажиллачихдаггүй, давдаггүй даваа байлаа. Б.Ринчен, Ц.Дамдинсүрэн, С.Удвал нар ажиллаж байсан гээд бод л доо. Намайг сонины хүн болох гэж мунгинаж явах үед Ц.Намсрай гуай нарын мундгууд байлаа. Юм бичихээр л гологдоно.
Би их сургуулийн гайгүй оюутнуудын нэг байсан, хөдөө очоод ч магтуулж явснаас шүүмжлүүлж явсангүй. Бас ч гэж удирдах алба хашиж байсан хүн чинь байнга гологдож, шүүмжлүүлээд ирэхээр сэтгэл санаагаар унадаг юм байна. Ер нь больё, чаддаг ажлаа хийе гэж бодлоо. Үүнийгээ ч ойр тойрныхоо хүмүүст хэлсэн юм байгаа биз.
Нэг өдөр манай сонины ахмад сэтгүүлч Бидэръяа гуай “Хамт цай ууя” гээд гэр рүүгээ дагууллаа. Гэр нь ойрхон л доо. Цай уух зуураа “Чи Хөдөө аж ахуйн яам руу явна гэж байгаа гэл үү” гэж байна. “Би сэтгүүлч болж чадахгүй нь. Юм бичихээр л гологдоод байна” гэтэл “Чиний хөдөө томилолтоор явсан сурвалжилгуудыг би анхааралтай уншсан. Хоосонгүй юм билээ. Уг нь чиний хоол энд л байна даа. Яаманд очиж дарга болох гээд байгаа юм бол өөрөө л мэдэхгүй юү” гэсэн.
Бидэръяа гуайн энэ үг намайг сонинд үлдэж, сэтгэл хоёрдолгүй сэтгүүл зүйд зүтгэх хүч өгсөн. Сайхан хүмүүсийн дунд байсан болохоор ёстой л олны дэмээр дөр суусан даа. 1963-1969 он хүртэл дипломгүй ажилласан. 1969 онд Ц.Намсрай эрхлэгч дуудаж, ЗХУ-ын Намын дээд сургуульд сэтгүүлчийн мэргэжлээр сурч ир гэдэг юм байна. Их сургуульд сурч байхад орос багш нар лекц уншдаг, би ч хичээлээ саадгүй ойлгодог, орос хэлд овоо оюутнуудын тоонд ордог байсан юм.
Гэтэл хэдэн жил хөдөө ажиллаж, “Үнэн” сонинд ч хөдөө аж ахуйн чиглэлээр бичиж байсан болохоор орос хэлнээс бүр төсөөрчихөж. Бэлдэж, бэлдэж шалгалт өгсөн, арай гэж л тэнцсэн байх. Орост очсон эхний жилдээ би бараг унтаагүй. Лекцээ сонсоод ойлгохгүй болохоор түүнийгээ шөнө нь нөхнө. Хэлээ үзнэ. Ингэсээр дараа жилээс нь гайгүй болсон. Бүр болоогүй, улаан дипломтой төгсөж ирсэн шүү. Ирээд “Үнэн” сонины Хөдөө аж ахуйн хэлтэс, Гадаад харилцааны хэлтсийн эрхлэгчээр ажиллаж байгаад 1973 онд “Үнэн” сонины Москва дахь сурвалжлагчаар томилогдсон.
Тэнд дөрвөн жил ажиллаад иртэл манай хүн Ленинградад Ерөнхий консулаар томилогдож, би нөхрөө дагаж явахдаа бас сэтгүүлчийнхээ ажлыг хийж л явлаа. Тэндээс ирэхэд Л.Түдэв гуай “Үнэн” сонины эрхлэгч болсон байв. Л.Түдэв гуайд бас гологдсон. Ер нь бидний хэн нь ч тэргүүн өгүүлэл бичсэн Л.Түдэв эрхлэгчээр уншуулаад гурван өгүүлбэр үлдвэл сайн байна гэж үздэг байлаа. Эрхлэгч биднийхийг дараад, өөрөө мөр хооронд нь биччихнэ. Зарим хүний бичсэнээс юу ч үлдээгүй тохиолдол ч бий.
Тэгж Л.Түдэв эрхлэгчтэй хэсэг ажилласан. Бидний үед одоогийнх шиг хүссэнээ бичих эрх чөлөө байсангүй. Хатуу хяналттай, голдуу намын бодлогыг дэмжиж бичдэг байлаа. Харин 1980-аад онд Л.Түдэв гуай эрхлэгч болсноос хойш шал өөр болсон юм шүү. Бидэнд даалгавар өгч, өмнө нь огт хөнддөггүй байсан сэдвүүдийг хөндөж эхэлсэн.
Ц.Балдоржийн “Далай ээж цаазын тавцанд”, Г.Жамцын “Эх орны ногоон хүрэм сэглэгдэж байна”, А.Даваасамбуугийн “Дэглэгчдэд дэг хэрэгтэй” гэх мэтийн таг хаалттай байсан сэдвийг хөндсөн томоохон нийтлэлүүд нийгмийг шуугиулж байлаа. Ардчиллын салхийг “Үнэн” сонин хагалсан гэдэг үнэн шүү.
-Та сэтгүүлчээр ажилласан 30-аад жилийнхээ цөөнгүйг гадаадад ажиллаж өнгөрүүлж. Олон сонин, сайхан үйл явдлыг сурвалжилж, Монголын уншигчдын хүртээл болгосон байж таарна.
Үүнээс сэтгэлд тань хамгийн тод үлдсэн нь ямар үйл явдал вэ?
-Орост хоёр удаа томилогдсоноо дээр дурдсан. 1980-аад оны сүүлчээр манай өвгөн Кубад Элчин сайдаар томилогдоход Л.Түдэв гуай, Х.Цэвлээ хоёр намайг Латин Америк хариуцсан сурвалжлагчаар явуулсан. Уг нь Төв хорооны шийдвэрээр явуулах ёстой байтал энэ хоёр толгой мэдэн шийдсэн нь намайг харж үзсэн хэрэг. Олон сайхан үйл явдлын халуун цэгт ажилласан. Москвад ажиллаж байхдаа Коммунист намын их хурлууд, “Союз-39” сансрын хөлгийг хөөргөх, монгол хүн сансарт нисэх ажлын бэлтгэл болон ниссэний дараах үйл явдлыг бүгдийг сурвалжилсан.
Харин “Союз- 39”-ийг яг хөөргөх үед үе мөчний өвчин хөдөлж, хэвтэрт ороод Байконурт очиж чадаагүй. Орост үйлдвэрлэсэн “Ту-144” буюу дуунаас хурдан онгоцны анхны нислэгт явсан маань санаанд тод үлдэж. Өглөө 09.00 цагт Москвагаас Алма-Ата руу нисэж, тэнд үдийн хоол идэж, хэвлэлийн бага хурал хийчихээд буцаад Москвад ирэхэд 16.00 цаг болж байсан.
Техникийн хөгжлийн хурдыг дэлхий нийт гайхаж, би ч үзсэн харснаа нийтлэл болгож, нааш нь илгээж байлаа. Чингиз Айтматовтой уулзаж байв. Гарын үсгийг нь нандигнан хадгалдаг. Ер нь очсон газрынхаа хөдөлмөрийн баатар, улсын баатар аль сайн сайхан хүмүүстэй уулзаж, тэр болгоноо уншигчдад хүргэж явлаа.
Хүссэн бүхэн очоод уулзчихдаггүй хүмүүстэй уулзуулдаг нь манай мэргэжлийн нэг онцлог. Кубад өрхийн эмнэлэг гээчийг нэвтрүүлж буй тухай бичтэл Эрүүлийг хамгаалах яамнаас Куба руу хүн явуулж, туршлага судлуулан Монголд өрхийн эмнэлэгтэй болох эхлэлийг тавьж байлаа. Манайхан яг тэндхийн туршлагаар хийгээгүй ч бичсэн зүйл маань хүмүүсийн анхааралд хүрч, үүний эхлэлийг тавьсан гэж бодох сайхан байдаг юм.
-Залуу сэтгүүлчдэд захиж, зөвлөмөөр зүйл олон харагдах юм уу?
-Залуус сайхан ажиллаж байна. Гэхдээ хэлмээр санагддаг зүйл байлгүй яах вэ. Сэтгүүлч хүн авьяастай, хөдөлмөрч, мэдлэгтэй байх ёстой. Тал бүрийн мэдлэгтэй байж бичихгүй бол мэдэхгүй зүйлээ бичихэд буруу зөрүү үг хэрэглэхээс эхлээд эвгүй байдалд орно. Дээрх гурав дээр нэмээд хүн чанартай байх хэрэгтэй. Ялангуяа шүүмжлэлтэй юм бичихдээ тун ул суурьтай хандаж, цаад хүнээ бодох хэрэгтэй шүү.
Би залуудаа айхтар том сургамж авсан болохоор үүнийг захиж хэлээд байгаа юм. Нэг зун Баруунхараагийн нэгдэл рүү сурвалжилганд явлаа. Мал нь тарга хүч муухантай, ялаа шумуулд ээрэгдчихсэн, оторт гараагүй тааруухан төрх угтав. Нэгдлийн даргатай нь уулзтал яриа хөөрөө муутай, хэг ёг хийсэн янзгүй хүн байлаа.
Хөдөө өссөн, хөдөө аж ахуйн мэргэжилтэй хүн чинь ажил нь муу байгааг олж харж, шүүмжилж ядах юу байх вэ, биччихлээ. Гэтэл нэг танил маань утас цохиж, “Чи тэр нэгдлийн даргатай уулзсан уу” гэж байна. “Уулзахаар барах уу. Наад хүн чинь юм ч ярьдаггүй хачин хүн байна билээ” гэтэл “Дутуу л судалж дээ. Тэр үед наад хүний чинь эхнэр, хүүхэд нас барчихаад хэцүүхэн байсан юм” гэхийг сонсоод өөрийгөө их зэмлэсэн.
Үүнээс хойш уур уцаартай, их зантай, үл тоосон олон янзын хүнтэй таарсан. Гэхдээ анхны сэтгэгдлээр, сэтгэл хөдлөлдөө автаж бичихээсээ өмнө энэ хүн яагаад ингэв гэдгийг мэдэхийг хичээдэг болсон. Миний сургамж залуу сэтгүүлчдэд хэрэг болж магадгүй.
Бас шүүмжлэлтэй зүйл бичиж байгаа бол ганц баримтад тулгуурлаж, эсвэл олсон бүх баримтаа гаргаж тавьж болохгүй. Шүүмжлүүлсэн хүн дуртай байхгүй нь тодорхой. Заргалдана. Тэгэхэд нь өөрийгөө хамгаалах баримтаа авч үлдэх хэрэгтэй.
-Таныг багадаа амаргүй амьдрал туулсан гэж сонссон?
-Би айлын өргөмөл ганц охин. Төрсөн аавыг минь Сономпил, ээжийг Базар гэдэг байсан. Аав минь өөрөө ядуу тарчиг хэрнээ хөл дүүжлэх унаагүй хүнд чөдрийн ганц морио өгчихөөд эмээлээ үүрээд ирдэг, ядарсан зүдэрсэн хүн таарвал дээл, гутлаа тайлаад өгчихдөг өр нимгэн хүн байсан юм гэнэ билээ. Харин ээжийн аавынх хөрөнгө чинээгээр муугүй айл байсан тул хүргэн болох хүн нь таалагдаагүй юм байх.
Тэд аавд нүүр өгөхөө байж, ээж хүсээгүй хүүхэд тээж үлдсэн гэдэг. Намар нь намайг төрөөд гурав хонож байтал айл саахалт нутагтай Должмой бүсгүй нярайлж, хүүхэд нь эндсэн байна. Ингээд ээжээс намайг гуйж, ээж ч хүсээгүй хүүхдээ цааргалалгүй өгснөөр би Даваагийнх гэдэг айлын өргөмөл ганц охин болсон юм.
Өргөж авсан аав, ээж минь хувиа борлуулах хэдэн бог, чөдрийн морь, ачлагын тэмээтэй, борогдуу амьдралтай айл байв. Өргөж авсан ээж минь хүний хайлан байлаа. Нутаг усныхан уран Должмой гэж авгайлна. Үнэтэй, сайхан торго дурдангаар дээл хувцас хийлгэх болохоороо ээж рүү минь явна. Түүнээс нь илүү гарвал ээж минь надад хувцас хийгээд өгчихдөг сөн.
Намайг ёстой л бурхан мэт эрхлүүлж, газар тавилгүй өсгөсөн. Би өргөмөл ээжийнхээ хөхийг хөхөж хүн болсон. Найман нас хүртлээ хөхөөд, мөөмнөөсөө гаралгүй сургуульд орж байлаа. Намайг нэгдүгээр ангид ороход аав минь цоохор Тогоо гуайгаас ишигтэй ямаагаар 12 хуудастай дэвтэр, төө хэрийн балын харандаа авч өгч билээ.
Дайны үе болохоор дэвтэр, харандаа олдохгүй, тэгээд тийм үнэ хүрсэн хэрэг. Ганц охиноо эрдэм сургах гэж их сэтгэл гаргасан байгаа биз. Нэгдүгээр ангид байхад минь багш “Улаан туг зүү” гэв. Эмээдээ хэлтэл улаан даалимба хайгаад олсонгүй гээд улбар шар чисчүү дээлийнхээ дотоод хормойг хайчилж өгч билээ. Тийм л эрх хүүхэд байж.
Манайх сумын төвөөс 20-30 км-ийн зайтай нутагладаг. Муу ээж минь хоёр хоноод л тэр холоос морь, тэмээгээр давхиж ирж хөхүүлж хоночихоод явдаг сан. Тэр хавар манай нутагт улаанбурхан өвчин дэгдэж, хүүхэд, хөгшид олон хүн эндэж билээ. Би сумын бага сургууль төгстөлөө дөрвөн жил айлд амьдарсан. Тэр айлд надаас гадна 3-4 хүүхэд суудаг байлаа.
Тэд бүгд улаанбурхан тусчихаад байтал ээж минь ирж, намайг хөхүүлж хоноод явсан юм. Гэтэл гэртээ очоод халуурч, түүнийгээ тоохгүй мал ахуйдаа явж байгаад бүр хүндэрч нас барсан байлаа. Хөөрхий ээж минь надаас энэ муухай өвчний халдвар аваад явсан байх гэж бодохоор л уйлмаар санагддаг. Аминаасаа илүү хайрлаж, энхрийлж өсгөсөн ганц хүнээсээ ийнхүү хагацсан.
Ээжийг нас барсны дараа жил аав өөр эхнэр авч, би “Ээжтэй боллоо” гэж баярлатал тун хатуу хүн таарсан байв. Ингээд хоёрдугаар ангиасаа зовлон үзэж эхэлсэн. Хоол унд ч олигтой өгөхгүй. Хувцас хунар ч байхгүй. Сайхан ээжийнхээ хайранд бөмбөрч, эрхэлж өссөн хүн гэнэт өнчирч, тийм хатуу хойт эхийн царай харж амьдрахад ямар хэцүү санагдаж байсан гээч. Сүүлдээ хувь заяатайгаа эвлэрч, давж гарахын төлөө хатуужин зүтгэсэн.
Сумандаа бага сургууль төгсөөд Баянзүрх сумын долоон жилийн сургуульд дэвшин сурахдаа ханзархай улыг нь шидмэсээр баглаад тогтоочихсон навсархай монгол гуталтай очиж байлаа. Тэгж байтал сургуулиас эсгий гутал тавьж өгөхөд магнайгаа хагартал баярласан сан. Тэр үед нэлээд чинээлэг айлын хүүхдүүд эсгий гутал өмсдөг байлаа.
Төрсөн ээж минь намайг тиймэрхүү янзтай байгааг дуулаад авна гэж ирсэн. Би багаасаа хол өссөн, өргөмөл аавыгаа л ааваа гэж боддог болчихсон хүн чинь юу гэж орхиж явах вэ дээ. Тэгээд ядарч байж, олон түмний буянаар аравдугаар ангиа төгсөж, их сургуульд ороод ханьтайгаа учирсан. Зовлон үүгээр дуусаагүй.
Боловсрол мэргэжил эзэмшиж, ажил төрөлтэй болоод, сайн ханьтай учирч сайхан амьдрах нь гэтэл хүүхэд тогтдоггүй. Хоёр ч хүүхэд маань эндэж, ганц охинтой үлдсэн. “Үнэн” сонинд орсноос хойш сайхан амьдарсан.
Хэрийн хүнд олддоггүй томилолтыг нь гурав дахин авлаа. Төр түмний буяныг тэгж идэж, эдэлж, итгэл найдварыг нь хүлээсэнтэйгээ харьцуулбал олигтой юм хийж чадсангүй гэж одоо харамсдаг. Залуу насандаа л цагийг сайн ашиглаж, хийх зүйлээ амжуулаарай гэж залууст захья. Залуу байхад хүний ухаан санаа, бие махбодь бүгд сийрэг, сэргэлэн байна шүү дээ.