Гадаадын иргэн, харьяатын газар нь орон нутагт харьяа зургаан газар, 3 хэлтэстэйгээр үйл ажиллагаагаа явуулдаг. Энэ удаад Гадаадын иргэн, харьяатын газрын “Буянт Ухаа” дахь газрын дарга Г.Төгөлдөртэй боомтын өдөр тутмын үйл ажиллагаа, хэрэгжүүлж буй чиг үүргийн талаар цөөн хором ярилцсанаа хүргэж байна.
Буянт-Ухаа дахь газрын үйл ажиллагааны онцлог юу вэ? Өдөр тутамдаа ямар үйл ажиллагаа явуулж байна вэ?
Гадаадын иргэн, харьяатын газрын Буянт-Ухаа дахь газар нь Монгол Улсын хил дээр виз олгох, бүртгэл хасалт хийх, зөрчил гаргасан этгээдэд захиргааны арга хэмжээ авах гэсэн үндсэн чиг үүрэгтэйгээр ажиллаж байна. 2017 оны хоёрдугаар сарын байдлаар 60 гаруй орны 84 иргэнд виз олгосон дүн мэдээтэй байна. Харин 2016 онд нийтдээ 3902 визийг тус боомт дээр олгосон.
Ер нь олон улсын зэрэглэлтэй боомтын онцлог нь аливаа зөрчлийг маш хурдан хугацаанд шийдвэрлэдэг. Бүртгэл эхлээд, онгоц нисэхээс өмнөх хүртэл богино хугацаанд шийдвэрлэж, хэрэгжилтийг хянаад үйл ажиллагаагаа тайлагнадаг. Бусад боомтууд, тухайлбал төмөр замын боомт гэхэд зөрчил гаргасан этгээдийг нарийвчлан судлах, хууль хяналтын байгууллагуудаас асууж тодруулахад тодорхой хэмжээнд цаг хугацаа зарцуулах нь бий. Харин бид бол олон улсын авиа компаниудын Монгол Улсад хийгдэж байгаа онгоцны нислэгийн цагийн хуваарьт багтааж шийдвэрээ гаргадаг.
Буянт–Ухаа боомт дээр ямар төрлийн виз голчлон олгогдог вэ? Мөн ямар төрлийн зөрчлүүд ихэвчлэн гарч байна вэ?
Ихэвчлэн төрийн байгууллагын урилгаар ирж буй олон улсын хамтын ажиллагааны байгууллагын төлөөлөгчдөд Гадаад харилцааны яамны зөвшөөрлийн дагуу виз олгодог. Мөн Монгол Улсад визгүй зорчдог улсууд бий. Эдгээр орноос ирсэн хүмүүс ямар зорилгоор Монгол Улсад нэвтэрч байна вэ гэдэг дээр хяналтын улсын байцаагч нар ярилцлага хийж хяналт тавиад Монгол Улсын хилээр нэвтрэх эсэхийг шийдвэрлэдэг. “Монгол Улсын виз нь Монгол Улсад нэвтрэх баталгаа болохгүй” гэж хуульд заасан байдаг бөгөөд Монгол Улсаас гадаад улсад суугаа дипломат төлөөлөгчийн газар, Консулын газруудаас зохих визээ авсан боловч хил дээр ярилцлагад ороод буцах тохиолдол ч гардаг. Жишээ нь: шашны үйл ажиллагаа явуулах гэж ирсэн боловч зорилгоосоо өөр ангиллын виз авсан гэх мэт зөрчил байдаг. Энэ тохиолдолд манай газар эрхлэх чиг үүргийнхээ хүрээнд визийн ангилалд засвар оруулах, шаардлагатай тохиолдолд буцаах зэргээр газар дээр нь асуудлыг шийдвэрлэдэг.
Зөрчлийн тухайд гуравдагч орны иргэд визийн хугацаа хэтрүүлж байна. Мөн Монгол Улсад 30-аас дээш хоног ирсэн тохиолдолд бүртгэл хийлгээгүй зөрчил их байна.
Сард дунджаар хэчнээн иргэн Буянт-Ухаа боомтоор зорчдог, зорчиж буй иргэдийн дийлэнхи нь аль улсаас гэхчилэн тоон мэдээлэл байдаг уу?
Монгол Улсын хилийн тухай хуулийн шинэчилсэн найруулга 2017 оны 2 дугаар сарын 1-ны өдрөөс хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан Хилийн шалган нэвтрүүлэх чиг үүрэг Хил хамгаалах ерөнхий газар руу шилжсэн. Гэхдээ бид нэгдсэн программаас болон Хилээр нэвтэрч буй иргэдийн нэгдсэн тоон мэдээллийг тогтмол авдаг. Өдөрт 65:35 хувийн харьцаатайгаар Монгол Улсын иргэд болон гадаадын иргэд Буянт- Ухаа дахь боомтоор зорчиж байгаа. Авиа компаниудын нислэгийн хуваарийн дагуу БНСУ-аас 2 удаагийн нислэгтэй бол Солонгосын иргэд их зорчино, Хятад, Туркийн нислэгтэй бол тэр улсын иргэд олон байна гэхчилэн байдаг. Ерөнхийдөө 2 дугаар сараас 5 дугаар сарын эхэн хүртэл гадаад иргэдийн хөдөлгөөн бага байдаг. Аялал жуулчлалын улиралд иргэдийн зорчих хөдөлгөөн эрс нэмэгдэнэ. Тэр хэрээр виз олголт, хяналт шалгалт, захиргааны зөрчил авах зэрэг ажлын ачаалал нэмэгддэг.
Гарч буй ихэнх зөрчлүүд юунаас үүдэлтэй байдаг вэ?
Жишээлбэл, АНУ-ын иргэн Монгол Улсад 90 хүртэлх хоног визгүй зорчдог. 30 хоногоос илүү хугацаагаар байх тохиолдолд Монгол Улсын хилээр нэвтэрснээс хойш 7 хоногийн дотор гадаадын иргэний харьяатын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад бүртгүүлнэ гэсэн хуулийн заалттай. Бид гадаадын иргэдэд холбогдох хуульд заасан эрх, үүргийг боломжит хэлбэрээр мэдээлж, сурталчилж байна. Эрх, үүргээ мэдэхгүйгээс болоод 31 дэх хоног дээрээс торгуульд ороод, буцахдаа энэ тухай мэдэх зэрэг зөрчил ихэвчлэн гарч байна. Ер нь аливаа орны иргэд зорчиж буй улсынхаа хууль дүрмийг мэдэх үүрэгтэй. Монгол Улсын иргэд гадаадад зорчихдоо дүрэмтэй нь танилцаад яваад болоод байдаг. Гуравдагч орны иргэд бол заавал тэдгээр зүйлсийг авчирч өгөх ёстой, чихэнд хэлэх ёстой гэсэн шаардлага тавих тал ажиглагддаг.
Дээрээс нь хоёрдмол харьяалалтай иргэдийн асуудал дээр яригддаг. Жишээ нь, АНУ-ын иргэн болчихсон Монгол Улсын харьяатаас гараагүй иргэд орж ирдэг. Хэдийгээр манай улс хоёрдмол харьяаллыг зөвшөөрөөгүй боловч Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар энэ асуудлыг шийддэг. Харин зарлиг гараагүй тохиолдолд хяналтын байцаагч тухайн орны иргэн болчихсон Монгол хүнийг “Та Монгол Улсын иргэн биш” гэж хэлэх эрх зүйн чадамжгүй болж байгаа юм. Үүн дээр зөрчилдөөн гардаг. Тиймээс бид анх орж ирэхэд нь “Та Монгол Улсын иргэн бол Монгол Улсын паспортоороо нэвтэрч болно. Ингэсэн тохиолдолд танд бичиг баримтын зөрчил, виз авах гэсэн ямар нэг асуудал байхгүй. Харин АНУ, ХБНГУ гэдэг юмуу өөр орны паспортоор нэвтрэх бол та гадаадын иргэн гэдэг утгаараа тухайн орны иргэний адил үүргээ хүлээнэ” гэдгийг сануулж байгаа.
Боомтод өдөрт хэчнээн улсын байцаагч ажиллаж байна?
Хуульд “Хил хяналтын байгууллагуудын гадаадын иргэнтэй холбоотой илрүүлсэн зөрчлийг Гадаадын иргэн, харьяатын газарт шилжүүлэн шийдвэрлэнэ” гэсэн байгаа. Тэгэхээр хилийн цэргийн, мэргэжлийн хяналтын, гаалийн илрүүлсэн зөрчлийг манайх бичиг баримтын хувьд, гадаад иргэний хувьд зөрчлийг шийдвэрлэнэ. Хилийн шалган нэвтрүүлэх чиг үүрэг Хил хамгаалах ерөнхий газарт шилжсэнтэй холбогдуулаад Буянт-Ухаа боомт дээр өнөөдрийн байдлаар нэг ээлжинд ирэгч танхимд 2, явагчийн танхимд 2 хяналтын байцаагч, 1 зөвшөөрлийн ахлах мэргэжилтэн, хяналтын улсын байцаагч гэсэн 5 хүн 24 цагаар ажиллаж байна. Ирэгч дээр виз олголтын ажиллагаа явагдана. Явагч дээр бол Монгол Улсаас гарах хөдөлгөөн дээр визийн хугацаа хэтрүүлсэн, янз бүрийн зөрчил дээр хууль захиргааны арга хэмжээ авдаг.