УДЭТ-ын залуу жүжигчин Г.Дөлгөөн-Аюушийг үзэгчид МҮОНТ-ийн “Амьдрал чиний төлөө”, “А артист” уран бүтээлийн нэгдлийн “Эх орон дуудаж байна”, “U” фильмийн “Single ladies-2” зэрэг хэд хэдэн дэлгэцийн уран бүтээл, “Нора”, “Чөлөөт хос”, “Бүүвэй”, “Ромео Жульетта” зэрэг жүжгийн дүрээр нь эчнээ мэднэ. Уран бүтээлийнхээ хажуугаар “Chance” кастингийн агентлагт багшилдаг эл залуутай ярилцлаа.
-Жүжигчид олны хэл амны бай болох нь энүүхэнд. Харин та бусдаас илүү нам гүмхэн байх юм. УДЭТ-ын залгамж халаа, ирээдүйтэй жүжигчнийг хэвлэл, мэдээллийн хэрэгслүүд ярилцлагад урьдаг л байлгүй. Яагаад зугтдаг юм бэ?
-Юм болгонд гүйж очоод байх утгагүй л дээ. Шинэ уран бүтээлтэй, ярих зүйлтэй үед бол яая гэх вэ. Юу юуны туханд хүрэлгүй, юу ч хийж бүтээгээгүй байж их юм яриад яах вэ.
-УДЭТ-ын босгыг даваад хэдэн жил болов. Энэ “их айл”-ын босго хэр өндөр байв?
-Таван жил болж байна. Жүжигчин мэргэжил эзэмшсэн хүн бүрийн тэнцэж ажилладаг газар биш шүү дээ. Ганц удаагийн шалгалтаар ч тэнцчихдэггүй.
Явцын шалгалт, дүрийн үнэлгээ зэргээр үнэлүүлж байж жинхлэх шалгалтад орох, эсэхийг шийддэг. Хоёр жил дагалдан жүжигчнээр ажиллаж, найруулагч Ч.Ганхуяг агсны найруулсан Г.Ибсений “Нора” жүжгийн Хельмерийн дүрд тоглон жинхэлж байлаа.
-Залуу жүжигчид театрын босго давсныхаа дараа ахмад уран бүтээлчдэдээ хадаг барьж, багш, шавийн барилдлага тогтоодог уламжлал УДЭТ-т бий. Та хэнд шавь орсон бэ?
-Ардын жүжигчин Г.Мягмарнаран багшдаа шавь орсон. Энэ уламжлал нэг хэсэг тасарсан юм билээ. Харин намайг 2012 онд театрын дагалдан жүжигчнээр ороход Төрийн шагналт найруулагч Н.Наранбаатар эл уламжлалыг сэргээж, бид ахмад уран бүтээлчдэдээ хадаг барьсан даа.
2012 онд надтай хамт жүжигчин Г.Алтангэрэл, Н.Баярмаа, Б.Баяржавхлан, Н.Цэнгэлжаргал нар УДЭТ-д орсон.
-Та бол удам залгасан уран бүтээлч. Таны ээж Б.Нарантуяаг жүжигчин, “Chance” кастингийн агентлагийн захирал гэдгийг уншигчид эчнээ мэднэ. Урлагийн мэргэжил сонгож эзэмшихэд ээжийн тань нөлөө байв уу?
-Харин ч эсрэгээрээ. Ээж маань намайг урлагийн мэргэжил сонгоход их эсэргүүцсэн. Харин ээжийн минь багш, Урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Маамхүү гуай их нөлөөлсөн шүү. Намайг наймдугаар ангийн сурагч байхад л “Чи хүүгээ жүжигчин болго” гэж ээжид захиж байсан гэдэг.
Гавьяат жүжигчин Л.Чаминчулуун багш ч дээрхтэй ижил үгийг ээжид маань хэлж байсан гэсэн. Урлагт дуртай ч, хэзээ ч жүжигчин болно гэж төсөөлж байгаагүй хүн дээ, би.
Багаасаа спортоор хичээллэсэн болохоор гэнэт урлагийн мэргэжил сонгоход ээж их гайхаж билээ.
-Дотроос нь нэг юм хатгаад л гэнэт шийдэж дээ.
-Харин тийм. Нэг өдөр л гэнэт ээжид “Би танай агентлагт суралцмаар байна” гээд хэлчихсэн. Ээж жаахан дурамжхан ч “Үзээд алд” л гэсэн. “Chance” агентлагтаа суралцаж, СУИС-д шалгуулахаар шийдэж, ээжтэйгээ бэлдэж эхэлсэн дээ.
-Ээж тань мэргэжлийн хүн учраас илүү няхуур бэлдсэн байх даа.
-Харин ч үгүй. Уг нь ээж бусад шавь нартаа бол их чанга, өндөр шаардлагатай багш. Гэтэл ямар ч ээж хүүхдээ “чангалж” чаддаггүй юм шиг байна лээ.
Удалгүй Гавьяат жүжигчин Л.Чаминчулуун багш дээр намайг аваачсан. Тэгж л СУИС-ийн элсэлтийн шалгалтад бэлдсэн дээ. Би 2012 онд Урлагийн гавьяат зүтгэлтэн С.Сугар багшийн удирдлага дор СУИС төгссөн.
-Шинэ кино, жүжгийн санал ирмэгц зөвлөх хүнтэй байх сайхан, бас түшигтэй байх. Ээжтэйгээ зөвлөдөг үү?
-Ямар уран бүтээлд тоглох, эсэхээ ээжтэйгээ зөвлөдөг. Намайг чиглүүлж өгдөг юм. Харин дүрдээ хэрхэн тоглох, бичвэрийн ажлынхаа талаар огт ярилцдаггүй.
Угаасаа тухайн дүрийг жүжигчин хүн өөрөө л бодож, сэтгэж бүтээх ёстой. Хэнээс ч хуулж болдоггүй, болох ч үгүй мэргэжил шүү дээ.
-Жүжигчид хүн шинжиж, найруулагч нар сэтгэл зүй судалдаг гэдэг дээ. Та хэр хүн таних нүдтэй вэ. Анх уулзсан, танилцаад удаагүй хүнээ тийм ийм хүн байх гэж гадарладаг уу?
-Гайгүй гэж боддог шүү. Миний дотнын найз нөхөд, ойр тойрны хүмүүс надтай ижил үзэл бодолтой, нэг зорилготой хүмүүс байдаг.
-Та айлын хэд дэх хүүхэд вэ?
-Би айлын том хүү. Эрэгтэй дүүтэй.
-Хэр сайн ах вэ. Айлын том хүүхдүүдэд дүү нараа чиглүүлэх үүрэг эрхгүй оногддог.
-Сайн ах байх сан гэж хичээдэг. Дүү минь ч мундаг, сайн залуу. Нүдний их эмч мэргэжилтэй.
-Багадаа хэр дүрсгүй хүү байв?
-Айхтар хөдөлгөөнтэй, сахилгагүй хүү байгаагүй. Харин үеийнхнээсээ биерхүү хүүхэд байлаа. Долдугаар ангид байхдаа 178 см өндөр байсан. Хаа очиж ээжийнхээ чихнээс хонх уяагүй ээ.
-Танд шинэ киноны санал их ирдэг юм билээ. Тэгсэн атал цөөн кинонд тоглох юм. Ямар шалгуур тавьдаг вэ?
-Саналууд ирдэг л юм. Элдэв шалгуур тавьж, голж шилдэг хүн биш шүү дээ, би. Гэхдээ хэт эротик юм уу, миний үзэл бодолтой зөрөлдөхүйц кинонд тоглохоос зайлсхийдэг. Аль болох л өмнөхөөсөө өөр дүрд тоглохыг хүсдэг.
Гол нь би УДЭТ-ын жүжигчин. Жүжгийн бэлтгэл сургуулилалт, тоглолттой үед өөр уран бүтээлд тоглох зав үнэхээр гардаггүй. “Даахгүй нохой булуу хураана” гэдэг дээ. Нэгэнт амжихгүй бол үнэнээ хэлээд татгалзсан нь дээр.
Кино бол хамтын хөдөлмөр. Тэр олон хүний ажлыг худлаа ярьж цалгардуулж болохгүй.
-МҮОНТ-ийн бүтээл “Амьдрал чиний төлөө” олон ангит киноны дэслэгч Батхүүгийн дүрээр үзэгчид тантай анх танилцсан. Оюутны ширээнээс уран бүтээлийн гараагаа эхэлж, олон ангит кинонд тоглох нь азтай завшаан шүү.
-Миний тоглосон анхны кино. Тийм ч болохоор энэ дүрдээ хайртай. 2010 онд би “Manhunt International” олон улсын уралдаанд оролцсон. Эл уралдааны талаарх цуврал нэвтрүүлгийг сэтгүүлч М.Баянзул эгч бэлтгэж ТВ-9 телевизээр гаргасан юм. Тэр нэвтрүүлгийг МҮОНТ-ийн найруулагч Н.Байгал эгч үзэж, намайг анх харж л дээ.
Эхэндээ намайг загвар өмсөгч гэж бодсон юм билээ. СУИС-ийн оюутнуудын дунд зохион байгуулдаг “3.27” уран чадварын уралдааны үеэр над руу утасдаж, дэслэгч Батхүүгийн дүрд шалгуулахыг урьсан. Эл дүрд тоглохоор сонгогдсоны дараа ээж маань “Дөнгөж хоёрдугаар дамжааны оюутан шүү дээ. Чадах юм уу” гээд дургүйлхсэн.
Гэсэн ч тоглохоор шийдсэн. Анхны уран бүтээл учраас мэдэхгүй, чадахгүй зүйл их байсан даа. Надаас нэлээд хэдэн насаар ах хүний дүр. Зураг авахуулах үеэр цагдаагийн хурандаа Т.Сайнжаргал ах надад зөвлөгөө өгч, сэжигтнийг хэрхэн байцаах, хэрхэн яриа өдөх ёстой вэ гэх зэргээр зааж байлаа.
Цагдаагийн бие бүрэлдэхүүн энэ кинонд маш их ач холбогдол өгч, уран бүтээлчдийг дэмжиж ажилласан шүү.
-Цагдаагийн байгууллагын дотор орж, нэг эд эс нь болж дүр бүтээхэд юу бодогдож байв?
-Киноны зургийг найман сарын турш авсан шүү дээ. Энэ кинонд тоглох үеэр л цагдаагийн ажил ямар хүнд вэ гэдгийг ойлгож, нарийн ширийнийх нь зах зухаас гадарласан.
-Хоёр жилийн өмнө Монгол, Францын уран бүтээлчид хамтран “Элч” нэртэй уран сайхны кино бүтээж, гол дүрд нь Францын алдарт жүжигчин Жан Рено, Төрийн шагналт, жүжигчин Ц.Төмөрбаатар, УДЭТ-ын жүжигчин Г.Эрдэнэбилэг, мөн таныг тоглуулах сураг сонсогдож байсан. Тэр кино юу болсон бэ?
-Уг нь тийм санал тавьсан. Гэхдээ удалгүй сураг тасарсан. Санхүүжилт, хөрөнгө оруулалт нь бүтээгүй байх. Юу болсныг сайн мэдэхгүй юм.
-“А артист” уран бүтээлийн нэгдлийн “Эх орон дуудаж байна” киноны нээлтийн ёслолын үеэр та “Эх орны төлөө-III” хүндэт тэмдгээр шагнуулсан шүү дээ. Таныхаар эх оронч гэж хэн бэ?
-Өмнөх ажлаа шударгаар хийдэг, бусдад үлгэр дуурайл болж чаддаг хүнийг л эх оронч гэх байх. Үг, үйлдэл нь зөрдөггүй хүнийг л хэлэх болов уу даа.
-Та дээр хэлсэн шигээ эх оронч байж чаддаг уу?
-Би хичээдэг.
-Алдахаас айдаггүй залуу насны гоо сайхан, түүнээс гарах алхам бүгд эр зоригийнх байдаг гэдэг. Та яг энэ насан дээрээ яваа. Залуу хүн юунд шунаж, юунд хөтлөгдөж амьдрах ёстой вэ?
-Залуу хүн эд баялагт биш, эрдэм мэдлэгт л шунах хэрэгтэй. Өөрийгөө хөгжүүлж, сурч боловсрох ёстой.
-Та номтой хэр нөхөрлөдөг вэ. Хамгийн сүүлд ямар ном уншив?
-Аль болох л уншихыг хичээдэг. Ажил маань ч үүнийг шаарддаг. Одоо Өрнөдийн жүжгийн зохиолууд уншиж байгаа. Ширээний, байнга дэлгэж хардаг ном хүнд байдаг даа. Минийх эртний грекийн сонгодог жүжгүүд.
-Олны танил хүмүүст өөрийнхөөрөө байх боломж тэр бүр олддоггүй байх. Та ямар үед өөрийнхөөрөө байж чаддаг вэ?
-Зарим үед эвгүй л санагддаг юм. Тэглээ гээд би дүр эсгээд байж чаддаггүй.
-“100 төгрөгтэй явснаас 100 найзтай яв” гэж үг бий. Гэтэл сүүлийн үед найз нөхөд чанартай, цөөхөн байсан нь дээр гэлцдэг болж. Та юу гэж боддог вэ. Хэр олон найзтай вэ. Нөхөрлөл ямар байх ёстой вэ?
-Би их цөөхөн найзтай. Ямар нэгэн шаардлага тавьж нөхөрлөнө гэж үгүй. Цаг хугацаа, итгэлцлийн шалгуур давж байж л жинхэнэ найзууд тунаж үлддэг байх.
-Өөрөө өөртөө урам хугарах, бухимдах үе гардаг уу?
-Байлгүй яах вэ. Төлөвлөсөн, зорьсон ажлаа бүтээж чадаагүй үед өөртөө урам хугардаг. Хүн л юм хойно алдана, ононо. Алдаа гаргавал бухимддаг. Гэхдээ нэг гаргасан алдаагаа дахиж давтахгүйг хичээдэг. Өөрөө өөртөө шүүмжлэлтэй ханддаг шүү.
-Хэрхэн өөрийгөө зоригжуулж, урам хайрладаг вэ?
-Алдсан алдааныхаа ард “гацаад” сууж болохгүй л дээ. Хурдан өөр арга олж, алдаагаа залруулах хэрэгтэй. Нэгэнт эхэлсэн ажлынхаа үр дүнг харах сайхан шүү дээ. “Би чадна” гэж өөрийгөө зоригжуулдаг.
-Ирээдүйгээ, хийх ажлаа төлөвлөдөг үү?
-Ажлын уулзалт, тоглолт, бэлтгэл сургуулилалт, хийх шаардлагатай зүйлсээ төлөвлөдөг.
-“Долоо хэмжиж нэг огтол” гэдэг дээ. Та хэр түргэн шийдвэр гаргадаг хүн бэ?
-Санаанд оромгүй гэнэтийн шийдвэр гаргах үе бий. Заримдаа өөрийгөө гайхдаг юм. Спорт сонирхдог байснаа урлагийн мэргэжил сонгосон маань ч үүнийг илтгэнэ. Хамт олны дунд ажиллах, нас нэмэхийн хэрээр аливаад буурьтай хандахыг хичээдэг болж байна.
-Үргэлжлүүлэн сурч, саяхан найруулагчаар төгссөн гэсэн. Бие даан уран бүтээл туурвих бодол бий юү?
-Театрын найруулагчаар сурч, Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Ганхуяг багшийн удирлага дор магистрын зэрэг хамгааллаа. Багшийнхаа зөвлөснөөр В.Гоголийн “Байцаагч түшмэл” жүжгээр “Сонгодог жүжиг цаг үе, нийгмийн тусгал болох нь” сэдвээр дипломоо хамгаалсан. Яг одоогоор уран бүтээл хийнэ гэсэн том бодол алга. Хэзээ нэг өдөр боломж олдож, нөхцөл бүрдэж юу магад.
-“Chance” кастингийн агентлагт багшилдаг гэсэн. Сурсан, мэдсэнээ хүүхдүүдтэй хуваалцах сайхан биз?
-Хоёрдугаар дамжааны оюутан байхаасаа л СУИС-д элсэхийг хүссэн хүүхдүүдийг бэлддэг байлаа. Амьсгаагаа зөв хуваарилах, амны хайрцгаа зөв гаргах, этюд, дасгал хийх зэрэг мэргэжлийн сургуульд элсэх суурийг энд тавьдаг юм. Жил бүр манай сурагчдаас СУИС-д элсдэг нь сайхан. Манай агентлагт 6-35 насны хүмүүс хичээллэдэг. Хүүхдүүдээс ч сурах, ажиглах зүйл их. Уран сэтгэмж, байгаа байдал нь хичнээн хөөрхөн гээч.
-Жүжигчин, найруулагч хүн бусдын уран бүтээлийг үзэхдээ юуг голчилж хардаг бол. Үйл явдалд хөтлөгдөхөөс илүү мэргэжлийн нүдээр харж, өө хайдаг болчихдог уу?
-Тухайн хүн тус уран бүтээлд яаж ажилласан, сэтгэл зүрхээ хэр гаргаж, өөрийгөө хэрхэн дайчилсан бэ гэдгийг нь л олж харахыг хүсдэг. Түүнээс биш би бусдыг шүүх хэмжээнд хүрээгүй байна шүү дээ.
-Тантай нэгэн үеийн эрэгтэй жүжигчин нэлээд олон бий. Тэр л хүнтэй барьцаж өөртөө урам өгч ажилладаг, түүнийг хараад цагаан атаархал төрдөг уран бүтээлчээ нэрлээч?
-Энэ талаар ёстой бодож байгаагүй юм байна. Өмнөх ажилдаа л чин сэтгэлээ зориулж, чанартай хийхийг хүсдэг болохоос биш бусдад атаархаад сууна гэж юу байх вэ.
-УДЭТ-ын шинэ, залуу уран бүтээлчдэд жүжгийн дүрд тоглох боломж хэр олддог вэ. Дүрийн төлөө өрсөлддөг үү?
-Энэ дүрд тэр тоглоно гээд шууд оноогоод өгөх үе байна. Үнэхээр таалагдсан дүрээ өрсөлдөж авах ч тохиолдол бий. Тэгж байж залуу уран бүтээлчид өсөж, хөгжинө. Жүжигчин бүр өөр өөрийн өгөгдөл, онцлогтой. Тиймээс үнэхээр таалагдсан дүрдээ өөрийгөө “сойж” болно шүү дээ.
-Жүжиглэхээс гадна загвар өмсөж, уралдаан тэмцээнд оролцож байсныг тань уншигчид санаж байгаа байх. Одоо загварын тайзан дээр гарах санал ирдэг үү?
-Мэр сэр санал ирдэг л юм. Гэхдээ одоохондоо тэр чиглэлээр ажиллах бодол алга.
-Жүжигчид фото моделиор ажиллахад илүү боломжтой санагддаг.
-Тийм шүү. Зураг авахуулахад мэргэжил маань их дөхөм. Давуу тал гэж хэлж болно.
-Та оюутан ахуйдаа “Movie” гэж хамтлагт дуулдаг байсан байх аа. Нэлээд олон уралдаанд амжилттай оролцсон санагдана. Одоо бүгд жүжигчин болж, мэргэжлээрээ ажиллаж яваа. Хамтлагийнхантайгаа холбоотой байдаг уу?
-Холбоотой байлгүй яах вэ. Г.Алтангэрэлтэйгээ одоо УДЭТ-т хамт ажиллаж байна. Л.Гантулга маань “Тэртээх ертөнцийн хөгжимчин”, “Тютю” зэрэг дэлгэцийн бүтээлд тоглосон, амжилттай явна. Б.Одбаяр маань гадаадад амьдарч байгаад саяхан эх орондоо ирсэн. Санаагаар болдог бол хамтлагтайгаа шинэ дуу гаргах сан гэж боддог л юм. Хараахан тохироо нь бүрдэхгүй байна.
-Мэргэжлийн дуучнаас дутахгүй дуулдаг гэдгээ “Чөлөөт хос” хөгжимт жүжигт тоглож, үзэгчдэд гайхуулаад амжсан.
-Дуучнаас илүү дуулдаг гэхгүй ээ. Санаа зовмоор юм. Ямартай ч жүжигчин хүн олон төрлийн авьяастай, тал бүрийн мэдлэгтэй байх ёстой гэж боддог.
-Бодибилдингээр нэлээд удаан хичээллэж байгаа юм билээ. Хотын АШТ-ээс мөнгөн медаль хүртэж байсан гэсэн. Одоо бол энэ спорт таны амьдралын салшгүй нэг хэсэг болсон уу?
-15 настайгаасаа бодибилдингээр хичээллэсэн. Анхандаа эрүүл мэнддээ анхаарч, биеэ хөгжүүлэхээр хичээллэсэн ч одоо бол байнгын хэвшил болчихсон.
-Ер нь спортод их дуртай юу?
-Сүүлийн үед ууланд авирах дуртай болоод байгаа. Сагсан бөмбөг тоглох дуртай. Өөрийгөө ямар ч спортод эвсэлтэй гэж боддог шүү.
-Спорт хүнийг тэвчээртэй болгож, сэтгэлийн хат суулгадаг гэдэг. Таныг спорт хэрхэн өөрчилсөн бэ?
-Тууштай байхыг л сургасан юм уу даа. Спорт хүнд өөрөө өөрийгөө ялахад хүч өгч, хатуужуулдаг.
-Тэгвэл урлаг танд юу өгөв?
-Урлагт хөл тавьсандаа би баярладаг. Хүссэндээ хүрэх урам, өөрийгөө дайчлах ухааныг урлаг хүнд өгдөг. УДЭТ-т орсноосоо хойш үүнийг илүү их мэдэрч байна. Би их хувьтай хүн шүү. УДЭТ-т ороод тоглосон анхны гол дүр минь Урлагийн гавьяат зүтгэлтэн, найруулагч Н.Ганхуягийн найруулсан Ф.Шиллерийн “Хар санаа, хайр сэтгэл” жүжгийн Фердинанд. Эл жүжигт Ардын жүжигчин П.Цэрэндагва, Д.Мэндбаяр, Г.Мягмарнаран, С.Сарантуяа, Гавьяат жүжигчин Б.Жаргалсайхан, жүжигчин М.Түвшинхүү, М.Тогтохжаргал нартай тоглож байлаа. Алхам тутамдаа театрынхаа уран бүтээлчдээс суралцаж, эзэмшсэн мэргэжилдээ, драмын урлагт улам шунаж дурласаар явна.