Говь-Алтай аймаг цуут бөхчүүдээрээ алдартай. Өнөө цагийн үндэсний бөхийн өнгийг тодорхойлж, жил жилийн улсын наадамд түрүүлж, үзүүрлэнэ хэмээн нэрлэгддэг олон бөх бий. Тэдний нэг бол Цээл сумын харьяат, улсын гарьд Жанцангийн Бат-Эрдэнэ. 2011 онд улсын аварга Г.Өсөхбаяр, улсын арслан Х.Мөнхбаатар тэргүүтэй шилдгүүдийг дараалан өвдөг шороодуулж, улсын начнаас гарьд цол хүртсэн бахдам амжилт түүнийх.
Харамсалтай, тэрбээр хүнд бэртлийн улмаас томоохон барилдаанд төдийлөн өндөр амжилт гаргаж чадахгүй яваа ч бөх сонирхогчид “Манай Бат-Эрдэнэ түрүүлнэ” хэмээн захыг нь мушгиж суудаг хэвээрээ.
Түүний гүйцэтгэх захирлаар нь ажилладаг “Хантайшир” дэвжээнийхэн 15 жилийнхээ ойн хүрээнд ЭХЭМҮТ-д тоног төхөөрөмж бэлэглэн, сайн үйлсэд бусдыгаа уриалсан нь хүмүүсийн хүндлэлийг ихэд хүлээсэн. Уншигч та бүхэнд Ж.Бат-Эрдэнэ гарьдтай ярилцсанаа хүргэе.
-Сайхан өвөлжиж байна уу, та. Ойрын үед томоохон барилдаанд төдийлөн барилдсангүй. Цагаан сарын барилдаанд зодоглох уу?
-Барилдана аа. Энэ оны өмнөөс бэлтгэлээ чамбайруулж эхэлсэн. “Хантайшир” дэвжээнийхээ бөхчүүдтэйгээ хамт бэлтгэлээ ачаалалтай хийгээд завгүй л явна. Бөхчүүд төдийгүй Монголын ард түмэн Цагаан сарын барилдааныг их хүндэлдэг. Би ч бас энэ барилдаанд зодоглож, хийморио сэргээх дуртай.
Ард түмнээ хүндэлж барилдангаа айсуй улсын наадмын өнгөө шинждэг. Ер нь Цагаан сарын барилдаанд өнгөтэй барилдсан бөх тухайн жилийн наадамд цол ахиж, чимэг нэмдэг гэдэгт би итгэж, бэлгэшээдэг. Улсын наадамд цол ахисан зарим бөхийг найраа хэрэглэсэн гэх хардлага бөхийн хорхойтнууд дунд байдаг бололтой. Нөгөө талаар улсын наадмын чухал барилдаан, том цол олгох даваанд би хэтэрхий их хичээсний улмаас цөөнгүй удаа гоомой мэх хийн, тактикийн алдаа гаргасан.
Харин Цагаан сарынхад тайван барилдаж чаддаг. Цол олгодоггүй болохоор хамгийн шударга, улсын наадмаас дутахгүй чансаатай болдог.
Өнөө цагийн Монгол эр хүний дүр, төрхийг бөхчүүдгүйгээр төсөөлөхийн аргагүй. Тиймээс Цагаан сарын барилдаанд өмсөх гоёл, хувцсандаа их ач холбогдол өгдөг байх.
-Тэгэлгүй яах вэ. Уран хийцтэй дээл, гутал өмсөөд явах сайхан шүү. Би Цагаан сарын барилдаанд ихэвчлэн хүрэн өнгөтэй дээлээ өмсдөг.
-Санаанаас тань гардаггүй хамгийн дурсамжтай Цагаан сарын барилдааныхаа тухай дурсана уу?
-Би жил жилийн Цагаан сарын барилдаанд бусад бөхчүүдийн адил ач холбогдол өгч, түрүүлэх зорилготой зодоглодог. Тиймээс барилдаан бүр өөр өөрийн гэсэн сайхан дурсамж үлдээжээ. Санаанаас ер гардаггүй барилдаан олон бий.
Яг тэр, энэ гээд тодотгоход амаргүй л юм. Толгой эргэж, амьсгаа авч чадахгүй болтлоо чанга унасан, уран мэх хийх гэж улайрч яваад ойчсон барилдаанууд хүртэл эргээд бодоход сайхан санагдаж байна.
-Багадаа Говь-Алтай аймгийн Цээл суманд өссөн. Хүүхэд байхдаа Цагаан сарыг хэрхэн тэмдэглэдэг байв?
-Тэр үед их сайхан байжээ. Ер нь хамгийн дурсамжтай нь хүүхэд насны үеийн Цагаан сар юм байна. Хонио хотлуулан, айл хотлоороо цуглачихаад битүүлэх сайхан шүү. Маргааш шинийн нэгэн гэж бодохоор нойр хүрдэггүй байж билээ. Би эхээс гурвуулаа. Ээж маань бидэнд жил бүр шинэ дээл урлаж өгдөг сөн.
Айлууд бэлгэнд ихэвчлэн ааруул, хэвийн боов өгдөг байж. Тэднийх ийм, эднийх тийм зүйл бэлэглэлээ гээд бие биедээ гайхуулж, шуудайнд хийн, мориндоо ганзагалан айл хэсдэг байлаа, бид гурав.
Хавар хичээл оронгуут өнөөх шуудайтай ааруул, хэвийн боовоо цайнд дэвтээгээд иднэ. Дотуур байрны хүүхдүүдэд түүнээс илүү сайхан зоог гэж юу байх вэ. Ааруул шиг хатсан хэвийг боовыг тачигнуулаад идэх ч сайхан шүү.
-Та 12 настайгаасаа хойш бөхийн спортоор хичээллэж байна. Таны ах, аймгийн начин Баянмөнх бөх болоход тань их нөлөөлсөн байх.
-Тэгэлгүй яах вэ. Ах маань намайг бэлтгэлдээ үргэлж дагуулж явдаг байлаа. Миний хорхой их хүрнэ ээ. Тэр үеэс бөх болох юм сан гэж мөрөөдөж, 1998 онд “Сахал” гэж авгайлдаг, олон улсын хэмжээний мастер Рагчаа багш манай сургуульд бөхийн секц хичээллүүлж эхэлснээр биелсэн дээ. Багаасаа дээл гутлаа ханзартал барилдаж өссөн би хамгийн түрүүнд шахам бүртгүүлсэн.
Ээжийнхээ урласан зодог, шуудгийг өмсөн бөхийн спортод анх хөл тавихдаа 12 настай байлаа. Манай суманд бөхийн барилдаан ойр ойрхон зохионо. Би нэгийн даваанд унасан ч хамаагүй гээд л зодоглодог байлаа. Нэлээд хэдэн барилдаанд гавьтай амжилт гаргаагүй ээ.
Сүүлдээ овоо барилдах эвтэй болж, түрүүлж үзүүрлээд ирэхээр их урамшдаг юм билээ. 2003 онд улсын наадмын өсвөрийн 128 бөхийн барилдаанд түрүүлж, шонхор цол хүртсэн нь хамгийн анхны амжилт.
-2006, 2007 онд хэд хэдэн цол ээлж дараалан хүртсэн нь таны амьдралын чухал үе байх. Жил дараалан гурван цол хүртэх амаргүй нь мэдээж.
-Сумын заан цолтой, амжилт гаргах, том цол авахын төлөө борви бохисхийлгүй зүтгэж байсан үе л дээ. Ачаалалтай бэлтгэлийн дараа цүнхээ даахгүй шахам ядарч, гэртээ харих үе олон тохиолдож байв. Сайн явах санааных, сайхан төрөх заяаных гэдэг үнэн юм билээ. Би 2006 онд Бүх цэргийн наадамд үзүүрлэж, цэргийн заан цол хүртсэн.
Улмаар сарын дараа болсон нутгийнхаа наадамд түрүүлж, аймгийн арслан цол хүртсэн. Тэр үед болсон нэгэн барилдаанд Г.Өсөхбаяр аваргыг давж, улсын цолонд ойрхон бөхийн шагнал хүртэхдээ их бэлгэшээсэн. Бэлтгэлээ л чамбай хийж, уйгагүй хичээвэл улсын цолонд хүрэх боломжтойгоо ухаарч, алдаа оноогоо нэлээд дэнсэлж эхэлсэн дээ.
Үүнийхээ үр шимийг дараа жилийнх нь улсын наадмаар хүртэж, улсын начин цолтны эгнээнд багтаж билээ. Улсын наадамд анх удаа зодоглон, 22 насандаа улсын цол хүртсэн болоод ч тэр үү, их баярласан.
-Та улсын начнаас шууд гарьд цол хүртсэн хүчтэн. 2011 оны улсын наадамд тийм өндөр амжилт гаргана гэх багцаа өөрт тань байсан уу?
-Үнэнийг хэлэхэд цолоо ахиулъя, заан цол хүртэх юм сан гэх л зорилготой байснаас гарьд санаанд багтаагүй ээ. Бэлтгэл сайтай, ир, бяр тэгшрээд хэнтэй ч барилдаж, хэнийг ч унагаж болмоор санагдаж байсан шүү.
Улмаар дөрвийн даваанд улсын харцага Б.Одгэрэл, дараагийнхад нь улсын начин Ж.Чулуунбат нарыг давж, харцага цол хүртсэн.
-Цолоо ахиулсны дараа дотор уужраад, тайвширсан байх. Гэхдээ зорьж байсан заан цолны даваанд улсын арслан Х.Мөнхбаатарт амлуулахдаа юу бодсон бэ?
-Тэр үед улсын харцагаас дээш цолтой хүн цөөхөн байлаа. Тийм том цолны болзол хангасныхаа дараа сэтгэл нэлээд уужирсан. Гэхдээ “Даваа ханах болоогүй шүү. Түрүүлэхийн төлөө хичээх хэрэгтэй” гэж өөрийгөө зоригжуулж байлаа. Мэдээж Х.Мөнхбаатар арсланг давна л гэж дэвжээнд гарсан. Арслан хашиж мордох дархан мэхтэй. Түүнийг нь ч би андахгүй.
Яг тэр мэхээ хийхэд нь биеэ сулласан чинь сунаад уначихсан. Барилдааны дараа Х.Мөнхбаатар арслан хөлийн цэцийн шийдвэртэй санал нийлэхгүй байгаагаа илэрхийлсэн шүү дээ. Гэхдээ “Би давсан, чи унасан” гэж бид хоорондоо ер маргаагүй ээ. Хөлийн цэцийн шийдвэрийг л хүлээж байлаа.
Намайг унасан гэвэл шийдвэрийг нь хүндэтгэн, тахимаа өгье л гэж бодож байлаа. Дараагийн даваанд Г.Өсөхбаяр аваргыг давж, улсын гарьд цол хүртэн есөн хөлт цагаан тугаа тойрон, дэвж явах сайхан юм билээ. Төрж өссөн өлгий нутаг, төрүүлж өсгөсөн ээж, ааваараа бахархан, өөрийн эрхгүй нулимс бүрхэж байлаа.
-Бөх сонирхогчид наадамд түрүүлнэ хэмээн таамаглаж байсан хоёр хүчтэнийг дараалан давсны дараа түрүүлэх бодол төрсөн үү?
-Хүн их шуналтай юм билээ (инээв). Заан цол л хүртчихвэл гэж байсан хүн чинь аль хэдийнэ улсын арслан, бүр цаашлаад түрүүлэх тухай бодоод амжсан шүү. Наймын даваанд С.Мөнхбат аваргатай барилдсан. Надад түүнийг давах боломж байсан нь мэдээж.
Гэхдээ барилдаанаа бүрэн гаргаж чадаагүй. Хэтэрхий яарсны улмаас алдаа гаргасан л даа. Түрүүлсэн бөхөд унасан болохоор харамсаагүй ээ. Үеийн найз маань улсын наадамд түрүүлж, аварга цол хүртэхэд нь баярлаж л суулаа.
-Та хоёр талаасаа бөхийн удамтай бил үү?
-Тийм ээ. Аавын талд улсын начин С.Баатар, ээжийнхэд сумын наадамд 10 удаа түрүүлсэн Доржготов гэдэг хүн бий. Тийм олон удаа түрүүлсэн ахаараа бахархаж явдаг.
Манай аймгийнхан ахыг “Дод заан” гээд их хүндэлнэ, андахгүй ээ. Ч.Мягмарсүрэн гуайн “Сумын заан” шүлэгт өгүүлдэг шиг мундаг бөх дөө.
-Спорт сонирхогчид том цол хүртсэн бөхчүүдийг цолныхоо хэмжээнд барилдахыг шаардаж, өндөр амжилт хүлээдэг. Харамсалтай нь, та бэртлийн улмаас ойрын жилүүдэд төдийлөн түрүүлж, үзүүрлэх хэмжээнд барилдаж чадсангүй.
-Харин тэглээ. Тамирчны амжилтад бэртэл гэмтэл сөргөөр нөлөөлдөг. Хоёр жилийн өмнө миний өвдөгний чагтан шөрмөс тасарчихсан юм.
БНСУ-д хагалгаанд орж, жил гаруйн хугацаанд эмчилгээ хийлгэсний эцэст одоо овоо болж байна. Хиймэл шөрмөстэй байх амаргүй юм байна аа.
-Одоо хэр их зовиуртай байдаг вэ?
-Эвгүй унах, хөшигдөх үед зовиурлаж, өвддөг. Ер нь бэртлийн улмаас одоо ч гэсэн санасан хэмжээндээ барилдаж чадахгүй л байна. Бэртлээ сэдрээчих вий гэх айдас барилдаанд их нөлөөлдөг.
-Танд түрүүлэх, аварга, арслан цол хэр хол санагдаж байна вэ?
-Бэртлээ сайн илааршуурж, эдгээвэл алсдаа болох байх аа. Бүх зүйл надаас л шалтгаална. Уйгагүй хичээн, бөхийн спортдоо хоёргүй сэтгэлээр зүтгэж чадвал том цол ойрхон байгаа нь мэдээж.
-Танай “Хантайшир” дэвжээнийхэн 15 жилийн ойдоо зориулж ЭХЭМҮТ-д эмнэлгийн тоног төхөөрөмж бэлэглэсэн. Та бүхэн энэ санаачилгыг хэрхэн гаргасан бэ?
-Манайх 2001 онд байгуулагдсан Монголын хамгийн анхны дэвжээ. Өнгөрсөн онд тохиосон 15 жилийн ойн хүрээнд юу хийх талаараа бид нэлээд ярилцаж, зөвлөлдсөн. Тэгээд судалж байх нь ээ ЭХЭМҮТ-д өвчтөн зөөдөг тэрэг хомсдолтой байдаг нь анзаарагдсан. I юм уу II төрөх эмнэлэгт мэндэлсэн хүүхдийг яаралтай хагалгаанд оруулах шаардлага гарсан тохиолдолд тухайн өвчтөнийг эмнэлгээс машин руу зөөхөд их хүндрэлтэй байдаг юм билээ.
Бүр тэрэг хүрэлцэхгүй үед зарим эцэг, эхчүүд хүүхдээ эмнэлгийн машин руу тэврээд зөөж байгаатай ч таарсан. Их өрөвдмөөр юм билээ. Тиймээс бид ийм санаачилга гаргаж, таван сая төгрөгийн үнэ бүхий хоёр тоног төхөөрөмж бэлэглэсэн. Хот, хөдөөгөөс олон хүн бидэнтэй холбогдон баярлаж буйгаа илэрхийлээд дахиад сайн үйлсийн аян зохион байгуулахыг зөвлөсөн юм.
Бид үүнийг нь уриалгахан хүлээн авч, Чингэлтэй дүүргийн 39 дүгээр сургуулийн хүүхдүүдэд 200 ширхэг үлгэрийн ном бэлэглэлээ. Биднээс үлгэрлэж улсын арслан Н.Батсуурь, аймгийн арслан О.Хангай нар сайн үйлсийн аянд нэгдэж байгаад нь олзуурхаж байна.
Энэ дашрамд, боломж бололцоогоороо бусдадаа туслахыг бөхчүүддээ уриалъя. Монголчууд бид цөөхүүлээ, үндэсний спорт, бөхдөө их хайртай. Тэр хэрээрээ бидний хэлж байгаа үг, хийж байгаа үйлдлийг хүмүүс анхаарч байдаг. Тиймээс бид ард түмнээ аль болох сайн сайхан зүйлд уриалж, үлгэрлэж явах нь зүйтэй. Зүлэг ногоон дэвжээн дээр ч бас бөхийн ёс жудаг, наадамчин олноо хүндэтгэн барилдах нь чухал.
-Таныг чамгүй олон хурдан морьтой гэж сонссон. Адуугаа хаана малладаг вэ?
-Манай адуу Говь-Алтай аймгийн Цээл суманд бий. Дүү минь адгуулдаг юм. 2015 онд аймгийн наадамд буурал морь минь түрүүлсэн. Хол байдаг, бэлтгэл сургуулилалт гээд зав багатай болохоор нутагтаа очин, уяа сойлгынх нь ажилд тусалж амжихгүй юм аа.
-Та манай уншигчдад гэр бүлээ танилцуулна уу?
-Би эхнэр, хоёр хүүхдийн хамт амьдардаг. Хадам аав маань Архангай аймгийн харьяат, улсын начин Өлзийбаяр. Харин хадам ээж сүмогийн их аварга Д.Бямбадорж, улсын гарьд Н.Ганбаатар нарын авга эгч нь.
Бөхийн удамтай, энэ спортод элэгтэй эхнэр маань намайг их ойлгож, дэмждэг. Миний өнөөгийн амжилт түүнтэй салшгүй холбоотой.
-Бөхчүүдийг хээгүй гэдэг. Өчигдөр (2.14) эхнэрээ хэрхэн баярлуулсан бэ?
-Инээв. Үнэнийг хэлэхэд хөдөө ажлаар яваад баярлуулж амжаагүй ээ. Одоо л баярлуулах гээд явж байна. Бид залуу хүн. Тиймээс амьдралынхаа хамгийн эрхэм мөч, баярыг тэмдэглэж, хоёр биендээ сайхан дурсамж үлдээх хэрэгтэй.