Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр шүүгдсэн Б.Очирнямын ярилцлагыг хүргэж байна.
-Та ямар хэрэгт холбогдсон юм бэ?
-Би дөрвөн жилийн өмнө нэг бүсгүйтэй танилцаж, үерхсэн. Бид гэр бүл болох зорилготой байлаа. Жилийн дараа би ажил хийхээр Солонгос явсан. Түүнээс хойш бид хоёр таарамжгүй харилцаатай болж эхэлсэн. 2015 оны зургадугаар сард Монголд ирээд тэр бүсгүйтэйгээ эвлэрч, үерхэж байлаа. Гэтэл долоон сарын дараа тэр бүсгүйгөөр найз залуутай болсныг мэдээд маргалдсан. Гэтэл ар гэрийнхэн нь намайг найз бүсгүйгээ байнга зодож, дарамталдаг гэж цагдаад өргөдөл өгч, баривчлуулсан. Уг нь тэр эмэгтэйг би нэг ч удаа зодож, цохиогүй.
-Тэр асуудлаас болж шүүгдсэн үү?
-Цагдаагийн байгууллага намайг шалгаж, 461 дүгээр хорих ангид 29 хоног хорьсон. Прокуророос Эрүүгийн хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн. Өөрөөр хэлбэл, намайг найз бүсгүйгээ байнга зодох буюу тарчлаах шинжтэй үйлдэл хийсэн гэдэг үндэслэлээр 2 хүртлэх жил хорих ялтай зүйл ангиар яллаж шүүх рүү явуулсан.
-Шүүх ямар шийдвэр гаргасан бэ?
-Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнгөрсөн есдүгээр сард хуралдаж надад холбогдох хэрэг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй, зүйлчлэл буруу гэдэг үндэслэлээр мөрдөн байцаалтад буцаасан. Ингээд хэрэг дахин шалгагдаж явсаар байгаад 2016 оны арванхоёрдугаар сард анхан шатны шүүхэд дахин шилжсэн. Шүүх 2016 оны нэгдүгээр сарын 18-ны өдөр шүүх хуралдаанаар хэлэлцээд миний хэргийг цагаатгаж шийдвэрлэсэн. Шүүх хуралдааныг Х.Одбаяр шүүгч даргалж шийдвэрлэсэн. Шүүгч хавтаст хэрэгтэй маш сайн танилцаж, үнэн зөвөөр шийдвэрлэсэнд хязгааргүй баярлаж байна. Нэг жил шахам шалгагдаж байхдаа шүүх дээр очоод үнэн нь тогтоогдоно гэж итгэж байлаа. Шүүхэд огтхон ч эргэлзээгүй. Намайг цагаатгана гэдэгт итгэлтэй байсан. Монгол Улс шударга шүүхтэй гэдгийг биеэрээ мэдэрлээ. Шүүх, шүүгчдээс гадна надад эрх зүйн туслалцаа үзүүлсэн Б.Мөнхгэрэл өмгөөлөгчид баярлаж байгаагаа илэрхийлмээр байна.
-Та жил шахам шалгагдаж, хоёр удаа шүүх хуралдаанд оролцжээ. Шүүхээр үйлчлүүлэхэд бэрхшээл байв уу?
-Шүүгчдэгчдийн суудалд суух амар байгаагүй. Гэхдээ хэрэг хийгээгүй учраас өөртөө итгэлтэй байсан. Би ээжтэйгээ хоёулхнаа амьдардаг. Хийгээгүй хэргийнхээ төлөө сар шахам хоригдож, удаан хугацаанд шалгагдсан ч шүүхийн шийдвэрээр цагаадсандаа баяртай байна. Шүүхийн шийдвэр миний амьдралд том өөрчлөлт оруулж, их зүйл бодогдууллаа. Хүний амьдралын нэг өдөр ямар үнэ цэнэтэйг хоригдож байхдаа мэдэрсэн.
Хэрэг шүүхэд шилжсэн цагаас хойш анзаарсан зүйл гэвэл мэдээлэл лавлагааны ажилтнаас эхлээд, шүүгчийн туслах гээд ажилтнууд нь их хүнлэг, үйлчилгээний соёлтой юм. Шүүхэд хар санах, сөрөг бодол төрөх нөхцөл тэнд алга.