БНСУ-ын Данкүүк их сургуулийн эдийн инженерчлэлийн хүрээлэнгийн судлаач, Нанобио-анагаахын сургуулийн доктор Д.Хандмаатай ярилцсанаа хүргэе.
-“Био материал” сэтгүүлийн хоёрдугаар сарын дугаарт өгүүллээ хэвлүүлэхээр болсон гэсэн. Энэ судалгааныхаа талаар ярина уу?
-Хүний биед зохицол сайтай, эрүүл мэндэд хоргүй, эд эрхтнийг нөхөн төлжүүлээд тодорхой хугацааны дараа шимэгдэн үгүй болдог материал гарган авч үүдэл эс, амьтан дээр турших нь миний гол судалгааны ажил. Тэр дундаа ясны эдийн эмчилгээ, нөхөн төлжилтөд ач холбогдолтой материал гарган авахад гол анхаарлаа хандуулж байна.
“Био материал” сэтгүүлд докторын ажлынхаа нэгэн том төсөл болох цахиурын нэгдлээс гарган авсан микро бөмбөлөгний талаар өгүүллээ хэвлүүлэхээр өнгөрсөн арванхоёрдугаар сард зөвшөөрөл авсан. Энэ микро бөмбөлөг нь биологийн идэвхт молекул, уургийг биед тээвэрлэх боломжтой.
Өөрөөр хэлбэл, микро бөмбөлөг эмийг биед тээвэрлэн өвчтэй хэсэгт зохих тунгийн дагуу ялгаруулна гэсэн үг. Ингэснээр эмийн үйлчилгээг илүү удаашруулах давуу талтай. Үүнээс гадна энэ микро бөмбөлөг тухайн орчинд өөрөөсөө цахиурын ион ялгаруулснаар хүчилтөрөгч, шим тэжээлийн урсгал болон нөхөн төлжих явцыг хурдасгадаг.
-Цахиурын ионы нөлөөг урьд нь эсийн түвшинд нарийн судалж байгаагүй гэсэн үү?
-Тийм ээ. Манай эдийн инженерчлэлийн лабораториос гадна Хятадын эрдэмтэн Жан энэ чиглэлээр судалгаа явуулдаг ч яг цахиурын ион эсэд орвол ямар үүрэг гүйцэтгэж, юуг илүү дэмждэгийг нарийн тогтоож байгаагүй. Хүний хүйн судаснаас гаргаж авсан үүдэл эс ашиглан судлаад, цахиурын ион нь судас үүсэхийг дэмжихэд нөлөөлдөг хүчин зүйлүүдийг идэвхжүүлдгийг баталлаа.
Дараа нь өндөг ашиглан туршиж, судас үүсэх явцыг хурдасгадгийг тогтоосон. Уураг болон ионыг зэрэг ялгаруулж байгаа учраас бусад био материалаас давуу талтай. Дээрх судалгааны үр дүнгээс үзэхэд хүний биед хор нөлөөгүй нь ч батлагдсан. Мөн энэ микро бөмбөлөг өөр ион тээвэрлэх боломжтой. Тиймээс хоёр өөр төрлийн ион зэрэг агуулсан үед хүний биед ямар нөлөө үзүүлж болохыг судалж буй.
-Таны судалгаа анагаахын салбарт ямар боломж нээх вэ?
-Ер нь эм, эмийн бүтээгдэхүүн, био материал маш урт хугацааны нарийн судалгааны эцэст эмчилгээнд нэвтэрдэг. Нэг эм бүтээхэд багаар бодоход 10 жилийн хугацаа шаардлагатай. Миний энэ судалгаа олон эрдэмтэн, энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компанид цахиурын ион агуулсан шинэ био материал гаргаж авах нь ач холбогдолтой, судас үүсэхэд дэмжлэг болдгийг ойлгоход тусалж, шинэ гарц нээж өгөх болов уу гэж бодож байна.
-VEGF судас үүсгэхэд хэрэгтэй биологийн идэвхт бодис гэдгийг аль хэдийнэ тогтоочихсон юм билээ. Үүнд цахиурын ионыг хольж судас үүсгээд буйн ялгаа, давуу тал нь юу вэ?
-VEGF-ыг тээвэрлэхэд богино хугацаанд их хэмжээгээр ялгаран задарч, хэрэгтэй хэсэгтээ хангалттай тунгаар хүрч чаддаггүй. Тиймээс микро бөмбөлгөөр тээвэрлэх нь уураг задрахаас хамгаалж, зөв тунгаар удаан хугацаанд ялгардаг, илүү үр дүнтэй.
-Эзэмшдэг хоёр патентынхаа үүрэг, ач холбогдол, нөлөөнийх нь тухай ярина уу. Тэдгээрийг ашигладаг уу?
-Нэг патентаа 2014 онд, нөгөөхийг нь өнгөрсөн жил авсан болохоор хараахан ашиглаагүй байна. Яс төлжих явцыг хурдасгах гурван хэмжээст бүтэцтэй, желатин-цахиурын нэгдэл болон cоронзон нано партикал агуулсан желатин-цахиурын нэгдлээс бүрдсэн скаффолдын тухай судалгаагаараа патент авсан. Хөгшрөх тусам ясны эмгэг, яс сийрэгжих зэрэг өвчлөлд өртөх магадлал өндөр болдог.
Өвчилсөн эдийг эмчлэхдээ өвчтөний ясны нэг хэсгээс авч, нөгөөд шилжүүлэн суулгадаг ч энэ нь зовиуртай, эрүүл эрхтэнд нөлөөлж болзошгүй сөрөг талтай. Тиймээс эрдэмтэд өвчтөний эрүүл ясыг ашиглахын оронд үүнтэй адил бүтэц, шинж чанарыг орлох материал гарган авах судалгаанд анхаарлаа хандуулаад байна. Ийм судалгаа ясны эдийг дэмжих, хурдасгах зориулалттай, эрүүл эсийг өвчилсөн яс руу чиглүүлэх гол үүрэг гүйцэтгэдэг.
Гэвч ингэхэд өртөг өндөртэйн дээр хүний бие эсэргүүцэх урвал үзүүлдэг учраас хэрэглэх нь ховор. Тиймээс өртөг багатай, коллагенаас үүсэлтэй желатиныг ихээр хэрэглэдэг. Манай судалгааны баг “Соронзон нано-партикал агуулсан желатин-силоксин гибрид скаффолд” судалгаандаа ясны нөхөн төлжих явцыг хурдасгах, тогтворжуулах зорилгоор желатин ашигласан.
Мөн үүнийгээ цахиурын нэгдэлтэй хольж, ясны эдтэй холбогдох чадварыг нэмэгдүүлж, бусад эсийг ясны эс болгох үйл явцыг идэвхжүүлсэн. Ингэхдээ механик чадал болоод эсэн дэх яс ургуулагчийн шинжийг нэмэгдүүлэх чадвар бүхий соронзон нано-партикал нэмсэн юм.
Энэ судалгаа ясны нөхөн төлжих явцыг хурдасгахаас гадна хавдрын эмчилгээнд хэрэглэж болох бүтээл болсон. Учир нь соронзон нано партикал нь температурын өөрчлөлтөөр өдөөгдөж, гаднын соронзон орны тусламжтайгаар үйлчилж, бусад эрхтэнд нөлөөлдөг.
-“Өвчилсөн эдийг эмчлэхдээ өвчтөний ясны нэг хэсгээс авч, нөгөөд шилжүүлэн суулгадаг” гэлээ. Энэ нь яс сийрэгжвэл шилжүүлэн суулгадаг гэсэн үг үү. Ер нь олон улсад ясны сийрэгжилтийг хэрхэн эмчилдэг бол?
-Хүндхэн ослын улмаас яс хугарч, цуурсан тохиолдолд ясыг аваад дор нь хурсан цус болон бусад гэмтлийг эмчлээд буцаагаад суулгахыг хэлсэн хэрэг. Миний мэдэхээр яс сийрэгжихэд шилжүүлэн суулгадаг эмчилгээ хийдэггүй болов уу. Харин олон улс үүдэл эс шилжүүлэн суулгах эмчилгээ нэвтрүүлсэн ч нэлээн өртөг өндөртэй учир био материал ашиглах судалгаа их хийж байна.
Миний уншиж мэдсэнээр бол яс сийрэгжих үед эмээр эмчилж, дасгал хийлгэж, амархан хугарч гэмтэхээс сэргийлэн, гэмтсэн үед мэс засал хийх зэргээр арга хэмжээ авдаг юм билээ. Би нарийн мэргэжлийн эмч биш болохоор энэ талаар сайн мэдэхгүй юм.
-Энэ бүтээлийг яс сийрэгжихэд яаж, бас хэзээ ашиглах боломжтой бол?
-Эмчилгээнд ашиглах хүртэл нэлээд нарийн судалгаа хийх хэрэгтэй. Эхний ээлжинд өндөг, дараагийн удаа туулайн дээр турших зэргээр судалгааны тодорхой үе шат давж байж эцэст нь эмчилгээнд хэрэглэдэг. Ер нь патент худалдаж авах компани хэрхэн бүтээгдэхүүн болгох талаар судалж, шийддэг юм.
-Олон улсын хэд, хэдэн сэтгүүлд өгүүллээ хэвлүүлсэн гэсэн. Үүнээс хамгийн чухлаас нь тайлбарлаач?
-Ерөнхийдөө био материал гарган авч ясны нөхөн төлжих явцыг хурдасгах тухай судалгаанууд хийсэн. Тухайлбал, өнгөрсөн жил Каталоний техникийн их сургуулийн эрдэмтэдтэй хамтран интегринтэй холбогдогч пептидээр хучсан титан имплант хархны тархины ясыг хэрхэн төлжүүлж буйг судалсан. (Интегрин гэдэг нь хоёр эсийг, эсвэл эс болон гаднын материалыг хооронд нь холбох үүрэгтэй уураг)
Эмчилгээнд олон төрлийн яс орлуулагч ашигладгийн нэг нь метал имплант. Испани эрдэмтэд уг имплантын биологийн идэвхийг сайжруулж, яс төлжүүлэх зорилгоор интегринтэй холбогч пептидээр хучиж, шинж чанарыг нь тодорхойлоод амьтан дээр туршиж, хэдий хугацаанд яс ургахыг мэдэхийг хүссэн хэрэг.
Ингээд манай судалгааны баг хархны тархины ясанд зохиомлоор гэмтэл үүсгэн, тухайн хэсэгт уг имплантыг суулгасан. Хоёроос дөрвөн долоо хоногийн дотор имплант суулгасан хэсэгт шинэ яс ургаж, хатуураад, хуучин ясны бүтэцтэй нь төстэй болсон. Удах тусам яс бэхжиж байсан нь энэ төрлийн орлуулагчийг биологийн идэвхтэй уураг, пептидээр хучих нь үр дүнтэйг харуулсан.
Титан имплантыг пептидээр хучвал тухайн эсэд байгаа интегрин нь пептид гэх жижиг уургуудыг олж очиж наалдана гэсэн үг. Ингэснээр энгийн уургаар хучсанаас илүү их эс очин наалдаж, төдий чинээгээр яс хурдан ургана.
-Та бактерийн эсрэг тос гаргаж авсан гэсэн. Гарааны компани байгуулах төлөвлөгөө бий юү?
-Гарааны компани байгуулахаас илүү судалгааны ажил сонирхдог учраас одоохондоо тэр талаар бодоогүй. Экзим эмчлэх зорилгоор бактерийн тос амжилттай гаргаснаа одоогоор надад хандсан хүмүүст цөөн тоогоор бүтээгдэхүүн болгон борлуулж байна. Америк, Япон, БНСУ зэрэг орны бараа бүтээгдэхүүн эрдэмтдийн онол, практикаар баталсан судалгааны үндсэн дээр гардаг учраас олон улсын хэрэглэгчдэд өндрөөр үнэлүүлдэг юм шиг санагддаг.
Тиймээс энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг монгол компаниуд олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдөх судалгаа хийж, бүтээгдэхүүн гаргахад нь хувь нэмрээ оруулахыг хүсдэг. Стандарт хангасан бүтээгдэхүүн үйлдвэрлэснээр гадаад зах зээлд гарах үүд нээгдэх болов уу.
-Монголд эдийн инженерчлэлийн чиглэлээр судалгаа, туршилт хийх боломжтой юу?
-Миний бодлоор Монголд энэ салбар дөнгөж хөгжиж эхэлж байна. Судалгаа, туршилт хийхэд тоног төхөөрөмж, эрх зүйн орчин сайн бүрдэж амжаагүй. Цаашид энэ салбараа Монголд хөгжүүлэх судалгааны чиглэлийн санаа бий. Гэхдээ Монгол талаас хамтран ажиллах газраа судалж амжаагүй байна.
Энэ салбарыг хөгжүүлж, био материал буюу бүх л төрлийн орлуулагчийг гадаадаас авалгүй өөрсдөө үйлдвэрлэгч орон болох бүрэн боломжтой. Ялангуяа шүдний материал, имплант гэх зэрэг энгийн био материалаа бид өөрсдөө үйлдвэрлэдэг болбол ашигтай.
Харин гаргасан био материалаа экспортлохын тулд эрдэмтэд одооноос судалгаагаа олон улсын нэр хүндтэй сэтгүүлд хэвлүүлж, томоохон хуралд хэлэлцүүлэх зэргээр суурийг нь сайн тавих хэрэгтэй. Ингэснээр олон улсынхан Монголын шинжлэх ухаанд итгэж, тэр хэмжээгээр хилийн чанадад бүтээгдэхүүнээ гаргах боломж нээгдэнэ гэсэн үг.
-Хүн төрөлхтний ирээдүйг шинжлэх ухаанчаар хэрхэн төсөөлж байна вэ?
-Шинжлэх ухаан хурдтай хөгжихийн хэрээр олон нээлт, судалгаа хийж байна. Бүгд л хүн төрөлхтний сайн сайхны төлөө учир ирээдүйгээ гэрэл гэгээтэйгээр төсөөлдөг дөө.
-Бүх эрхтнийг лабораторид ургуулах боломжтой болбол онолын хувьд хүн өвчлөхгүй байх бололцоотой. Гэхдээ энэ нь байгалийн хуультай зөрчилдөнө. Та энэ тал дээр ямар бодолтой байна вэ?
-Хавдрын эс үхдэггүй, тасралтгүй өсдөг учраас хүний биед сөрөг үр дагавартай. Хүн өвчлөхгүй, үхэхгүй болох нь одоогоор зөвхөн онол учраас биеллээ олтол олон жил шаардлагатай. Байгалийн хуультай зөрчилдөж буй учир тэр хүртэл судлах шаардлагатай шинэ өвчин үүсэхийг ч үгүйсгэх аргагүй.