ШУА-иас хоёр жил тутам зохион байгуулдаг академичийн сонгууль өнгөрсөн сард болсон билээ. Энэ удаагийн сонгуульд 11 эрдэмтэн нэр дэвшсэнээс Түүх, археологийн хүрээлэнгийн Археологийн төвийн эрхлэгч, доктор Д.Цэвээндорж, Физик-технологийн хүрээлэнгийн салбарын эрхлэгч, доктор Д. Сангаа, Хөдөө аж ахуйн шинжлэх ухааны академийн дэд ерөнхийлөгч, доктор А.Бакей нар академичаар сонгогдсон.
Өнгөрсөн жил ОХУ-ын Байгалийн ухааны академийн гадаад гишүүнээр сонгогдсон, 2009-2013 онд Дубна хот дахь Цөмийн шинжилгээний нэгдсэн институтэд Нейтрон физикийн Лабораторийн орлогч захирлаар ажиллаж байсан хур мэдлэг, туршлагатай физикч Д.Сангаа гуайтай ярилцлаа.
-Юуны өмнө ШУА-ийн академичаар сонгогдсонд тань баяр хүргэе. Академич хэмээх энэ нэр хүндтэй цолонд хүрэхэд ямар шалгуур хангах ёстой байдаг юм бол?
-Олон оронд шинжлэх ухааны төв байгууллага нь ШУА байдаг. ШУА-ийн жинхэнэ гишүүд гэж тодорхой тооны эрдэмтэд байдаг. Манай улсад одоогоор 60 орчим гишүүн байдаг юм байна. Академичийн болзол шалгуур өндөр юм. Наад зах нь манай эрдэмтдийн хувьд эрдэм чадлаа сорих хамгийн том шалгаруулалт гэж хэлж болох ШУА-ийн Их чуулганд оролцсон гишүүдийн дөрөвний гурав буюу 75 хувийн дэмжлэг авах ёстой байдаг.
Өөрөөр хэлбэл, тухайн эрдэмтэн хийж бүтээсэн зүйлээрээ ямар түвшинд хүрснээ олон түмэнд хүлээн зөвшөөрүүлэхийн зэрэгцээ академийн жинхэнэ гишүүдийн итгэлийг даахуйц хэмжээнд очиж байж энэ өндөр босгоор давна гэсэн үг. Улс орондоо, дэлхий дахинд хэрэгтэй нээлт, бүтээл байвал насны хязгаар заалгүй, академичаар сонгогдох боломжтой.
Миний хувьд Монголын нэртэй эрдэмтэн Д.Цэвээндорж болон Хөдөө аж ахуйн шинжлэх ухааны академийн дэд ерөнхийлөгч А.Бакей нартай хамт ШУА-ийн гишүүнээр сонгогдсондоо их баяртай байгаа.
-Тухайлбал, таны ямар бүтээлийг академийн гишүүд үнэлж, итгэл хүлээлгэв?
-Миний судалгааны гол онцлог бол ХХ зуунд нээгдсэн Квант механикийн хуулийн хэрэглээ болсон нейтроны сарнилын аргыг хэрэглээд, аливаа төлөвт байгаа бодисын дотоод бүтэц, мөн чанарыг судалсанд оршино. Зөвхөн өөрөө мэргэшээд зогсохгүй, олон шавь төрүүлж, Дубна хот дахь Цөмийн шинжилгээний нэгдсэн институтэд Монголын гэсэн баг бий болгосныг минь мэргэжил нэгт нөхөд, ахмад академичид дэмжсэн болов уу.
Тус институтын Нейтрон физикийн Лабораторид орлогч захирлаар дөрвөн жил ажиллах хугацаандаа гишүүн 20 орны эрдэмтэдтэй хамтран, тэндхийн аварга том цөмийн төхөөрөмжийг сайжруулах, тоног төхөөрөмжийг нь шинэчлэх үйлсэд олон улсын судлаачдыг удирдаж оролцсоныг минь бас үнэлсэн байх гэж бодож байгаа.
-Таныг сүүлийн хэдэн жил нано технологи, нано соронзон материалын судалгаа их хийж, энэхүү ололтыг Монголд нутагшуулахад багагүй үүрэг гүйцэтгэж байгаа гэж дуулсан.
“Нано технологийн орчин үеийн хэрэглээ” гэх мэт шинжлэх ухааны хялбаршуулсан олон өгүүлэл та бичсэн юм билээ. Яагаад заавал нано материалын судалгааг барьж авав?
-Нано технологи өөрөө дэлхий дахинд шинэ тутам хөгжиж байгаа шинжлэх ухааны маш залуу салбар шүү дээ. Манай оронд 2005 оны үеэс нано технологи гэдэг зүйлийн талаар анх ярьж, одооноос тодорхой хэдэн салбарт нэвтэрч эхлээд байна.
Сая академичийн сонгуулийн үеэр олон нийтэд дэлгэсэн бүтээлийн үзэсгэлэнгийн үеэр хүмүүс миний нано технологийн судалгааны ажлыг их сонирхож байсан.
Хүн амьдралынхаа туршид үргэлж материаллаг ертөнцтэй харилцдаг. Энэ материаллаг зүйлсийг илүү сайжруулж, чамин үзэмжтэй, хэрэглэхэд тав тухтай болгохын тулд дотоод бүтэц, шинж чанарыг нь судалдаг. Ингэхийн тулд зүгээр л нэг микроскопоор хараад зогсохгүй, электрон, рентген туяа, нейтроны сарнил гэсэн нарийн аргаар судалдаг юм.
Миний хувьд энэ чиглэлээр 30 гаруй жил судалгаа хийж байгаа хүн. Москвагийн их сургуульд дэд эрдэмтний зэрэг хамгаалж, ОХУ-ын Дубна хот дахь Цөмийн шинжилгээний нэгдсэн институтэд нийт 10 жил ажиллахдаа мөн л энэ чиглэлээр голлон судалгаа хийсэн. Сүүлийн тав, зургаан жил Орос, Японы судлаачидтай хамтран өвөрмөц шинж чанартай соронзон материалыг судалж байна.
Соронз гэхээр манайхан мэднэ дээ. Харин нано соронзон материал болоод ирэхээрээ арай өөр. Үүнийг анагаах ухаанд хэрэглэвэл маш их үр өгөөжтэй юм байна гэдэг талаас нь гадаадын эрдэмтэдтэй хамтран судалгаа хийж байгаа.
Тодруулбал, нано соронзон бөөмийн талаар япончуудтай хамтран дээж материал гарган авснаа ОХУ-д нейтроны сарнилын аргаар мөн чанар, зүй тогтлыг нь тайлаад, дэлхий нийтэд хэвлүүлэн түгээж байна.
-Таны төмөр агуулсан кристалл дахь соронзон фазын шилжилтийг туршилтаар гаргасан нь хавдрын эсрэг эмчилгээнд ашиглах боломжтой хэмээн үнэлэгдсэн гэж дуулсан.
Энэ нь таны эрдэм шинжилгээний ажлын гол үр дүн мөн байх. Энэ тухайгаа тайлбарлаж өгөөч?
-Хавдрыг нано соронзон материалын тусламжтайгаар эмчлэх аргыг нэвтрүүлж улс орон, хүн арддаа том тус хүргэхээр зорьж явна. Зарим материал соронзон орон дотор орохоороо дулаан ялгаруулдаг. Нано материал соронзон орон дотор орохоор кристалл торын атомын спин чиглэлээс хамааран, өөрөө аяндаа халдаг гэсэн үг.
Хавдрын эс халууныг тэсвэрлэдэггүй юм байна. Энгийнээр хэлбэл, нано бөөмийг хүний судсаар дамжуулан хавдартай хэсэгт хүргээд, соронзон орон бүхий тусгай төхөөрөмжинд оруулахаар нөгөө материал халж, хавдрын эсийг түлэх юм. Энэ бол химийн болон цацраг туяаны эмчилгээ, мэс заслаас хавьгүй дэвшилт арга гэж хэлэх бүрэн боломжтой.
Зардал багатай, эмчилгээний явц хурдан, бас өндөр үр дүнтэй байхаас гадна хамгийн гол нь өвчтөндөө зовиургүй. Физикийн энэ сонирхолтой үзэгдлийг судлаад, хамгийн үр өгөөжтэй боломжит нөхцөлийг нь сонгохыг зорьж байна.
-Тэгвэл энэ сайхан аргыг монголчууд хэзээ эмчилгээнд нэвтрүүлэх боломжтой вэ?
-Энэ эмчилгээний аргыг амьтад дээр туршаад баталгаажуулсан байгаа. Одоо Япон, Солонгос зэрэг зарим хөгжингүй оронд клиник туршилт хийгээд амжилттай яваа ч одоохондоо нууцалж байгаа.
Хавдрын эсийг өндөр температурын нөлөөгөөр халааж, түлж устгах энэ арга тун удахгүй олон улсад нэвтэрнэ гэдэгт итгэлтэй байна.
-Эрдэмтэд өчнөөн жил судалгаа хийгээд л байдаг. Тархин доторх мэдлэг нь харин баялаг, бүтээл болж хүмүүст хүртлээ их уддаг.
Таныг ийм судалгааны ажил хийж буйг манай эрүүл мэндийн салбарынхан тухайлбал мэдэж байгаа юу.
Үүнийг эмчилгээнд нэвтрүүлэх боллоо гэхэд хөрөнгө мөнгө, тоног төхөөрөмжөөс эхлээд төр, засгаас шийдэх асуудал ч бишгүй байгаа болов уу?
-Шинжлэх ухааны ололт амьдрал практикт нэвтрэхдээ удаан хугацаа шаарддаг гэдэг үнэн л дээ. Жишээ нь, бидний өнөөдөр хэрэглэж буй чийдэнг бодож олсноос хойш 100 жилийн дараа амьдралд нэвтэрсэн байдаг. Харин энэ зуунд шинжлэх ухааны нээлтүүд практикт харьцангуй хурдан нэвтрэх боллоо. Тиймээс энэ арга ч удахгүй манайд нэвтрэх нь дамжиггүй.
Мэдээж үүний тулд хаана хаанаа шийдэх, бодох зүйл их байгаа л даа. Япончууд энэ патентаа хамгаалаад, Монголд нэвтрүүлэх боломжтой гэдгээ мэдэгдээд байгаа. Тиймээс манай төр, засаг, яам, Тамгын газар сайн гэрээ байгуулж, менежментээ зөв хийх талаар одооноос анхаарах хэрэгтэй. Түүнээс биш хэдэн эрдэмтэн хамтарч ажиллаад үр дүнд хүрсэн ч тэр судалгааны бүтээлийг шууд практикт нэвтрүүлдэг жишиг дэлхийд байхгүй.
Ямар ч байсан Хавдар судлалын үндэсний төвийн эмч, удирдлагуудад би энэ судалгааныхаа талаар танилцуулсан. Дараа нь Японы судлаачдаа ч дагуулж очоод уулзсан. Ингээд хавдрын эсийг өндөр температурт халааж, түлэх аргыг Монголд нэвтрүүлэх эхлэлийг тавих төсөл хэрэгжүүлэхээр болсныг дуулгахад таатай байна.
ХСҮТ-ийн захирал Ж.Чинбүрэн, доктор н.Энхболд нар эмнэлгийн талаас нь, ШУА-ийн Физик технологийн хүрээлэнгийн эрдэмтэд судалгааны талаас нь хамтраад, энэ төслийг хэрэгжүүлэх юм.
-“2010-2015 онд нано технологийн хөгжлийн идэвхжилийн үе эхэлнэ. Энэ үед амжиж нано технологийн ололтыг судлах, ашиглах, бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд анхаарах хэрэгтэй.
2015 оноос хойш жинхэнэ хөгжлийн нь үе эхэлнэ” хэмээн та аль 2007 онд бичиж байсан юм билээ. Таныхаар энэ чухал үеийг манай улс ашиглаж чадаж байна уу?
-2006-2007 онд ШУА-ийн Физик технологийн хүрээлэн болоод МУИС-д “Нано технологийн судалгааны үндэсний хөтөлбөр” хэмээх бичиг баримт боловсруулж, түүнийг нь тухайн үеийн Засгийн газраас дэмжин багагүй хөрөнгө, хүч зарцуулсны ачаар монголчууд энэ талын ойлголттой болсон. Наад зах нь ШУТИС-ийн нэг доктор нано даавуу бүтээгээд, патентаа аваад байна.
Нано технологийн хувьд хамаарахгүй салбар гэж үгүй. Гагцхүү үүнийг манайхан хөгжүүлж, өргөн хүрээнд ашиглаж чадаж байна уу гэдэг нь бодох асуудал. Манай хүрээлэнгийнхний хувьд нано технологийг энергийн шинэ эх үүсвэр болгох талаар нэлээд судалгаа хийлээ.
Нэгдүгээрт, устөрөгчит энергийн эх үүсвэр буюу энгийнээр хэлэхэд усыг эрчим хүч болгон ашиглах судалгаа юм. Манай дэлхийд далай тэнгисийн ус хангалттай их байгаа учраас ирээдүйд энэ баялаг эх үүсвэрээс эрчим хүч гаргаж авах боломжийг дэлхий дахинд судалж байна.
Хоёрдугаарт, нано технологиор шинэ төрлийн зай хураагуур бүтээхээр бид Тайванийн эрдэмтэдтэй хамтран ажиллаж байгаа. Энэ судалгаагаараа миний хоёр ч шавь докторын зэрэг хамгаалсан. Тайваньчууд инновацийн хөгжил, тэр дундаа нано зай хураагуурын үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлдэг юм билээ. Одоо манай хүрээлэнд нано технологиор хийх шинэ төрлийн жижиг зай хураагуурын туршилтын үйлдвэр байгуулаад байна.
Мөн фуллерен буюу нүүрстөрөгчийн өвөрмөц шинж чанарыг миний шавь Н.Жаргалан Дубнагийн эрдэмтэдтэй хамтран судлаад, анагаах ухаанд, тэр дундаа эмийн үйлчилгээг идэвхжүүлэхэд ашиглаж болох юм байна гэдэг шинэ дүгнэлт нээлт хийлээ. Жаргалан маань энэ сард ОХУ-д докторын зэргээ хамгаалах гэж байгаа.
Монгол хүний гар бие оролцсон энэхүү судалгааны ажлыг Орос, Герман зэрэг орон хамтраад, тархины хавдрыг эмчлэх эмчилгээнд нэвтрүүлэхээр патентаа авч байгаа юм билээ. Түүнчлэн бид Францын эрдэмтэдтэй хамтран шинэ төрлийн нано бүтэцтэй катализатор бүтээх судалгаа хийсэн юм. Э.Уянга гэдэг шавь маань нано катализаторын шинж чанарыг франц эрдэмтэдтэй хамтран судлаад, хоёр жилийн өмнө докторын зэргээ хамгааллаа.
Тэгэхдээ Монголд анх удаа сэндвич буюу холимог хөтөлбөрөөр Францын докторын зэргийг хамгаалсан юм. Тэгэхээр дэлхийд шинэ тутам хөгжиж буй нано технологийн салбарт монголчууд бөмбөрцгийн өнцөг булан бүрт нэрээ гаргаж яваагаар бахархах учиртай болов уу.
Гуравхан сая хүн амтай Монгол хэмээх жижиг улсын хувьд шинжлэх ухааны салбарт ажилладаг цөөн хэдэн хүн байгаа. Тэр тусмаа нано технологийн чиглэлээр судалгаа хийдэг нь бүр ч цөөхөн шүү дээ.
-Нано технологийн тусламжтайгаар алмаазан ноолуур үйлдвэрлэх боломжтой гэж та 2007 онд хэлсэн байсан. Үнэхээр тийм боломж бидэнд байгаа юм уу?
-Үнэндээ арваад жилийн өмнө намайг “Ирээдүйд нано технологийн тусламжтайгаар зурагтын дэлгэцийг мушгиж болно” гээд ярихад зарим хүн хоосон мөрөөдөл мэтээр хүлээж авч байсан. Гэтэл өнгөрсөн жил нано технологийн тусламжтайгаар мушгидаг дэлгэц бүтээлээ гэж Солонгосын LG корпорац зарласан.
Тэгэхээр уг нь алмаазан ноолуур үйлдвэрлэх боломж бий. Гэхдээ тэр үед миний бодож төсөөлж байсан шиг нано технологийн хөгжил хурдтай явж чадахгүй байна. Магадгүй би дэндүү өөдрөгөөр харсан байж болох талтай. Тэр үед оросууд энэ аргаар алмааз үйлдвэрлэж байсан юм.
Гэтэл хэдхэн хоногийн өмнө Оросын нано технологийн нэрт эрдэмтэн К.Вуль “Орос орон нано технологиор хиймэл алмааз үйлдвэрлэх чиглэлээр тодорхой, тууштай бодлого баримтлаагүйн улмаас боломжоо алдаа” гэж мэдэгдлээ. Тэгэхээр энэ нь манайд ч хамаатай л даа.
Ямартай ч манай судлаачид нано технологийн чиглэлээр чамлахааргүй үр дүнд хүрээд байна. Мөн энэ Засгийн газар, манай салбарын яамныхан инновацийн тухай өмнөхөөсөө илүү хүчтэй дуугарч байгаа. Энэ нь манай эрдэмтэн судлаачдад багагүй урам өгч, найдлага төрүүлж байгаа шүү. Гэхдээ төр, засаг инновацийн үйлдвэрлэлийг хөгжүүлье гэвэл тусгай бодлого хэрэгтэй. Инновацийн төслийг дэмжинэ гэхээрээ янз бүрийн уралдаан зарлаж, жижиг, дунд үйлдвэрлэлтэй адилхан төсөв мөнгө зарцуулаад байвал ямар ч үр дүнгүй.
Нано технологийг хөгжүүлэхэд, инновацийн зөв төслийг үр дүнтэй хэрэгжүүлэхэд нэлээд их хөрөнгө, хүч шаардлагатай. Уг нь анхны өртгийн өндөр босгыг яаж ийж даваад, инновацийн төслийг зөв хэрэгжүүлбэл булаг шиг ундарсаар том гол мөрөн мэт арвижин, улс орны эдийн засгийг “хөвүүлээд” өргөөд л явчихна.
Харин нано технологийн салбарт Монголын хувийн хэвшлийнхэн, пүүс компаниуд их идэвхтэй оролцож байгаа нь үүний хөгжлийг өөдрөгөөр харах үндэс болж байгаа юм.
-Уучлаарай, сүүлийн үед “Академичид гэж улсаас хий дэмий цалин аваад, юу хийж байгаа нь мэдэгдэхгүй хүмүүс байдаг” гэсэн яриа нэлээд дуулдах болсон. Энэ талаар та бодлоо хэлээч?
-Энэ бол монголчууд бид бие биенээ ямар дорой сэтгэхүйгээр харж байгаагийн жишээ юм даа. “Чиний халаасанд яахаараа таван төгрөг илүү ороод байна” гэж хардаг нь улс орон, ард түмэн ядуу байгаа учраас л тэр байх. Уг нь улс орон юуны түрүүнд эрдэмтэд, академичдадаа их итгэл хүлээлгэх учиртай юм шүү дээ. Судалгаа, шинжилгээний ажил гэдэг зөвхөн үзэг, цаас байхад хийчихдэг зүйл биш юм.
Адаглаад бичсэн номоо хэвлүүлэх, багаж тоног төхөөрөмж авах, цаашлаад нээлтийн хэмжээнд хүрсэн бүтээлүүдээ дэлхийн шилдэг сэтгүүлүүдэд нийтлүүлэхийн тулд дор хаяж 700 ам.доллар төлдгийг олон нийт тэр бүр мэдэхгүй байх. “Май, энэ мөнгөөр та бүтээлээ шинжлэх ухааны томоохон сэтгүүлд хэвлүүлээрэй” гээд манай төсвөөс мөнгө өгдөггүй. Тэгсэн хэрнээ олимп, дэлхийн дэвжээнд амжилт гаргасан тамирчдад хувьд нь сар бүр хэдэн саяар нь цалин өгдөг биз дээ.
Академичийн амжилт бол нийгэм, улс орны хөгжилд ихээхэн хамаатай, бүхэл бүтэн салбарын амжилт байдаг гэдгийг манайхан ялгаж салгаж ойлгоосой.
-ОХУ-ын Байгалийн ухааны академийн гадаад гишүүнээр өнгөрсөн жил сонгогдсон. Орост төгссөн хүн бүрийг сонгодоггүй байлгүй. Тодорхой шалгуур байдаг л байх. Энэ тухайгаа сонирхуулаач?
-ОХУ-д улсын хэмжээний ШУА байхаас гадна салбар салбараараа хуваагдсан академиуд байдаг. Түүний нэг болох Байгалийн ухааны академийн гадаад гишүүнд нэр дэвших саналыг надад Дубна биш, Москвагийн их сургуулийн Физикийн факультет, тэндхийн Эрдмийн зөвлөлөөс тавьсан юм. Мэдээж Орост сургууль төгссөн гэдэг үзүүлэлт давхар оноо бололгүй яах вэ.
Хамгийн гол нь орос эрдэмтдэд бүтээлээрээ танигдаж, хүлээн зөвшөөрөгдсөн хүнийг сонгодог юм билээ. Энэ хүсэлтийн дагуу өнгөрсөн оны нэгдүгээр сард тэнд очиж, бүтээлээ танилцуулан илтгэл тавьснаар Израилийн нэг доктор бид хоёр тус академийн гадаад гишүүнээр сонгогдсон.
Энэ ажил бол хувь эрдэмтнийг тодруулан гаргахын зэрэгцээ Оросын Байгалийн ухааны академи, Москвагийн их сургуульд хийж буй шинжлэх ухааны ололт амжилтыг Монголдоо сурталчлах, хоёр орны эрдэмтдийг хооронд нь холбох гүүр болох үүрэг давхар хүлээлгэдэг юм билээ.
-Архангай аймгийн Тариат сумын харьяат гэсэн байх аа. Та багаасаа л физикч болно гэж боддог байв уу?
-Би Цахир суманд төрж, Тариатад өссөн юм. Манай нутгаас оюунлаг хүмүүс цөөнгүй төрсөн. Манай нутгийнхан том, багагүй шатар их тоглодог. Тэгээд ч тэр юм уу, манайхан тоондоо их сайн байдаг. Нөгөөтэйгүүр, сайн багш нарын нөлөө их бий.
Тухайлбал, Монгол Улсын Ардын багш Б.Банзрагч гэдэг хүн бидний үеийнхнийг физик, математикт дуртай болоход их нөлөөлсөн. Б.Банзрагч багшийн шавь нараас гурван академич төрсөн нь манайдаа ховор тохиолдол байх шүү.
Мөн Н.Батдорж багш маань биднийг ахлах ангид байхад физик, математикийн “амтыг” мэдрүүлсэн хүн. Уг нь би багадаа астрономич болно гэж боддог байсан юм.
-Яагаад тэр вэ. Тэгээд ямар хувь төөргөөр физикч болсон тухайгаа сонирхуулахгүй юү?
-Би багаасаа л шатар тоглох дуртай, аливаа юмны учрыг олох гэж бодлогоширч явдаг, зожигдуу хүүхэд байв. Урлаг уран сайханд авьяасгүй, спортод эв дүйгүй, дургүй байлаа. Харин тэнгэр, сар, оддыг ширтэн, янз бүрийн бодолд автан хэвтдэг. Аравдугаар ангид хүүхдүүдээс санал авахад өөрийгөө голохгүй, Москвагийн их сургуулийн астрономийн ангид орно хэмээн бичиж өгч байв (инээв). Гэвч хөдөөд яаж Москвагийн их сургуулийн хуваарь ирэх билээ.
Тэгээд сургуулиа улаан дипломтой төгсөөд, МУИС-ийн физикийн ангид элсэж байв. Нэгдүгээр курстээ овоо гайгүй сураад явж байтал нэг өдөр намайг Намын хороон дээр дуудаж байна гэдэг юм.
“Яасан юм бол” гээд айсхийгээд яваад очтол “Москвагийн их сургуульд философи, диалектик, материализмын чиглэлээр багш бэлтгэхээр тоо, физикийн ангиас хүн явуулна. Чи явах уу” гэдэг юм байна. Ингээд Москвагийн их сургуульд астрономи биш философийн чиглэлээр сурах юм болж, нутагтаа очтол аавын маань бие муудаад, тэр жил явж чадаагүй.
Эргээд МУИС-даа орж, Сүхбаатарын нэрэмжит цалингаараа хөдөөнөөс ирсэн гэрийнхэндээ дэм болж яваад, сургуульдаа багшаар үлдсэн. Хүний амьдрал зурсан төөрөг тавилангаараа явдаг юм байна гэдгийг би тэгэхэд ойлгосон доо.