АН-ын гишүүн П.Цагаантай ярилцлаа.
-АН-ын их хурал хоёр хоногийн дараа болно. Бэлтгэлээ хэр базааж байна вэ?
-Ямар ч байсан төлөөлөгчөөр оролцоно.
-Их хурлаар намын шинэ даргаа батламжилна. С.Эрдэнэ даргатай хамтарч ажиллахад бэлэн үү?
-Намын даргыг нийт гишүүнээр сонгуулах санаачилга, дүрэм, зарчим, тооцох аргачлалын гол зохиогч нь би өөрийгөө гэж үзэж байгаа. Миний идэвхтэй оролцоо, санаачилгаар боловсруулсан дүрмийн дагуу Монголын түүхэнд анх удаа АН-ын гишүүд даргаа ардчилсан зарчмаар сонголоо. Тиймээс боловсруулсан дүрмийн маань дагуу нийт гишүүнээс сонгогдсон намын даргыг дэмжиж ажиллах нь миний үүрэг.
-С.Эрдэнэ даргад та хэр итгэл хүлээлгэж байна вэ. Түүнийг намын өмнөх удирдлагаас ялгаагүй, АН-ын малгай солигдсоноос толгой солигдоогүй гэж харах хүн нэг биш байна.
-Тэнгэрийн элч бууж ирж бидэнд туслахгүй, гадаадаас хүн зээлж авчирч болохгүйгээс хойш байгаа өгөгдөхүүндээ л тулгуурлаж ажиллана шүү дээ. Шинэ даргатай болсон гээд, түүнээс бүхнийг хүлээх нь тэнгэр, бурхнаас өглөг гуйгаад суухтай адил. Аливаа шинэчлэлийг оройлох, толгойлох, тэргүүнд нь явах хүн мэдээж чухал. Гэхдээ бүхнийг мэддэг, чаддаг хүн гэж үгүй. Нийгмийн хүсэн хүлээж буй үр дүнд тулд багаа сайн бүрдүүлж, бодлогоо зөв тодорхойлоод, түүнийхээ төлөө тууштай зүтгэх л хэрэгтэй.
Гишүүдийн идэвхжил, нийт гишүүнээс авсан мандатдаа суурилаад, өмнө нь гаргасан алдаандаа дүгнэлт хийж, ирээдүйд хүлээж буй сорилтыг тооцож үзээд, ухаалаг зөв бодлого явуулах юм бол С.Эрдэнэ АН-ын шинэчлэлийг хийж, ардчиллын хоёр дахь давалгааг удирдан, шилжилтийг эцэслүүлсэн том өөрчлөлтийг авчирсан түүхэн хүн болох боломжтой. Хэрэв тэгж чадахгүй бол өөрийн чинь хэлснээр “сольсон малгай” гэдэг нэртэй л үлдэх байх даа. С.Эрдэнэ дарга өөрт нь ирсэн хариуцлагыг ухамсарлаж буй гэдэгт итгэж байна.
Хүнийх нь хувьд түүнийг 30-аад жилийн өмнөөс мэднэ. Амьдралын зовлон, жаргалыг амссан, намын эв нэгдэл ямар чухлыг мэдэрсэн хүн. Цагтаа намаас салж явсан, буцаж ирээд “Ялагдсан намын дарга байснаас, ялсан намын цэрэг байсан нь дээр юм. Би намыг хагалан бутаргах ажилд дахиж хэзээ ч оролцохгүй” гэж их хуралд хэлэхийг нь сонсож явлаа. Олон жилийн өмнөх явдал л даа.
Гишүүдтэй уулзахад “Олгой хагаравч тогоондоо, толгой хагаравч малгайдаа” гэдэг үгийг сануулж, намын эв нэгдлийг эрхэмлэхийг захидаг. Таван нэр дэвшигч 21 аймгаар явахдаа үүнийг мэдэрсэн байх. С.Эрдэнэ дарга үүнийг бодож ажиллах биз. Гэхдээ энэ нь хуйвалд, ямар ч шүүмжлэлгүй бай гэсэн үг биш шүү. Эрүүл саруул шүүмжлэл, өрсөлдөөн байх хэрэгтэй.
-Та Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын албан тушаалаа хүлээлгэж өгөн байж намын даргын сонгуульд нэр дэвшихээ мэдэгдсэн. Тэгээд яагаад нэрээ татчихав?
-Би намын дарга болсноос ч илүү сэтгэл хангалуун байгаа. Юунд гээч. АН-ын даргын асуудлыг 10 хүрэхгүй хүн тансаг уушийн газрын арын өрөөнд суугаад тохиролцоогоор биш, гишүүдийнхээ саналаар шийдэж болдог гэдгийг харуулж чадлаа. Үүний төлөө ажлаа өгч, 7000 км зам туулан, 16 аймгаар явж, 1300 гишүүнтэй уулзан, сэтгэлд нь хуримтлагдсан гомдол, санал, хүсэл мөрөөдлийг сонссон юм.
Намайг ярьж эхлэх хүртэл намын даргаа гишүүдээсээ сонгох сэдэл огт байгаагүй. З.Энхболдыг өргөдлөө өгсний дараа хэнийг дарга болгохоо хэдэн хүн тохирчихсон, ҮЗХ-гоор шийдэх гээд хурлаа дахин дахин хойшлуулж байхад нь “Хэдэн хүн хуйвалдаж даргаа тодруулдаг илжирсэн тогтолцоог өөрчлөх хэрэгтэй. Гишүүдээсээ асууя, гишүүдээрээ шийдүүлье” гэсэн уриа лоозон гаргаж, орон даяар явсан. Манайхан ч “Намын даргыг ҮЗХ, Их хурлын алинаас нь ч сонгож болохгүй юм байна. Гишүүдээрээ сонгуулах нь зүйтэй” гэцгээсэн.
Энэ саналыг гишүүд дэмжээд эхлэнгүүт хуйвалдаанаар дарга болох гэж байсан хүмүүс хазаараа татсан. Эцэст нь, Дүрмийн хороонд орж ажиллан, намын даргаа нийт гишүүний саналаар сонгох заалтыг дүрэмд тусгалаа. Гишүүдийнхээ саналаар намын дарга болно гэхээр нэр дэвшигчид мартагдаж, орхигдсон тэднийхээ хойноос хөөцөлдөж, бүртгэж авлаа.
Гишүүд үнэ цэнээ мэдэрч, идэвх нь сэргэсэн. Би энэ намд хэрэггүй юм байна гэж гомдож явсан хүмүүсээ буцааж авчирсан нь том үр дүн. Үүнийг хийх тийм ч амар байгаагүй. Энэ бол маш чухал ажил бөгөөд дөнгөж эхлэл. Миний бодож, санаж явсан, боловсруулсан дүрмийн төслөөс олон зүйл намын дүрэмд тусаж, хэрэгжиж эхэлсэн. Ороогүй зүйл ч бас бий.
-Та намын шинэчлэл дөнгөж эхэлж байна гэж хараад байдаг. Гэтэл даргын сонгуулиар намын шинэчлэлийг дуусгачих санаатай хүмүүс байгаа юм биш үү?
-Андуурч байгаа юм. Өмнө нь манай намын ҮЗХ яагаад хуралддаггүй, цус сэлбэдэггүй байсан гээч. Хурал хийхээр дарга нь огцорчих гээд байсан байхгүй юу. Шинэ дарга намын нийт гишүүнээс мандат авсан. Огцорчих вий гэх айдасгүй ажиллах боломжтой. Тэгэхээр зоригтой байж, зарим зүйлийг орвонгоор нь өөрчлөх, нураах, таслах хэрэгтэй. Хийх ажил маш их байгаа.
-С.Эрдэнэ даргыг дэмжинэ гэлээ. Бодож буй өөрчлөлтүүдээ хийхийн тулд багт нь орж ажиллах уу?
-АН хэрхэн шинэчлэгдэхээс Монгол Улсын ирээдүй ямар байх нь шалтгаална. Тиймээс би АН-ын шинэчлэлийг байнга дэмжинэ. Шинэчлэгдэхгүй, хуйвалдаантай, буруу зүйл байвал шүүмжилнэ. Ажил хий гэвэл хийнэ. Надад туршлага, мэдлэг байна.
-Ерөнхий нарийн бичгийн дарга, дэд дарга гэсэн албан тушаал эзнээ хүлээж байгаа. Таныг ерөнхий нарийн бичгийн дарга болохоор тохироод нэрээ татсан гэсэн дам яриа сонссон?
-Би ямар ч ажил хийж чадна. Гэхдээ би ийм албан тушаалд очъё гэж явдаггүй. Сая анх удаагаа “Дарга болъё” гэж хэлж үзсэн нь энэ. Үүнээс өмнө нь манай намынхан “Цагаан аа, чи энэ ажлыг хий” гэж урьдаг байсан. Тэр нь нам, төр, засгийн ажил байна уу хамаагүй, итгэлийг нь зүтгэлээр хариулахыг хичээж ирлээ.
Намайг ямар л ажил хий гэнэ вэ, би бэлэн. Надад чадахгүй ажил байхгүй. Үүнийг би зоригтой хэлж чадна. Мэдээж аливаа ажлыг хийхэд хамт ажиллах баг чухал. Нэг нь юм хийх гэхэд нөгөөх нь эсэргүүцээд байвал ажил яаж явах вэ. Гэхдээ адил үзэл баримтлалтай, нэг намын хүмүүс учраа олоход хэцүү биш л дээ. Манайхан хэдий хэрэлдэж, муудалцсан ч эв зүйгээ олоод явчихдаг сайн талтай. Тэгээд ч одоо залуучууд биш. Эр бяр жигдэрлээ.
-Ардчиллын өвөө нар гэдэг нэр томьёог та юу гэж хүлээж авдаг вэ?
-Нас гэдэг харьцангуй ойлголт. Нас гэдэг бол хэлбэр, тоо болохоос чанар биш. Бид залуу үеэ сургах, залгамж халаагаа бэлдэх хэрэгтэй. АН-ыг хойч үе авч явна. Дандаа хөгшин хүмүүс байвал эмгэнэлтэй, дан залуус байвал бас “шог гараа” болно. Аливаа байгууллага ахмад, дунд, залуу үеийн төлөөлөлтэй байж өв тэгш болдог.
Манай нам 30 шахам жилийн түүхтэй, ахмад, дунд, залуу үеийн төлөөлөлтэй, боловсон хүчний нөөцтэй болсон. Одоо дүрэм, журам, зохион байгуулалтаа сайжруулчихвал болох гээд байна. Өмнө нь боловсон хүчингүй, засгийн эрх авчихаад өөр намын хүмүүсийг хариуцлагатай ажилд томилдог байлаа шүү дээ.
-АН гурван үеийн төлөөлөлтэй гэж та ярилаа. Гэтэл ах нар бидэнд боломж олгохгүй байна гэж залуус тань гомдоллоод байгаа?
-Намын шинэчлэлийн хүрээнд энэ тал дээр багагүй дэвшил гарч байгаа. Дүрмийн шинэчлэлээр ҮЗХ-д залуус, эмэгтэйчүүдийн квот тогтоож өгсөн. Би АН-ын ерөнхий нарийн бичгийн даргаар эрдэм боловсролтой, орчин үетэй, дэлхийтэй хөл нийлүүлэн алхаж чадах залуу хүнийг томилоосой гэж бодож байгаа. Намын удирдлага тийм ухаан гаргаасай. Тэгж гэмээ нь дүрэмд оруулсан залууст боломж олгох заалтын үр дүн гарна.
-Их хурлаар хэлэлцэх хамгийн гол асуудал нь намын дүрмийн шинэчилсэн найруулга байх нь. Их хурлаараа хэлэлцүүлэхэд бэлэн болгоод гишүүддээ танилцуулсан дүрмийн төслийн талаар та ямар бодолтой яваа вэ. Энэ их хурлаар дүрмээ эцэслэн баталж амжих уу?
-Үнэнийг хэлэхэд дүрмийн өөрчлөлтүүд санаанд нийцэхгүй байгаа. Засаж, сайжруулмаар, бүр үндсээр нь өөрчилмөөр зүйл олон харагдаж байна. Тэгэхээр энэ удаа шаардлагатай зарим өөрчлөлтийг батлаад, нийт гишүүнээсээ мандат авсан шинэ дарга урт хугацаанд дагаж мөрдөх дүрмээ боловсруулах ажлын хэсэг шинээр байгуулах хэрэгтэй. Энэ их хурлаар дүрмийн шинэчлэлийн төгсгөлийг бус, эхлэлийг хийнэ гэж ойлгож байна.
АН-ыг дотоод ардчилалтай, тасралтгүй, гацаагүй үйл ажиллагаатай, байнга шинэчлэгддэг, гишүүддээ нээлттэй, хөгжлийн бодлого боловсруулдаг, боловсон хүчнээ бэлтгэдэг, хандив, санхүүжилт, үйл ажиллагааны зардал нь ил тод, санхүүжилтээ тайлагнадаг, олон түмний нам болгох хэрэгтэй. Ажлын хэсгийн боловсруулсан төсөл дээрх шаардлагыг хангахгүй учраас урт настай дүрэм болж чадахгүй.
-Харин ч ажлын хэсэгт нь тал талын төлөөлөл орсон, олон хүний санал бодлыг тусгасан, гайгүй дүрэм биш үү?
-Дүрмийг ингэж олуулаа, 40-50-иулаа сууж, санал хурааж шийддэггүй юм. Хууль, дүрэм боловсруулна гэдэг чинь тусгай арга технологитой, цөөн хүн сууж, нэгдсэн үзэл баримтлал, концепц, философиор хийдэг ажил болохоос санаа бодлын цуглуулга байдаггүй юм. Дүрэм боловсруулах ажил маш их цаг алдсан, үрэлгэн, зохион байгуулалт, үр ашиг муутай байна. Дүрмийн төсөлд ахиц дэвшил байгаа хэдий ч бодох, сайжруулах зүйл олон бий.
Бид бага зэргийн ахиц дэвшил, хэлбэрийн төдий өнгөц засвар хийх гэж энэ ажлыг эхлүүлээгүй. Нийгмийн захиалга ч ийм биш. АН-д агуулгын шинэчлэл хэрэгтэй. Хуучин явж ирсэн тогтолцооноосоо гарч, шинэчлэгдэж, өрсөлдөх чадвартай нам болохын тулд дүрэм, зохион байгуулалт, үзэл баримтлалаа бүгдийг өөрчлөх ёстой.
Үүнийг нэг амьсгаагаар, нэг удаагийн даргын сонгуулиар шийдэх боломжгүй. Тэгэхээр үүний дараагийн их хурлаар төгс төгөлдөр рүү ойртсон, нийгмийн захиалгад нийцсэн, гишүүдийн эрх ашиг, хүсэл сонирхолд таарах дүрэм батлагдах байх.
Нэг хүн биш, нийтээрээ зүтгэж байж АН шинэчлэгдэнэ. АН шинэчлэгдвэл Монголын төрд гэрэл гэгээ, өнгө орно. Улс орны хөгжил дэвшилд ч тэр хэмжээгээрээ эерэг өөрчлөлт гарна. Нийгмийн өмнө хариуцлагатай, чадавхтай, алсын хараатай, өрсөлдөх чадвартай нам болохын тулд хийх ажил дэндүү их байгааг дахин хэлье. Шинэ дарга багаа сайн бүрдүүлээд, их хөдөлмөрлөж байж л АН-ыг шинэчилж, ард түмний итгэлийг дахин олж авна гэдгээ ойлгож байгаа гэдэгт найдаж байна.
-Дүрмийн төслийг агуулгын биш хэлбэрийн, косметик засвар төдий гэж хэлж байгаа хэрэг үү?
-Боловсруулж буй арга барил, явж ирсэн замнал нь буруу учраас үр дүн нь тийм л байна. Хүний дэвшүүлсэн санааг авахдаа хэлбэрийг нь хуулаад, агуулгыг нь орхичихож. Ойлгох, цээжлэх хоёрын хооронд ялгаа их шүү дээ. Ойлгохгүйгээр цээжилсэн хүүхэд багшдаа шалгуулж онц дүн аваад л түүнийгээ мартдаг бол ойлгосон хүүхэд насан туршдаа мартдаггүй.
Манай намын шинэчлэлд ойлгох, цээжлэхийн ялгаа шиг хэлбэр, агуулгын ялгаа байгаад байна. Энэ дүрмийн төсөлд бүдэг бадаг, хуучин, шинэ нь холилдсон, тэр тусмаа хуучны нэгширмэл үнэр ханхлуулсан зүйл олон бий. Тухайлбал, Үндэсний зөвлөлдөх хороог Үндэсний бодлогын хороо, Гүйцэтгэх зөвлөлийг Ерөнхий зөвлөл гэх мэтээр нэр солих төдийгөөр шинэчлэлийн ажлыг хязгаарлах гээд, энэ нь хэлбэр төдий ажил болох гээд байна.
Энэ байгууллагууд нь үнэхээр нэр хүндээ унагачихсан бол нэрийг нь сольж болно л доо. Гэхдээ үүний цаана тухайн бүтэц, байгууллыг шинэчлэхгүй үлдээж болохгүй. Хэлбэрийг нь аваад агуулгыг нь орхисон гэж би үүнийг хэлээд байгаа юм. Нэг хийснийх, агуулгыг нь өөрчлөөд авбал намдаа ч, гишүүддээ ч, нийгэмд ч хэрэгтэй.
-Өөрчлөлт хийнэ гэхээрээ байгууллага, яам, гудамж, уулын нэртэй “ноцолддог” явдал хаа сайгүй байна л даа?
-Ичмээр шүү дээ. Монголд байгаа хамгийн түгээмэл алдаа, магадгүй манай улс хөгжихгүй мунгинаад буйн нэг шалтгаан энэ байх. Зарим оронд 100 жилд ганц яам нэмэгдсэнээс өөрөөр Засгийн газрын бүтэц нь өөрчлөгдөөгүй байхад манайд 20 жилийн дотор нэг яамны нэр арваад удаа солигдсон байна.
Эмиратын нэг хөрөнгө оруулагч “Би танай улсад хөрөнгө оруулах гэж жил гаруй хэлэлцээ хийгээд, гэрээндээ гарын үсэг зуруулахаар иртэл эндэх төлөөлөгч “Бидэнтэй хэлэлцээ хийж байсан сайд огцорсон” гэлээ. “Дараагийн сайдтай нь уулзъя” гэтэл яам нь ч байхгүй болчихсон байна. Ингэж болдог юм уу” гэж гайхаж байсан. ХБНГУ-д сонгуулиар засгийн эрх шилжихэд хэдэн мянган хүнтэй яамных нь 5-10 хүн л сэлгэдэг. Гэтэл манайд 100 гаруйхан хүний бараг тал нь солигдоно.
Нэр өөрчлөх бүрт албан бичгийн толгой, үнэмлэхнээс эхлээд и-мэйл хаяг, цахим хуудас гээд бүгдийг солино. Шинээр улс байгуулж байгаа юм шиг... Тэгээд эмх цэгцэндээ ортол гадаад ертөнцөөс тусгаарлагддаг. Өнгөрсөн 20 гаруй жилд Батлан хамгаалах яамны нэрийг л ганц удаа, бусдыг нь өчнөөн олон удаа сольсон.
Зарим яам хоёр цахим хуудастай. Би энэ Засгийн газрын яамдын нэрийг одоо болтол мэдэхгүй яваа. Тэгэхээр гадаадынхан төөрч будлих нь аргагүй шүү дээ. Жаал төөрч будлиж байгаад л Монголыг орхиж байгаа биз.
Энэ бол бүтээлч өөрчлөлт биш. Арваад хүүхэдтэй, тэднийхээ нэрийг хоёр жил тутамд сольдог, тэгээд бичиг баримтыг нь өөрчлөх гэж баахан цаг үрж, зарлага гаргадаг, хөрш нь хүүхдүүдийнх нь нэрэн дунд төөрч, аль нь хэн бэ гэдгийг мэдэхээ больсон, сүүлдээ өөрсдөө ч будлиад эхэлсэн айл шиг л болчихоод байна шүү дээ. Ямар ухвар мөчид, муйхар, харалган хүмүүс гэхээрээ ийм байдаг юм.
Нийгмийн салбар бүрт иймэрхүү ахархан бодлоос болсон үрэлгэн, будлисан, төөрч мунгинасан, бусдын элэг доог болсон үзэгдэл бий. Бид гомдмоор, харамсмаар, уйлмаар хариуцлагагүй байна. Үүний тусгал нь манай намд халдаад, шинэчлэл гэхээр ганц нэг нэр солиод өнгөрөх юм бодож сууна.
Би олон жил судалгаа хийсэн, гадаад, дотоодын байгууллагуудад сонгуульт алба хашдагийн хувьд, бусад орны болон өөрийн орны түүхийг харьцуулсан ажиглалтаас энэ буруу байна гэдгийг олж хараад яриад байгаа юм. Энэ бүхэн улс төрийн намууд хуучин, бугшсан арга барилаар ажиллаж буйтай, шинэчлэл хийхгүй байгаатай холбоотой. Нэг нам гарч ирээд бүхнийг бужигнуулдгаа болих хэрэгтэй.
Хэн нэг нь зориг гаргаж, муур, хулганын үлгэрээ зогсоож байж бид цаашаа зөв замаар явна. Нийгмийн ужгирсан алдаа дутагдалд автахгүй өөрчилж болдгийн үлгэр дуурайлыг АН үзүүлж, буруу жишгийг таслан зогсоохгүй бол өөр нам чадах ч үгүй биз. Тиймээс АН-ын шинэ удирдлага, шинэ баг намаа шинэчилсэн шиг шинэчилж, гишүүд, олон түмний итгэлийг эргүүлж авах, Монгол Улсын ирээдүйг зөв тийш нь залах улс төрийн хүчин болгох хэрэгтэй.
Үүний тулд үзэл баримтлал, дүрэм, зохион байгуулалт, үйл ажиллагаа, гадаад, дотоод харилцаа, боловсон хүчний бодлого гээд бүх зүйлдээ зарчмын томоохон өөрчлөлт оруулах ёстой. Дээлээ сольж өмсөөд, эсвэл нэрээ өөрчлөөд шинэ хүн болчихлоо гэж сэтгэл ханавал төөрсөн хүн нэг довцог тойроод явдаг шиг л юм болох гээд байна.
Намын асуудлыг яагаад улсынхтай холбож яриад байна вэ гэхээр энэ бүхнийг өөрчлөх боломж АН-д бий. Харин АН тэр боломжоо ашиглаж чадахгүй, түүхэн үүргээ “тахир гурав” авах, заримдаа анги улирах хэмжээнд биелүүлж байна. АН шинэчлэгдэж, ард түмний нам болж чадвал ээлжилж биш, дангаараа улс орныг авч явах боломжтой. Нэг нам тогтвортой, тууштай бодлогоор 20-30 жил авч явбал улсад нүүрлээд буй болж бүтэхгүй байгаа бүхэн цэгцэрнэ.
Тэгэхгүй бол хүн солигдох бүрт сандал ширээнээс эхлээд бүх зүйл нь солигдсоор, дороо эргэлдсээр байх нь. Энэ хооронд бидний ард байсан улс орнууд гүйцэж түрүүлээд, бид хамгийн сүүлд орлоо. Морины уралдаанаар бол морь нь эцэж цуцаагүй байхад унаач нь байсхийгээд солигдож, тэр тоолонд эмээл, хазаараа солих гэсээр баян ходоод болж буйтай адил дүр зураг харагдаж байна.
-Намын дүрэмд тусгаж чадаагүй үлдсэн, тусгах ёстой гэж бодож буй санаа танд бий юү?
-Байлгүй дээ. Монгол Улсад нүүрлээд буй хямралын цаад шалтгаан нь засаглалтай холбоотой. Цаашилбал боловсон хүчний бодлогогүйн уршиг. Манайхан морио шинжээд байгаа хэрнээ төрийн түшээгээ шинжихээ больчихсон. Өвөг дээдэс маань төрийн хүнийг шинжих ухааныг томьёолчихсон шүү дээ. Төрийн босго дэндүү намссанаас мэрэгчид орж ирээд, гурил будааг нь хуурайлаад байна.
Шаардлага хангахгүй, бичиг үсэггүй шахам, өөрийгөө авч явж чадахгүй, эрүүл, өвчтэй нь мэдэгдэхгүй, үл бүтэх хүн төрд олон боллоо. Тэгэхээр төрийн босгыг өндөрсгөх хэрэгтэй. Төрийн албан хаагчдыг авьяас чадварт нь суурилж аваад, тогтвортой ажиллуулах хэрэгтэй байна.
Үүний тулд АН-ын бүтцэд Нэр дэвшүүлэх хороо гэдэг байгууллага оруулахаар санал гаргасан ч дэмжигдээгүй. Уг нь төрийн ажлын туршлагатай, намын удирдах алба хашиж байсан хүмүүс, нийгмийн төлөөлөл, эрдэмтэн, мэргэдээс бүрдсэн 40-50 хүний бүрэлдэхүүнтэй хороо аливаа сонгуульд нэр дэвших хүсэлтээ гаргасан хүмүүсийг судалж, шалгалт аван, түвшинг нь тогтоодог байхаар төлөвлөсөн юм.
Нэгээр нь ч ярьж чадахгүй байж танилцуулгадаа өчнөөн хэл мэддэг гэж бичсэн, тэр ч бүү хэл хуурамч дипломтой хүн УИХ-д сонгогдчихож байна шүү дээ. Үүнээс сэргийлэхийн тулд нэр дэвших сонирхолтой хүмүүст шалгуур тавьж, “виз” олгодог хороотой болъё гэсэн юм. Энэ бол ардчилсан бусад оронд байдаг л жишиг.
Хэнийг нэр дэвшүүлэхээ намын дарга гэдэг ганц хүн мэддэг биш, тэр хорооноос зөвшөөрөл авсан хүнийг намын дарга дэвшүүлдэг байя гэсэн санаа. Ийм шүүлтүүрээр оруулж байж эрдэм мэдлэгтэй, чадвартай хүмүүсийг төрд ажиллуулъя. Ингэвэл Монгол Улс мунгинаж будлихгүй болно. Үүнийг манай нам эхлүүлье. Одоо бол аль ч намд ийм шүүлтүүр байхгүй учраас даргын цүнх барьсан, мөнгө өгсөн, улс орны эрх ашгийн үүднээс бус өөр явцуу эрх ашгийн үүднээс ажилладаг хүмүүс төрд орж ирээд байна.
Заримынх нь өмнөөс ичих юм. 1990 оны анхны ардчилсан сонгуулиар нэр дэвшүүлэх эрх ард түмэнд байсан. Нийслэлд 300, орон нутагт 150 сонгогч нэгдээд дундаасаа хамгийн шилдэг гэж үзсэнээ дэвшүүлэх эрхтэй байв. Гэтэл энэ эрхийг намууд хуулиар булаагаад авчихсан. Тэгээд намын хамт олны оролцоогүй, дарга нар нь шийддэг болчихоор боловсон хүчний бодлого нь хатангиршиж, тураалд ороод байна. Үүнийг өөрчилж байж Монгол Улс хөгжинө.
Аль нэг нам, хэн нэг хүн зориг гаргаж л үүнийг өөрчилнө шүү дээ. Тэр нь АН болъё. Үүний тулд намаа Монгол Улсыг авч явах хэмжээний тамиртай улс төрийн хүчин болгох хэрэгтэй байна. Энэ янзаараа яваад байвал намууд улсаа удирдаад явж чадахгүй, бусдад дагаар орохдоо тулна шүү. Бидний туйлын мөрөөдөл, зорилго тусгаар тогтнолоо хамгаалах биз дээ. Үүний тулд намуудаа шинэчлэх, чадваржуулах, Монголын нийгэмд иж бүрэн, суурь шинэчлэл хийх шаардлагатай.
-Иж бүрэн, суурь шинэчлэл гэдгийг хувьсгал гэж ойлгож болох уу. Ний нуугүй хэлэхэд хувьсгал хийх талаар ярьсан хүний үг сайхан сонсогддог болоод байна.
Нийгэм ийм бухимдалтай байгааг та яаж хүлээн авч буй вэ?
-Цус урсгахгүй, өндөр төлөөс төлөхгүй, тайван замаар хийсэн болохоор монголчууд ардчиллынхаа үнэ цэнийг ойлгохгүй, мэдрэхгүй, хамгаалж чадахгүй, ардчиллын өгсөн боломжийг ашиглахгүй байна. Тиймээс ийм хариуцлагагүй байгаа юм. Хувьсгал хийхэд үр дүн нь хурдан мэдрэгддэг ч цаашдаа хэцүү. Тиймээс бидэнд хувьсгал биш, хувьсал хэрэгтэй. Хувьсал нь мэлхий шиг удаан байж болохгүй.
Нэг алдаагаа олон давтаад, нэг цэгтээ эргэлдээд байгаа нь нийгмийг бухимдуулж буй. Хувьслыг хурдан хийхгүй бол хувьсгал гарна. Хувьсгал гэдэг бол хүчирхийлэл. Хүчирхийллийн цаана хэлмэгдүүлэлт явна. Хувьсгал гэдэг тийм амар зүйл биш. Тэгснээс намууд шинэчлэгдээд, нийгмийн суурь шинэчлэлээ хийгээд явах ёстой. АН-ын шинэчлэл зөвхөн нэг намын асуудал биш. Улс орны хувь заяатай холбоотой, хийх ажил их байна гээд байгаа нь энэ. Тогтолцоогоо өөрчилье, том харъя.
-Ажилгүй, эсвэл мөнгөтэй хүмүүс л улс төрд орж байна гэж танай намын нэг гишүүн хэлсэн байсан нь санаанд орчихлоо?
-Яг үнэн. Үүнийг өөрчлөх амархан. Иргэдээс хуулиар булааж авсан нэр дэвшүүлэх эрхийг нь л буцаагаад өгчих. 1990 оны анхны ардчилсан сонгууль явуулсан хуулийг буцаагаад хэрэглэчих. Тэгэхээр дарга дагаж далдаганасан хүмүүс ялагдаж, нийгэмд хүлээн зөвшөөрөгдсөн хүн ялах учраас түүн рүү намууд уралдана. Төрд оюунлаг хүмүүс байх ёстой.
Одоо бол үнэхээр л хэн нэгний гар хөл болсон ажилгүй хүн, нэг бол хувийн компаниа өөд нь татах гэсэн захирал, эсвэл даргын цүнх барьж гүйсэн нөхөр нэр дэвшиж байна. Тэднээс төрийн зүтгэлтэн төрөхгүй. Монголд улстөрчид олшроод, төрийн зүтгэлтэн цөөдөөд байна. Улсын эрх ашгийг хувийнхаасаа дээгүүр тавьж чаддаг хүн байхгүйтэй адил. Төрийн зүтгэлтэн төрүүлдэг механизмыг намууд боловсон хүчний бодлогоор бий болгох хэрэгтэй.
Одоогийн хуулиар зөвхөн намын гишүүн л төрд орох эрхтэй. Мундаг эрдэмтэн, багш, эмч, генералууд яагаад УИХ-д орж болдоггүй юм бэ. Бизнес хөгжихгүй байгаа нь ч үүнтэй холбоотой. Намхан босгоор давж төрд шургалсан хүмүүс төрийн албыг бизнес болгож, бизнест дарамт учруулж, хулгай хийж, хэрэгт орж байна.
Ямар ч хуульд захирагддаггүй байгууллага бол улс төрийн намууд. Санхүүжилт нь ил тод биш, аудитын шалгалт ордоггүй. Авлига өгсөн хүн нь “Би хүнд биш, намд өгсөн юм” гэж хэлдэг. Хүнд өгөхөөр шоронд ордог, намд өгөхөөр зүгээр өнгөрдөг байж болох уу. Хэдхэн сая төгрөгийн орлоготой аж ахуйн нэгжийг санхүүгийн тайлангаа аудитаар баталгаажуулахгүй бол торгоно гэж дарамталдаг хэрнээ хэдэн тэрбумаар эргэлддэг намын санхүүгийн тайланд аудит хийдэггүй байж болох уу.
-Улс төрийн намын хуулийг батлах сонирхол намуудад байдаггүй юм биш үү. Энэ хууль хэдэн парламент дамжин батлагдахгүй явлаа?
-Аргагүй шүү дээ. Хуульгүй байх нь өөрт нь ашигтай юм чинь. Ер нь УИХ одоо ийм байдлаар ажиллах хэрэггүй. Байнгын ажиллагаатай парламент түүхэн үүргээ биелүүлчихсэн. Одоо УИХ орон нутаг, сум бүрийн төлөөлөлтэй, олон гишүүнтэй, байнгын бус ажиллагаатай болох хэрэгтэй. Жилд 1-2 удаа хуралдаж, шийдвэрээ гаргадаг байхад хангалттай.
Өнгөрсөн 30 шахам жилийн хугацаанд УИХ хэрэгтэй хуулиудаа баталчихсан учраас одоо байнга хууль батлаад байх шаардлагагүй болсон. УИХ-д хийх ажил алга байна шүү дээ. Хийх ажилгүй гишүүд өмнөх парламентаар дөрвөн жил хэлэлцэж баталсан хуулиа дөрвөн минутын дотор буцаагаад, дахин эхнээс нь боловсруулж, Засгийн газраараа оролдоод ажил хийлгэхгүй байгааг харж буй биз дээ. Тэгээд янз бүрийн юм санаачилж, амьдралаас тасарчихсан хууль батална.
-УИХ хийх ажилгүй болчихоод ингээд байгаа гэж үү?
-Ажил нь багадаад байгаа юм. Одоо УИХ нийгмийн бүх төлөөллийг багтаасан олон гишүүнтэй, жилдээ хоёр удаа хуралдаж, Хууль зүйн яамны боловсруулсан хуулийг хэлэлцэж, санаа оноогоо тусган баталж, албан тушаалтнуудаа томилчихоод явдаг байнгын бус ажиллагаатай болох хэрэгтэй. Парламент нь ийм маягаар ажилладаг ардчилсан улс Европт олон бий. Гишүүдэд нь өрөө ч байдаггүй, зочид буудалд буудаллаж байгаад хуулиа баталчихаад буцдаг юм.
Ардчилсан улс гэхээрээ л байнгын ажиллагаатай парламенттай байна гэдэг худлаа. Бүр болохгүй бол төрийн залгамж шинжийг хадгалсан, Ерөнхийлөгч, Ерөнхий сайдаар ажиллаж байсан, төрийн уураг тархи болсон цөөн гишүүнтэй танхим байнга ажиллана биз. Тэгээд Засгийн газар нь Засгийн газар шиг, яам нь яам шиг байг. Сайд нь ч сайд шиг ажиллаг.
Энд ажиллаж буй хүмүүс байнгын ажиллагаатай парламент түүхэн үүргээ биелүүлснийг хүлээн зөвшөөрөх эр зориг гаргах хэрэгтэй. Тэгээд өөр ажил хийцгээ. Багшлахгүй юу. Тийм цаг ирчихсэн шүү дээ. Нийгэмд суурь өөрчлөлт гаргая гээд байгаа нь энэ.
-Тантай уулзсаных, асуухгүй өнгөрөмгүй нэг асуулт байна. Ц.Элбэгдоржийг Ерөнхийлөгчийн албан тушаалаас буугаад ирэх орон зайг нь таныг бэлдэж байна гэсэн яриа гарсныг сонсоо байлгүй?
-Намын даргад нэрээ дэвшүүлнэ гэхэд ийм цуу тарсан. Нэр дэвшихээ болихоор дарагдчихаж байгаа биз дээ. Ингэж “хадны мангаа” босгох нь гайхаад байхаар зүйл биш. Миний насны хүн бусдын үгээр ийм шийдвэр гаргана гэж юу байх вэ.
УИХ-ын сонгуульд явж ирээд “Манай нам шинэчлэгдэхгүй бол болохоо байж. Би намаа шинэчлэх ажилд орлоо. Ажлаа өгье” гэхэд Ерөнхийлөгч их гайхсан. Тэгээд “Чиний сонголтыг хүндэтгэж байна” гэсэн.
-Өнгөрсөн найман жилд зөвлөхөөс эхлээд Тамгын газрын дарга хүртэл алба хашиж, Ерөнхийлөгчтэй хамгийн ойр ажилласан хүн нь та байх.
Шинэ жилээр сүү өргөх гэх мэтийн сонин шийдлүүдэд таны санаа, оролцоо багагүй байсан гэдэг юм билээ. Энэ талаар сонирхож болох уу?
-Найман жил хамт ажиллахад санаа оноо солилцсон зүйл зөндөө бий. Үүнийг яриад яах вэ. Ажлаа өгөнгүүтээ л яриад байх нь зохисгүй. Ер нь надтай хамт төрийн, хувийн, намын, байгууллагын олон нууц алга болох байх. Зарим нь үлдэх ч биз. Ажил хийж байгаа хүнийг тэнгэрт тултал магтаад, эсвэл газар дор ортол муулаад байх ч зохисгүй. Надад тийм зан байхгүй.
Би “Ажлаа сайн хий, сэтгэлээсээ хий. Зөв бурууг нь цаг хугацаа шүүнэ” гэдэг зарчим баримталдаг. Би Ц.Элбэгдорж гэдэг хувь хүнд биш Монголын Төрийн тэргүүн гэдэг институцид зүтгэсэн. Хувь заяаны төөргөөр би П.Очирбат Ерөнхийлөгчийн шадар туслахаар ажиллаж байсан, Н.Багабанди Ерөнхийлөгчтэй Монголын хамгийн том уул уурхайн төсөлд хамт ажилласан. Аливаа ажлыг хийхдээ би хувийн явцуу бодлоор хандаж байсангүй. Монголын төрд зүтгэж байна л гэж бодож ажилласан.
Тийм ч учраас энэ хүмүүс намайг дэргэдээ ажиллуулсан байх. Нэг хүний төлөө ажилласан бол тэр хүнтэйгээ л хамт дуусна биз дээ. Би өөрийгөө эх оронч хүн гэж боддог. Монгол Улсаа ардчилсан, хөгжилтэй, хүн бүрийн ирж үзэхийг мөрөөддөг улс болгоход хувь нэмрээ оруулахыг хүсдэг. Түүнээс биш “халбагадчих” юм сан, хувьдаа авчих юм сан гэж бодож явсангүй. Ажил, албан тушаалд очихдоо ч тийм өнцгөөс харж байсангүй.
Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийг зохион байгуулалттайгаар муулж гоочилж байна. Гэхдээ цаг хугацаа, түүх бүхнийг үнэлж цэгнэнэ. Өнгөрсөн найман жилд би Ерөнхийлөгчийн дэд бүтэц, эрдэс баялгийн, хуулийн, цэргийн зөвлөх, ахлах зөвлөх, Тамгын газрын даргаар ажилласан.
Энэ найман жилийн хугацаанд Монгол Улсын нэр хүндийг олон улсад өргөх, улсынхаа түүхийг бүтэн, үнэн болгох, хэл соёлоо сэргээх талаар хийсэн олон ажил нь цаг хугацааны явцад улам тодорч гэрэлтэх цаг ирнэ гэдэгт итгэдэг. Зарим нэг ховлож гүтгэдэг, хагалдаг хүний балгаар уулын чинээ цагааныг туулайн чинээр хараар будна гэдэг болчих гээд байгаа тал бий. Гэхдээ хогийн ургамал өндөр ургадаг ч хагдрахаараа хог л болдог жамтай.
-Таныг нэлээд удаан хугацаанд улс төрөөс хол байгаад Ерөнхийлөгчийн зөвлөх болоход Ц.Элбэгдорж найзаа мартаагүй байна, овоо доо гэцгээж байсныг санаж байна.
-Эмнэлэг, эмчилгээ гэж яваад улс төрөөс хөндийрчихсөн байхад маань Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч намайг дуудаж, “Надтай ажилла” гэсэн. Тэгэхэд нь “Бодъё” гэж хэлчихээд дахиж дуудахад нь очиход зарлиг гаргаад, уул уурхай, эрдэс баялаг, эрчим хүч, дэд бүтцийн асуудал хариуцсан зөвлөхөөрөө томилчихсон байсан. Иргэний хөдөлгөөнүүд жагсаж цуглаад, уул уурхай ид анхаарлын төвд орж байсан үе.
Тэгж байтал “Шүүхийн шинэчлэл хийх хэрэгтэй байна. Чи хуулийн зөвлөх бол” гэсэн. Тэгснээ “Ахлах зөвлөх бол”, дараа нь “Тамгын газрын даргаар томиллоо” гэсэн. Би “Дарга болъё, тушаал дэвшье” гэж хэлж байсан удаагүй. Бид бие биедээ журмын нөхрийн хувиар хүндэтгэлтэй ханддаг.
-Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг АН-ын даргыг сонгосон зарчмаар тодруулъя гэсэн уриалгыг та гаргасан байсан уу?
-Тийм ээ. Монголчууд бид хурдан морь, хүчит бөхөө нарийн гярхай ажиж, шинждэг. Төрийн жолоо атгах хүнээ үүнээс ч илүү шинжих ёстой. Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй гэдэг. Энэ зарчмаар манай намын гишүүд даргаа сонгож чадсан. Тиймээс ардчилсан Төрийн тэргүүнд нэр дэвшигчээ ч ингэж тодруулахыг гишүүддээ уриалсан юм. Намынхаа мянга мянган гишүүн, дэмжигчийн итгэлийг тээсэн нэр дэвшигч ард түмний итгэлийг хүлээж чадна.