1998 онд “Найм дахь гариг” хамтлагийн “Арван жилийн дурсамж” дууны клип үзэгчдэд хүрч, тэр үеэс өнөөг хүртэл залуусын аманд “хүлхэгдсээр” буй. Эл клипэнд нуруулаг, царайлаг охин тоглож, өдгөө үзэгчдийн эчнээ танил болсон нь Д.Пүрэвсүрэн.
Загвар өмсөгч, жүжигчин эл бүсгүй СУИС-ийг төгссөнөөсөө хойш 30 шахам клип, 10 гаруй кино, долоон жүжигт гол дүр бүтээжээ. Түүний илэн далангүй зан чанар, инээмтгий аашаар “хачирласан” ярилцлагыг хүлээн авна уу.
-“Хамба” фильмийн бүтээл, таны гол дүрд нь тоглосон “Хоёр амь” киног ирэх сарын 3-наас үзэгчдэд хүргэж эхлэх юм билээ. Эл кинонд та ямар дүрд “амьдрав”?
-Найруулагч надад санал тавихдаа л “Чи энэ кинонд хөөрхөн, гоё харагдахгүй. Тиймээс гадаад төрхөндөө анхаарах шаардлагагүй” гэсэн. Энэ кинонд тоглох үедээ нүүрээ ч будуулаагүй. Надаас тэс өөр араншинтай хүний дүр байлаа.
Би чинь байнга л инээж явдаг хүн шүү дээ. Гэтэл найруулагч “Битгий инээ. Наад нүднийхээ харцыг буулга. Ийм гал цогтой байж болохгүй” гээд л загнадаг байв.
-Найруулагч Тука (Б.Ганболд)-гийн эл кинонд УДЭТ-ын жүжигчин С.Болд-Эрдэнэтэй гол дүрд хамтран тоглосон гэсэн. Өмнө нь хамт тоглож байгаагүй гэв үү?
-Тийм ээ, анх удаа энэ мундаг жүжигчинтэй хамтран тоглолоо. Өмнө нь хамтарч үзээгүй хамт олонтой ажиллах нь надад сонирхолтой санагддаг. Сурах зүйл маш их байлаа.
Уран бүтээлийн талаар санал бодлоо солилцоход ч сонирхолтой, үргэлж л хамтран тоглогчоо чиглүүлж өгдөг чадварлаг жүжигчин. Тука найруулагч ч аливааг бусдаас өөр өнцгөөс харж, түүнийгээ өвөрмөцөөр илэрхийлдэг.
-2015 онд “Прайм пикчерс”, “Амжилтаа ахиулъя” ТББ, “Ти Жэй” энтертайнментийн хамтарсан “Хожлын нүүдэл” кинонд тоглосноос хойш та үзэгчидтэй шинэ уран бүтээлээр уулзаагүй.
Ажиглаад байхад хоёр жилд нэг кинонд тоглоод байна уу даа. Шинэ уран бүтээлд тоглуулах санал тасралтгүй ирдэг байлгүй. Хэрхэн сонгодог юм бэ?
-Санал ирдэг л юм. Гэхдээ тэр болгонд тоглох утгагүй. Би аль болох тоглож үзээгүй төрлийн кино, ажиллаж үзээгүй баг, хамт олонтой хамтрахыг илүүд үздэг. Тэгээд ч мэргэжлээрээ 10 гаруй жил ажиллачихлаа. Юмны түрүүнд гүйж очоод, салбаганаад байх нас ч биш.
Аль болох даацтай, чанартай уран бүтээлүүдэд тоглохыг л хичээдэг. Чөлөөт уран бүтээлч болохоор өөрөө өөрийнхөө менежер шүү дээ. Тиймээс киноны зохиол, хамтран ажиллах баг, бүрэлдэхүүнтэйгээ танилцаж байж тоглох, эсэхээ шийддэг дээ.
-Танайх СУИС-ийн анхны хөгжимт драмын ангийн төгсөгчид. Сургуулиа төгсөнгүүтээ ангиараа “Хувьсал” продакшнд ажиллаж, гараагаа эхэлсэн. Гэтэл яагаад “Хувьсал”-аа бүгдээрээ зэрэг орхисон юм бэ?
-Тэр бүрэлдэхүүнээрээ өнөөдрийг хүртэл “Хувьсал”-д ажиллаж чадах байсан уу гэвэл эргэлзээтэй. Угаасаа л хувь, хувьсгалын шалтгаанаар нэг нэгээрээ хасагдах нь ойлгомжтой байсан. Бүгд ярилцаж тохиролцоод зэрэг гарсан юм биш л дээ.
Өөр өөрсдийнхөө замыг хөөх, өөр төрлийн уран бүтээлд ажиллахыг хүсээд л тус тусдаа шийдвэрээ гаргасан юм. Би гэхэд л 2007 онд Сингапур руу хэлний бэлтгэлд суралцахаар явж, “Хувьсал”-аас албан ёсоор гарсан.
Гэхдээ 2008 онд буцаж ирээд “Хувьсал”-ийнхаа “Би эр хүнд хайртай” жүжигт тоглож л байлаа. Чөлөөт уран бүтээлч болсныхоо дараа орчлонгоос тасарчихсан мэт л санагддаг байв. Тэгээд л удалгүй дассан даа.
-2008 оноос хойш тайзны уран бүтээлд тоглоогүй байх аа. Жүжигт тогломоор санагддаг уу?
-“Би эр хүнд хайртай”-гаас хойш жүжигт тоглоогүй. Жүжигт тогломоор санагдах үе бий. Тайз жүжигчнээс илүү ур чадвар “нэхдэг”. Сургуулилалт хийх, шинэ жүжгээ үзэгчдэд хүргэх ямар сайхан билээ дээ.
-“Хөөрхөн охин, дурлалт бүсгүй гээд эерэг дүрд нэлээд тоглолоо. Одоо адал явдалт, тулаант кинонд тоглож үзмээр байна” гэж ярьсан байсан.
-Байнга л энэ талаар боддог юм. Маш их хүсдэг. Мөрөөдөл минь биелэх байх аа.
-Бие даан кино хийх бодол байдаг уу?
-Одоогоор тийм том юм бодоогүй ээ. Зохиол ч бичиж үзээгүй. Сэтгэл хөдөлсөн үедээ дөрвөн мөрт л бичдэг юм.
-Та байнга л инээж явдаг, хөгжилтэй зантай хүн шүү дээ. “Цасан охин” кинонд бүтээсэн дүр тань тантай нэлээд төстэй юм шиг санагддаг.
-Нээрэн хамгийн төстэй нь. Би чинь яг л тэр дүр шиг байгаагаараа, хөгжилтэй зантай хүн шүү дээ. Цаг хугацаа дороо өнгөрөх юм. Тэр кинонд тоглосноос хойш найман жил өнгөрчихсөн байна шүү дээ.
-Хэлье гэснээ хэлчихдэг, шударга зангаасаа болж алдаж байв уу?
-Алдах гэхээсээ илүү бусдыг гомдоочих гээд байдаг юм. Хэлэх гэснээ хэлэхгүй л бол санаа амардаггүй. Юмыг дотроо удаан хадгалж, тохиромжтой үед хэлэхээр хүлээдэг хүн би биш.
Санаснаа шуудхан хэлчихээр цаад хүндээ жаахан эвгүй санагддаг юм шиг байна лээ. Ийм байсан, иймээрээ л дуусах байх.
-Хүнд нөхцөлд зураг авахуулах, эсвэл хэцүү дүрд тоглосны дараа жүжигчид нэг хэсэг тухайн дүрээсээ гарч чадахгүй, сэтгэл хөдлөлд автах нь бий. Та тийм байдалд орж байсан уу?
-“Лардьма” кинонд тоглох үед тийм байдалд орсон. Киноны зургаа эмэгтэйчүүдийн хорих ангид очиж авахуулсан юм. Тэгэхэд их эвгүй санагдсан.
-Алдаа гаргадаггүй хүн гэж үгүй. Залуу жүжигчинд туршлагажих хугацаа хэрэгтэй. Өөрийнхөө тоглосон киног үзээд ичсэн тохиолдол бий юү?
-Байлгүй яах вэ. Өөрийнхөө тоглосон хэсгийг үзээд ичиж, кино театрын сандлын түшлэгний араар орчихмоор санагдаж ч байлаа. “Боолын гэрээ” киноны нээлтийн ёслолын үеэр ичсэндээ бараг сандал доогуур орохоо шахсан шүү дээ.
-Арван хэдхэн настайгаасаа л шар сонин, сайтад элдвээр бичүүллээ. Гүтгүүлэх үе ч байлаа. Сэтгэлээр унадаг байв уу?
-Яг үнэнийг хэлэхэд би сүүлийн дөрвөн жил л арай чих амар амьдарч байна шүү дээ. Элдвээр хэлүүлээгүй, гүтгүүлээгүй муу үг үлдээгүй байх. Хүн л юм хойно шанална.
Нас залуу, дээр нь өөрөө цоглог хүн болохоор л тэр бүхнийг давж, өнөөдрийг хүрсэн байх. Шар мэдээ гарах тоолонд “За яах вэ. Тэгж байгаад больчих байлгүй” гээд л дуугүй өнгөрдөг байлаа. Сайтуудын сэтгэгдлийг бүр уншилтгүй.
Тэнд олны танил эрэгтэйг “Архичин, хүүхэмсэг”, эмэгтэйг нь “Биеэ үнэлэгч” гээд л бичдэг биз дээ. Тэрийг уншиж цагаа үрэхээ больсон.
-Та загварын ертөнцөд амжилттай байж, уран бүтээлийн гараагаа ч маш сайн эхлүүлсэн. Бүх зүйлийн тань зам дардан байж. Зарим тохиолдолд биеэ тоож, онгирч байв уу?
-Надад ёстой тийм зан байхгүй. Эцэг, эх минь намайг тийм сагсуу болгож өсгөөгүй. Харин бүх зүйл дардан байсан гэдэгтэй санал нийлнэ. Тийм ч болохоор би өөрийгөө их азтай гэж боддог.
Энэ бодлоо ч нуулгүй хэлдэг. Өөрт тохиосон хувь тавилан, аз заяандаа талархаж явдаг даа. Би 90 хүрсэн ч жүжигчний ажлаа орхиж чадахгүй. Эмээгийн дүрд тоглоод л явж байхыг хүсэж байна.
-Өнгөрсөн арванхоёрдугаар сард та загвар зохион бүтээгч Д.Отгонжаргалын “O Couture” загварын шоуны дүр төрхийг тодорхойлж ажилласан.
Эл шоуны голлох загварыг “амилуулах” байх гэж найдаж байсан ч та тайзан дээр алхаагүй. Харин ч бүр “Дахин загвар өмсөхгүй” гэсэн. Яагаад ингэж шийдэв?
-Д.Отгонжаргалын нөхөр, загвар өмсөгч Э.Энхболд бид хоёр 2009 оноос хойш “Говь” брэндийн “нүүр царай” болсон. Тэдний гэр бүлтэй их дотно найзууд. Тиймээс эл шоунд найзуудаа дэмжин ажилласан. Гэхдээ тайзан дээр алхах бодол байгаагүй.
-50 гарсан ч загвараа өмссөөр байгаа “акулууд” бий шүү дээ. Яагаад ийм эрт энэ салбарыг орхиж байгаа юм бэ?
-Хувцас загвар бол залуу насны л ажил гэж боддогийнх. Хамгийн сайхан, ид үедээ энэ салбарыг орхиж, тэр дүрээрээ дурсагдахыг хүсэж байна. Тайзаа хүндэлж буйн нэг илрэл ч гэж хэлж болно.
1998 онд энэ салбарт хөл тавьснаасаа хойш тайзан дээр тасралтгүй гарсан шүү дээ. Одоо болсон.
-Гэхдээ фото моделиор үргэлжлүүлэн ажиллана биз дээ?
-Тэгнэ. Бусад загвар өмсөгчөөс арай намхан болохоор ч тэр үү, фото модель талдаа илүү сонирхолтой. Мэргэжил маань ч энэ чиглэлд ажиллахад их дөхөмтэй.
-Кинонд тоглон камерын өмнө гарах, зар сурталчилгааны зураг авахуулах, тайзан дээр жүжиглэх, загвар өмсөхөд төрөх мэдрэмж бүгд өөр байдаг байх?
-Ялгаатай шүү. Загвар зохион бүтээгчийн ур, ухаанаа шингээн урласан хувцсыг өмсөөд тайзан дээр алхахад бахархах, бардамнах сэтгэгдэл төрдөг.
-Та айлын хэд дэх хүүхэд вэ. Хүүхэд нас тань хаана өнгөрөв?
-Би 40 мянгатад өссөн. Дөрвөн хүүхэдтэй айлын бага охин.
-Айлын багууд их танхи өсдөг гэдэг.
-Хоёр ахтай болохоор нэг их эрх байгаагүй. Эршүүд өссөн. Гэхдээ хааяа хошуугаа унжуулна аа (инээв).
-Эрх занг нь урлаг, жүжигчний мэргэжил үгүй хийсэн үү. Урлаг хатуу, жүжигчний ажил хаана ч, ямар ч нөхцөлд ажиллахыг шаарддаг шүү дээ.
-Энэ талаас нь бодож байгаагүй юм байна. Эрх танхи занг засчихдаг байж ч болох юм. Зургаа авахуулж, ажлаа хийж байхдаа хэндээ гэж эрхлэх вэ дээ. Гэхдээ би ажлаа хийж байхдаа шантарч, маяглаж үзээгүй.
Дурлаж сонгосон ажлаа хийж буй болохоор тэр. Урлаг хүнийг үргэлж таашаал, зөв үлгэр дуурайл, сайн сайхан гэгээлэг зүйлд хөтөлдөг.
-Багаасаа л урлагт дуртай охин байсан уу?
-Дөрөвдүгээр ангиасаа Монголын хүүхдийн ордны бүжгийн дугуйланд суралцсан. Олон ч уралдаанд оролцсон доо.
-Урлагийн мэргэжил сонгоход гэр бүлийнхэн тань эсэргүүцээгүй юү?
-Дунд сургууль төгсөх үед аав маань намайг санхүү, эдийн засгийн чиглэлээр сургана гэдэг байлаа. Тэр чиглэлийн давтлага, нэмэлт хичээлүүдэд суулгаад л. Гэтэл надад урлагийн мэргэжил л хамгийн сайхан санагддаг байсан.
Хүүхэд байхаасаа л урлагийн арга хэмжээ, уралдаанд оролцдог, дуртай байсан болохоор тэр л дээ. Төгсөөд СУИС-д шалгуултал тэнцчихсэн. Ээж, аав минь ч миний сонголтыг зөвшөөрсөн.
-Та гурван хүүхдийн ээж болчихлоо. Өмнөхөө бодвол уран бүтээлээс илүү гэр бүлдээ цаг заваа зориулж буй байх.
-Яг үнэн. Өмнөх шигээ ажлын хойноос улайрч, цаг наргүй ажиллахаа больсон. Би гэр бүлдээ анхаарал хандуулах үүрэгтэй. Урьд нь ч хот, хөдөөгүй л явж зураг авахуулж, нойр хоолоо мартан ажилладаг байж.
-Хүүхдүүд нь одоо хэд хүрч байгаа вэ. Уран бүтээл, гэр бүлийн ажлаа хослуулахад түүртэж байна уу?
-Том охин 14, дунд охин маань тав нас, бага хүү маань хоёр ой зургаан сартай. Овоо л болж байна. Хүүхдийн нялх үе богинохон шүү дээ. Юундаа түүртэх билээ.
Ид ажилтай, шинэ уран бүтээлд орсон үед миний төрсөн эгч хүүхдүүдийг минь харж тусалдаг. Ар тал найдвартай болохоор сэтгэл тайван ажлаа хийж чадаж байна.
-Нас ахих тусам ухаан тэлдэг, аливааг өөрөөр хардаг болдог. Д.Пүрэвсүрэн хэр өөрчлөгдөв?
-Илүү төлөвшиж байна. Амьдралын үнэ цэнэ, аз жаргалын тухай ойлголт минь 20 настай үеийнхээс өөр болжээ. 40 хүрэхдээ аливааг одоо байгаагаасаа илүү өөрөөр хүлээж авдаг болох байх. 50 хүрээд бас өөрөөр мэдрэх байх.
-Хөгшрөхөөс айдаг уу?
-Айдаггүй ээ. Жамаас хаашаа зайлах билээ. Жамаараа л өтөлнө шүү дээ.
-Хэзээнээс йогоор хичээллэсэн бэ. Одоо багшилж байгаа гэл үү?
-Дунд охиноо ой гарантай байхаас л хичээллэсэн. Одоо дөрвөн жил л болох гэж байна. Охин маань жаахан байсан болохоор фитнесст явах боломж байгаагүй. Хурдан хэмнэлтэй дасгал, бэлтгэл надад тохирохгүй юм шиг санагдсан.
Тэгээд гэртээ йогийн дасгал хийж эхэлсэн дээ. DVD үзээд дагаж хийдэг байлаа. Ингээд удалгүй Хүүхэд хөгжил, эмэгтэйчүүдийн төвд йогийн дасгал сурч эхэлсэн.
Өнгөрсөн есдүгээр сараас л багшилж байна. Нэг үеэ бодвол хүмүүс их сонирхдог болжээ.
-Йог таныг хэрхэн өөрчлөв?
-Ач холбогдол нь дуусашгүй олон. Монголд гэлтгүй дэлхий дахинд сэтгэл гутрал, хөдөлгөөний дутагдалд орсон хүмүүст йогийн дасгал санал болгодог.
Йог бол эрүүл хоол хэрэглэх, агаарт сайхан алхах зэрэг зөв амьдралын хэмнэлийн салшгүй нэг хэсэг. Хүн хөгширч үхдэггүй, хөшиж үхдэг гэдэг. Йог бол хөдөлгөөнт бясалгал шүү дээ.
-Йогоор хичээллэгсдийн олонх нь цагаан, ногоон хоолтон болдог юм билээ. Та хооллох хэв маягаа өөрчилсөн үү?
-Өнгөрсөн зун 21 хоног цагаан хоол идсэн. Цагаан хоол идэх үед сэтгэл санаа тайван, бие хөнгөрдөг юм билээ. Гэхдээ би цагаан, ногоон хоолтон болж чадахгүй. Мах идэхгүй л бол хоол идээгүй юм шиг санагддаг.
Манайх шиг эрс тэс уур амьсгалтай оронд мах идэж уураг, амин дэм авахгүй бол сөхөрч унана шүү дээ. Цагаан, ногоон хоолтон болж, хоолны дэглэм барьснаас эрүүл, зөв хооллох нь илүү санагддаг.