Бог малын мялзангаар өвчилсөн нийт 2533 бөхөн, 22 хар сүүлтийн сэг зэмийг устгажээ. Харамсалтай нь, уг ажил ямар ч үр дүнгүй, цаг хугацаа, хөрөнгө мөнгө дэмий үрсэн хэрэг байсан нь тодорхой боллоо.
Нутгийн иргэдийн мэдээллийн дагуу есдүгээр сарын дундуур бөхөн үхэж эхэлсэн гэж тооцвол дорвитой арга хэмжээ авч чадалгүй дөрвөн сар өнгөрчээ.
Бог малын мялзан өвчин манай улсад өнгөрсөн онд анх удаа тэмдэглэгдсэн учраас ямар өвчин болох, бөхөнгөөс өөр амьтанд халдварлах, эсэх, ямар арга хэмжээ авбал зохих зэрэг олон асуултад албаныхан ч, эрдэмтэд ч бүрэн дүүрэн хариулт өгч чадахгүй байсаар өдий хүрэв.
Бөхөн олноор үхэж буйн шалтгааныг нарийвчлан тодруулахын тулд ажлын хэсгийнхэн (БОАЖЯ, МХЕГ, ШУА зэрэг холбогдох бүх газрын төлөөлөл багтсан) олон улсын байгууллагад хандсан юм. Үүний дагуу НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллагын удирдамжаар манай улсад ирсэн, Их Британийн Хатан хааны мал эмнэлгийн их сургуулийн профессор, мал, зэрлэг амьтны их эмч Ричард Коктой ярилцлаа.
Тэрбээр өнгөрсөн сарын 24-нөөс өвчний голомтод ажиллаад өчигдөр ирсэн юм.
-Мялзангийн тархалтыг хязгаарлах арга хэмжээ авч буй ч үр дүнд хүрэхгүй байна. Газар дээрээ нөхцөл байдал ямар байна вэ?
-Халдвар маш хурдацтай тархаж, бөхөн олноор үхэж байна. Орон нутагт ажиллаж буй хүмүүс монгол бөхөнг аварч үлдэх талаар чадах бүхнээ хийж буй ч нөхцөл байдал угаасаа хүнд учраас үр дүнд төдийлөн хүрэхгүй байгаа юм. Зөвхөн бөхөн гэлтгүй, хар сүүлт, янгир ч мялзангаар өвчилсөн болохыг орон нутагт ажиллахдаа баттай тогтоолоо. Цаашид бэлчээрийн мал аж ахуйд ч сөргөөр нөлөөлж болзошгүй.
Бог мал мялзангаар халдварласан тохиолдол өнгөрсөн онд Монгол Улсад бүртгэгдэж, шуурхай арга хэмжээ авч, голомтын бүс дэх бүх малыг вакцинжуулжээ. Гэсэн ч одоохондоо хяналтдаа бүрэн аваагүй учраас энэ талаар ярьж, хуралдаад суух биш, нэн даруй арга хэмжээ авах ёстой. Хавар мал төллөж, төлийг гурван сар хүрсний дараа вакцинжуулах шаардлагатай.
Байдал гамшгийн хэмжээнд хүрсэнийг олон улсын байгууллагуудад мэдээлж, тусламж хүсэх нь нэн тэргүүнд гүйцэтгэх ажил болчихоод байна. Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллага, олон улсын холбогдох бусад байгууллагатай хамтраад бог малын мялзан төст өвчнийг дэлхий нийтээр устгах хөтөлбөр баталсан. Монгол Улс энэ боломжийг ашиглаж, дэмжлэг авах боломжтой.
-Орон нутагт өдгөө хийж буй ганц томоохон ажил нь сэг зэм устгах. Гэтэл энэ ажил төдийлөн үр дүнгүй байсан гэх юм?
-Мялзан хүнд халддаг, сэг зэмээс халдвар дамжиж болзошгүй гэсэн буруу ойлголтоос болж маш том алдаа гарчээ. Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллагаас энэ өвчин хүнд халддаггүй гэдгийг маш тодорхой мэдээлсэн. Гол анхаарал хандуулах асуудал нь сэг зэм устгах биш юм. Гадаа хүйтэн, газар хөлдүү энэ үед орон нутгийнхан сэг зэм устгах гэж маш хүнд нөхцөлд ажиллаж байна.
Нөгөө талаар үхсэн амьтныг шууд устгах нь судалгааны мэдээлэл цуглуулах боломжийг үгүй хийдэг. Их мэдээлэл цуглуулж байж л оновчтой арга хэмжээ авна. Үүнээс гадна орон нутагт санхүүжилт алга. Зээлээр ажлаа явуулж буй. Тиймээс сэг зэм устгахаа түр хойш тавиад, хөрөнгийг нь тандалт судалгааг эрчимжүүлэхэд зарцуулж болно. Шинжлэх ухаанд суурилсан шийдвэр чухал. Үхсэн бөхөнгийн эврийг авсан хэрэг цөөнгүй гарч байгаа гэж сонссон.
Хамгийн гол нь сэг зэмийн байршил, хүйсийг нь тэмдэглээд, насыг нь тогтоохын тулд шүдийг нь аваад тухайн газарт нь орхи. Шаардлагатай бол эврийг нь авна л биз. Дулаарангуут өнөөх сэг зэмийнхээ байршлын дагуу очиж устгах хэрэгтэй. Тэр болтол махчин амьтан, шувууд идчихсэн байвал зардал хэмнэх давуу талтай.
-Сэг зэм халдвар үүсгэгч биш бол өвчин хэрхэн тархдаг юм бэ?
-Амьд мал, амьтан нь вирус тараагч хүчин зүйл. Удахгүй хавар болж малын хөдөлгөөн ихэснэ. Бөхөн нутаглаж буй газарт бэлчээрийн мал оруулахгүй байх хэрэгтэй. Маш хэцүү, шийдэхэд түвэгтэй асуудал л даа. Гэхдээ ингэж байж эрсдэлийг бууруулж чадна.
-Ажлын хэсгийнхний шийдвэрийн дагуу өдгөө Шаргын говийг Хүйсийн говиос тусгаарлах хяналтын цэг байгуулж буй. Шаргын говийн бөхөнгүүдэд өвчний шинж тэмдэг илрээгүй учраас тусгаарлахаар шийдвэрлэсэн. Хэр үр дүнтэй ажил вэ?
-Халдвар эрчимтэй тархаж байгаа учраас зогсоох боломжгүй. Тэгээд ч хяналтын цэгүүд гаргахаас өмнө мялзан өвчин Шаргын говьд хэдийнэ тархчихсан байна. Бөхөн мялзангаар өвчилж буйг зогсоох аргагүй, оролдлого хийлээ ч үр дүнд хүрэхгүй. Халдвар бидний бодсоноос ч хурдан тархаж байна.
Тиймээс орон нутагт ажиллаж байгаа багаа ашиглаад, хаана ямар амьтан өвчлөөд буй, тэр нь мялзан мөн, эсэхийг түргэн тестээр шалгах ёстой. Нэлээд өндөр өртөг шаардаж магадгүй ч маш үр дүнтэй ажил болно. Хяналтын цэгүүд байгуулах нь зөв. Гэхдээ үр дүнгүй ажил хийлгэх биш, тандалт судалгааны бүсээ өргөжүүлэхэд ашиглах ёстой.
-Өвчилсөн амьтад бүгд үхэх үү?
-60 орчим хувь нь үхсэнийг би Казахстанд ажиллаж байхдаа тогтоосон. Монгол бөхөнгийн тухайд халдвар нэлээд хүнд, хурц хэлбэртэй учраас хорогдлын түвшин өндөр байж болзошгүй. Яг хэд нь үлдэхийг одоо хэлэхэд хэцүү. Дараа жилийн тооллогоор тодорхой болох болов уу. Одоогийн нөхцөл байдалд тулгуурлаж хэлэхэд бүх бөхөн мялзангаар өвчлөх нь тодорхой болсон бөгөөд 80 хувь нь устах магадлалтай гэж таамаглаж байна.
Бүгд өвчилж, дархлаа тогтсон нь л үлдэнэ гэсэн үг. Устах магадлалтай гэж анхааруулаад буйн учир нь энэ. Зөвхөн мялзан биш, бэлчээр, ус, тэжээл хомсодсон, газар нутаг нь хязгаарлагдмал болсон зэрэг олон хүчин зүйл үүнд нөлөөлж байна.
Малтай бэлчээр, усаа хуваадаг учраас бөхөн мялзангаас өөр өвчин тусаж болзошгүй нь бас томоохон асуудал. Шөвөг яраар өвчилж үхсэн бөхөнтэй таарлаа. Мөн хамуунаас болж үхсэн янгир ч байсан. Байдал даамжирвал хоёрдогч халдвар буюу мялзангаас өөр төрлийн өвчнөөр зэрлэг амьтад олноор үхэж болзошгүй юм. Мялзан төст өвчин дархлаа дарангуйлдаг.
Дархлаа дарангуйлна гэдэг нь мялзангийн халдвар авсан мал өөр өвчинд нэрвэгдэж, үхэх эрсдэл нэмэгдэнэ гэсэн үг. Ер нь өвчний тархац хэр хүрээ хамарсан болохыг судлах шаардлагатай. Мониторинг хийх газар нутгийн хүрээг тэлэх ёстой юм. Мөн бэлчээрийн малд халдвар тархахыг хязгаарлах шаардлага бий.
Үүний тулд зэрлэг амьтдаас тусгаарлах хэрэгтэй. Зэрлэг амьтдын тухайд бол халдвар аажимдаа устаж, дархлаа тогтсон нь амьд үлдэнэ.
-Мялзангаар өвчилсөн амьтдыг ирвэс, чоно зэрэг махчин амьтан, шувууд иддэг. Өвчилсөн малыг идээд халдвар авах уу.
Өвчилсөн бөхөнгийн хэвтэр, бэлчээрээс ч хүртэл халдвар тархана гэж нэг хэсэг бэлчээрийг хүртэл ариутгасан. Халдвар бэлчээрээр дамждаг уу?
-Махчин амьтад өвчлөхгүй. Шувууд ч бас. Хамгийн гол нь тэдгээр амьтны идэш тэжээл нь болдог аргаль, янгир мялзангаар үгүй болчихвол махчид бэлчээрийн мал руу дайрах болно. Цаашлаад устах эрсдэлтэй.
Халдвар бэлчээрээр бас дамжихгүй. Энэ өвчний вирус гадаад орчинд тэсвэргүй, 99.9 хувь нь малаас малд дамжина. Магадгүй мал, зэрлэг амьтан ундаалдаг уст цэгүүдээр халдвар тархах эрсдэл үүсэж болзошгүй.