“Хотын ганган залуугаас хөдөөлж нүүсэн мэргэжил Хондлой цагаан зээрийг хорхойсож судалсан түүх” буюу “Зээр хүн” гэж салбарынхан нь тодорхойлдог, эрдэмтэн Б.Лхагвасүрэнтэй ярилцлаа.
36 жилийг судалгаа, шинжилгээний ажилд зориулсан энэ эрхэм өдгөө ШУА-ийн Ерөнхий болон сорилын биологийн хүрээлэнгийн Хөхтөний экологийн лабораторийн эрхлэгчээр ажиллаж байна.
-“Зээр хүн” болсон нь жирийн нэг тохиолдол байв уу. Тодорхой учир шалтгаан бий юү?
-Манай салбарынхан нэгнийгээ судалдаг амьтнаар нь нэрлэж, хочилдог. Намайг таньдаг хүмүүс голдуу зээрийн Лхагваа гэдэг. 1981 онд МУИС-ийг төгсөөд Биологийн хүрээлэнд томилогдоход амьтан судлаач, профессор, академич О.Шагдарсүрэн гуай захирлаар ажиллаж байсан. Ажилд ороод нэг сар болж байтал захирал намайг дуудлаа.
Өрөөнд нь ороход түүний хажууд намхан орос эмэгтэй зогсож байна. “Энэ хүн Монгол, Зөвлөлийн хамтарсан биологийн экспедицийн цагаан зээр судлалын багийн дарга Анна. Чи хүрээлэнгээ төлөөлөн, тэр багт орж, Дорнод Монгол, зүүн өмнөд говьд цагаан зээрийн экологийг судал” гэж даалгасан.
Нэг сарын дотор би олон зүйл сурсан. Хамгийн гол нь цагаан зээр гэдэг амьтан Монгол оронд маш олон байдгийг хараад үнэхээр биширсэн. Нүд алдам, ширээ шиг талд, халиурсан өвс ногоон дунд тийм олон зээр байгаа нь байгалийн гайхалтай зохилдлого.
-Цагаан зээр анх удаа харсан нь тэр үү?
-Оюутны дадлагаар явахдаа зээр харж байсан. Гэхдээ тэгж олноор нь биш. 20 хүрэхгүй зээр холоос харчихаад ямар сонин амьтан бэ, шар ямаа шиг гэж бодоод өнгөрсөн. Амьтан ганцаараа байх, 20-30-аараа харагдах, нэг дор хэдэн зуугаараа нүүдэллэх, хүнээс үргэхгүй тайван бэлчээрлэх нь огт өөр харагддаг. Долоо, наймдугаар сар байсан учраас талын өвс ногоорч, өндөр ургасан, дунд нь шаргал зээрийн сүрэг бэлчинэ.
Янзаганууд нь тоглоод л. Үргээхгүй л бол зээр нэг их хол давхидаггүй. Нохой хуцах, галуу дуугарах, илжиг орилох, адуу янцгаах шиг янз бүрийн дуу авиа гаргана. Нэг сар ажиллах хугацаандаа байнга харж, өглөө сэрэхдээ, орой унтахын өмнө дуу чимээг нь сонсоно.
Тэр бүгд л зээр судлах шалтгаан болжээ. Судалгаагаа тайлагнасны дараа О.Шагдарсүрэн захирал “Чи ямар сэтгэгдэлтэй ирэв. Цаашид энэ багт ажиллах уу” гэхэд нь би цагаан зээр судлаач болъё, маш сонирхолтой юм гэсэн. Түүнээс хойш судалсаар, 2000 онд докторын зэрэг хамгаалсан.
Амьтан судлаач мэргэжил сонгох хүсэл бол нэлээд эртнээс төрсөн. Аавыг минь Бадамжав гэдэг. Намайг 10 настай байхад ЗХУ руу ажлаар явахдаа Москвагаас алдарт зохиолч Майн Ридийн таван ном авчирч өгсөн. Монголчууд Майн Ридийг “Морь унасан толгойгүй хүн”, “Анчин бүсгүй” зэрэг зохиолоор нь мэднэ.
Тэдгээрийн цаана монгол хэлээр орчуулаагүй “Анаашийн ангуучид”, “Ургамлын ангуучид” зэрэг зохиол бий. Хүүхдийн сонирхлыг татахуйц тэдгээр номыг уншсаны дараа би зэрлэг амьтан судлаач болно гэж аавдаа хэлэхэд “Миний хүү аравдугаар ангиа төгсчих. Тэгээд л шийднэ дээ” гэсэн.
Аравдугаар ангид орох жил аав МУИС-ийн Байгалийн ухааны факультетийн ургамал судлаач, доктор, профессор Ц.Жамсран багшийг гэртээ дагуулж ирсэн удаатай. Ц.Жамсран багш “Манайд агнуур зүйн анги шинээр нээгдсэн. Чи амьтан сонирхож байвал тэр ангид ороорой” гэсэн.
Ингээд би МУИС-ийн биологийн ангид суралцан, агнуур зүйч, биологич гэдэг мэргэжил эзэмшсэн. Сургуулиа төгсөөд ШУА-ийн Биологийн хүрээлэнд томилогдож ирээд өдий хүртэл ажиллаж буй.
-Таныг судлаач болж байх үеийг одоогийнхтой харьцуулахад нийгэм нэлээд өөрчлөгдсөн. Үүнийг дагаад судлаачийн байр суурь, нэр хүндийг огт өөрөөр харах болжээ.
Зарим талаар эрдэмтдийг гадуурхах явдал ч гардаг болсон гэхэд нэг их буруудахгүй байх.
-Социализмын үед судалгаа, шинжилгээний байгууллагууд таван жилээр санхүүжилтээ авдаг. Мөнгө байна, яв, зээрээ тоол, судалгаа хий гэдэг байлаа. Эрдэм шинжилгээний ажилтан өндөр цалинтай, судалгааны тоног төхөөрөмж сайтай байв. Гэхдээ нийгэм өөрчлөгдсөн.
Тэр өөрчлөлт бидэнд бүр 1990 оноос өмнө мэдэгдсэн л дээ. Цагаан зээр судлалын багийн ажил 1986 оноос урагшлахаа больсон. Санхүүжилт багассаар 1990 онд бүх ажил нурсан. 3-5 сар болж байж арай гэж багахан цалин өгнө.
Судалгаа хийхийн тулд хөдөө явах мөнгө бүр ч байхгүй. Хүн л болсон хойно амьдрах хэрэгтэй учраас олон залуус шинжлэх ухааны салбараас гарсан.
-Зах зээлийн шуурганд уруудалгүй, тэсэж үлдсэн хүмүүсийн нэг нь Та. Шалтгаан нь юу байв?
-Яагаад ч юм би үлдэж, цагаан зээр төдийгүй Монгол орны хөхтөн амьтдыг үргэлжлүүлэн судалж буй нь хамгийн том ололт. 1993-1994 онд НҮБ-ын Биологийн олон янз байдлыг хамгаалах хөтөлбөрүүдийг манайд хэрэгжүүлж эхэлсэн.
Тэр дундаа цагаан зээр судлах, тал хээрийг хамгаалах төсөл хамтран хэрэгжүүлэх санал надад тавьж байлаа. Дэлхийд өөр хаана ч байхгүй олон зүйл ургамал, амьтан манайд бий. 1990 он хүртэл хаалттай байсан тэр бүх зүйлийг гадаадынхан сонирхож, судалгаа, шинжилгээ хийх болсон.
-Тухайн үед больчихдог юм уу гэж эргэлзэж байв уу?
-Үнэнийг хэлэхэд хаашаа явах, юу хийх вэ гэж нэлээд эргэлзэж байлаа. Би хүмүүсийг дуурайж тэдэнтэй адилхан наймаа хийж чадах уу, шатчихвал, ар гэр, хүүхдээ тэжээх орлогогүй болчихвол яах вэ ч гэж бодож үзсэн. Тэгж тэгж сонголтоо хийсэн. Үүндээ их баярладаг юм.
Хүрээлэнд би их том амбийцтай орсон хүн. Зэрэг цол хамгаална, Монголд алдартай эрдэмтэн болно гэж мөрөөдөж байсан. Мөнгө байхгүй, хүрээлэнгийн ажил явахгүй тул багаасаа шүтсэн амьтдаа судлах боломж нүдэн дээр бараг замхарч байв.
Ажлаасаа гараад өөр зүйл хийнэ гэвэл тэр боломж бүрмөсөн ор мөргүй устах гээд байсан юм. Тэгээд л энэ байдал түр зуурынх, эргээд сэргэнэ, яаж ийгээд тэсэх хэрэгтэй гэж бодсон.
-Зэрлэг амьтан ямар хэрэгтэй юм бэ гэх хүн цөөнгүй. Хэдийнээс яагаад ийм хандлага гарах болчихов оо?
-Зах зээлд шилжсэнээс хойш ажиглагдах болсон. Эдийн засгийн сонирхолтой холбоотой юм болов уу. Уг нь монголчууд өчнөөн жил байгальтайгаа зохицон, бэлчээрийн мал аж ахуй эрхлэнгээ тарвага, хулан, цагаан зээртэй зэрэгцэн амьдарч байсан.
Шувууны өндгөнд сүүдэр бүү тусга гэдэг л ард түмэн шүү дээ. Харин 1990 онд бүх юм өөрчлөгдсөн. Хамгийн харамсалтай нь, бүх дэлхийг мөнгө захирдаг гэдэг ойлголт хүмүүсийн тархинд суусан явдал. Малтай цуг бэлчиж буй амьдыг бэлчээрийн дайсан, өрсөлдөгч гэж хардаг болсон.
Өрсөлдөгч байхгүй бол бэлчээр үлдэнэ, тэр бэлчээрийг миний мал иднэ, өснө. Мал өсөх нь надад ашигтай учраас амьтан хэрэггүй гэх болсон.
Жишээ нь, хулан туурайгаараа өвсний үндэс ухаж идээд, ямар ч бэлчээргүй болгосноос мал өсөхгүй байна гэсэн гомдол 1990-ээд оны эхээр Өмнөговь аймгийн малчдаас ирж, тухайн нутгаас сонгогдсон, төрийн түшээд маш том асуудал болгосон удаатай. Одоо ч ийм хандлага бий.
-Цагаан зээр байхгүй байсан бол, эсвэл устчихвал гэж танд төсөөлөгддөг үү?
-Зээр устаад, Дорнод Монголын хялганат тал хээр хоосон байна гээд төсөөл дөө. Ямар байна. Тэгвэл монгол хүн монгол биш болно. Ургамал мөхөж, сөнөж, тал хээр цөлжинө. Фермерүүд болон анчдын шахалтаас болоод АНУ чоноо устгаж байсан. Гэтэл бэлчээрийн чанар алдагдаж, усны голдирол хүртэл өөрчлөгдсөн гэдэг.
Америкийн эрдэмтэд энэ бүгдийг судалж тогтоогоод чоно сэргээн нутагшуулж эхэлтэл байгаль нь нөхөн сэргэх боллоо. Хэрэггүй амьтан, ургамал байдаггүй. Ялаа, шумуул ч хэрэгтэй. Хамгийн хэрэггүй амьтан бол хүн. Хүн хэрэггүй амьтан гэдэг нь миний биш, нэрт эрдэмтдийн үг. Орчин үеийн ухаант хүн чинь байгалийн нөхөгддөг болон нөхөгддөггүй баялгийг ихээр ашиглаж байна.
Байгаль дэлхий хүнгүй байсан бол онолын хувьд хамгийн боловсронгуй, бүх төрлийн амьтан, ургамалтай эх дэлхий гэсэн нэг бодьгал байна. Хүн л бүхнийг сүйтгэж байна. Дэлхий дээр амьдарч буй долоон тэрбум хүний хэрэгцээг байгаль дэлхий хангаж дийлэхээ болилоо.
Энэ хэвээр байвал 2050 онд дэлхий сүйрч, хүн өөр гариг руу шилжихээс өөр аргагүй. Тийм учраас л Парисын хэлэлцээр бий болж, уур амьсгалын өөрчлөлт хүний үйл ажиллагаанаас шалтгаалжээ гэдгийг дэлхий нийт хүлээн зөвшөөрлөө.
Арга хэмжээ авч чадвал 2050 онд эх дэлхий маань амьтай голтой байх биз. Хүн ухаанаа зөв зүйлд ашиглах ёстой. Бид ухаантай учраас бусад амьтан, ургамал хэрэггүй гэх нь суусан мөчрөө хөрөөдөхтэй адил.
-Бөхөн мөхөж ч магадгүй аюул тулгараад буй. Судлаачийн хувьд энэ асуудалд нэлээд сэтгэл зовж яваа болов уу?
-Бөхөн бол Монголын хамгийн эмзэг зүйл. Мазаалай, хавтгайтай харьцуулж хэлье. Мазаалай, хавтгайг хамгаалахын тулд 1950-иад оноос дархан цаазат газар байгуулаад, амьдрах орчныг нь бараг 100 хувь хамгаалж, хүний үйл ажиллагааны нөлөөнөөс холдуулсан.
Зөвхөн судалгаа шинжилгээ хийх, кино зураг авах хүмүүс юм уу, дархан цаазат газрын хамгаалалтын захиргааныхан л газар нутагт нь хөл тавьдаг. Тусгай хамгаалалттай газар учраас тэнд айл буудаггүй. Намайг оюутан үед 1000 орчим хавтгай, 20-60 мазаалай бий гэдэг байсан. Энэ тоо одоо ч хэвээрээ.
Тиймээс энэ хоёр амьтан устана гэж нэг их айдаггүй. Бөхөн бол өөр. Эврээс нь болж их агнадаг. Харьцангуй өргөн уудам газарт амьдарч байгаа юм шиг хэрнээ хүний үйл ажиллагаанд өртөмтгий, амархан устах магадлалтай. Бэлчээр, усаа малтай хуваадаг. Үүнээс л болж өвчилж байгаа юм.
Утаа бол үндэсний гамшиг гэдгийг эцсийн эцэст хүлээн зөвшөөрсөнтэй адил бөхөн олноор үхэж байгаа нь Монголын гамшиг мөн. Дэлхий дээр ердөө ганцхан зүйл бөхөн бий. Түүний нэг салбар зүйл болох монгол бөхөн зөвхөн манайд л байна.
-Дэлхийг дугуйгаар тойрсон анхны монгол хүмүүсийн нэг нь Та. “Таван хуруу” гэж нэрлэсэн танай багийнхны аяллын 25 жилийн ой энэ онд тохионо.
Зах зээлд шилжээд удаагүй, хүмүүс наймаа арилжаа бодож явахад юуны учир дэлхийг дугуйгаар тойрох санаачилга гаргав?
-1992 онд би 30 гаруй настай, шижигнэсэн залуу байлаа. 25 жил гэдэг их хугацаа юм шиг мөртлөө саяхан мэт санагдана. Монголын нийгэм тэр чигтээ хөдөлчихсөн үе байсан шүү дээ. Хүрээлэнгээс олон мэргэжилтэн нь гарчихсан, үлдсэн хэд нь цалингүй.
Захирал маань “Та нар хаашаа ч явж, юу ч хийж болно. Цалинг чинь буухаар дуудъя. Ирж ажлаа хийгээрэй” гэдэг байсан. Нэг удаа цалингаа авчихаад, картаар олгодог хоёр шил архиа аваад, багын найз, сэтгүүлч Г.Жаргалсайханыд очлоо. Бид хүүхэд үеэсээ л нөхөрлөж, МУИС-ийн биологийн ангид ч хамт суралцаж төгссөн.
Г.Жаргалсайхан бас ШУА-д хуваарилагдаж, загас судлаачаар ажиллаж байсан түүхтэй. Яваандаа сэтгүүлч болсон л доо. 1992 онд бид өөр газарт ажилладаг болчихсон, сард нэг удаа, заримдаа зургаан сарын дараа нэг уулздаг байлаа. Гэрт нь очоод ярьж байтал Жагаа “Би дэлхийг дугуйгаар тойрохоор баг бүрдүүлж байна” гэлээ. Эхлээд би итгээгүй.
Найз маань их хошин, заримдаа үнэн үг, хошигнол хоёрыг нь ялгахад хэцүү болчихдог. Би итгэхгүй байтал Монголоос гараад Европоор дайраад, Америкт хүрэх улаан зураас татчихсан, нэлээд том газрын зураг үзүүллээ.
Тэгээд “Бид дөрвүүлээ болсон. Монголын дугуйн спортын алдартай тамирчдын нэг, олон улсын хэмжээний мастер Ш.Ёндондаш, дунд сургуулийн минь найз, мэргэжлийн дугуйчин, спортын мастер Г.Дэлгэрсайхан, Дүрслэх урлагийн их сургууль төгссөн, зураач А.Ганболд бид дөрөв явна. Санхүүжилтээ босгож байна” гэхэд нь үнэхээр сонирхолтой санагдаад “Чи надгүй бол явахгүй шүү” гэтэл зөвшөөрөөгүй.
Дараа нь багийнхантай уулзтал таатай хүлээж авсангүй “Бүх монголчуудаараа явъя л даа, тэгвэл” гэж ирээд дургүйлхэж байна. Гэхдээ өөрөө унах дугуйгаа олж, багт 1000 доллар хандивлавал явж болно гэсэн болзол тавьсан. Би юу ч бодолгүй зөвшөөрлөө.
“Байгаль” компанийн захирал Ганбаатар гэдэг найзаасаа мөнгө гуйхаар очтол үлгэр биелж байгаа юм шиг л “Надад нэг япон дугуй бий, чи ав. Гарахад чинь 1000 доллар өгье” гэсэн. Ингээд би болзлоо биелүүлж, “Таван хуруу” багт орж, дэлхийг тойрох завшаан тохиосон юм. Ганбаатартаа маш их талархдаг.
-Хэр удаан аялсан бэ. Та нарыг ирэхэд хүмүүс хэрхэн хүлээж авав?
-Бид од болчихсон, үндэсний баатрууд шиг л угтуулсан. Социализмын үед гадаадын дарга ирэхэд гудамжаараа зогсоод угтдаг байсан шиг. Уг нь бид Монголоос гарахдаа дугуйны зай хэмжигчтэй явсан ч замд эвдэрчихсэн.
Дараа нь багцаалж тооцоход 25.000 орчим км явчихсан байлаа. 1992 оны дөрөвдүгээр сарын 12-нд гараад, 1993 оны нэгдүгээр сарын 31-нд нутгийнхаа хилээр орж ирсэн дээ.
-Тухайн үед дэлхийн хүмүүс монголчуудыг хэрхэн харж, үнэлж байсныг та бүхэн хэрхэн мэдэрсэн бол?
-ОХУ, Казахстан, Польш, зүүн Германаар ороод, цааш барууны капиталист орнуудаар явсан. Барууны орныхон монгол хүн огт харж байгаагүй, зарим нь Монгол гэж улс хаана байдгийг ч мэдэхгүй. Их гайхаж, биднээс олон юм асууна. Бид тав дундаа нэг том майхантай.
Манайх шиг дуртай газартаа майхан барьж болохгүй, айлын хашаанд гуйж хонодог. Хамгийн сайхан нь, та нарыг хонуулахгүй гэсэн хүн таараагүй. Харин ч эсрэгээрээ, анх удаа монгол хүн харж байна, ямар гоё юм бэ гэнэ. Монгол ямар орон бэ гэдгийг яриулдаг байлаа.
-Тэр аяллаас үлдсэн хамгийн ач холбогдолтой зүйл юу байв?
-Өдөрт 100 гаруй км замыг дугуйгаар туулахаар их ядарна. Гэхдээ ядарсан ч өглөө бүр би маш баяртай сэрдэг байсан. Шинэ газар үзнэ, шинэ хүмүүстэй уулзана гэх бодол маань надад тэр өдрийн бүх эрч хүчийг өгдөг байлаа.
Зөвхөн зохиолоос л уншиж байсан Парис, Лондон зэрэг дэлхийн хотуудаар явна гэж бодохоор жийгээд баймаар. Би угаасаа тэнүүлч хүн. Хөдөө явах, амьтан харах дуртай. Суусан цэцнээс явсан тэнэг дээр гэдэг дээ. Би тэр тэнэг нь бололтой.
Олон газраар явж, хүмүүстэй уулзаад социализмын үед бидний бодож төсөөлдөг байсан зүйл бодит байдлаас өөр болохыг мэдсэн. Манай улсын хөгжил тухайн үед ямар байв, бусад улсын иргэд хэрхэн амьдарч байгааг ч бодно. 20 орчим орноор аялаад 10 сарын дараа Монгол Улсыг хөгжүүлчих юм шиг ирмүүн бодолтой гэртээ ирсэн.
-Улсынхаа хөгжилд хувь нэмэр оруулна гэсэн бодлоо Та хэрхэн биелүүлсэн бэ?
-Би ултөрч, эдийн засагч биш, амьтан судлаач хүн. Өөрийгөө болон гэр бүлийнхнээ сайн сайхан авч явах нь улсынхаа хөгжилд хувь нэмэр оруулж буй хэрэг гэж боддог. Эх орноо хайрлахын тулд заавал цэргийн алба хааж, амиа өгөх албагүй. Ядаж гудамжинд хог хаяхгүй байх гэсэн энгийн зүйлээс эхэлдэг.
Ярьснаасаа өөр зүйл хийж болохгүй. Би амьтанд хайртай гэж ярьдаг хэрнээ ан хийгээд, гарангуутаа буу агсаад байж болохгүй биз дээ. Манайхтай нэг гараанаас эхэлсэн улсууд хөгжингүй орон болжээ.
Бид өөрсдөө улсын хөгжил гэдэг чинь улстөрчдөөс биш, хувь хүнээс шалтгаалдаг гэдгийг ойлгох шаардлагатай юм шиг санагдана.