БНСУ-д төвтэй “Даян дэлхийн ногоон хөгжлийн байгууллага” (“Global green growth institute”)-ын Монгол дахь суурин төлөөлөгчөөр 2014 оноос ажиллаж буй Жон Лайонсыг урьж ярилцлаа. АНУ-ын Орегон мужийн Портланд хотод төрсөн тэрбээр монгол хэлийг маш сайн эзэмшсэн нэгэн юм.
Улаанбаатарт хүйтэн хэцүү байгаа биз дээ гэхэд “Яая гэх вэ. Сайхан л амьдарч байна” хэмээн хэнэггүйхэн хариулах Жон Лайонс монгол эхнэртэй. Тэд хоёр охинтой. Тэрбээр Сүхбаатар, Дорнодоос бусад бүх аймагт очиж үзсэн гэсэн.
Түүний өрөөнд ороход ширээний ард зогсоод ажиллаж байв. Өдөржингөө суугаа ажилтай хүмүүс өндөр, нам болгодог ийм ширээтэй болчихвол нуруу өвдөхөөс сэргийлнэ дээ гэж бодогдов.
-Монгол Улстай анх хэрхэн холбогдож байв?
-2001 онд оюутан байхдаа Монголын тухай анх сонссон. Тэр үед би физик, эдийн засгийн чиглэлээр сурч байсан юм. Монгол Улсын их сургууль, АНУ-ын Вермонт мужийн “School for International Training” сургууль хамтраад олон улсын оюутан солилцооны хөтөлбөр хэрэгжүүлдэг байлаа.
АНУ-ын оюутнуудыг Монголд авчран, хэл, соёл, түүх судлуулдгийг мэдээд, үүнд хамрагдсан. Улмаар Монголд ирж, малчин айлд хэд хоносон. Хагас жил болоод буцсан юм. Социализмаас капитализм руу шилжих үеийн эдийн засгийн тухай сэдвээр дипломын ажлаа бичихдээ 2002 оны зун Монголд дахин ирж, судалгаа хийсэн.
-Солилцооны хөтөлбөрт хамрагдахдаа яагаад Монголыг сонгосон юм бэ?
-Тэр үед би Азийн орнуудын талаар сайн мэдлэггүй байсан тул очиж үзье гэж шийдсэн юм. Монгол, Энэтхэг, Төвд, Балба зэрэг орны аль нэгийг сонгох боломж байсан. Монгол Улс сайхан байгальтай учраас сонгосон. Түүнээс ямар хүмүүстэй, хэр хөгжилтэй орон бэ гэдгийг ч сайн мэдээгүй.
-Анх Монголд ирэхэд ямар санагдаж байв. Ямар нэг онцгой зүйл мэдрэгдсэн үү?
-Улаанбаатарт ирснийхээ маргааш шууд Архангай аймгийн төвөөс 60 км зайд амьдардаг малчин айлд очиж, хоёр долоо хоносон. Би АНУ-д, тэр дундаа хотод төрж, өссөн хүн.
Тэр үед мал, малчны амьдралтай холбоотой ямар л үг байна, соёл нь хаанаас үүссэн талаар их мэдээлэл авсан. Монголчууд их зочломтгой нь сайхан санагдсан.
-Морь унаж, айраг уусан биз дээ?
-Багадаа морь унаж байсан. Гэхдээ АНУ-д морь унавал нэг л тогтсон замаар явна. Харин Монголд хүссэн газраараа явдаг нь сайхан санагдсан. Боорцог, өрөм идэж үзсэн. Монголд гэр бүлийнхэн бүгд хамт амьдардаг. “Энэ бол миний өрөө” гэсэн ойлголт байхгүй нь сонин санагдсан.
-2002 онд Монголд буцаж ирж, дипломын ажлаа бэлтгэхдээ ямар судалгаа хийсэн бэ?
-Байгалийн нөөц тэр дундаа, ашигт малтмал, бас ой модыг хэрхэн ашиглаж байгаа талаар судалсан. Социализмын үед мөрдөж байсан журам, дүрэм хэрхэн өөрчлөгдсөн болон давуу, сул талыг нь судалсан.
-Судалгааныхаа хүрээнд зөвлөмж гаргадаг шүү дээ. Та тэр үед юу гэж дүгнэж байв?
-Хуулийн хэрэгжилт тийм ч хангалттай биш санагдаж байсан. Нэг системээс нөгөөд шилжихдээ зарим хэрэгтэй зүйлүүдээ авч үлдэх хэрэгтэй мэт санагдсан.
Тухайлбал, төлөвлөгөөт эдийн засгийн бодлого гэх мэт. Ер нь сайн бодож, судалж, төлөвлөх хэрэгтэй байсан гэж бодсон. Одоо ч хууль хэрэгжүүлэхэд анхаарах хэрэгтэй.
-Та монгол хэлийг яаж сурсан юм бэ?
-2005 онд Монголд бичил санхүү, бизнесийг хөгжүүлэх хөтөлбөр хэрэгжүүлэх олон улсын ТББ-д зохицуулагчаар ажиллахаар ирсэн. Уг байгууллагадаа 2005-2008 онд ажиллахдаа хөдөөгүүр их явдаг байсан нь монгол хэлээ сайжруулахад их нөлөөлсөн. Эхэндээ хэлмэрчтэй байснаа жилийн дараа орчуулагчгүй явдаг болчихсон. Байнга монголоор ярих орчин бүрдсэн хэрэг.
Тэр үед одоогийнхоос муу ярьдаг байсан байх. 2005 онд эхнэртэйгээ танилцсан. Би гүйх дуртай л даа. Гүйж байхдаа эхнэртэйгээ танилцсан юм. Эхнэрийн маань англи хэл миний монгол хэлнээс хамаагүй илүү байлаа. Бид анх англи, эсвэл орос хэлээр ойлголцдог байв. 2007 онд гэрлэснээс хойш хамаатнуудтайгаа ярилцдаг болсон.
Манай хүүхдүүдийн монгол хэл минийхээс илүү. Хүүхдүүд маань ээжтэйгээ монголоор ярьдаг. Тэдний юу ярьж байгааг би бас мэдмээр байна шүү дээ. Тиймээс л монгол хэлийг сайн сурмаар санагдсан.
-Өөр ямар хэл сурч байв. Монгол хэлийг сурахад хэцүү гэдэг шүү дээ.
-Ер нь би монгол хэлийг муу сурсан гэж боддог. Бараг сургуульд сурч, гэрийн даалгавар хийж байгаагүй. Хагас жил л оролдсон. 6-18 насандаа франц хэл сурсан. Гэхдээ миний амьдралд францаар ярьдаг орчин сайн бүрдээгүй.
Орос, казак, итали хэл сурсан. Монгол хэл миний амьдралд хамгийн хэрэгцээ өндөртэй нь гэх үү дээ.
-Монголд ирж ажиллах санал аваад Та эргэлзсэн үү, эсвэл шууд л явъя гэж бодсон уу?
-Хэд хэдэн хүн удирдах хариуцлагатай ажил байсан нь миний амьдралд нэг туршлага болно гэж бодож байсан. 2008 онд эхнэртэйгээ цуг Америк руу буцаж яваад уул уурхайн компанид ажилд орсон юм. Тэнд нийгмийн хариуцлага, байгаль орчны нөхөн сэргээлт, хөдөлмөрийн аюулгүй байдлын чиглэлээр ажилласан.
Тус компани Канад, АНУ, Монголд төсөл хэрэгжүүлдэг байсан учраас ажлын шугамаар 2008-2014 онд Монголд ирэн, очин байсан юм. Америкт ажиллаж байсан ч Монголтой холбоотой байсан хэрэг.
-Танай хүүхдүүд ямар хэлээр ярьдаг вэ?
-Хэл хольж ярих муухай. Хүүхдүүдээ тэгж яривал загнана л даа. Би хүүхдүүдтэйгээ англи, эхнэр маань монгол хэлээр харилцдаг. Ингэвэл хүүхдүүд аль аль хэлээр нь чөлөөтэй ярьж сурна гэж бодож байгаа. Монгол хэлийг сайн сургах нь амьдралд нь хэрэгтэй.
Англи хэлийг сургахад бэрхшээлгүй. Монгол хэл, зан заншлаа багаасаа мэдэж авбал тэр чигээрээ марталгүй үлдэнэ. Монголын онцлогийн талаар бага наснаасаа тодорхой ойлголттой болбол гэр бүлд маань хэрэгтэй гэж үздэг.
-Монгол, Америкийн боловсролын салбар мэдээж ялгаатай. Монголд үүнд л анхаараасай гэж ажигласан зүйл юу байна вэ?
-Том охиноо Америк сургууль руу шилжүүлэхэд ялгаа маш их харагдсан. Монголд бүх хичээлийг судал гэдэг. Харин АНУ-д физик, хими, биологи зэрэг хичээлийг тийм их судлах шаардлагагүй. Аль нэгийг нь сонгож аваад, судлах жишээтэй. Монголд багшийн бичсэнийг цээжлээд, хэлэх ёстой байдаг.
Тэгвэл АНУ-д ном уншиж, багшийн хэлснийг сонсоод, өөрөө дүгнэлт хийж ярихыг зааж (critical thinking) өгдөг. Монгол, АНУ-ын боловсролын салбараас аль алинаас нь авах зүйл бий. Одоо манай хүүхдүүдийн явж буй хувийн сургууль нь дунд сургуулиудаас өөр хөтөлбөртэй.
-Зарим монгол хүн Улаанбаатар утаатай байна гээд өвөлдөө гадаадын улс орнуудад амрахаар явж байна. Зарим нь гадаадад ажиллахаар явж байна л даа. Утаатай хотод байх хэцүү байна уу?
-Утааг бууруулах чиглэлээр яаралтай арга хэмжээ авахгүй бол үнэхээр болохгүй. Агаарын бохирдлын 80 хувийг гэр хорооллын айл өрхүүд ялгаруулж байна гэсэн дүн бий. Тэдэнд тодорхой дэмжлэг хэрэгтэй. Энэ чиглэлээр бид ажиллаж байгаа.
-“Даян дэлхийн ногоон хөгжлийн байгууллага” ямар чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг вэ?
-Манайх олон улсын Засгийн газар хоорондын байгууллага. Гишүүн улс орнуудаа эдийн засгийн өсөлттэй, нийгмийн хүртээмжтэй, байгаль орчинд ээлтэй хөгжилд хүрэхэд нь дэмжлэг үзүүлэх гол зорилготой. Монгол Улс “Даян дэлхийн ногоон хөгжлийн байгууллага”-ын гишүүнээр 2014 онд элссэн. Одоогоор эрчим хүч, хот төлөвлөлт, ус, хөрөнгө оруулалт гэсэн дөрвөн салбарт ажиллаж байна.
Энэ хүрээнд гурван чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Зөвлөх үйлчилгээ, судалгаа, бодлого хэрэгжүүлэхэд туслалцаа үзүүлэх нь нэгдүгээр чиглэлийн ажил. Хоёрдугаарт, хөрөнгө оруулалт зуучлах (сэргээгдэх эрчим хүч хөгжүүлэх, эрчим хүч хэмнэх, ус, газрын бохирдлыг шийдэхэд хөрөнгө оруулалт олох), гуравдугаарт, 27 гишүүн орноо чадавхжуулах, мэдлэг туршлагаа хуваалцахад нь анхаардаг.
-Монголд ямар төслүүд хэрэгжүүлдэг вэ?
-БОАЖЯ болон бусад төрийн байгууллага, Монголын банкны холбоотой хамтран Ногоон зээлийн сан байгуулахаар ажиллаж байгаа. Хөнгөлөлттэй зээл олгох уг санг энэ онд багтаан байгуулахыг зорьж буй. Уг сан нь ил тод, сайн засаглалтай байна. Гэр хороололд амьдарч буй өрхүүдийн бараг 60 хувь нь тодорхой орлоготой. Тэдэнд зориулж хөнгөлөлттэй зээл олгохыг зорино.
Жишээлбэл, цахилгаан халаагуур авах, орон сууцныхаа дулааны алдагдлыг бууруулах, дулааны алдагдал багатай шинэ орон сууц барих, утаа их ялгаруулдаг хуучин автомашиныг хайбридаар солиход нь хөнгөлөлттэй зээл олгох юм. Манай байгууллага эрчим хүчний салбарын хүрээнд гэхэд хог хаягдлаас цахилгаан гаргах төслийн урьдчилсан ТЭЗҮ боловсруулсан.
Мөн барилгын дулаан алдагдлыг хэмжих аргачлал болон сургууль, цэцэрлэгийн барилгыг ногоон болгох талаарх техникийн гарын авлага боловсруулсан. Цэцэрлэгийн ногоон барилгын загвар гаргасныг цөөнгүй хүн мэдэх болов уу. Усны ү н д э с н и й мэдээллийн сан бий болгож, о н л а й н платформыг албан ёсоор нээсэн гээд цөөнгүй ажил хийгээд байна.
-Ногоон зээлийн сангийн хөрөнгийг хаанаас бүрдүүлэх вэ?
-Сангийн хөрөнгийг төр, хувийн хэвшил хамтран гаргана. Уг санг Монголд шинэ бүтэц бий болгоно гэж ойлгож болно. Засгийн газраас тодорхой хэмжээгээр оролцох шаардлагатай. Зах зээлээс арай бага хүү, урт хугацаатай зээл олгох учраас Засгийн газраас, эсвэл зөвшөөрөл, дэмжлэгтэйгээр нь олон улсын донор байгууллагаас хөрөнгө татах боломжтой. Бас өөр хэд хэдэн эх үүсвэр судалж байгаа.
Монголын бүх арилжааны банк тогтвортой санхүүжилтийн зарчмын дагуу зээл олгож эхэлсэн. Дараагийн шатанд зээлийн тодорхой эх үүсвэр бий болгох хэрэгтэй байгаа. Сангаас ногоон хөгжлийн бодлого хэрэгжүүлэхэд хувь нэмэр оруулах төсөл байвал (жишээлбэл, ногоон барилга барих) зээл олгох юм. Хүлэмжийн хийн ялгаруулалтыг бууруулах дэлхийн чиг хандлага бий. Гэр бүл, компаниуд ус, эрчим хүчний хэрэглээгээ багасгах, аль болох бага нөөц ашиглахад нь дэмжлэг үзүүлэх механизм бий болгоно гэсэн үг.
-БНСУ-д гэхэд эрчим хүчээ хэмнэн, хог бага хаях ёстой талаар хүүхдүүдийг цэцэрлэгт байхад нь мэдлэг, мэдээлэл өгдөг юм билээ.
Гэтэл саарал болчихоод буй Улаанбаатарыг ногоон болгоход анхаарах үүднээс хувь хүн, байгууллагууд гээд аль аль түвшинд юунд анхаарах нь зүйтэй вэ?
-Хэчнээн сайхан бодлого байсан ч хүний хандлага, үйлдэл өөрчлөгдөхгүй бол үр дүнгүй. Хэмнэлт гаргах нь хүнд өөрт нь ч ашигтайг ойлгуулах хэрэгтэй. Их ус гоожуулбал төлбөр нь хэрхэн нэмэгдэхийг хүмүүс тэр бүр анзаардаггүй. Монголд цахилгааны үнэ бусад улсынхаас харьцангуй бага.
Гадаадын орнуудад аль болох бага эрчим хүч зарцуулах угаалгын машин, хөргөгч худалдан авахыг илүүд үздэг. Тийм бүтээгдэхүүнийг энгийн бараанаас арай хямд авах систем бий болгомоор байна.
Улмаар сард цахилгааны хэрэглээ хэр багасах, хэдэн төгрөг хэмнэх вэ гэдгийг ойлгуулж, мэдээлэл өгөх хэрэгтэй болов уу.
-Зарим байгууллага, хувь хүнтэй хамтраад Улаанбаатарыг дугуйн замтай болгох төсөл хэрэгжүүлэхээр Таныг сонирхож байгаа гэж сонссон.
-Энэ талаар судалж байгаа. Яамдын мэргэжилтнүүд солигдож, төсөв нь яг тодорхой болоогүй гээд хойшилж байна л даа. АСЕМ-ын үеэр хэд хэдэн газар дугуйн замтай болгох тодорхой ажил хийсэн байна лээ. Мэдээж сайжруулах зүйл олон бий.
-Та дугуй унахаас гадна өөр ямар хообийтой вэ?
-Бямба, ням гаригт гэр бүлээрээ уул руу алхдаг. Эсвэл Хандгайт, Санзайд очиж цанаар гулгадаг. Ер нь спортод дуртай.
-Зарим гадаад хүн Монголд маш их боломж байна гэдэг. Жишээлбэл, бизнесийн боломж ихтэй гэх нь бий. Энэ талаар Та ямар бодолтой байна?
-Мэдээж Монголд хийгээгүй зүйл олон, ялангуяа үйлчилгээний салбарт. Үйлдвэрлэлийн салбарт хэд хэдэн зүйл хийж үзсэн маань амжилттай болох нь уу, үгүй юү. Би физикч, геологич нартай олон жил ажилласан болохоор уул уурхайн салбарыг хөгжүүлэхэд оролцъё гэж боддог. “Даян дэлхийн ногоон хөгжлийн байгууллага”-ын зүгээс биш, хувиараа шүү.
Мэргэжлийн геологийн хайгуул, ашиглалт хийн, байгаль орчинд аль болох ээлтэй байж, ажлын байр, татварын орлого нэмэгдүүлэх боломжийг ашиглах хэрэгтэй гэж үзэж байгаа. Гадаадын хөрөнгийн биржид бүртгэлтэй, Монголд үйл ажиллагаа явуулж буй компаниудад илүү шаардлага тавьж байгаа гэж хардаг.
Уг нь бусад компанид ч өндөр шаардлага тавьж болно. Үйлдвэрт бүтээгдэхүүн баяжуулахад хэр хэмжээний эрчим хүч, ус зарцуулах ёстойг бодитой тооцож үзээд, хэрэгжүүлэхийг шаардаад явбал Монгол Улсад ашигтай.
-Танд Монголын юу нь хамгийн их таалагдаж байна вэ?
-Таван жилийн дотор авто зам ихтэй болсон. Би уралдааны дугуй унах дуртай. 2001 онд ирээд Монголд хэзээ ч уралдааны дугуй авчрах шаардлагагүй, уулын дугуйтай явах юм байна гэж бодсон. Сүүлийн хэдэн жил уралдааны дугуй унах боломж гарсанд баярлаж байгаа.