Уран зургийн олон үзэсгэлэнгийн нээлтийг сурвалжлахдаа түүнтэй таарч байлаа. Тэр үзэсгэлэнгүүдийн эзэд үг хэлэхдээ “Багшдаа баярлалаа” хэмээн түүнийг танилцуулсан учраас ийм тод санаж буй хэрэг.
СУИС-ийн Дүрслэх, дизайн урлагийн сургуульд (одоогийн нэрээр) олон жил багшилсан тэрбээр шавь нараараа бахархан, өдгөө гавьяаныхаа амралтыг эдлэнгээ урландаа өөрийн ертөнцийг бүтээж сууна. Урчуудын эвлэлийн шагналт зураач, дэд профессор Х.Содномцэрэнтэй ярилцлаа.
-Та залуудаа ямархуу өнгө аястай зурдаг байсан бэ. Одоо тэр үеийнхээс хэр өөрчлөгдсөн бол?
-Би 1963-1968 онд Хөгжим бүжгийн дунд сургуульд Төрийн хошой шагналт, Ардын зураач О.Цэвэгжав, Төрийн шагналт, Ардын зураач Д.Амгалан нарын шавь байсан юм. О.Цэвэгжав гуай Францын сургалтыг магтдаг бол Д.Амгалан багш орос дэгтэй. Би анхандаа орос маягийн арга барилаар бодит зураг зурдаг байснаа О.Цэвэгжав багшийн сургаал, дэлхий нийтийн жишгээс суралцан, түүх судлаад урлаг байнга өөрчлөгдөх ёстойг ухаарсан. Ингэснээр миний хандлага ч өөрчлөгдсөн.
-Багш нарынхаа тухай дурсахгүй юу?
-Би их бие муутай хүүхэд байсан юм. Хөгжим бүжгийн дунд сургуульд элсэх шалгалтын үеэр О.Цэвэгжав, Д.Амгалан багш “Чиний бие өвддөг үү. Зовиур байна уу” гэж асуугаад хурууны үзүүрээ өлмийдөө хүргэ гэж шалгаж байсныг нь одоо бодохоор сонин санагддаг. Удаан хугацаагаар сууж чадах, эсэхийг шалгаж байсан нь тэр байж. О.Цэвэгжав багш “Өөрийнхөөрөө зураад байлгүй энгийн хүнийг ч гэсэн гололгүй, тэднээр бүтээлээ шинжүүлж, шүүмжлүүлж бай” гэж сургадаг сан.
Тэрбээр алдарт “Бухын мөргөлдөөн”-өө зурж байхдаа үйлчлэгч эмэгтэйгээс сэтгэгдэл асуухад өнөөх нь айхтар үнэн шүүмж хэлсэн гэдэг. Д.Амгалан багш их ажилсаг. Дадлагаар оюутнуудтай хөдөө явахдаа хонь төхөөрч, гэдэс арилгана. Сайхан ч хоол хийнэ. Хүүхдүүддээ хувцас хүртэл оёдог байсан. Зураасан зургийн олон сайхан бүтээл туурвиж, сайн шавь нар төрүүлсэн буянтай буурлуудын нэг дээ.
-Дээхнэ үед сурлага сайтай оюутнууд гадаадад сурдаг байсан юм билээ. Танд тийм боломж олдоогүй юм уу?
-Би уг нь ЗХУ-ын А.П.Строгановын нэрэмжит Дүрслэх урлагийн дээд сургуульд сурахаар хоёр ч удаа шалгалтад тэнцсэн юм. Гэтэл эхлээд тэнцэхэд ангийн хүүхдийн аав нь Норжмаа гэдэг эмчээр “Содномцэрэн цусны даралттай” гэсэн хуурамч бичиг хийлгээд, хүүгээ миний оронд явуулсан юм билээ. 70 нас хүрсэн би одоо ч тийм өвчингүй шүү дээ. Тэр эмчийг шударга бус юм хийсэн гэж боддог.
Тухайн үед надтай хамт сургуульд тэнцсэн Содномцэрэн гэдэг хүү бас явж чадаагүй. Хүүхдүүдийг гадаад явуулах, эсэхийг шийддэг, Боловсролын яамны Совд, Дамдинсүрэн нарын мэргэжилтэн олон ч оюутныг арын хаалгаар гадаадад сургасан даа.
Орост сурахаар хоёр дахь удаагаа шалгалтандаа тэнцэхэд Монголын Урчуудын эвлэлийн хорооны нэг уран бүтээлч “Чи Москва яваад дэмий дээ. Бие султай олон хүүхэд тэнд очоод уушгиа муутгасан. Чи дотоодод, эсвэл Украинд суралцсан нь дээр” гэж зөвлөсөн юм.
Даанч тэр жил Украинаас сургуулийн хуваарь ирээгүй. Хожим, 1984 онд би Москвад нэг сар амьдарсан юм. Үнэхээр ч над шиг хүн амьдрах аргагүй, арваннэгдүгээр сараас гуравдугаар сар хүртэл их бүрхэг, 15.00 цаг өнгөрөөгөөд л харанхуйлчихдаг газар юм билээ.
“Гадаадад сураагүйдээ зөвдлөө” гэж одоо бодож байна. Хэрэв би тэнд сурсан бол архи нэлээд уудаг, бас орос дэг, хэв маягт автагдаад, түүнээсээ гарч чадахааргүй болох байсан биз.
-Та СУИС-ийн Дүрслэх, дизайн урлагийн сургуульд олон жил багшилсан шүү дээ. Багшлах нь зураачид ямар нөлөө үзүүлдэг бол?
-Кино зураач О.Мягмартай Гачууртын урланд бүтээл хийж байхад Дүрслэх урлагийн сургуулийн оюутнууд дадлагаар ирсэн юм. Хэд хэдэн хүүхэдтэй ярилцахдаа тэднийг Оросын зураач Суриков, Репин, Шишкинээс цааш мэдэхгүйг анзаарч, “Ер нь багш болж оюутнуудын сэтгэлгээг өөрчлөх хэрэгтэй юм байна даа” гэж бодоод өнгөрсөн.
Монголын урчуудын эвлэлийн хороонд 11 дэх жилдээ бие даасан уран бүтээлчээр ажиллаж байхад Дүрслэх урлагийн сургуулийн багш С.Дагвадорж ирээд “Би бие даасан уран бүтээлч болъё гэхээр Н.Цүлтэм дарга “Орон тоо байхгүй. Хэрэв эндээс чиний оронд хүн Дүрслэх урлагийн сургуульд очно гэвэл зөвшөөрнө” гэлээ. Та манай сургуульд багшлаач” гэсэн. Дүрслэх урлагийн сургуульд Ичинноров, Дондог нарын миний дотнын нөхөр багшилж байсан болоод ч тэр үү, би зөвшөөрч, бусдаас жаахан өөр арга барилаар оюутнууддаа хичээл заасан.
Өдгөө миний оюутнууд, шавийн шавь нар орчин цагийн дүрслэх урлагийн нүүр царайг тодор-хойлдог уран бүтээлч болсонд өвгөн багш би сэтгэл хангалуун байна.
-Бүтээл туурвихдаа “Багш учраас” гэсэн хүлээсэнд баригдаж байв уу?
-Ер нь сайн, муу ч бүтээл болж харагдахаар зурах хэрэгтэй. “Өөрөөр сэтгэ” гэж оюутнууддаа “номлодог” хэрнээ өөрөө хуулбарлаж бүтээвэл тэдний сэтгэлгээг өөрчилж чадахгүй учир би хийсвэр зураг зурдаг. Монголчуудын сонирхож авахааргүй төрлийн зураг зурдаг минь ийм учиртай.
Би байгалийн зураг дагнаж зурдаг байсан бол өдийд ядаж нэг “Эксел”-тэй, Гавьяат цол авчихсан байхыг хэн байг гэх вэ. Багш болсон уран бүтээлчид бага цалингаар их зүтгэдэг юм. Дүрслэх урлагийн сургуулийн нэг багшид цөөн хүүхэд ногддог учир манайхан одоо ч бусад их, дээд сургуулийнхнаас бага цалин авдаг.
-Та сайн зураач, багшийн аль нь вэ?
-Би Завхан аймгийн Сонгино сумын сартуул хүн. Өөрсдийгөө магтаж байгаа юм биш шүү. Сартуулуудын мэдрэмж бусдаас арай өөр, юмыг олон өнцгөөс хардаг, аливааг хурдан хүлээж авдаг. Даанч оюун ухааны чадамжаа муу ашигладаг юм.
Сартуул араншингаас минь болсон уу, би хүн сургахдаа муугүй. Ямар ч байсан зөв чиглүүлэх чадвартай гэж ойлгодог. Өөрийгөө сайн зураач гэх нь юу юм, хэмжээндээ л зурдаг. Үхэн үхтлээ л суралцах байх.
-Европын урлагийн сургууль голчлон сонгодог, Америкийнх контемпорари чиглэлийг баримталдаг гэдэг. Та урлагийн чиглэлээр сурах залуучуудад хаашаа явахыг зөвлөх вэ?
-Нүд тайлснаар ухаан тэлдэг. Болж өгвөл газар дээр нь очиж тухайн зургуудыг бодитоор нь үзэх л хэрэгтэй. Европт сурахаар явсан шавийг минь багш нь “Чи зурж чадаж байна. Гэхдээ зурах чухал биш. Чи бодож, сэтгэж хийх хэрэгтэй” гэж сургасан байна лээ. Ер нь багш зөв хандуулбал дотооддоо ч суралцаж болно.
Дэлхий нийтийн урлагийн чиг хандлагыг цахим ертөнцөөр судалчихаж болно шүү дээ. Сэтгэл санаагаа цэгцэлж, юуг сурах хэрэгтэй, дутагдаад байгаагаа мэдрэх шаардлагатай. Үүний дараа өөрөө мэрийх юм бол орон нутагт ч суугаад зурж болно шүү дээ.
-Таны уран бүтээлийн гол ундарга хаанаас эх авдаг вэ?
-Монголынхоо үндэсний урлаг, соёлоос эх авдаг. Малын тамга тэмдэг бол дэлхий дахины урлагт монголчуудын оруулсан том хувь нэмрийн нэг. Хадан дээр сийлсэн дүрсүүдээс л малын тэмдэг Монголд үүссэнийг ойлгож болно. Эрин зууны дизайн урлаг хөгжиж байгаа ч манай тамгыг давж гарахаар бэлгэдэлтэй тэмдэг хийж чадаагүй л байна. Монголчуудын хуучны тэмдэг дээр хэдэн зураас нэмэх зэргээр энүүхэндээ эргэлдэж байгааг банкнуудын логоноос ажиглаж болно.
Хас тамгыг Гитлерийнх, төвдүүд ашиглаж байсан, бас Чингисийн үеийнх гэж яриад байгаа. Хас тамга Чингис хааны үеэс хамаагүй эрт, 2000 гаруй жилийн өмнө үүссэний баталгаа ч бий. Монголчууд эртнээс бусад улстай худалдаа наймаа хийхдээ дэлхийн урлаг соёлыг нэвтрүүлж, өөрсдийнхийгөө ч тараасан. Тэр үеэс л манай бэлгэдэлт тамга тэмдэг дэлхий нийтийнх болсон хэрэг.
-Гэрэл сүүдэр ашигладаггүй хавтгай зурдаг болохоор монгол зургийг ирээдүйгүй, дунд зэргийн зураачдын ашигладаг төрөл гэж ярьдаг хүмүүс байдаг юм билээ. Та ямар бодолтой байна вэ?
-Монгол зураг өөрийн гэсэн өнгө аяс, нүүр царайтай. Харин арга барил нь хоцрогдсон байж болох юм. Япон, солонгосчууд ч манайх шиг хавтгай зурдаг. Дэлхийд алдартай, Японы зураачдын олонх нь XVIII зуунд төрсөн шүү дээ.
Өдгөө япончууд өөрсдийн арга барилаа улам хөгжүүлж буй. Бид монгол зургаа хэзээ ч орхиж болохгүй. Гадаадын хэв маягаас аль болох татгалзаж, монгол зургаа хэрхэн хөгжүүлэх вэ гэдэгт анхаарлаа хандуулах хэрэгтэй байна.
-Уран бүтээлүүдийнхээ ирээдүйг ямраар төсөөлж байна вэ?
-Миний шавь, тэдний шавь нар гадаадын олон оронд зохион байгуулдаг үзэсгэлэнд бүтээлээрээ шалгарч оролцдог. Би зурсан зургаараа биш, сургалтаараа урлагт зохих хэмжээний хувь нэмэр оруулсан. Тэгэхээр шавь нар, тэдний шавийн бүтээл миний ирээдүйг тодорхойлж байна.
-Охин тань бас зураач гэсэн үү. Аав, охины зургийн мөн чанар хэр өөр вэ?
-Тийм ээ, Зэсээ бас миний шавь. Охин минь арай өөр маягаар зурахаар туршиж яваа. Гэхдээ өдгөө Урчуудын эвлэлийн дэргэдэх Залуу уран бүтээлчдийн нэгдлийг хариуцахын зэрэгцээ айлын эхнэрийн үүргээ гүйцэтгэдэг болохоор зав чөлөөгөөрөө л зурдаг. Би хурцдуу, охин минь зөөлөн зантай. Бидний энэ араншин ч бас бүтээлд нөлөөлдөг.
-Уран бүтээлч болоход хугацаа хэр их шаардлагатай вэ. Жинхэнэ уран бүтээл залуу хүнээс төрж болох уу?
-Хөвсгөл нуурыг арай өөр маягаар, нэлээд ажиллагаатай зурснаа урландаа өлгөчихсөн юм. Тэгтэл дунд сургуулийн нэг хүүхэд харчихаад “Та үүнийг авьяасаараа зурав уу, туршлагаараа бүтээв үү” гэж асуусан. Түүнийг би туршлагаараа зурсан хэдий ч арай өөр маягаар бүтээсэн нь басхүү авьяас цухалзаж буйн шинж.
Тэгэхээр миний бодлоор авьяас, туршлага хоёул хэрэгтэй. Туршлагатай уран бүтээлчид л авьяас тодордог гэж ялгах аргагүй. Залуу хүнээс ч бүтээл төрж болно. Гэхдээ суралцсаар, дэлхий нийтийн урлагтай танилцсаар байх хэрэгтэй.
-Бусад урлагийн төрөл таны бүтээлд нөлөөлдөг үү?
-Хөгжим барьцгүй, хамгийн хийсвэр урлаг болохоор ч тэр үү, сэтгэл зүйд нөлөөлөх чадвараараа илүү гэж боддог. Тэгээд ч багаасаа Хөгжим бүжгийн дунд сургуульд хөгжмийн ангийнхантай хамт сурсан, анги бүрт нэг төгөлдөр хуур байсан болохоор хөгжим надад илүү ойр юм даа.