Циркийнхэн түүнийг Батмөнх дарга л гэдэг юм. 40 жилийн тэртээ ЗХУ-д циркийн сургууль төгсөж, залуусын золбоог гайхуулан үе тэнгийнхэнтэйгээ хөх асрыг донсолгон ажиллаж явсан түүх түүнийх. Дараа нь хамт олноо удирдаж долоон жил ажиллачихаад, төрийн хүн болсон юм билээ. Соёл урлагийг хөгжүүлэх санг татан буугдах хүртэл даргаар нь ажиллаж байсан Н.Батмөнх эдүгээ соёл судлалын ажилд түлхүү анхаарлаа хандуулж явна.
Шинэ оны өмнөхөн тэрбээр Соёлын гавьяат зүтгэлтэн болсон. Түүний амьдралын замнал нь циркчин, циркийн дарга, соёл салбарын зүтгэлтэн, соёл судлаач гэсэн дарааллаар үргэлжилж байна.
-Соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртсэн танд баяр хүргэе. Төрийн албаа орхисноос хойш соёл судлалд оюун, хөдөлмөрөө зориулж байгаад баяртай байна.
-Баярлалаа. Төрийн дээд цолоор шагнуулсанд минь баяр хүргэсэн олон хүмүүст, монгол үндэстний түүх, соёл, ёс заншил, эх хэлээ хадгалан хамгаалж, түгээн дэлгэрүүлэн, сурталчлах үйлсэд олон жил хамтран ажилласан Та бүхэнд баярласнаа танай сониноор дамжуулан хүргэе.
Соёл судлал нь хүн болон нийгэм судлалтай салшгүй холбоотой өргөн хүрээг хамрах ойлголт. Даяаршлын эрч хүчтэй түрэлтэд улс үндэстний тусгаар тогтнол, олон улсын хамтын ажиллагаанд зайлшгүй өөрийн оролцоо, нөлөөллөө тусгах судлагдахуун юм. Жаахан дэлгэрүүлбэл, та бидний өдөр тутмын хүнс тэжээл, цахим сүлжээ, ахуйн болон бусад хэрэглээ нь дэлхий нийтээс хоцрогдохооргүй болжээ. Түүгээр ч зогсохгүй гадаад хэл, соёлыг чамлахааргүй эзэмшин нутагшуулж байна.
Энэ нь нэг талдаа сайн хэрэг. Нөгөө талдаа өрөөлөөс суралцаж чадсан юм чинь өөрийн сайн сайхнаас бусдад түгээмээр байна. Тэд биднийг хэр зэрэг мэдэж, сонирхдог бол гэж бодоод үзээрэй. Их хааныг маань, газар доорх баялаг болон дөрвөн жилийн мөчлөгтэй Монголын улс төрийн амьдралын талаар боломжийн мэдээлэл, мэдлэгтэй байх.
Гэтэл бид монголчуудын түүх, соёл, ёс заншлын асар их баялгаас өөрийн гэсэн брэнд бүтээж, тэдэнд хүртээж чадаагүй л гэлдэрч явна. Энэ мэтчилэн яриад, бичээд байвал олон цаг шаардагдана.
Соёл судлал нь шинжлэх ухааны бусад салбараас хожуу бий болсон ч өөрийн түүхэн замнал, онол, арга барил, төлөөлөгчөө бүрдүүлж, олон зуун бүтээлээ түгээж чадсан байна. Хүн төрөлхтний түүхэн хөгжил нь өөртөө соёлын олон төрөл зүйлийг тээдэг ба бүрдэл дотор нь монголчууд бидний түүх, соёл, ахуй багтана. Эндээс соёл судлалын үнэ цэнэ ямар их ач холбогдол, үр өгөөжтэйг ойлгож болно.
Би саяхан Энэтхэг орноор аялаад ирлээ. Хэдэн сая хүн амтай, өргөн уудам нутагтай, олон улсын эдийн засаг, улс төрд өөрийн нөлөөтэй ч, дотооддоо шашны болон улс төрийн хүчний сөргөлдөөн тасардаггүй том гүрэн байна. Тэд өөрийн түүх, соёл, хэлээ маш сайн хадгалан хамгаалахын зэрэгцээ орчин цагийн соёлын илэрхийлэлтэй чадамгай уялдуулан шинэлэг зүйлсийг бүтээж байна.
1976 он, Улсын цирк “Залуусын золбоо” хөтөлбөр
-Монголд цирк судлаач цөөн. Та энэ талбарт юм хийе гэж боддог уу?
-Циркийн урлаг нь хүн төрөлхтний үүсэл, хөгжилтэй нягт холбоотой. Мэдээж балар эртний хүн үдэш, орой түүдэг галын дэргэд циркийн үзүүлбэр тоглон үзүүлээгүй нь лавтай. Гэхдээ тэд ан гөрөө хийх, идэш тэжээлээ олж авахдаа өнөөгийн циркийн үзүүлбэрийн суурь үйлдэл, хөдөлгөөн хийж байсан талаар судлаачдын бичвэрт үлджээ.
Тод жишээ нь, зэрлэг амьтныг гаршуулан тэжээж, улмаар ахуй хэрэгцээндээ ашигласан нь өнөөгийн циркийн амьтан сургаж буйн эх юм. Хэдхэн жилийн өмнө манай судлаачид үхрийн хос эврээс барин, хөлөө дээш нь өргөн гар дээрээ тэнцэж буй хүний дүрс бүхий хадны сүг зургийг Алтайн нуруунаас олсон. Ямар учир шалтгааны улмаас тэд ийм үйлдэл хийж, түүнийгээ хаданд сийлэн мөнхлөв. Тэд юугаар бахархан, юуг хүсэж мөрөөддөг байсан талаар судлах, шинжлэх зүйлс циркчид болон судлаачдад их байна.
Өнөөгийн циркийн урлаг маань бүтээгч, хүртэгч нарын гинжин холбоонд орших цогц тогтолцоо болсон тул түүнийг системийн арга зүйгээр судлах шаардлага үүсчээ. Миний хувьд циркийн урлагийн баялаг их нөөцийн захаас өөрийн хэмжээндээ ганц нэг ном уншиж, судалж байгаа. Манайд энэ салбарын судлаачдын тоо бага байгаа нь үнэн. СУИС-ийн захиргаа үүнд шүүмжлэлтэй хандан, соёл судлаач нарыг энэ зүг рүү хандуулах оролдлогыг эрчимтэй хийж байгаа нь талархууштай.
-Саяхан Монголын мэргэжлийн циркчдийн нэгдсэн холбоо байгуулагдаж, таныг ерөнхийлөгчөөрөө сонгосон. Та анх энэ саналыг хэрхэн хүлээж авсан бэ?
-Манай оронд циркийн урлагаар үйл ажиллагаа эрхэлдэг 20 гаруй хамтлаг, бүрэлдэхүүн ажилладаг юм байна. Эдгээр залуус нийлж, өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Монголын циркийн урлагийн цаашдын хөгжил, жүжигчдийн эрх ашиг, мэргэжлийн онцлог, уран бүтээлийн бодлого гээд хамтын хүчээр шийдвэрлэх олон асуудлаа цэгцлэх зорилгоор тус холбоог байгуулан надад хамтран ажиллах санал тавьсан.
Надад “Би амжихгүй” гэж хэлэх зүрх, бодол төрөөгүй. Учир нь өнөөгийн Монголын циркийн урлагийн хөгжлийн бодлого, уран бүтээл туурвиж буй нөхцөл, уран бүтээлчдийн нийгмийн хамгаалал, давтан сургалт, аюулгүй ажиллагаа, зах зээлийн өрсөлдөөн зэрэгт анхаарлаа хандуулж, шинэчлэл хийх зайлшгүй байдал үүссэн.
Залуус эдгээр асуудлаа олж харж, хамтран шийдвэрлэхээр үе үеийн циркчдээ урьсан нь маш оновчтой. Дашрамд хэлэхэд, энэ холбооноос хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө гаргаж, соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хамтран ажиллах санал хүргүүлээд байгаа.
-Цаашид танай холбоо ямар ямар ажил хийх бол. Ирээдүйгээ хэрхэн харж байгаа вэ?
-Холбооны удирдах зөвлөлөөс баталсан ажлын төлөвлөгөөний дагуу арваннэгдүгээр сард Нийгмийн даатгалын ерөнхий газартай хамтран сургалт зохион байгуулсан. Циркийн урлаг төдийгүй бусад уран бүтээлч анхаармаар асуудал, өөрчлөх шаардлагатай зүйлс өнөөгийн хэрэгжиж буй нийгмийн даатгал, тэтгэврийн хууль тогтоомжид байгааг бид дээрх сургалтын үер олж мэдлээ. Залуу насандаа урлагийн тайзнаа үзэгч олноо баясган ур чадвар, авьяас билгээрээ “баярхаж” явахдаа өтөл насанд юу хийхээ төдийлөн анзаардаггүй бололтой, бид.
Циркийн урлагийн акробат, уран нугаралт, амьтан сургагч, хүнд жингийн жүжигчин нь 20 жил мэргэжлээрээ ажиллаад өндөр насны тэтгэвэр тогтоолгох боломжтой талаар хуульд заасан боловч сайн дураар нийгмийн даатгалд хамрагдаж буй өнөөгийн циркчдийн хувьд энэ заалт нь үйлчлэх боломжгүй гэнэ. Заавал ажил олгогчоор дамжин, албан журмын даатгуулагч болсон тохиолдолд энэ заалт хамаатай. Энэ нь Улсын цирк байх үед л хэрэгжиж байжээ.
Тогтмол орлогогүй, улирлын чанартай үйл ажиллагаа явуулж буй мэргэжлийн циркчдийн нийгэм, эрүүл мэндийн даатгалд зохих өөрчлөлт оруулах шаардлага бий болжээ. Энэ талаар бид Нийгмийн даатгалын ерөнхий газартай хамтран ажиллахаар боллоо. Мөн арванхоёрдугаар сард Нийслэлийн мэргэжлийн хяналтын газартай хамтран хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны талаар сургалт зохион байгуулсан.
1972 он.
-Циркчин байхын жаргал, зовлонг та сайн мэдэх байх. Энэ нь хувь тавилангийн сонголт уу, эсвэл нийгмийн нэгэн байр суурь мөн үү. Монголын нөхцлийг олон улсын түвшинтэй харьцуулахад ямар ялгаатай вэ?
-Бусад хүний сонголтыг би сайн мэдэхгүй юм. Миний хувьд багаасаа циркчин болно гэж бодож, мөрөөдөж байсангүй. Дунд сургуульд сурч байхад найзынхаа “ЗХУ (хуучин нэрээр)-д циркийн сургуульд хүүхдүүд шалгуулж байна, би оролцмоор” байна, чи хань болоод хамт очоод өгнө үү гэсэн хүсэлтийг дагаж, элсэлт авч буй газар нь очсон.
Харамсалтай нь, найз маань тэнцсэнгүй. Харин би тэнцсэн. Хувь тавилан маань намайг циркчин болгосон юм уу даа. Цирк нь хувь хүнд асар их эрсдэл дагуулсан урлаг. Анхаарал, болгоомжгүй хандсан нэг л хөдөлгөөн, үйлдэл амь нас эрсдүүлж ч болзошгүй. Циркчид бид энэ гашуун зовлонг амссаар яваа.
Хувийн сонголтоор ч, хувь тавилангаар ч тэр өөрсдийн амьдралаа энэ урлагтай холбосон Монголын үе үеийн циркчдийн ур чадвар, авьяас билгээр бүтсэн сайхан уран бүтээлүүд эх орондоо төдийгүй гадаадын олон зуун мянган үзэгчдийн нүд, сэтгэлийг баясган “Монгол цирк” хэмээх нэр хүндийг олон улсын манежнаа тодотгож чадсан төдийгүй, уран нугаралт хэмээх төрлийг бий болгон, дэлхийн циркийн урлагийг баяжуулсан нь бахархалтай.
Монголын циркийн бүтээлүүд нь олон улсын түвшинд нэр хүнд сайтай, гэхдээ үүнийгээ бид баяжуулан, чанаржуулахгүй бол хэсэг хугацааны дараа “Бид тийм байсан шүү” гэх дурсамжаас өөр зүйлгүй хоцрох магадлал өндөр л юм даа.
-Хүн байх, хүн чанартай байх, мөн чанартаа үнэнч байх тухай хүмүүс ярьдаг. Тэгвэл чин сэтгэл, хүн чанарыг бий болгож, дэмжиж торддог зүйл нь соёл урлаг юм болов уу. Нийгэмд бухимдал, сөрөг хандлага давамгайлах болсон энэ үед танай салбарынхнаас уян ухаан шаардаад байна уу даа?
-Нийгмийн өөрчлөлтөө дагаад хүний үйлдэл, эс үйлдэл нь өөрчлөгдөж буй байх. Аливаа зүйлд хүний зүгээс зүй ёсны, эсвэл тохиолдлын үйлдэл хийдэг. Хийсэн үйлдэл нь хүн чанартай холбоотой болов уу. Сайн хүн болох гээд юм болгоныг хүлээн зөвшөөрөөд байж болохгүй. Хувь хүн өөртөө, ард түмний өмнөөс шийдвэр гаргаж буй албан тушаалтан нь нийгэмд ашиг тустай шийдэл гаргаж байх нь зохистой. Урлагийн хүмүүсийн ажил, мэргэжил нь тэднийг ихэд уян зөөлөн, тэвчээртэй, хүлээцтэй болгодог байх. Амьдралд хар бараан үзэгдэл олон ч манайхан юманд өөдрөг сэтгэлээр ханддаг.
Монгол, хятад эсвэл америк хүний чанар гээд үндэс угсаагаар нь ялгаад байх нь ямар бол, би сайн мэдэхгүй юм. Оршин амьдарч буй газар нутаг, үүх түүх, зан заншил, ахуй амьдрал гээд ялгаатай зүйлс байгаа ч хүн гэдэг бодьгалийн хувьд эдгээр үндэстэн бүр адилхан л аятай тухтай орчинд, гэдэс цатгалан, ажил төрөлтэй, үр хүүхэд нь эрдэм боловсролтой өсөж, өөрсдөө өвчин зовлонгүй, сэтгэл амар амгалан гачигдах зүйлгүй амьдрахыг хүсдэг.
Энэхүү хүслээ бид хамтын хүчээр бий болгодог байх аа. Дан ганцаараа хүн бол юу ч биш, тиймээс олуулаа нэгдэж байж өөрсдийн хүсэл мөрөөдлөө биелүүлдэг. Энэ хүсэл мөрөөдлийг хэрэгжүүлэх үйлсэд хэн нь хэр зэрэг үнэнч хандаж байгаад Таны асууж буй хүн чанар гэдэг ойлголт оршиж байгаа болов уу.
-Та Соёл урлагийг хөгжүүлэх сангийн дарга байсан учраас урлагийн олон төрлийн мэргэжлийн хүмүүстэй харилцаж, хамтран ажиллаж байсан. Ер нь энэ салбарын хүмүүс нийгэмд ямар үлгэр дуурайл үзүүлж, юуг өөрчлөөсэй гэж та боддог вэ?
-Хүмүүс (үзэгчид) урлагийн тайзнаас маш их үлгэр дуурайл авдаг. Жүжигчдийн бүтээсэн дүр, түүний хувийн амьдрал, тэдний яриа хэллэг, үйлдэл, хувцаслалт, үс засалт гээд олон зүйлийг маш ойрхон болоод дотно хүлээж авдаг. Энэ нь олон жилийн түүхтэй, бараг л бичигдээгүй хууль юм даа. Иймд урлагийн хүмүүс өөрсдийн үйлдэлд маш болгоомжтой, хянуур хандах ёстой.
Хувийн амьдрал, ажил төрлөө сайхан авч явдаг, олны үлгэр дуурайл болсон уран бүтээлчид дотоод, гадаадад олон бий. Олны танил болсон авьяастнууд нийгмийн хөгжилд, бэрхшээл дагуулсан асуудалд олныг үлгэрлэн дуудаасай гэж бодож явдаг.
Утаа, улс төрийн хоосон амлалт хоёр Монгол орныг сүйтгэх нь. Нийслэл хотын утааг багасгах талаар сүүлийн 10 гаруй жил албан тушаалд томилогдсон хүн бүр ярилаа. Улстөрчид хоосон яриад л байдаг, утаа нь хэвээрээ бид бүгдийг хордуулсаар л байна. Улс орноо хоосон амлалт, хийрхэж, цэцэрхсэн улс төргүй болоосой гэсэн бодол бараг хүн бүрт байгаа даа. Шинээр төрж буй хүүхэд надад мөнгө өг гэж нэхээгүй дээ.
Оюутнууд сар бүр мөнгө өгөхгүй бол энэ сургуульд чинь сурахгүй гэж гөжөөгүй дээ. Манай улстөрчид л өөрсдөө мөнгө өгнө гэж амлаж, холуур явсан гайг өөрийнхөө толгой дээр авчирсан. Энэ мэт хоосон амлалтдаа ороогдож, амь тавих дээрээ хүрлээ. Сайн хүн болох гэж, юм болгоныг мэддэг дүрд хувирах гэж хэт их улайрах нь зохисгүй болоод аюултай. Бодит үнэнийг хэлээд, шийдлээ түргэн хэрэгжүүлэхэд нь манай салбарынхан улс төрчдөд үлгэр дуурайл болоосой гэж хүсэж байна. Манай улсад нийгмийн том өөрчлөлт хэрэггүй, бид өөрчлөлтөө 1990 онд хийсэн.
Одоо хэрэгжүүлэх ажил үлдсэн. Нэгэн сонгуулийн мөчлөгт хийсэн зүйлсээ дараагийн сонгогдсон нөхөд нь үргэлжлүүлэн хийгээсэй. АН хийж эхэлсэн тул бид хийхгүй, МАН санаачилсан бол бид зогсооно гэсэн хэт туйлшрал дунд бид явна. Ганц жишээ дурдахад, Чингисийн талбай гэсэн нэрийг яаралтай солих нь улс орны эдийн засгийн хөгжилд тийм чухал зүйл үү. Хэнтий аймгийн төв Өндөрхаан гэсэн далд утга санаа, бэлгэдэл агуулсан нэрийг Чингис хот хэмээн сольсон нь хөгжил дэвшил үү. Манай салбарынхан үүнд л үлгэр дуурайл болж дуу хоолойгоо өргөөсэй.
Насаараа дарга хийж, аливаа зүйлийг дэс дараатай, цэгцтэй, төлөвлөж, хэрэгжүүлэх арга барил эзэмшсэн түүнтэй ярилцах сайхан байлаа.
“Хүн бүрт өөрийн амьдрах арга ухаан байгаа, хэн нэгнийг дагаж, бас дуурайх хэрэггүй. Ухаантай хүн, хүний алдаанаас суралцдаг гэнэ лээ. Надад тэр алдаа, дутагдал чамгүй байгаа. Харин нүд анитлаа бусдаас суралцах хэрэгтэй гэсэн үг толгойд маань эргэлддэг шүү. Манай салбарын нэр хүндтэй алдартнаас эхлэн дөнгөж сургууль төгссөн авьяастнаас ч суралцах зүйлс их байгаа” гэсэн түүний үгээр ярилцлагаа жаргаая.