Шинэ оны босгон дээр Монгол Улсын Гавьяат тамирчин хэмээх эрхэм цолыг хүртсэн Доржнямбуугийн Отгондалайг “Өнөөдөр”-ийн зочин хоймортоо урьж ярилцлаа.
2016 оны Рио-гийн олимпод Монголынхоо төрийн далбааг мандуулсан хоёр гавьяатны нэг тэрбээр “Монгол Улсын Гавьяат тамирчин Отгондалай” гэж зарлуулаад рингэнд гарах тэр мэдрэмж их сайхан байдаг юм байна” гээд инээмсэглэв.
-Уржигдар өндөрлөсөн Сонирхогчдын боксын 2017 оны насанд хүрэгчдийн УАШТ-ээс хоёулаа яриагаа эхэлье.
60 кг-ын жингийн аваргын төлөөх тоглолт Спортын төв ордонд цугласан үзэгчдийг дуу алдуулж, суудлаас нь өндөлзүүлсэн шүү дээ. Таны хувьд найм дахь удаагаа улсын аварга болчих хүсэл их байсан байлгүй?
-Энэ жилийн улсын аварга шалгаруулах тэмцээн маш сайхан болж өндөрлөлөө. Миний хувьд насанд хүрэгчдийн УАШТ-д 11 дэх жилдээ финалдахдаа долоон удаад нь аваргалж, дөрөвт нь мөнгөн медаль хүртээд байна. Энэ жил би хий насаараа 30 хүрч байгаа юм. Бидний залгамж халаа болсон залуу тамирчдын маань ур чадвар хэрхэн өсөж буйг харахад сайхан байна.
“Олимпын медальтай юм шүү”, “Олон жил хичээллэсэн туршлагатай юм шүү” гэж дээд үеийнхнээсээ эмээж бэргэлгүй, шударга сайхан тулалдсан дүү нартаа баяр хүргэх нь зүйтэй. Хэдийгээр хүн шүүдэг ч гэлээ бокс бол эр улсын хоорондын шударга спорт гэж би боддог. Нэг нь ялж, нөгөө нь ялагддаг л дэвжээ. Аваргыг ялж аварга болдог гэдэг дээ. Тиймээс дүү нартайгаа шударга сайхан тулалдаад, мөнгөн медаль хүртсэндээ баяртай байна. “Би хожигдчихлоо” гэж гомдож, шаралхах зүйл надад байхгүй.
-Таныг сая жин их хассан гэж сонссон. Хөнгөн жингийн тамирчдын хувьд жин хасах амаргүй байдаг гэдэг. Хэзээ жиндээ оров?
-Олимпоос ирснээс хойш тэмцээн уралдаангүй байсан болохоор хөдөө гадаа их явж, амарч зугаалаад жин ер нь нэлээд нэмсэн. Сая УАШТ-д 60 кг-ын жиндээ орохын тулд багагүй зүдэрлээ (инээв). Гэсэн ч богино хугацаанд 10-11 кг жин хасаж, өөрийн жиндээ орж чадсандаа их баяртай байгаа. Гэр бүлийнхэн минь ч намайг өмнөө тавьсан зорилгодоо хүрсэнд их баярласан даа. Хоёр оны зааг дээр нутагтаа очиж, Ё.Төмөрбатаа багштайгаа бэлтгэл хийж жиндээ орсон.
-Рингэн дээр цус нөжтэйгөө холилдтол нүдэлдэж буй хоёр залууг харахад нүд халтирмаар юм билээ.
Гэхдээ “Сонирхогчдын боксын 2017 оны насанд хүрэгчдийн 60 кг-ын жингийн улсын аваргаар Э.Цэндбаатар тодорлоо” гээд зарлахад Цэндээ ихэд баярлан, таныг тэврээд өргөж байгаа тэрхүү агшныг харах их сайхан байсан. Спорт үүгээрээ л гайхамшигтай байдаг юм болов уу...
-Тэгэлгүй яах вэ. “Цусаа гартал зодолдож, тосоо гартал тэврэлдэнэ” гэдэг чинь манай боксынхонд зориулсан үг байхгүй юу (инээв). Цэндээ маань жил ирэх тусам өсөж яваа их ирээдүйтэй тамирчин. Токиогийн олимпод манайхны найдлага тавьж буй боксчдын нэг. Бид хоёрын хувьд дээд, доод жинд тоглодог ах дүүс. Энэ удаа нэг жинд хүч үзлээ.
Энэ жилийн УАШТ-ий үеэр манай 60 кг-ын жингийн шилдэг тамирчин О.Батхүү ах зодог тайлав. О.Батхүү ах маань хаа холын Америкт амьдарч байгаад эх орондоо ирж, 2014 оноос хойш миний жинд ороод, бэлтгэл хангалцаж, намайг ирлэж хурцалж байсан хүн. Өнгөрсөн гурван жилийн хугацаанд миний гаргасан амжилтын багагүй хувь нь энэ хүнтэй холбоотой учраас ахдаа маш их баярлалаа гэж хэлье. Тухайн тамирчны амжилт, спортын амьдралын замнал олон хүний хичээл зүтгэлээс шалтгаалдгийн жишээ энэ юм.
-Боксчид толгойны хамгаалалтгүй тоглодог болсон ч гэлээ саяынх шиг тэгж айхтар цус нөжөө гартал нүдэлдсэн тохиолдол дотоод, гадаадын тэмцээн дээр нэг их харагддаггүй. Тэр хүнд тоглолтыг дэргэдээс нь хараад сууж байсан гэргийд тань бүр ч хэцүү байсан болов уу. Тоглолтын дараа танай хүн юү гэж байх юм?
-Энэ удаагийн тоглолтын үеэр магадгүй хамгийн их цус гарсан нь үнэн байх аа. Ямар сайндаа л манайхан “Хоёр үхэр мөргөлдөж байгаа юм шиг л байлаа” гэж биднийг цаашлуулаад байгаа (инээв). Гэхдээ яах вэ, энэ бол эр хүний, эр зоригийн тулаан.
Мэдээж эхнэрт маань амар байгаагүй нь ойлгомжтой. Сэтгэл нь өвдсөн бололтой, тоглолтын дараа “Ингэж зовох ч гэж дээ, миний хань ер нь болих юм уу” гэж үг цухуйлгаж байна лээ. Гэхдээ дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс медаль авахыг хүсэж байгааг минь мэдэх учраас ямагт дэмжинэ ээ. Намайг өдий зэрэгтэй амжилт гаргахад ар гэрийн бүх асуудлыг түүртэлгүй зохицуулж ирсэн ханьдаа хязгааргүй баярлаж явдаг шүү.
-Боксчин хүний гэр бүлийнхэн сэтгэл зүйн хувьд дарамттай байдаг болов уу. Цохиулахад нь хүртэл өмнөөс нь өвдөж, шаналдаг байх гэж боддог юм...
-Тийм шүү. Тэмцээнтэй өдөр бол манай хүн тоглолтын өмнө надаас илүү сандарч догдолдог. Жин хасаад, хялайчихсан хэвтэж байхад “Миний хань ядаж аяга шөл уучихгүй юм уу” гэнэ. Надтай хамт хоосон хонож, надтай хамт шаналах үе түүнд минь бишгүй.
-Таныг харахад сэтгэл хөдлөлөө ил гаргачихдаг, нээлттэй хүн шиг санагддаг. Аав болохдоо уйлж байв уу?
-Аав болохдоо уйлсаан. Том охиноо хараад, гар дээрээ тавихад өөрийн эрхгүй нулимс гардаг юм билээ. Бага охиноо төрөхөд би Кубад тэмцээнтэй явж байв. Тэр үед эхнэр маань гэртээ ганцаараа байсан тул өөрөө машинаа бариад, амаржих газарт очиж төрсөн юм. Тэгэхэд хүний нутагт өөрийн эрхгүй баяр, гунигийн нулимс зэрэг унагаж байлаа.
-Өөрөө машинаа барьж очоод, амаржсан хэрэг үү?
-Тийм ээ. Эмнэлгийн гадаа машинаа тавиад, ганцаараа дотогшоо орж амаржсан гэдэг. Тэгэхэд л эмэгтэй хүн ямар их тэвчээр, ухаанаар энэ амьдралыг авч явдаг юм бэ гэж бодоод, эхнэрээрээ бахархах, өрөвдөх зэрэгцсэн дээ.
-2017 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож, медаль авахыг зорьж буйгаа та ярьсан байсан. ДАШТ-д явуулах тамирчныг сонгох чухал үзүүлэлт нь УАШТ байдаг.
Гэхдээ сая түрүүлсэн Э.Цэндбаатарын хувьд 56 кг буюу өөрийн жиндээ оролцоно гэсэн учраас танд боломж байгаа гэж ойлгож болох уу?
-Хэрэв боломж гарвал ДАШТ-д оролцож, дэлхийн аварга болохыг маш их хүсэж байна. 60 кг-ын жиндээ миний рейтинг өндөр байгаа, надад тийм нөөц боломж ч бий. Хэдийгээр араас түрэн гарч ирж буй дүү нар мундаг байгаа ч миний хувьд одоохондоо “харих” болоогүй.
-2020 оны Токиогийн олимп таны санаанд багтаж байх юм уу?
-Тэрийг одоохондоо хэлж мэдэхгүй байна.
-2014 оны аравдугаар сард таныг Азийн наадмын аварга болоод ирэхэд тань бид ярилцаж байсан. Тэр үед Оки 2015 оны ДАШТ-д амжилттай оролцоод, Рио-гийн олимпыг зорих тухай ярьж байсан нь өдгөө биеллээ олжээ.
Мөн Монгол Улсын Гавьяат тамирчин хэмээх эрхэм цолыг хүртлээ. Хүсэл мөрөөдлөө биелүүлсэн танд баяр хүргэе.
-Их баярлалаа. Шинэ оны босгон дээр Монгол Улсын Гавьяат тамирчин хэмээх эрхэм хүндтэй цолыг хүртэж, гавьяатуудын эгнээнд багтсандаа маш их баяртай байгаа. 2015 оны ДАШТ-ээс медаль авах зорилготой байсан ч шагналт V байрт шалгарсан. Медаль авах боломж байсан ч булхайтай шүүлтээс болоод чадаагүй. Миний хувьд гурван удаагийн ДАШТ-д иймэрхүү байдлаар ялагдал хүлээж буй.
Тиймээс энэ жил заавал медаль хүртэхийг зорьж байна. Зуны олимпын XXXI наадмаас медаль хүртсэнийг минь төр, засаг өндрөөр үнэлэн Гавьяат тамирчин цолоор шагнасанд баярлаж талархаснаа энэ дашрамд илэрхийлье. Монголынхоо ард түмний энэ их хайр хүндлэлийг хүндэтгээд, 2017 оны УАШТ-д заавал өөрийн жиндээ оролцоно гэсэн зорилгодоо хүрлээ.
-Гавьяат цол хүртэх гэж буйгаа анх хэзээ, хэрхэн мэдсэн бэ?
-Арванхоёрдугаар сарын 27-ны орой гэртээ байхад Ерөнхийлөгчийн Тамгын газраас утасдаад энэ мэдээг дуулгасан. Гэр бүлийнхэнтэйгээ хамт байсан болохоор баярт мөчөө тэдэнтэйгээ хуваалцаад, “Маргааш Гавьяат болох нь байна шүү” гэдгээ хамаатан садан, боксын багийнхан, найз нөхөд, Дорнодод байгаа багш руугаа утсаар мэдэгдсэн дээ.
-Танай гэр бүл, ойр дотнынхон дунд Гавьяат цолтой хүн бий юү?
-Одоохондоо манай удмынхнаас төрсөн анхны Гавьяат нь би. Тиймээс манайхан их баярласан. Арванхоёрдугаар сарын 28-нд Гавьяат цолоо аваад, тэр оройдоо нутаг руугаа явсан. Нутаг усныхан, хамаатан садан, найз нөхөд маань маш сайхан хүлээж авлаа.
Аймгийн ЗДТГ болон “Талын бүргэд” боксын клуб, Дорнод аймгийн морин спорт, уяачдын холбоо зэрэг хэд хэдэн газрын шинэ жилийн арга хэмжээнд уригдан оролцлоо. Би Дорнод аймгийн уяачдын холбооны тэргүүлэгч гишүүн гэж явдаг юм.
-Моринд хорхойтой байх нь ээ?
-Тийм ээ. Багаасаа хурдан морь унаж өссөн л дөө. Би Дорнод аймагт төрсөн боловч аав, ээж маань хоёулаа Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын уугуул.
Манай том ах Сүхбаатар суманд амьдардаг учраас зуныхаа амралтаар тэднийд очиж, хурдан морь унана. Жаахан том болсон хойноо морьдынх нь уяа сойлгыг тааруулалцана. Тиймээс моринд их хорхойтой.
-Таны Гавьяат цолыг сая холбооныхон тань хурдан удмын морьдоороо мялаав уу?
-Тэгсэн тэгсэн. Дорнод аймгийн сум сумдын уяачид хурдан хүлгээ бэлэглэсэн. Ер нь яваандаа би морь уях байх аа.
-Нэг их удахгүй “Олимпын хүрэл медальт, Гавьяат тамирчин Отгондалайгийн тийм зүсмийн морьд улсын наадамд түрүүлж, айрагдлаа” гэвэл гайхах зүйлгүй байх нь?
-Манай Дорнод, Сүхбаатар аймгийнхан хэзээнээсээ хурд сайтай гэдэг шүү дээ. Ирэх жилээс ямар ч байсан Дорнод аймгийн наадамд миний нэр дээр хэдэн адуу уралдах байх аа.
-Дорнодын “Талын бүргэд” клубт хамт хичээллэж, УАШТ-д оролцож байсан нөхдөөс тань одоо нутагтаа хэд нь байна вэ. Сая Гавьяат болоод очиход тэд их баярласан байх?
-Ё.Төмөрбатаа багшийнхаа удирдлагад хичээллэж, УАШТ-д амжилттай оролцдог байсан 10 хүүгээс одоо Монгол Улсын шигшээ багт Э.Идэрхүү, Н.Шинэбаяр бид гурав байна. Бусад долоо нь нутагтаа ажиллаж, амьдарч байгаа. Бид ер нь байнга холбоотой байдаг юм.
-Тэдэнтэйгээ сүүлд тоглоом наадмаар ч юм уу, бокс тоглож үзэв үү. Жингийн зөрүү хол болсон байх даа?
-Манай хэдээс сая хоёр нь улсын аварга шалгаруулах тэмцээнд ирж оролцлоо. Нэлээд хэдэн жил бокс тоглоогүй байж байгаад сая бид хамтдаа бэлтгэл сургуулилалт хийсэн юм. Жингийн зөрүү мэдээж холдолгүй яах вэ. Урьд нь 67 кг-д тоглож байсан найз маань сая +91 кг-ын жинд оролцлоо.
-Таны хувьд олон жил 60 кг-ын жинд тоглож байгаа шүү дээ. Цаашид ч тэгэх үү?
-Тийм ээ. Би 2008 оноос хойш 60 кг-ын жинд тоглож байна. Есөн жилийн турш нэг жинд тоглоно гэдэг тамирчнаас асар их тэвчээр шаарддаг. Бокс бол залуу насны спорт.
Одоо би хэдийгээр 30 хүрэх гэж байгаа ч энэ олон жилийн турш 60 кг-ын жинд Монгол Улсынхаа нэрийг тив, дэлхийд гаргаж ирсэндээ баяртай байдаг. Цаашид ч энэ жиндээ л тоглох бодолтой байгаа.
-Уучлаарай, Окигийн баруун гарын шулуун цохилт мундаг ордог гэдэг. Энэ цохилтын “амтыг” боксын рингнээс өөр газарт үзүүлж байв уу?
-Хүүхэд байхад үеийнхэнтэйгээ гэмгүй нударга зөрүүлэх үе байлгүй яах вэ. Харин тамирчин болсноос хойш огт тэгээгүй ээ. Спорт хүнийг хүмүүжүүлдэг гэдэг нь тэр л дээ.
Тамирчдыг чаддаг зүйлээрээ хүнийг айлгаж сүрдүүлж, далайлгаж хэзээ ч болохгүй гэдэг. Бид харин ч дээрэлхүүлэх маягтай олон зүйлийг өнгөрөөдөг дөө (инээв).
-Охид аавдаа илүү талтай байдаг гэдэг. Танай охид ч тийм байна уу?
-Тэр үнэн. Манай том охин аав амьтай. Бэлтгэлд явахаар араас ээжийнхээ утсаар залгаад, “Аав аа, хурдан ирээрэй” л гээд байдаг юм.
-Та хүүхдийн дуу сайн мэдэх үү?
-Хүүхдийн дуунууд гайгүй мэднэ ээ. Сүүлийн үед долоон сартай охин маань “Pororo” гээд хүүхэлдэйн киног их үздэг болоод байна. Охинтойгоо нийлээд “Pororo”-гийн дууг сураад байгаа.
15 настайгаасаа хойш 15 дахь жилдээ боксоор хичээллэж буй Д.Отгондалай гавьяат маань ярилцлагынхаа төгсгөлд Монголын боксын холбоо, ХХЕГ, “Хилчин” спорт хороо, АПУ хувьцаат компани болон Дорнод нутгийн зон олондоо баярлаж талархаж явдгаа илэрхийлснийг нь уламжилъя. Тамирчны ялалт хямдхан олддоггүй болохоор Окиг төдийгөөс өдий хүртэл нь дэмжин тусалж ирснийхээ хүчээр олимпын медальтан болгосон та бүгдэд уншигчдынхаа өмнөөс мөн талархал дэвшүүлье.