Орчин үеийн амьдралын хурд, улс орнуудын улс төрийн болон эдийн засгийн тогтвортой бус байдал, хувь хүний амьдралын ээдрээ, нугачаа зэргээс болсон түмэн янзын асуудлаас болж сэтгэл дундуур, бухимдалтай байдалд оруулдаг зүйл эргэн тойронд дүүрэн байдаг билээ. Олон хүний хувьд энэ бухимдалтай байдал амьдралынх нь нэг хэсэг болон цааш үргэлжилсээр байдаг нь тун харамсалтай.
Гэхдээ стресс болгон муу биш. Бага зэргийн тунтай стресс нь танд дарамт учруулах хэдий боловч, оюун ухааныг тань хурцалж, хийж бүтээх урам, зориг ороход чинь туслах болно. Харин байнга сэтгэлийн дарамттай байгаад байвал таны оюун ухаан, бие махбодь тэр ачаалалыг үүрэх болдог. Хэрэв танд стрессийн шинж тэмдэг байж ,түүнийг хүлээн зөвшөөрч байвал хор нөлөөг нь бууруулах арга хэмжээ авах замаар өөрийгөө хамгаалж чадна.
СТРЕСС ГЭЖ ЮУ ВЭ?
Стресс гэдэг нь сэтгэлд таагүй байгаа аюулыг мэдрэх тэр мөчид таны бие махбодийн өгч буй хэвийн хариу үйлдэл юм. Аюултай байдал үүссэнийг мэдрэх тэр үед организм өөрөө автоматаар энэ жинхэнэ үү? эсвэл хийсвэр зүйл үү? гэдэгт анализ хийж үүний эсрэг тэмцэх үү? аль эсвэл болих уу ? гэдэгт хариулж буй үйлдэл нь стресс юм. Стресс үүсэж буй бие махбодийн энэ үйлдэл нь таныг хамгаалж буй хэрэг бөгөөд бүх зүйл зөв байхад төвлөрүүлж, эрч хүчтэй байх дохио бас болдог. Онцгой байдлын үед стресс таны амьдралыг аварч чадна. Жишээ нь та өөрийгөө хамгаалахын тулд нэмэлт хүч чадал орж, эсвэл осолд орохоос чинь өмнө тоормос гишгэх мэт хөшүүрэг болно.
Стресс мөн хүнд хөнгөн сорилтуудыг даван туулах, цаашид өсөн дэвжихэд тань тусалдаг. Таныг тоглоом тоглоход, спортынн уралдаан тэмцээнд оролцож байгаа үед анхааралыг чинь хурцлан төвлөрүүлж, шалгалт өгөхөд тань чиглүүлж , олны өмнө өөрийгөө илэрхийлэхэд зоригжуулж өгнө.
Гэхдээ стресс тустай хэдий ч даамжрахаараа эрүүл мэнд, сэтгэл санаа, бүтээмж, таны харилцаа холбоо, амьдралд чинь томоохон хохирол учруулж эхэлнэ.
СТРЕССИЙН ҮЕД БИЕ МАХБОДИЙН ҮЗҮҮЛЭХ ХАРИУ ҮЙЛДЭЛ
Та аюулыг мэдрэх үед мэдрэлийн системийн стресс гормон - адреналин ба кортизол дааврууд автоматаар ялгарсны дүнд биеийн стресс хариу үйлдэл болон илэрдэг. Эдгээр дааврууд нь бие махбодийг яаралтай бэлэн байдалд оруулдаг.
Энэ үед зүрх түргэн цохилж, булчин чангарч, цусны даралт нэмэгдэж, амьсгал түргэсэн, мэдрэхүй улам хурц болно. Эдгээр бие махбодийн өөрчлөлт нь хүч чадал, тэсвэр тэвчээр болон хариу үйлдлийн хурдыг нэмэгдүүлж, анхаарлыг төвлөрүүлж, энэ байдалтай хэрхэн тэмцэхэд бэлдэнэ. Үүний зэрэгцээ, энэ үед бие махбодийн зүгээс хоол боловсруулах эрхтэн, дархлааны системүүдийг ажиллуулах уу? зогсоох уу? эдийн өсөлтийг удаашруулах уу? гэдэг нь стресстэй тэмцэх үү? болих уу? гэдгээс хамааралтай байдаг. Аюул өнгөрмөгц таны мэдрэлийн систем тайвширч, зүрхний цохилт удааширч цусны даралт буурч, буцаж бие организм хэвийн тэнцвэрт байдалд орж, тайвширдаг.
Харамсалтай нь бидний бие организм аюултай том сэтгэлийн хүнд цохилт ба өдөр тутмын жижиг стресс хоёрыг ялгахдаа муу байдаг. Та найзтайгаа муудалцсанаас болсон сэтгэлийн зовинол, зам тээврийн ачаалалаас үүдсэн бухимдал эсвэл төлбөрийн дарамтанд орсноос үүссэн хямрал зэрэгтэй тулгарахад үхэлд ч хүргэж болох аюултай байдалд орж болдог. Хэрэв та өдрөөс өдөрт дахин давтан хямралд өртөөд байвал сэтгэлийн дарамтаас гарсан хэдий ч эргэж хэвийн тэнцвэрт байдалдаа бүрэн ордоггүй бөгөөд цаашдаа таны эрүүл мэндэд ноцтой асуудал үүсч эхлэх болно.
СТРЕССИЙН ҮЕД ЮУ БОЛОХ ВЭ?
Стрессийн түвшинг хяналтаас гаргалгүйгээр таньж түүнийг зөв удирдаж сурах нь чухал юм. Стрессийн хамгийн аюултай нь тун амархан таны хяналтаас гарч цаашдаа улам даамжирдаг. Энэ нь цаашаа хэвийн, танил мэт ийм л байх ёстой зүйл болон хувирдаг. Та түүнд хичнээн их өртөж байгаагаа тэр байтугай энэ нь хичнээн их үр уршигтай болохыг ч анзаардагүй.
Стрессийн ачаалал ихэдсэний шинж тэмдэг ямарч байдлаар илэрч болно. Стресс нь олон янзаар оюун ухаан, бие махбодь болон зан төрхөд нөлөөлдөг ба хүн бүр өөр өөр замаар хөнгөн стрессийн туршлагатай болсон байдаг. Стресст орсноос сэтгэл санааны болон бие махбодийн эрүүл мэндийн хүнд асуудал тулгарахаас гадна гэр, ажил, сургууль, хамт олны харилцаан дээр ноцтой үр уршиг бий болгодог.
БУХИМДАХ БОЛГОНД СТРЕСС ҮҮСДЭГГҮЙ
Хүмүүс ихэнхдээ доорхи гурван байдлаар стресст хариу үйлдэл үзүүлдэг байна. Үүнд:
1. Гал дээр тос нэмэх мэт хариу үйлдэл.
Энэ үед хүчтэй уурлана. Сэтгэл хэт хөдөлж, тайвширч чадахгүй, хяналтгүй болно.
2. Тормоз дарах мэт үйлдэл.
Сэтгэлээр унана. Юм хоосорсон мэт болно. Сэтгэл хөдлөлгүй, эрч хүчгүй болно.
3. Гурав дахь нь хэт стресстэй хариу үйлдэл.
Доромжлол, хүчирхийлэлд өртөж буй хүмүүстэй холбоотой байдаг. Дээрх хоёр хариу үйлдлүүд илэрнэ. Tа хөлдсөн мэт болно. Дарамтанд орж, мэдрэлийн систем гацаж ямарч хариу өгөх чадваргүй ёстой амаа ангайх мэт болно, ухаан алдаж ч мэднэ. Хэсэг хугацааны дараа нөхцөл байдлыг ойлгосон ч бие махбодийн хувьд маш их зовиуртайгаар эргэж мэдрэлийн систем тэнцвэртэй байдалд орж болно. Гэсэн хэдий ч стрессийн байдал хадгалагдсаар байдаг.
СТРЕСС АЧААЛАЛ ҮҮССЭНИЙГ ХАРУУЛАХ ШИНЖҮҮД
1. Танин мэдэхүйн шинж:
Ой санамж муудна
Анхаарлаа төвлөрүүлэх чадвар муудна
Дүгнэн бодох чадвар доройтно
Аливаа зүйлийг байнга сөрөгөөр хардаг
Ууртай, эмгэг төрхтэй
Байнга санаа зовнимтгой болно
2. Сэтгэл хөдлөлийн шинж тэмдэг:
Зан төлөв өөрчлөгдөж тогтвортой биш
Цочромтгой
Амархан цочирдож, тайвшрах чадваргүй болно
Ганцаардах мэдрэмж төрнө, бүхнээс тусгаарлагдсан мэт санагдана
3. Бие махбодид гарах өөрчлөлт:
Бие өвдөмтгий
Гүйлгэж, суулгамтгай
Дотор муухай оргиж, толгой эргэнэ
Бэлгийн харьцаанд орохдоо дургүй болно
Амархан даарч хөрнө
4. Биеэ авч явах байдал:
Идэмхий эсвэл ердийнхөөс бага иддэг болно
Унтамхай эсвэл нойр багасна
Бусдаас өөрийгөө тусгаарлан олон нийтийн газраар явахдаа дургүй болно
Хариуцлагагүй болж, юмыг хойшлууламтгай найдваргүй болно
Мэдрэлийн цочромтгой байдалд амархан ордог болно (хумсаа химлэх, гараа байнга базах, хөлөө байнга хөдөлгөх, хамар амаа дуугаргах, нүдээ байнга анивчих гэх мэт байнгын хөдөлгөөнт үйлдлүүд хийх )
Эдгээр стрессийн шинж тэмдэг болон бусад хам шинж нь сэтгэл зүйн болон эрүүл мэндийн асуудал үүссэн байж болно гэдгийг харуулж байгаа юм. Хэрэв танд эдгээр шинж тэмдгийн аль нэг нь л илэрч байгаа бол эмчид үзүүлж бүрэн үнэлгээ хийлгэхийг танд зөвлөж байна. Энэ шинж тэмдэг нь стресстэй холбоотой байгаа эсэхийг эмч танд тогтоож өгнө..