Нисгэгч, Нислэгийн хөдөлгөөний удирдагч, инженер, техникийн ажилтнуудад мэргэжлийн үнэмлэх олгоход авдаг шалгалтын систем шинэчилэгджээ. Энэ талаар Иргэний нисэхийн ерөнхий газар/ИНЕГ/-ын Нисэхийн аюулгүй ажиллагаа, хяналт зохицуулалтын албаны Үнэмлэх гэрчилгээжүүлэлтийн хэлтсийн дарга Ч.Батсайхантай ярилцлаа.
– Шалгалтын шинэ системээ танилцуулаач. Өмнө нь шалгалтыг яаж авдаг байв. Одоо яаж өөрчлөгдсөн бэ?
– Мэргэжлийн үнэмлэх авахаар хүсэлт гаргагчаас Иргэний нисэхийн дүрмийн /ИНД/ 61, 65, 66-д заасны дагуу тодорхой сэдвүүдээр шалгалт авдаг. Шалгалтыг ямар сэдвээр авах, ямар шаардлага хангах тухай шаардлагыг /ИНД/ 61,65,66 дүрмийг дагаж мөрдөхөд зориулагдаж гардаг Зөвлөмжийн цувралуудад /ЗЦ/ тусгаж өгсөн байдаг.
Мэргэжлийн үнэмлэх олгох шалгалтын асуултуудыг ИНЕГ-ын НААХЗА-ны Үнэмлэх Гэрчилгээжүүлэлтийн Хэлтэс бие даан боловсруулах замаар шийдэж ирсэн. Гэвч шалгалтын асуултууд нь ИНД, ЗЦ-д заагдсан шаардлагын дагуу боловсруулагдаж, хянагдаж, тогтмол өөрчлөлтийг оруулж чаддаггүй байсан. Зөвлөмжийн Цувралд заагдсан сэдвүүдийн дагуу шалгалтын асуултуудыг боловсруулахад ИKAO Doc 9379-ын дагуу тодорхой шаардлага хангасан мэргэжлийн хүн байхыг заасан байдаг. Тиймээс олон улсын жишигт нийцсэн шалгалтын шинэ системийг Шинэ Зеландын “Аspeq” олон улсын байгууллагатай хамтран нэвтрүүлж эхлээд байна. Энэ байгууллага нь Монголын ИНЕГ-ын өмнөөс шалгалтын асуултуудыг мэргэжлийн өндөр түвшинд боловсруулж шалгалт авах үйлчилгээг үзүүлэх юм. Шинэ систем нэвтэрснээр ИНД-ийн бүх шаардлагыг хангаад зогсохгүй гэрээнд заасны дагуу “Аspeq” компани бие даан ямар нэгэн нэмэлт төлбөр шаардахгүйгээр асуултуудыг тогтмол хугацаанд шинэчилж байх юм
– Олон улсын энэ байгууллага нь хэр туршлагатай вэ. Дэлхийн хичнээн улс оронд шалгалтын ийм шинэ системийг нэвтрүүлсэн байдаг вэ?
– “Аspeq” компанийг сонгосон шалтгаан нь олон улсад энэ чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг мэргэжлийн байгууллага бөгөөд дэлхийн 8 оронд энэ үйлчилгээг нэвтрүүлсэн туршлагатай. Монгол Улс нь 1999 онд Шинэ Зеландийн Иргэний нисэхийн дүрэм/ИНД/-ийг нутагшуулж амжилттай хэрэгжүүлж ирсэн. Одоо ч гэсэн Шинэ Зеландийн дүрмийн дагуу өөрчлөлтүүдийг хийгээд явдаг. Олон улсын энэ байгууллага нь Шинэ Зеландын иргэний нисэхийн байгууллагын өмнөөс шалгалт авдаг. Тиймээс энэ байгууллагатай хамтарч ажилласнаар шалгалтын ихэнх асуулт нь манай ИНД-тэй нийцэж байна. Мэдээж тухайн улс орны Иргэний нисэхийн хууль өөр өөр байдгаас хамаарч хуулийн асуултууд нь өөр байх болно. Онолын асуултуудын хувьд манай ИНД-ийн шаардлага Шинэ Зеландын дүрмийн шаардлагатай адил учраас адилхан байна. Энэ утгаараа шалгалт авах шинэ системийг богино хугацаанд нэвтрүүлж чадлаа. “Аspeq”-тэй хийсэн гэрээний хүрээнд мэргэжлийн үнэмлэхний шалгалт өгөх өргөдөл гаргагч нь ИНЕГ-ын цахим хуудсаар дамжуулан бүртгүүлж, шалгалтын сэдвээ сонгох, зааварчилгаа авах, захиалга хийх болон цуцлах боломжийг бүрдүүлж өгсөн. ИНЕГ-ын хувьд мөн цахим хуудсаар шалгалтыг давхар хянах боломжийг бүрдүүлсэн. Мөн ИНД-141-ийн дагуу гэрчилгээжсэн сургалтын байгууллагад “ИНД-66″-ийн дагуу шалгалт өгөх өргөдөл гаргагчдын өмнөөс мэдээлэл оруулах эрхийг олгох боломжтой юм.
– Шалгалтыг ямар хэлээр авах вэ? Хэлний түвшинг энэ шалгалтаар тодорхойлж болох уу?
-Шалгалтыг англи хэл дээр онлайнаар авна. Ингэснээр Агаарын хөлгийн техникийн үйлчтлгээний албан /АХТҮА/-ны үнэмлэх эзэмшигч буюу Агаарын хөлгийн техник үйлчилгээний инженерүүдийн хувьд хэлний түвшинг давхар тодорхойлуулах боломж бүрдэж байгаа юм. Инженерүүдийн хувьд англи хэлний тодорхой түвшинг хангасан мэдлэгтэй байхыг “ИНД-66″ дүрмээр шаарддаг. Нисгэгч, Нислэгийн Хөдөлгөөний Удирдагч нар нь дүрмийн шаардлагаар ИКАО-ийн “Англи хэлний түвшин-4”-ийг хангасан байх ёстой байдаг.
-Шалгалтын шинэ систем нэвтрүүлснээр салбарын боловсон хүчний хувьд нэлээд өндөр мэдлэг, боловсролтой байх шаардлага тавигдаж байна гэж хэлж болох уу?
-Тэгэлгүй яахав. Шинэ шалгалтын систем хэрэгжиж эхлэснээр нисгэгч, инженер болон нислэгийн хөдөлгөөний удирдагч нарын онолын мэдлэг олон улсын түвшинд үнэлэгдэх боломжтой болно. Түүнчлэн салбарын боловсон хүчний мэдлэг чадвар дээшилнэ гэдэгт итгэлтэй байна.
-Шалгалтын асуулт задрах ч гэдэг юмуу эсвэл шалгалтын асуултыг урьдчилж мэдээд бэлтгэх боломж байх уу?
– Олон оронд үйл ажиллагаа явуулж буй “Аspeq” -ын хувьд шалгалтын системын өндөр нууцлалыг бий болгосон байдаг. Шалгалт эхлэхээс 15 минутын өмнө шалгалтын асуултыг үндсэн серверээс тавьж өгч шалгалтын хугацаа дуусахад асуултууд дахиж харагдахаа больдог. Шалгалтын асуултууд нь асуултын сангаас санамсаргүй байдлаар өгөгддөг учраас давтагдах магадлал бага юм. Манай Үнэмлэх, гэрчилгээжүүлэлтийн хэлтсийн хувьд “Аspeq”-ын боловсруулсан асуултуудыг системд орж баталгаажуулдаг боловч татаж авах боломжгүй, “Аspeq” -ын зүгээс нарийн хяналтыг тавьдаг. Бидний өмнө авч байсан шалгалтын системийн нууцлалын асуудал хэцүү байсан. Асуултуудыг хэн нэг нь компьютерээс хуулж аваад дамжуулах боломжтой, асуултын дагуу шалгалтад бэлтгэх, асуулт дахин давтагдах боломжтой байсан. Түүнчлэн шалгалтын асуултууд 2010 оноос хойш шинэчлэгдээгүй явж ирсэн байдаг. Харин одоо шинэ системийг нэвтрүүлснээр дээрх алдаанууд засагдаж байна.
-Шинэ систем нэвтрүүлэх ажлын хамтын ажиллагаа хэр удаан хугацаанд үргэлжлэх вэ?
– “Аspeq” олон улсын байгууллагатай 3 жилийн хугацаатай гэрээ байгуулан хамтарч ажиллахаар болсон. Гэрээг цаашид сунгах, гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах бүрэн боломжтой. Шалгалтыг яагаад заавал олон улсын байгууллагаар авахуулахаар шийдвэрлэсэн бэ гэдэг асуулт гарч ирж магадгүй юм. Олон улсын жишгээр шалгалтын асуулт боловсруулж тогтмол өөрчлөлт хийх чадвар бүхий нэгж тухайн иргэний нисэхийн байгууллагад байдаг. Монгол Улс шиг жижиг иргэний нисэхийн байгууллагатай улс орнуудын хувьд мэргэжлийн байгууллагатай гэрээ байгуулж итгэмжлэл олгох замаар дэлхийн стандарт, шаардлагад нийцсэн, нууцлал өндөртэй шалгалтын системыг нэвтрүүлсэн байдаг.
Дэлхий даяар шалгалтын 100-гаад төв ажиллаж байна
“Аspeq“ олон улсын байгууллагын Бизнес, хөгжлийн менежер Ноён Дункан Макрегортой мөн ярилцлаа.
-Танай байгууллага нисэхийн салбарт шалгалтын ийм шинэ системийг хичнээн улсад хэзээнээс нэвтрүүлж эхэлсэн бэ.
– Манай компани сүүлийн 15 жилд олон улсад цахимаар шалгалт авдаг системийг нэвтрүүлсэн. Тухайлбал, Англи, Австрали, Шинэ зеланд, Сингапур зэрэг улсын нисэхийн салбарт энэ системээ нэвтрүүлсэн байгаа. Байгууллагын маань үндсэн үйл ажиллагаа нийтдээ 20 гаруй оронд явагдаж байна. Шалгалт авдаг нийтдээ 100-гаад төв олон улсад ажилладаг.
-Шалгалтын шинэ системийн давуу тал нь юу вэ?
-Давуу тал нь гэвэл өргөдөл гаргагч болоод Иргэний нисэхийн байгууллага нь шалгалт өгөгчийн дүнг хурдан мэднэ. Шалгалт авах системийн нууцлал өндөр, салбарын мэргэжлийн боловсон хүчний шалгуур дээшлэх гэх мэт олон давуу талтай. Өөрөөр хэлбэл, Монголын иргэний нисэхийн мэргэжлийн үнэмлэх авахад шаардагдах шалгалтын түвшин Шинэ Зеландийн Иргэний нисэхийн түвшинд хүрч байгаа юм. Ер нь олон улсын түвшинд хүрч байна гэж ойлгох хэрэгтэй.
-Шалгалтанд тэнцсэн мэргэжилтэн Шинэ Зеландын нисэхийн салбарын мэргэжилтэнтэй өрсөлдөхүйц, бас тэнд ажиллаж болох мэргэжлийн үнэмлэх авна гэж хэлж болох уу?
-Шинэ Зеландын иргэний нисэхийн түвшинд хүрсэн шалгалт авч байгаа ч хууль дүрмийн болон нислэгийн шалгалтууд өөр байна. Тиймээс Монгол болон Шинэ Зеланд улсын ИНЕГ-ын хүрээнд мэргэжлийн үнэмлэх авахад шаардагдах онолын шалгалтыг харилцан хүлээн зөвшөөрөх боломж байхыг үгүйсгэхгүй.
ИНЕГ-ын нэвтрүүлсэн шинэ шалгалтын системээр анхны шалгалтыг “Хүннү эйр” компанийн мэргэжилтэн С.Батзориг өглөө. С.Батзориг нь АНУ-д суралцаж төгсөөд FAA-ын шалгалт өгч нисгэгчийн мэргэжлийн үнэмлэх авсан байсан. Гэхдээ Монголдоо ажиллахын тулд мэргэжлийн үнэмлэхээ хөрвүүлэхээр хуулийн шалгалтыг өгч шинэ систем нэвтрүүлснээс хойшхи анхны шалгалт өгсөн мэргэжилтэн боллоо. Энэ системээр шалгалт өгөхөд шалгалтанд сайн бэлтгэх хэрэгтэй ба мэргэжлийн өндөр мэдлэг, чадвар шаардана. С.Батзоригын хувьд оноо жаахан дутсан ч боломжийн сайн өглөө гэж харж байна. Дараагийн удаа сайн бэлтгээд өгвөл тэнцэх бүрэн боломжтой.
-Шалгалтын босго оноо нь хэд байдаг вэ?
– Шалгалтад өгөгдсөн нийт асуултын 75 хувьд зөв хариулж чадсан бол тэнцэнэ. Тодруулбал, босго оноо 75 хувь байна гэсэн үг. Энэ нь аль ч улс оронд тавигддаг босго оноо юм.
Шалгалт хүнд ч бэлтгээд орвол тэнцэнэ
“Хүннү эйр” ХХК-ийн Нислэг зохицуулалтын хэлтсийн мэргэжилтэн С.Батзориг шалгалтын шинэ системээр шалгалт өгсөн анхдагч юм. Түүнтэй шалгалтын талаар товч ярилцлаа.
-Шалгалт хүнд байв уу?
-Энэ шалгалт мэдээж амар биш. Өргөдөл гаргагчаас өндөр мэдлэг, чадвар шаарддаг. Би АНУ-д сургуулиа төгсөөд ийм онлайн шалгалт өгч нисгэгчийн мэргэжлийн үнэмлэх авсан байсан. Тэгээд үнэмлэхээ хөрвүүлэхээр энэ шалгалтыг өглөө.
– Оноогоо авч чадсан уу. Америкт өгсөн шалгалттайгаа харьцуулбал ямар байна?
-Харьцуулахад ер нь ойролцоо байна. Манай Монгол Улсын хууль бусад улс орны хуулиас өөр учраас үнэмлэхээ хөрвүүлэхийн тулд энэ удаа зөвхөн хууль, дүрмийн шалгалт өгсөн юм. Бэлтгэл жаахан муу, бараг азаа үзье гээд орсон учраас миний оноо 75 хувьд арай хүрсэнгүй. Дараагийн удаа жаахан бэлтгээд өгчихвөл болох байхаа.
-Амжилт хүсье.