Улсын Ерөнхий прокурорын газраас прокурорын хяналтын үйл ажиллагааг боловсронгуй болгох, эрх зүйн шинэ орчин, бүтэц, зохион байгуулалтад үр дүнтэй ажиллах чадвартай прокурорыг бэлтгэх, прокурорын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэхэд чиглэсэн цогц арга хэмжээг авч ажиллаж байна.
Улсын Ерөнхий прокурорын 2015 оны 10 дугаар сарын 06-ний өдрийн А/103 дугаар тушаалаар "Прокурорын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх хөтөлбөр", уг хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг батлан гаргасан ба уг хөтөлбөрийн зорилго нь прокурорын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх замаар прокурорын хараат бус, шударга, хариуцлагатай байдлыг хангах, олон нийтээс прокурорт итгэх итгэлийг нэмэгдүүлэхэд оршино.
Дээрх ажлын хүрээнд прокурорын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, харилцан ур чадвараасаа суралцах, ажлын туршлага солилцох боломжийг бүрдүүлэх зорилгоор"Прокурор-2016" тэмцээнийг 2 үе шаттайгаар зохион байгуулж байна.
Тэмцээний нэгдүгээр шатанд Аймаг, Нийслэл, Тээвэр, Дүүрэг, Сум дундын прокурорын газрын бүх хяналтын прокурорууд хамрагдаж, харьяа прокурорын газрууд тус тусын байгууллага дээрээ зохион байгуулж, шилдэгүүдээ шалгаруулсан.
Өнөөдөр буюу 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Улсын Ерөнхий прокурорын газрын "Алдар" танхимд "Прокурор"2016 тэмцээний хоёрдугаар шатны шалгаруулалт эхэллээ. Тэмцээний нэгдүгээр шатнаас шалгарсан 32 прокурор энэ удаагийн шалгаруулалтанд оролцож, эрх зүйн мэдлэг, гэмт хэргийн зүйлчлэл, хэргийг хянан шийдвэрлэх, ял эдлүүлэх ажиллагаанд тавих хяналттай холбоотой эрх зүйн бодлого бодох, эрх зүйн хэлбэрийн төсөл боловсруулах, өгөгдсөн тестийн хэмжээнд ЭБША-ны зөрчлийг илрүүлэн дүгнэлт гаргах, байцаан шийтгэх тодорхой ажиллагаа явуулах, шүүх хуралдаанд мэтгэлцэх ур чадварыг сорих, Албан хэрэг хөтлөлт, компютерийн хэрэглээний програм, цахим бүртгэл дээр ажиллах чадварыг сорих, өгөгдсөн сэдвийн дагуу эссэ бичих зэргээр мэргэжлийн ур чадвараа сорин өрсөлдөж байна.
Хоёрдугаар шатны тэмцээнийг Прокурорын мэргэжлийн зөвлөлийн даргаар ахлуулсан тус зөвлөлийн гишүүн /Улсын Ерөнхий прокурорын газарт ажиллаж байгаа/-ээс бүрдсэн ажлын хэсэг зохион байгуулж байна.
"Прокурор-2016" тэмцээн 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр өндөрлөж, дүнгээ гарган шилдэгүүдээ тодруулна.
Прокурор 2016" тэмцээний II шатны шалгаруулалтанд оролцож байгаа прокурорууд