Монголд анх удаа зохион байгуулагдаж буй "Mind and Life" буюу "Оюун санаа ба амьдрал" олон улсын эрдэм шинжилгээний хэлэлцүүлэг 2016.11.21-ны Даваа гарагт 09 цагаас "Корпорейт конверсешн центр"-т болно.
Энэхүү хэлэлцүүлгийн талаар товч мэдээлэл хүргэвэл 1987 онд Дээрхийн гэгээнтэн XIV Далай ламтай тархи-мэдрэл судлалын салбарын шинжлэх ухааны эрдэмтэд ярилцлага хийснээр энэ байгууллагын үндэс суурь тавигдсан бөгөөд анхны уулзалт ярилцлага Энэтхэгийн Дармасала хот дахь Далай ламын өргөөнд 7 хоног зохион байгуулагдаж түүнд Дээрхийн гэгээнтэн Далай лам, 6 эрдэмтэн, 2 орчуулагч, цөөн тооны ажиглагчид оролцжээ.
1987-2002 оны хооронд маш давчуу хүрээнд ийм ярилцлага 10-ыг зохион байгуулж санхүүжүүлэгч бизнес эрхлэгч R.Adam Engle, мэдрэл судлаач Francisco J.Varela нар зохион байгуулж иржээ. Ярилцлагын сэдэв нь шинжлэх ухаан, танин мэдэхүйн ач холбогдлыг хүний сайн сайхны төлөө зориулахад чиглэгдсэн бөгөөд цөөн тооны хүмүүсийн хүрээнээс хальдаггүй байсан нь ярилцлагын ач холбогдлыг бууруулж байжээ. Иймд бусад олон салбарын эрдэмтдийн оролцоог нэмэгдүүлэх, шинжлэх ухаан болон буддизмын хоорондын хамаарлыг танин мэдэх, түүний үндсэн дээр амьдралын бодит байдлын мөн чанарыг ойлгон ухаарах арга зүйг сонирхогч ажиглагчдын оролцоог нэмэгдүүлэх зорилгоор энэ ярилцлага тогтмол зохион байгуулагдах болж, оролцогчдыг хамрах хүрээ нь тэлж иржээ.
“Оюун санаа ба амьдрал” институт болон ярилцлагад гүн ухаан, сэтгэл судлал, боловсрол, эдийн засаг, анагаах ухаан, квант физик, хими, биологи зэрэг нийгэм, хүмүүнлэг болон байгалийн шинжлэх ухааны олон салбарын судлаач эрдэмтдээс гадна, нийгэм хүмүүнлэгийн нэрт зүтгэлтнүүд, лам хуврагууд идэвхтэй оролцож ирсэн байна
2003 онд Массачусэтсийн Технологийн дээд сургууль дээр \Massachusetts Institute of Technology\ шинжлэх ухааны судлаачид, бясалгалчдыг эмнэл зүйн салбарт нэгтгэх боломжийн тухай ярилцлага зохион байгуулсан нь “Оюун санаа ба Амьдрал” хүрээлэнгийн ярилцлагыг шинэ төвшинд гаргасан гэж үздэг.