Хууль зүйн үндэсний хүрээлэнгээс энэ сарын 12-14-нд авсан хуульчийн мэргэжлийн шалгалтын дүнг өчигдөр олон нийтэд танилцуулав. Уг шалгалтыг анх удаа цахим хэлбэрээр авснаараа онцлог. Энэ талаар тус хүрээлэнгийн захирал Х.Номингэрэлээс тодрууллаа.
-Шалгалтад хэчнээн эрхзүйч оролцож, хэд нь тэнцсэн бэ?
-Хуульчийн мэргэжлийн шалгалт өнгөрсөн жил болоогүй. Нэг жил өнжсөн болохоор эрхзүйчдийн дунд хүлээлт их үүссэн байна. Шалгалт өгөхөөр нийт 1700 эрхзүйч бүртгүүлснээс ирж оролцсон нь 1506. Тэдгээрээс эрхзүйн ерөнхий мэдлэгийн сорилын шалгалтад 747 хүн тэнцэж, бодлогын шалгалтад оролцох эрхтэй болсон. Бодлогын шалгалт гэдэг нь эрх зүйн тодорхой үр дагавар бүхий нөхцөл байдлыг хуулийн дагуу хэрхэн шийдвэрлэж буй ур чадварыг тогтоох зорилготой. Үүнээс 312 нь шалгалтын босго 70 оноо авч тэнцсэн. Энэ нь нийт оролцогчийн 20 орчим хувь нь гэсэн үг.
-Тэнцсэн хүмүүст ямар давуу тал бий болох вэ. Ер нь энэ шалгалтын гол ач холбогдол нь юу байв?
-Хуульчийн эрхзүйн байдлын тухай хууль өнгөрсөн оноос хэрэгжиж эхэлснээр өмнө нь эрх зүйн боловсролтой хүн болгоныг хуульч гэж тооцдог байсныг өөрчилсөн. Өөрөөр хэлбэл, их, дээд сургуулийг эрхзүйч мэргэжлээр төгсс өн хүн бүрийг хуульч гэж үздэг байсан бол одоо зөвхөн энэ шалгалтад тэнцэж, эрхээ авсан хүмүүс л мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх, иргэдэд хууль зүйн үйлчилгээ үзүүлэх эрхтэй болж байгаа юм. Өөр нэг давуу тал нь хуульчийн шалгалтад тэнцсэн бол дахин өмгөөлөгчийн шалгалт өгөх шаардлагагүй болсон.
Хуульчийн мэргэжлийн шалгалтад тэнцсэн бол Хуульчдын холбоонд гишүүнээр бүртгүүлээд хуульчийн эрх авахаас гадна, Дээд шүүхэд бүртг үүлж, өмгөөлөгчийн үйл ажиллагаа эрхлэх бололцоотой болж байна. Гэхдээ энэ шалгалт бол эхний даваа. Ажиллах газрынхаа тодорхой шаардлагуудыг хангах хэрэгтэй. Тухайлбал, өмгөөлөгч давхар ажил эрхлэхийг хуулиар хориглосон. Өмгөөлөгч бол бие даасан мэргэжилтэн, хэн нэгний шууд удирдлагад ажиллах ёсгүй.
-Тэнцсэн эрхзүйчид энэ шалгалтыг дахин өгөх шаардлага гардаг уу. Тэнцээгүй хүмүүс шалгалт дахин өгөх боломжтой юу?
-Нэг удаа тэнцсэн байхад хангалттай. Гэхдээ гурван жил тутамд 30 цагийн хичээлд хамрагдана. Хэрвээ Хуульчдын холбооны гишүүний татвараа төлөөгүй, хичээлдээ суухгүй, ажлаа эрхлэхг үй бол хуульчийн эрхийг нь хасдаг. Харин тэнцээг үй эрхзүйч хэдэн ч удаа шалгалт өгөх боломжтой. Дараагийн шалгалтыг ирэх жил авна.
-Цахим хэлбэрээр авахад хүндрэл, бэрхшээл гарав уу. Орон нутгийн эрхзүйчид хэр хамрагдсан бэ?
-Энэ шалгалт нь Монгол Улсад анх удаа 1000 гаруй хүнээс нэгэн зэрэг цахим хэлбэрээр авснаараа онцлог. Ингэснээр хэн нэгний нөлөө орохгүй, түргэн шуурхай, шударгаар дүгнэсэн. Шалгалтын хугацаа дуусангуут тухайн хүний авсан дүн нь шууд гарсан. Программын аюулгүй байдал, цахилгаан, интернэтийн найдвартай ажиллагааг хяналтын зөвлөл болон төрийн бус байгууллагын төлөөлөл хянаж ажилласан. Шалгалтад тэнцсэн эрхзүйчдийн 64 нь орон нутгийнх. Тэд хотод ирж, нэг танхимд цугларан онлайнаар шалгалтаа өгсөн. Шалгалт өгсөн эрхзүйчид өөрийн дэлгэрэнгүй дүнгээ burtgel.legalinstitute. mn вэбсайтаас үзэж болно.
Ч.БОЛОРТУЯА