Засгийн газрын гишүүд болон Төрийн Думийн депутатуудыг оролцуулаад өндөр дээд алба хашиж буй хүмүүс гадаад орнуудын банкинд хадгаламж, үнэт цаастай байхыг хориглосон хуулийг Холбооны зөвлөл дэмжив. Уг төслүүдийг ОХУ-ын Ерөнхийлөгч хоёрдугаар сард өргөн барьсныг өнгөрсөн бямба гаригт Парламентын Дээд танхимын хуралдаанаар хэлэлцсэн байна. Хашиж буй албаныхаа үүргийн дагуу “тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдалд” хамаарах асуудлаар шийдвэр гаргах түвшний хүмүүст энэ хязгаарлалт үйлчлэх юм.
Гүйцэтгэх засаглалын байгууллагын болон корпорацуудын удирдлага, Төвбанкны захирлуудын зөвлөлийн гиш үүд, шүүгчид, цэргийн албан хаагчид, мөрдөн байцаагч, прокурорууд, ДЯЯ-ны ажилтнууд, гааль, татварын байгууллага, төсөвт үл хамаарах сан, тооцооны танхимын аудитууд, хотуудын тойргийн тэргүүн нарт энэ хуулиар тавих хорио хамаарах юм байна. Түүнчлэн Оросын Ерөнхийлөгчөөс аваад бүс нутгийн Парламентын депутат хүртэл сонгуульт албан тушаалд өрсөлдөгчдөд энэ хорио бас үйлчилнэ.
Хязгаарлалтад уг албан тушаалтнуудын гэргий, насанд хүрээгүй хүүхэд нь мөн хамаарагдах аж. Тэгэхдээ хорио нь төрийн албан хаагчдын хилийн чанадад байгаа үл хөдлөх хөрөнгөд үл хамаарах ч тэдгээрийг мэдүүлж, санхүүгийн эх үүсвэрийг нь нээлттэй байлгахыг шаардах юм байна. Энэ хууль хүчин төгөлдөр болоод гурван сар болоход төрийн ажилтнууд түүнийг биелүүлж эхлэх ёстой гэнэ.